Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1073

 

 

 

 

 

2019           12          17                                    2019/ШЦТ/1073     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,  

            Шүүгдэгч Ц.Э (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 1909035751193 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг Хөшөөт 10 гудамж 07 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А 5-103 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр долоон буудалд үйл ажиллагаа явуулах “Бүрэн плаза” төвийн үүдэнд хохирогч Т.Лувсанцэрэнг өөрийн үйлчлүүлэгч нарт ногоо түгээлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өмнө нь хохирогч Лувсанцэрэнтэй таарахдаа “ах нь наад хүмүүст чинь ногоо түгээдэг” гэж хэлээд гуйсан. Тэгтэл Лувсанцэрэн утсаар намайг “хошного, гөлөг” гэж хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Лувсанцэрэнтэй таараад “чи намайг яагаад хошного, гөлөг гэж хэлдэг юм” гээд гарын ар талаараа нэг удаа цохисон. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909035751193 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Лувсанцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоон буудал “Бүрэн плаза” төвийн үүдэнд түгээлт хийгээд машинтайгаа зогсож байсан. Зүс таних Баяраа гэх залуу ирээд “мангар бацаан минь ална шүү” гээд хэл амаар доромжилж айлгасан. “Та яах гээд байгаа юм бэ” гэхэд үгийн зөрүүгүй машины машины онгорхой цонхоор гараараа хамар орчим нэг удаа цохисон. Баяраа бид хоёр адилхан ногоо бөөнөөр борлуулдаг. Намайг долоон буудал дээр ногоо зараад байна гээд уурлаад цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудалд ногооны түгээлт хийгээд явж байсан. Энэ үед тэр хавиар ногоо түгээдэг зүс таних залуу машинтайгаа ирсэн. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зүс таних залуу миний ногоо нийлүүлдэг хүмүүст ногоо нийлүүлээд байхаар нь би утсаар ярьсан. “Чи яагаад миний өгдөг хүмүүст ногоо нийлүүлээд байгаа юм бэ” гэхэд миний урдаас “чи юу вэ, гөлөгөө хошногоо” гэж хэлж байсан. Би энэ талаар асууя гэж бодоод очоод “чи утасны цаанаас яахаараа хүн гөлөг хошногоор дууддаг юм бэ” гэж хэлэхэд инээхээр нь би онгорхой цонхоор баруун гарынхаа ар хэсгээр нэг удаа тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би тухайн үед 0,5 литрийн 1 лааз Сэнгүр пиво уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11465 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Лувсанцэрэнгийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

   Хохирлын баримтууд /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

   Хохирол төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Г.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр долоон буудалд үйл ажиллагаа явуулах “Бүрэн плаза” төвийн үүдэнд хохирогч Т.Лувсанцэрэнг “өөрийнх нь харилцдаг үйлчлүүлэгч нарт ногоо түгээлээ” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Лувсанцэрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11465 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Т.Лувсанцэрэнг “өөрийнх нь харилцдаг үйлчлүүлэгч нарт ногоо түгээлээ” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Лувсанцэрэнгээс “...Ц.Эаас хохирлын мөнгө болох 183.000 төгрөг авсан…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 18/ илэрхийлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан /хх-ийн 42/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Т.Лувсанцэрэнгээс шүүхэд хандаж “...Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 69 дүгээр хуудас/ илэрхийлж гэм хор арилаагүй нөхцөл байдал байх тул түүнийг цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай Ц.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            4. Хохирогч Т.Лувсанцэрэн нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН