| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0601/Э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Г.Анармөнх,
Шүүгдэгч Х.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн 1911 00456 0675 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Монгол овогт, 2000 оны 11 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжны 571 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ00310880/.
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутагт байрлах "Бест" зочид буудалд хамт хоносон А.Энх-Эрдэнийг унтаж байхад түүний монетан гинж, кулон, бөгж зэрэг 6.300.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Х.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Энх-Эрдэнэ бид хоёр танилцаад 2-3 сар орчим болсон. Бид тэр өдөр Бест зочид буудалд орсон юм. Улмаар би түүний гинж, бугуйвч, монетан гинж зэргийг нууцаар аваад ломбардад тавьсан. Тэгээд 26-ны өдөр цагдаад баригдсан..” гэв.
Шүүгдэгч Х.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-27/ “..2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Энх-Эрдэнэтэй уулзаад найзуудынх хамт явж байгаад шөнө Энх-Эрдэнэтэй хамт Бест нэртэй буудалд орсон. Тэгээд Энх-Эрдэнэ унтаж байхаар нь 01,02 цагийн орчим түүний монетон гинж, кулон, бугуйвч, 3 ширхэг бөгж зэрэг эд зүйлийг сэмхэн аваад гараад явсан. Тэгээд такси бариад Хороололын Good ломбарданд очоод тахсины жолоочид бичиг баримт байхгүй байна та манай найз залуугийн эд зүйлсийг тавиад өгчих гээд гуйгаад ломбард руу оруулсан чинь жолооч нь ямар их эд зүйл вэ гээд дургүйцээд гараад явчихсан. Тэгэхээр нь би өөрийн зурагтай лавлагааг аваад буцаад уг ломбарданд очоод Энх-Эрдэний монетон гинж, кулон, бугуйвч, 3 ширхэг бөгжийг нийлүүлээд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Энх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-16/ “..2019 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө Бест центрийн зочид буудалд Халиунтай хамт ороод архи уучихсан байсан болохоор тасарчихсан байсан. Шөнө 02 цагийн үед ам цангаад сэртэл Халиун байхгүй, орны хажуу талын шүүгээн дээр тавьсан байсан миний монетан гинж, кулон, бугуйвч, 3 ширхэг монетан бөгж зэрэг алга байсан. Тэгээд Халиун руу залгатал утас нь болохгүй миний утсыг блоколчихсон байсан. Халиунтай танилцаад 2 cap гаруй болж байгаа, эр эмийн харьцаатай байсан. Алдагдсан эд зүйлийг 6.300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Лутбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/ “..2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн үед нэг эмэгтэй орж ирээд эрэгтэй хүний монетан гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, монетан бөгж 3 ширхэг, монетан бугуйвч 1 ширхэгийг үзүүлээд эдгээрийг барьцаалбал хэдэн төгрөг болох вэ гэсэн. Нийт 80 грамм болсон тул 4 сая төгрөг болно гэхэд бичиг баримтаа аваад ирье гэж гараад нэг эрэгтэй хүн дагуулаад ороод ирсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй нь ийм их юмуу больё гээд гараад явсан. Би бодохдоо тэр залууг гудамжинд явж байхад нь оруулж ирээд бичиг баримтыг нь ашиглаж эд зүйл барьцаалах гэж байсан юм шиг байсан. Тэр эмэгтэй яаралтай хэрэг болоод байна гэхээр нь үнэхээр хэрэгтэй байгаа юм бол өөрийнхөө бичиг баримтыг авчраад барьцаал гэсэн. Тэр эмэгтэй гараад хэсэг хугацааны дараа буцаж орж ирэхдээ өөрийнхөө зурагтай лавлагааг аваад ирсэн. Лавлагааг нь харахад 2000 оных байхаар нь энэ эд зүйлс чинь бүгд эрэгтэй хүнийх байна шүү дээ гэхэд манай найз залуугийнх юмаа, манай найз Оросод байдаг юм, би араас нь явах шаардлагатай болчихоод гэхээр нь эд зүйлийг нь авч 4 сая төгрөг бэлнээр өгсөн. Ломбардны гэрээ хийж өөрөөр нь гарын үсэг зуруулсан. ..эхлээд надад жоохон сэжиг төрсөн боловч манай найз залуугийнх Орос руу араас нь явах гэж байгаа гэхээр нь итгээд өгчихсөн юм..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Эы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -50/, эд зүйлийн үнэлгээ /хх-41/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн, хохирогчийн гомдол саналгүй гэх бичгээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах "Бест" зочид буудалд хамт хоносон А.Энх-Эрдэнийг унтаж байхад түүний монетан гинж, кулон, бөгж зэргийг авч 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Х.Эы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байх тул шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Х.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч А.Энх-Эрдэнээс нь шүүхэд “шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг бэлнээр авлаа, үлдэх төлбөрийг 2 сарын дотор төлж барагдуулахаар тохирсон тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Х.Эийг нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Х.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.Эд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Х.Э нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Э нь 18 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР