Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0107/З |
Дугаар | 588 |
Огноо | 2017-08-03 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 588
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Юншээбү овогт Ц.О,/РД: ************/,
Хариуцагч: Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд,
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
“Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ц.О миний бие нь Нийслэлийн Б******* дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байтал Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөгдөн байгуулагдсан Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэдэлд шилжүүлсэн билээ.
Ажил хүлээлцэх боломж байгаагүй учир ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ц томилогдож ирэхэд нь ажлаа хүлээлцсэн юм.
Ингээд хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ц ээлжийн амралтын тушаал 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан хэдий ч ээлжийн амралтаа эдлээгүй байгаа талаар хэлэхэд 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдлэх зөвшөөрөл олгосон.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний ээлжийн амралт дуусаж, ажилдаа иртэл миний талаар ямар нэг тушаал шийдвэр гараагүй, ажлын байраар хангаагүй, мөн суух ч өрөө, сандал ширээ олдохгүй байсан. Би яахаа мэдэхгүй хэд хоног хүлээсэн. Энэ тухайгаа хэлтсийн дарга Д.Ц хэлэхэд цагаа бүртгүүлээд байж бай гэсэн хариу өгсөн.
Ингээд би эрүүл мэндийн шалтгааны улмаас 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд эмнэлгээс гараад дахин ажилдаа очсон ч мөн л миний асуудлыг шийдвэрлээгүй байхаар нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тушаалын биелэлт хангуулах талаар гомдол, хүсэлт гаргасан ч ямар нэг хариу ирээгүй.
Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б******* дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Б/15 тушаалаар Ц.О миний биед 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Ц.О би хэлтсийн даргын үүрэгт ажлыг хаших явцад сүүлийн 2 жил дараалан, 2016 оны эхний хагас жилээр үр дүнгийн гэрээг “А” гэж дүгнэгдсэн.
Улсад 26 жил ажилласны 18 жил нь нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр тасралтгүй идэвх, санаачилгатай, хөдөлмөрийн болон төрийн албаны хууль журам, дүрэм, сахилгыг чанд баримтлан нэр төртэйгөөр ажиллаж ирсэн билээ. Мөн дээрх хэлтсийн даргаар томилогдохдоо зохих сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон болно.
Хэдийгээр Нийгмийн халамж, Үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэсэн ч миний бие нь ямар нэг шалтгаангүйгээр, төрийн албан хаагчийн ажлын байрны хамгаалалтгүйгээр эрхэлж байсан ажил үүргээс чөлөөлөгдөж, эрхэлсэн ажил албагүй хөсөр хаягдаж, хохирч үлдэх үндэслэлгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан “...Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгдэх.../ эсхүл бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтанг шалгаруулж авна” гэж заасныг зөрчиж өөр хүнийг томилсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан нөхцөл байдлын үнэлгээ хийх ажиллагааг зөрчиж Б******* дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас Ц.О миний биеийг ямар нэг ажлын байраар хангахгүй, 3 сарын тэтгэмж олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 тоот хариу өгсөн ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь тогтоосон хугацаанд хариу өгөөгүй учир шүүхэд хандаж байгаа болно.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагааа өөрчлөхдөө:
“Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тоот тушаал илт хууль болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлүүлэх” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
“Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тоот тушаал илт хууль болохыг тогтоолгох, шинээр бий болсон Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
“Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/105 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
Дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгах” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг тодруулахдаа:
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгах” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“....Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нийлүүлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн байгуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэсний дагуу дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг татан буулгаж, хэлтсийн даргын орон тоо хасагдсан.
Дээрх Нийслэлийн засаг даргын захирамж болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3, 8.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Б******* дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б******* тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн бөгөөд ингэхдээ уг тушаалын 1 дэх хэсэгт “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулж байгаа тул” гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тодорхой дурьдсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулмйн 27.2.4 дэх хэсгийг баримтлан Ц.О-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон.
Б******* дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд харин Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шууд харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг тус тусын чиг үүрэгтэй хоёр өөр хэлтсүүд юм.
Гэтэл нэхэмжлэгч тал миний урьд эрхэлж байсан хэлтсийн даргын албан тушаал одоо үйл ажиллагаа явуулж буй Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хэвээр хадгалагдаж байна гэж нэхэмжлэлдээ дурьдаад байгаа нь үндэслэлгүй байна.
Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангилал нь дэс түшмэл, шууд харьяалан удирдах албан тушаал нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга байх бөгөөд хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамж, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэсэн чиг үүрэгтэй болсон. Хуучин С******* дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангилал нь ахлах түшмэл, шууд харьяалах удирдах албан тушаалтан нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга, Дүүргийн Засаг дарга байх бөгөөд хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих, иргэдэд нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг чанартай шуурхай, үр дүнтэй хүргэх гэсэн чиг үүрэгтэй байсан.
Түүнчлэн Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтийн орон тоог баталсан Засгийн газрын агенлагын даргын тушаал, хавсралтад Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй тул нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.
Хуучин дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь одоо байхгүй орон тоо нь татан буугдсан тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасныг зөрчиж өөр хүнийг томилсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар шинээр байгуулагдсан Б******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйчилгээний хэлтсийн даргаар ямар нэг хүн томилоогүй, түр орлон гүйцэтгэгчээр Д.Ц гэдэг хүн томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах шаардлагатай хамааралгүй юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дугаартай захирамжаар дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн байгуулсан, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын орон тоо албан тушаал байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8.4 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хүрээнд өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Б******* дугаартай тушаалыг гаргасан, түүнчлэн тушаалын 1 дэх хэсэгт ажлаас чөлөөлж буй үндэслэл тодорхой байгаа тул нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анх нэхэмжлэл гаргахдаа “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд” нэхэмжлэл гаргасан, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө мөн “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд” гэж хаяглажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-т нэхэмжлэлд нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа”-г заахаар хуульчилсан. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоож бүрдүүлбэр хангах боломж олгоно гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гэж хандаж гаргасаар байгаа нь одоо ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүйг илтгэж байна.
Хоёр. Шүүх уг маргаанд хариуцагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг татсан байхад шүүхийн санаачлагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. Ийнхүү өөрчлөн тодруулахдаа мөн л хариуцагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг татсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж 25.2-1 “нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэж тус тус заасан.
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч хамтран хариуцагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг татах талаар хүсэлт гаргаагүй, шүүх хариуцагчийг санаачлагаараа оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зүй нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчид хамаарах захиргааны хэргийг л хянан шийдвэрлэх байтал тэдгээрээс хальж, шинэ шүүхийн практик бий болгож байна.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухай
Маргаан бүхий захиргааны акт болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний даргын тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.
Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулж, хуучин ажиллаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Нийгмийн халамж, үйлчилгээний газар”-ыг өөрчлөн зохион байгуулж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгож, өмнө Хөдөлмөрийн яамны эрхэлж байсан чиг үүргүүд нэмэгдэж өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 8, 9 дүгээр тогтоолуудаар аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтцийг баталсан бөгөөд одоо өмнө тус тус ажиллаж байсан “Хөдөлмөрийн хэлтэс”, “Халамжийн үйлчилгээний хэлтэс” татан буугдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шинээр байгуулагдан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь Ц.Оыг Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ““төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан.
Харин нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдаж, 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмжээ авчээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж заасан байна. Ийнхүү Халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэснээр шинээр байгуулагдсан даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нэмэгдсэн, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн зэргээс үзвэл тухайн ажлын байранд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой.
Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй иргэн байхгүй байна Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан зарчмыг мөрдөх, 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу тухайн сул орон тоог нөхнө.
Халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаж, өөрчлөн зохион байгуулагдсан тул нэхэмжлэгчийг холбогдох хуулийн дагуу чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Дөрөв. Нэхэмжлэгчийг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилох боломжгүй тухай
Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Ц.О нь ажиллаж байгаагүй тул урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шинээр байгуулагдсан байгууллагын даргын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын эрхлэх болзол шаардлагыг Ц.О хангаж байгаа эсэх талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, сонгон шалгаруулалт хийгдээгүй, нэхэмжлэгч нь тухайн ажлын байрны нөөцөд бүртгэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч Ц.О нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилуулах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаж байгаагүй бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаагүй болно. Учир нь уг шинээр байгуулагдсан хэлтсийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой болно.
Сонгон шалгаруулалтгүйгээр Ц.Оыг шүүхийн журмаар шинэ байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилох нь нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрхийг шүүх хязгаарласан явдал болно.
Тав. Маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухай
Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан аль үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоо нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Гэтэл уг хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илэрхий алдааг илт хууль болох тохиолдлуудыг хуульчилсан.
Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар"... аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг чөлөөлсөн нь өөрийн эрхлэх чиг үүргийн хүрээнд шийдвэрээр гаргасан болно.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оаас “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн “маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт эсэх, нэхэмжлэгчийг шинээр бий болсон Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгохтой холбоотой хариуцагчийн эс үйлдэхүйн” талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Нэг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.О нь /хуучнаар/ Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий даргын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаалаар Б******* дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал гартал тэрээр тогтвор суурьшилтай Б******* дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан .
Гэтэл түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар /хуучнаар/ Б******* дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Оыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шилжүүлжээ.
Улмаар түүнд өмнө эрхэлж байсан Б******* дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ .
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад “...төрийн захиргааны албан хаагчийг хуулийн үндэслэл, шаардлагын дагуу чөлөөлсөн эсэх асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд хянан тогтоож, хариуг ирүүлэх...” агуулга бүхий хариуг албан бичгээр өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.
Хариуцагчаас маргаан бүхий Б******* дугаар тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04-ний тогтоол...”зэргийг үндэслэлээ болгосон байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд маргаан бүхий тушаалыг “...Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд нэгтгэгдээгүй байхад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга өөрт олгогдоогүй эрх эдлэн намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт юм. Энэхүү илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгож өгнө үү...”гэж маргажээ.
Харин хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас “... Нийгмийн халамж үйлчилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу тушаалыг гаргасан. Энэ нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудал биш. Нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь байхгүй болсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан шинээр байгуулагдсан хэлтэст шилжүүлсэн. Тэгэхлээр гүйцэтгэх этгээд нь тодорхой бус гэж ойлгож болохгүй. Шинээр байгуулагдсан хэлтсийн дарга ямар албан тушаал гаргах вэ ямар орон тоонд шилжүүлж томилох вэ гэдгийг шинээр байгуулагдсан хэлтсийн даргын чиг үүргийн асуудал. Б******* тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх бүрэн боломжтой. Шинэ хэлтэст шилжүүлсэн тушаалаа бариад одоо энэ тушаалын дагуу тодорхой албан тушаалд томилохыг шаардаад явах ёстой байтал шууд шинээр байгуулагдсан хэлтэст буюу сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа албан тушаал дээр шууд томилуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж, харин хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулж Ц.О даалгах нэхэмжлэл гаргаагүй, эрх зүйн үр дагаврын тухайд захиргааны илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэчхээд байгаа. Гарсан цагаасаа буюу анх 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд л элдэв бусаар тогтоочих юм бол байхгүй болсон байгууллагын даргаар тогтоох гэдэг нь ойлгомжгүй асуудал үүснэ. Энэ нь өөрөө биелэгдэх боломжгүй юм...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан үгүйсгэжээ.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах, илт хууль бусад тооцох зэргээр захиргааны актын үйлчлэлийг дуусгавар болгох талаар зохицуулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд захиргааны актыг илт хууль бусад тооцох талаар болон захиргааны актыг илт хууль бусад тооцсоны үр дагаврыг хуульчилжээ.
Захиргааны акт илт хууль бус болох үндсэн нөхцөл нь захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаар бүхий “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог хавсралтаар баталсны дотор Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог нийт 27, хэлтсийн дарга-1 байхаар тогтоосон байна .
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 08 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А******* дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “...Ц.Оыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан, үүнийгээ “...орон тоо хасагдсан тул шинээр өөрчлөн байгуулагдсан хэлтэс шилжүүлсэн...” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан өмнө байсан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулагдсан байна.
Энгийнээр хэлбэл Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харьяа газар хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг бөгөөд эдгээр нь бүгд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг, төсөв байхгүй бол орон тоо үгүй болсон гэж ойлгож болно.
Энэ тохиолдолд нэгэнт дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д ”Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж, хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын хувьд харьяа хэлтсийн даргыг чөлөөлөх эрхийг хуулиар олгожээ.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн зохих заалтад нийцүүлэн шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тоот тушаалаас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.7-д ”түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” заасан илт хууль бус актын шинж агуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР: Захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаар Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан шинээр байгуулагдсан Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цыг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн томилжээ.
Шүүх Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоонд нэхэмжлэгч Ц.Оын томилох боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах” талаар зохицуулжээ. Энэ хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-д ” Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шүүхэд дээр дурдсан хуулийн заалтыг зөрчин хуулиар олгогдоогүй эрх эдлэн сонгон шалгаруулалтад оролцоогүй иргэнийг томилох боломжгүй байна.
Харин нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуульд заасны дагуу явагдах удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өрсөлдөн өөрийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг үнэлүүлэн томилогдох нь зүйтэй байна.
2. “Ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, мөн хуулийн 46.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заажээ.
Гэтэл шийдвэрийн тэргүүн болон дэд хэсэгт хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, түүнийг шинээр байгуулагдсан Б******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй болохыг дүгнэсэн тул нэхэмжлэгч Ц.Од ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.7, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б******* тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Б******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” шаардлага бүхий Ц.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР