Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 603

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1911 01264 0551 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Зуутраг овогт, 1970 оны 4 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Дотно” төвд тогооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байр 2-р орцны подвальд амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ХА70041904/

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дотно" караокены №5 дугаартай өрөөнөөс иргэн Д.Туулын тайлж тавьсан байсан куртикны халааснаас 1.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Анх удаа ийм асуудалд орж байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Т.Бэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-33/ “..Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дотно караоке, баар, ресторан, буудалд тогоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр би манай ресепшн Ганцэцэг бид 2 хонож ажилласан. Тэгээд өглөө сэрээд цэвэрлэгээгээ хийх үед найман шаргын ченж эмэгтэй нар орж ирээд караокены өрөөнд архи ууцгаасан. Тухайн үед би өөрөө бага зэрэг согтуу байсан учраас караокены 5 дугаартай өрөөнд ороод Туул гэх эмэгтэйн тайлаад тавьсан байсан бараан өнгийн куртикны халааснаас бэлэн мөнгө байхаар нь авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад баригдаж ирсэнийхээ дараа Туулд 1.200.000 төгрөг өгсөн. Тэгтэл Туул 200.000 төгрөг дутуу байна гэхээр нь найз нь боломжтой үедээ өгнөө гэж хэлсэн байгаа. Одоогоор мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд удахгүй цалингаа буухаар мөнгийг өгнө..” гэсэн мэдүүлэг,

           

Хохирогч Д.Туулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-18,19-21/ “..Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Найман шарга төвийн гадна валютын ченж ажилтай юм. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед Дотно төв рүү өөрийн танил Туулын хамт орж пабад суугаад 2 пиво уучихаад 10 цагийн үед манай найз Туул явсан. Тэгээд гадаа гарч валютаа зарахаар зогссон. Тэгээд 15 цагийн үед нөхөр Бүрэнжаргалыг ирэхээр буцаад Дотно төвийн 2 давхар буюу караоке руу нь орсон. Хажуугийн караокены өрөөнд ууж байсан Сүнжээ, Туяа нарын өрөөний хаалгыг татаж үзэхэд Сүнжээ шалан дээр хэвтэж байсан, тэгэхээр нь өөрийнхөө хар өнгийн куртикыг тайлж орон дээр тавиад Сүнжээг өргөж орон дээр хэвтүүлэх гэтэл Сүнжээ гараа явчихсан. Тэгэхээр нь Сүнжээг энд тэнд уначихна гэж бодоод ардаас нь гараад гадаа 20 минут болсон. Тэгээд буцаж орж ирээд нөхрийнхөө байсан өрөө рүү ороод 20-иод минут суугаад хамт гэр рүүгээ явахаар болоод куртикаа өмсөхөөр нөгөө өрөө рүү ороод куртикаа аваад өмсөөд Дотно төвийн үүдэнд халаасандаа гараа хийсэн чинь миний халаасанд байсан 1.200.000 төгрөг байхгүй байгааг мэдсэн. Дотно төвийн коридорын камерийг шүүж үзэхэд тогооч Бат-Эрдэнэ миний куртик тайлж үлдээсэн өрөө рүү 2 удаа ороод гарч байгаа бичлэг байсан.. Би анх цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөд 1.400.000 төгрөг алдсан гэдгээ мэдээд энэ талаараа гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Тэгээд мөнгөө алдсаныхаа маргааш нь намайг цагдаагийн байгууллагаас дуудаад ирэх үед Бат-Эрдэнэ надтай уулзаад надаас уучлалт гуйгаад найз нь 200.000 төгрөгийг нь үрчихсэн байгаа, цалингаа буухаар эргүүлээд өгье, 1.200.000 төгрөг алдсан, буцаагаад авсан учраас гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хэлсэн ёсоор нь хохирогчийн мэдүүлгээ өгсөн байгаа. Яг үнэндээ хэрэг болох өдөр миний халааснаас 1.400.000 төгрөг алдагдсан байгаа..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Туяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-23-24/  “..2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Дотно төв рүү ариун цэврийн өрөө орох гээд орсон чинь пабад Цацрал, Туул, Сүнжээ, Ганаа нар архи уугаад сууж байсан. Тэгээд надад шахсаар байгаад 2-3 хундага архи өгсөн. Би тэрийг нь уучихаад сууж байсан Дотно төвийн тогооч Бат-Эрдэнэ унтаж байгаад босч ирсэн. Тухайн үед Сүнжээ тасраад ширээ налаад унтаад өгөхөөр нь Бат-Эрдэнийг авч яваад унтуул гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ өргөж дийлэхгүй чирээд караокены өрөө рүү явсан. Тэр үед Туул, Цацрал миний хажууд сууж байсан ба Ганаа бид 2 үлдэгдэл архиа хувааж уусан. Тэр үед Туул, Цацрал нар гараад явсан ба би тасарчихсан юм шиг байна. Гэнэт караокены хажууд Сүнжээгийн унтаж байсан өрөөнд сэрсэн. Тэгсэн чинь гэнэт мөнгө төгрөг алга болчихлоо гээд бужигнаад байсан. Тухайн үед миний архи ч гараагүй байсан ба караокений өрөөнөөс гараад паб руу орж суугаад цагдаа ирэхийг хүлээсэн. Бат-Эрдэнэ нь тухайн үед караокены Туулын байсан өрөө рүү 2-3 удаа орж гарсан байна гэсэн. Туул өглөө намайг ороход гайгүй байсан. Мөнгө төгрөг алга болчихлоо гэх үед халамцуу байх шиг байсан. Туулын хар өнгийн богино куртик нь Сүнжээ бид 2-ын унтаж байсан өрөөнд байсан ба Сүнжээгийн унтаж байсан буйдангийн түшлэг талд налуулаад тавьсан байсныг харсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр
сарын 28-ны өдрийн №06/336 дугаартай дүгнэлтэнд: “..Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдийн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээний шаардлага хангах 2 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710002241, MN000БГД00951, MN005310004160 гэсэн бүртгэлийн дугааруудаар 3 удаа бүртгэгдсэн Бат-Эрдэнийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/ хохирол төлсөн талаарх хохирогчийн хүсэлт /хх-53/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дотно" караокены №5 дугаартай өрөөнөөс иргэн Д.Туулын тайлж тавьсан байсан куртикны халааснаас 1.400.000 төгрөгийг авсан байна.

 

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байх тул шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуутраг овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.Бд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР