Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 49

 

,

   Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00354 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нд холбогдох

1675100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Нын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.А, нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Наас РАСЕВООК.СОМ цахим сүлжээ хуудасны зарын хуудаст А5118 11X31А загварын Япон улсаас дөнгөж ирсэн шинэ, маш нимгэн загвартай нөүтбүк компьютер зарна гэсэн зарлалыг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 20 цагийн орчим олж уншин Б.Нтай FАСЕВООК.МЕSSЕNJER-ээр холбогдож, дараа нь 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр *** дугаарын утсаар холбогдож Б.Нын хаягаар биечлэн очиж компьютерийг үзэхэд Б.Н тус хаягт нүүж ирээд удаагүй тул интернет сүлжээ байхгүй байснаас тус компьютерийг интернэт сүлжээнд хэрхэн ажиллахыг шалгах боломжгүй байсан мөн тус компьютер япон хэлтэй байсан тул шууд хэрэглэх, шалгах боломжгүй байсан. Тус компьютерийг 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр худалдаж аваад 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр түүний япон хэлийг англи хэлээр солин ашиглаж үзэхэд компьютер интернетийн сүлжээнд ажиллах үед доголдол илэрч, алдаа заагаад шууд унтарсан. Энэ нь компьютерийг интернетийн сүлжээнд ашиглан, дүрс бичлэг үзэх эсвэл хэрэглээний программ ажиллуулах зэрэг ачааллыг нэмэгдүүлэх үед байнга илэрч байсан.

Энэ тухай Б.Нд 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагийн орчим РАСЕВООК.МЕSSENJER-ээр мэдэгдэх үед эргэж хариу өгөөгүй тул гэрээний зүйлийн доголдолын тухай Б.Нын *** дугаарын утсаар мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр холбогдож гэрээний зүйлд илэрсэн доголдолыг биечлэн үзүүлээд арилгах арга хэмжээ авна уу гэж асуухад “дөнгөж сая Улаанбаатар хотод орж ирлээ. Их ядарч байгаа тул маргааш холбогдоно уу” гэж хариу өгсөн боловч 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** дугаарын утас холбогдох боломжгүй байсан. Утсаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** дугаарын утсаар холбогдон гэрээний зүйлд илэрсэн доголдолыг арилгуулах эсвэл гэрээг цуцлах тухай мэдэгдэхэд Б.Нын нөхөр гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй хүн утасны дуудлагад хариулахдаа “доголдолыг арилгаж өгөхгүй, хүлээж авахгүй, чамд нэр усаа хэлээд яахав, би чамд тулгаж зараагүй, бид аж ахуйн нэгж биш учраас хувь хүн хувь хүнтэйгээ зарсан асуудалд ерөөсөө пад байхгүй, чиний саналыг хүлээж авах зав ч алга” гэж хариу өгсөн байна. Үүний дараа *** дугаарын утсаар хэд хэдэн удаа залгасан боловч дуудлагад хариу өгөхгүй шууд таслаж байсан тул гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хаягаар нь очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан тул хүн гарч иртэл хүлээхэд гарч ирсэн хүн Н гэх хүн амьдардаггүй гэсэн. Тус компьютерийг худалдан авахаар 1000000 төгрөгийг зээлсэн боловч доголдолын улмаас гэрээний зүйлийн үр шимийг хүртэж чадалгүйгээр зээлийн хүүгийн төлбөрт 450000 төгрөг төлсөн. Б.Ныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг харъяаллын дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3497 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий Газраас гүйцэтгэж, тус газраас шүүхэд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 81 дугаартай албан бичгийн хавсралтад зааснаар регистрийн *** дугаартай Б.Ныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 7 дугаар гудамжны 149 тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон байна. Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэх хугацаанд Б.Нын нөхөр гэх хүн миний *** дугаар утасруу залгаж “яагаад хэл ам хийгээд яваад байгаа юм бэ, тэр хэрэг чинь 6 сар хугацаа өнгөрчихсөн биз дээ, тийм л байсан юм бол 6 сарын хугацааны дотор компьютерээ авч ирээд үзүүлэхгүй яасан юм” гэж дарамталсан, занасан, сүрдүүлсэн үг хэллэгээр ярьсан. …Интернет сүлжээ байхгүй гэхээр нь би нөүтбүүкийг асааж үзээд авсан. Нарийн шалгах боломж байгаагүй. Яагаад гэхээр япон хэл дээр байсан. Дээрэээс нь интернет сүлжээ байгаагүй. Түүний дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэлийг нь солиулаад интернет сүлжээнд ашиглаад үзэхэд компьютерт доголдол илрээд унтарсан. Энэ талаар фэйсбүүк мессенжэрээр Нд хэлсэн. Н надад хариу хэлээгүй. Тэгээд миний фэйсбүүкийг блоколчихсон. Би фэйсбүүк мессенжэрээс түрүүнд хүсэлт гаргаад тухайн зүйлийг үзүүлье гээд байгаа нь намайг блоколчихсон талаар үзүүлэх гээд байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр тэр нь гараагүй. 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 24 минутын үед мэдэгдсэн гэж гардаг боловч намайг блоколчихсон нь гардаггүй. Намайг блоколчихсон учраас Нтай харилцах боломжгүй болчихсон. 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цаг 24 минутад доголдол илэрсэн. Тухайн үед би тэр доголдолыг илрүүлэх боломжгүй байсан. Энэ доголдолыг 706 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж хэлээд байгаа нь үндэслэлгүй, тэр дүгнэлт ч хуулийн шаардлага хангаагүй. Программыг өөрчилснөөр доголдол үүсэхгүй. Бид нарын оффис хэрэглээний компьютерийг ч байнга л форматлаж байгаа. Би олон удаа ч форматлаагүй, 2 удаа л форматласан. Учир нь Номин электроникс компани шинжээчийн дүгнэлт гаргахдаа тэр компьютерийг анхных нь хэлбэрт оруул, Япон хэлийг нь сэргээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би форматалсан. Гэрчээр асуугдсан Нын нөхөр гэх Бэ хариулахдаа 2013 оны 5 дугаар сард Япон улсаас худалдаж аваад эхнэр рүүгээ явуулаад 5 сар гаруй ашиглаж байгаад надад зарсан юм байна лээ гэдэг. Биет зүйл доголдолтой байсныг гэрээний зүйлтэй 30, 40-хөн минут харилцсан Бэ, У нар гэрчлэхгүй. 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч байж арай гэж нэг доголдолыг нь тогтоосон байгаа юм. Мөн оффис программ суулгахдаа хэлийг Англи хэл дээр болгосон байж надад зарахдаа Япон хэл дээр болгосон байсан нь доголдолыг нуун дарагдуулах зорилгоор сольсон гэж бодож байна.

Би нөүтбүүкийг худалдаж авах үедээ 1150000 төгрөгөөр худалдаж авсан. 1150000 төгрөг гэдэг бол их мөнгө. Надад тийм бэлэн мөнгө байгаагүй байсан учраас хамгийн сүүлд хамт ажиллаж байсан хүнээс зээлж авсан. Зээлээд авах болсон гол шалтгаан нь нөүтбүүк гаднах талаасаа маш нимгэн, аягүй загварлаг, гоё нөүтбүүк байсан. 2013 оны 10 дугаар сарын байдлаар үзэхэд хамгийн өндөр хүчин чадалтай байсан. 1200000 төгрөгөөс 1150000 төгрөгөөр өгнө гэхээр нь маш боломжийн юм байна гээд, өндөр хүч чадалтай юм байна гээд хүнээс мөнгө зээлээд авсан. Зээлийн хүүгийн төлбөрт 450000 төгрөгийг алдангид өгсөн. 1 000 000 төгрөгийг зээлээд 1450000 төгрөгийг төлөөд салсан. Доголдол илэрсэн учраас гэрээний үүрэгт зааснаар гэрээний зүйлийг буцааж өгөөд мөнгийг шаардаж байгаа. Энэ нь 1150000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4900 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70200 төгрөг, хүүгийн төлбөрт 450000 төгрөг зарцуулсан. Нийт 1657100 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1675100 төгрөгийг эс зөвшөөрч байна. Учир нь: А5118 11Х31А загварын нөүтбүкийг манай нөхөр Бэ Япон улсаас шинээр нь надад өгч явуулсан юм. Манай нөхөр Японы цахилгаан барааны баталгаатай дэлгүүрээс нь авсан гэж хэлсэн. Надад тухайн үедээ мөнгө төгрөгний хэрэгцээ шаардлага гараад цахим хаягаараа дамжуулан зарын сайтуудад зар тавьсны дагуу Б надтай ирж уулзаж нөүтбүкийг асааж шалгаж үзээд 1150000 төгрөгөөр тохиролцоод аваад явсан. Нөүтбүкийн хувьд бол ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй цоо шинэ байсан. Нөүтбүкиндээ би ажлын газрынхаа комьютерийн инженер хийдэг байсан У гэдэг залуугаар интернетээс комьютерийн программуудыг татаж суулгуулаад өөрөө интернетэд орж байхад зүгээр байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй нөүтбүк зараагүй. Шинээрээ байсныг программ суулгасан У болон манай нөхөр Бнар мэднэ. Япон хэлийг нь солиулснаас болж алдаа заагаад унтарсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний хооронд 2013 оны 10 сард тохиролцож зарсан. Миний барьж байсан утас хөдөө орон нутагт явж байх үед сүлжээ барихгүй байдаг байсан, би Бөөс зугтсан, үг хэлээр сүрдүүлсэн, дарамталсан,занасан зүйл байхгүй. Надтай миний цахим хаягаар бүрэн холбогдох боломжтой, би өөрийнхөө хаяг дээрээ байсаар байхад намайг эрэн сурвалжилж байгаад гайхаж байна. Сая ирсэн нэхэмжлэл ч миний хаягаар ирсэн. Б очсон гэх газар нь миний түрээсээр амьдарч байсан газар. Би тэндээ 2014 оны 04 сарын 02-ныг хүртэл тогтмол амьдарч байсан. Нотиариатын үйлчилгээний төлбөрийн хураамж болох 4900 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардалын 70200 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 450000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр мөнгийг би Бөөс аваагүй, авахуулаагүй. Б нь уг нөүтбүкийг аваад ямар газар очиж янзлуулж задлуулсан ч юм билээ, би үүнийг мэдэхгүй. Доголдолтой эд зүйл зараагүй учир үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Наас 1675100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бөд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41752 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 41752 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бөд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. /хх 169-176/

Хариуцагч Б.Н давж заалдсан гомдолдоо: Зөөврийн компьютерийг 2013.10.02-нд Бөд өгөхөд эвдрэл, гэмтэл техникийн доголдолтой байгаагүй. Компьютерт эвдрэл гэмтэл байгаагүйг хавтаст хэрэгт авагдсан гэрч, хариуцагч Н миний тайлбар, шинжээчийн дүгнэлтээс харагдана. Мөн Б компьютерийг баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй газарт аваачиж өгснийхөө дараа нь доголдолтой байна гэсэн зүйлийг ярих болсон учир компьютероо буцаахыг нь ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Тухайн үед Б асааж шалгаж үзээд, япон хэлийг солиулчихна гэж хэлээд авсан. Компьютерийн хэлийг солиулсныхаа дараа нь доголдол илэрлээ гэж байсан ба хэр баталгаатай найдвартай газар хандсаныг нь мэдэхийн аргагүй. Уг компьютерийг Б ашиглах явцдаа компьютерт тохирохгүй программ суулгасан, олон дахин удаа компьютерийг янз бүрийн газарт аваачиж үзүүлж, форматлуулсан, хэл солиулсан зэргээс харахад ашиглалтын үед компьютерт техникийн эвдрэл гэмтэл үүссэн байхыг үгүйсгэх аргагүй байдаг.

 Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр авч, өгөлцөх үедээ доголдолтой компьютер худалдсан эсэх нь тодорхйлогдоогүй. Нэхэмжлэгч компьютер худалдан авахаар бусдаас мөнгө төгрөг зээлж, хүү төлсөн гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаас харахад нотлогддоггүй бөгөөд зээлж авсан мөнгө нь ч компьютер худалдан авахад зарцуулагдсан нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч 2013.10.09-нд компьютерийн талаар харилцсан. Харин утсаар 2013.10.15-ны өдөр ярьсан эгж байгаа нь эргэлзээтэй байна. Б нь интернетээс бичлэг татаж үзэх үед доголдол илэрсэн гэдэг боловч зөөврийн компьютерийг авахдаа интернеттэй газар очоод, эсвэл өөр бусад байдлаар ороод шалгаж үзээд авах боломж байсан. Гэрт интернет байхгүй гэдгээр шалгалгүй авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 180-181/

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н өөрөө надад доголдлын талаар мэдэгдсэн гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Н тухайн нөүтбүүкийг тайлбарлахдаа 2013.09 дүгээр сард Япон улсаас авчирсан, цоо шинэ нөүтбүүк гэж тайлбарласан. Гэтэл гэрч болох худалдагчийн нөхөр Бэ тухайн нөүтбүүкийг 2013 оны 05 дугаар сард худалдаж авсан гэж тайлбарласан байгаа. Тухайн үед энэ нөүтбүүк хамгийн сүүлийн үеийн загвартай, үнэ ханш нь боломжийн байна гэж би тухайн үедээ бодсон. нөүтбүүкийн үйлдлийн систем Япон хэл дээр байсан болохоор би Япон хэлний ханзыг мэдэхгүй тул ашиглах ямар ч боломж байгаагүй. Англи хэл дээр байсан бол би ашиглаж үзэх байсан. Доголдол нь өндөр хурдтай интернетэд орохоор дүрс бичлэгийг ашиглах үед гарч ирж байгаа учраас интернет сүлжээ байхгүй ба түүнийг илрүүлэх хэрэгсэл нь байхгүй байсан болохоор түүнийг илрүүлэх боломж байгаагүй. Ердийн нөхцөлөөр доголдлыг илрүүлэх боломжгүй гэдгийг шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хамгийн сүүлийн 3604 дугаартай шинжээчийн дүгнэлтээр заасан байгаа. Тийм учраас би тэр доголдлыг таньж мэдэхгүй байгаа.

Доголдол нь 2013.10.19-ний өдөр илэрсэн. Би тэр өдөр доголдол байна гэдгийг facebook мессенжэрээр мэдэгдсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2013.10.19-ний мэдэгдсэн байна гэдгийг тогтоосон байгаа. Тухайн үед надад энэ талаар шалгуулах ганц боломж нь мэргэжлийн байгууллагаар шалгуулах байсан. Би тэгээд Сим ХХК-иар оношлуулсан. Тэжээлийн блог, тоос гэсэн байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан байгаа.  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийн эхний хэсэгт шинжээчийн боловсрол, мэргэжлийн тухай мэдээллээс харвал шүүхээс тавьсан асуултад хариулахад шаардлагатай тусгай мэдлэг, мэргэжлийг эзэмшээгүй тул Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан шинжээчийн шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас тухайн дүгнэлтийг гаргаж байгаа шинжээч биш этгээд дүгнэлт гаргасан. Шинжээч биш этгээд дүгнэлт гаргаснаараа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс бүрэн бодитой хийгдсэн болон тус хуулийн 14.1.2 дахь хэсэгт заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүргийг зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Би тухайн үедээ ажилтай байж байгаад нөүтбүүкийг худалдан аваад удаагүй ажлаас халагдсан. Тухайн үедээ би ажил хийж байсан болохоор нөүтбүүкийг худалдаж аваад үр шимийг нь хүртээд цалин, олсон орлогоороо зээлээ төлнө гэж байсан боловч ажлаасаа халагдсан учраас зээлийг хувиасаа төлөх ямар ч боломж байхгүй. Энэ талаар баримтаа би хэрэгт өгсөн байгаа. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний доголдолтой холбогдуулан гэрээ цуцлаж, гэрээний үнэд 1150000 төгрөг, хохиролд нийт 525100 төгрөг, нийт 1675100 төгрөг нэхэмжилсэнийг, хариуцагч Б.Н эс зөвшөөрч эд хөрөнгө доголдолтой байгаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.Н эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримт буюу гэрээ цуцлах үндэслэл болон эд хөрөнгийн доголдлын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа гэрээ цуцалсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн нэхэмжлэлээс хохиролтой холбоотой шаардлагын хувьд хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Б.Н нар нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цоо шинэ, нимгэн дэлгэцтэй, ASUS UX31A загварын зөөврийн компьютерыг 1150000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдан авагч Б.Б үнийг төлж, худалдагч Б.Н эд хөрөнгийг худалдагчийн өмчлөлд шилжүүлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна.

Харин хэсэг хугацааны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдсан эд хөрөнгөнд доголдол илэрсэн үндэслэлээр энэ талаар нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Нд буюу худалдагчид мэдэгдсэн боловч хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан доголдлыг арилгах, ижил төрлийн эд хөрөнгөөр буюу өөр шаардлагатай эд хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй, улмаар хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж тус тус үзэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас харахад эд хөрөнгийн хувьд цоо шинэ, нимгэн дэлгэцтэй гэсэн шинжийг чухалчилсан байх ба  чанарын талаар буюу компьютерын хүчин чадал болон бусад үзүүлэлтийн талаар гэрээгээр тохироогүй гэж үзэхээр байна.

Тэгэхээр дээрх хуульд зааснаар талууд гэрээнд чанарын талаар заагаагүй тул уг компьютер ердийн хэрэглээ хангаснаар чанарын шаардлагад нийцэх бөгөөд компьютер интернет орчинд ажиллах боломжгүй байгаа нь тухайн эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх үндэслэл болох юм.

Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ASUS UX31A загварын зөөврийн компьютерийн доголдолтой холбоотойгоор талуудын хүсэлтийг үндэслэн нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан  байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15/107 дугаартай Номин Холдинг ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэнд /хх-65/ “... доголдлыг тогтоох боломжгүй” гэж,  2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаартай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд “ ... техникийн ямар нэгэн доголдол илрээгүй” гэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны, технологийн сургуулийн шинжээчийн дүгнэлтэд “ ... нөүтбүүкэнд техник хангамжийн доголдол байж болно” гэж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3640 дугаартай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд “... зөөврийн компьютерын техник хангамжийн түвшинд доголдолтой, гацалт, халалт, унтрах зэрэг доголдлууд илэрч байна” гэснээс тус тус үзэхэд ASUS UX31A загварын зөөврийн компьютер буюу худалдсан эд хөрөнгө доголдолтой, интернет орчинд ажиллах боломжгүй болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй ба худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаанд буюу  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын хугацаанд шаардлага гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн эд хөрөнгийг хүлээж авах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжгүй болох нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3640 дугаартай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдаагүй болно.

Иймд хариуцагч Б.Н нь эд хөрөнгийн доголдлын талаарх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч буюу худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээ цуцлах шаардлага гаргах эрхтэйн гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ... аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч Б.Наас 1150000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бөд олгож, түүний эзэмшлээс ASUS UX31A зөөврийн компьютерыг гаргуулан хариуцагчид олгох нь дээрх хуулийн агуулгад нийцнэ.

Мөн хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хураамж 4900 төгрөг, нийт 75100 төгрөгийг хариуцагчаас хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 450000 төгрөгийн шаардлагын хувьд гэрээ цуцалсанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгчийн хүүтэй мөнгө зээлж компьютер худалдан авсан явдал нь хариуцагч буюу худалдагчийн гэрээнд заасан үүрэгт хамааралгүй, уг төлбөрийг хариуцагч Б.Н хариуцах үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00354 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Б.Н нарын хооронд байгуулагдсан ASUS UX31A загварын зөөврийн компьютер худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Б.Наас нийт 1225100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бөд олгож, нэхэмжлэгч Б.Бөөс ASUS UX31A загварын зөөврийн компьютерыг гаргуулан хариуцагч Б.Нд буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... 56.1...” гэснийг “56.2” гэж, “... Б.Наас 41752 ... ” гэснийг  “Б.Наас 37403“ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Наас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                  ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БАТЧИМЭГ