| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0617/Э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/
Хохирогч Б.Эрдэнэсайхан,
Шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1911 01776 0748 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Батнай овогт, 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 47настай, бүрэн дунд боловсролтой, ган хайлагч мэргэжилтэй, Чингис зочид буудалд жолооч ажилтай, ам бүл 8 хадам эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: НЙ73022211
Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Эрдэнэсайхантай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “..Ард кино театрын ард нэг чигийн зам дээр би машинаа тавиад эгчдээ хүүхдээ өгөөд гараад ирсэн. Эрдэнэсайхан миний машиний урд антеныг хугалсан байсан. Тэр үед Эрдэнэсайхан согтуу байсан намайг түрүүлээд өөрөө цохисон. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-29-31/ “..2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн урд хэсэг, ард кино театрын уулзвар дээр 16 цагийн орчим автомашиндаа сууж байсан. Гэтэл замын уулзвар дээр нэг залуу ирээд машины антеныг муруйлгаж хугалчихсан байхаар нь би машинаасаа бууж холдуулах гээд очоод татахад холдохгүй байсан. Би машиныхаа антеныг янзлаад буцаж машиндаа суух гэтэл уг залуу миний шилэн хүзүүн дээр цохисон. Тэр үед би уг залууг баруун гараараа нүүрэн тус газар цохиж холдуулахад газарт унасан. Тэр залууг гудамжинд явж байсан хүн барьж холдуулах хооронд би машиндаа суусан. Машинаа хөдөлгөөд явах гэтэл хаалга таглаж зогсоод орилоод байхаар нь машинаасаа бууж түлхэж цохисон. Түлхэхэд уг эрэгтэй хүн газарт унасан. Удалгүй эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд аваад явсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Эрдэнэсайханаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Манай эхнэр намайг оройдоо ажлаас авдаг. 16 цагийн үед ажлаасаа тараад явж байсан. Шүүгдэгчтэй маргалдаад эрүүл мэндэд минь хохирол учирсан байгаа. Нүдний шил, томограф хийлгэсэн зардал, чихэвч гэх мэт нийтдээ 280875 төгрөг болно. Хохирлын мөнгөө хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй..” гэв.
Хохирогч Б.Эрдэнэсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-18/, “..2019 оны 6 сарын 18 ны өдөр 16:30 минутын орчим ажлаасаа тараад явж байхад 23 дугаар сургуулийн зүүн талд гарцаар гарч байхад 42-06 машины жолооч миний зүүн хөлийг шүргэх шахам зогсохоор нь хүн дайрлаа ш дээ гэж хэлээд уг машины хамар дээр гараараа алгадсан. Гэтэл машины жолооч гэх залуу машинаасаа бууж ирээд миний нүүрэн тус газар гараараа цохисон. Болсон явдпыг миний эхнэр харсан. Тэндээс шууд гэмтлийн эмнэлэг явсан. Намайг цохиж миний нүдний шилийг эвдэлсэн, аваад удаагүй байсан авсан баримт байгаа нүдний шилний төлбөр зуун хорин мянган төгрөг, 2015 онд авсан JBL брэндийн хүзүүн дээр зүүлттэй байсан чихэвч унаад алга болсон тэрний 160.000 төгрөг, 2017 онд Хонконг улсад явж байхдаа авсан аэропостал брэндийн пудболк урагдаад цус болоод хаясан тэрний 50 орчим мянган төгрөг мөн 2016 онд авч байсан жинсэн өмд цус болсон байсныг хаясан 80.000 төгрөг мөн шүүх эмнэлгийн 1 давхарт толгойны томограф зураг авхуулсан тэрний 120.000 төгрөг , мөн эм авах толгой барих нийлээд 50 гаруй мянган төгрөг болон миний нүүрэн тус газар цохиж гэмтээснээс шалтгаалсан зүүн хөмсөгний дээд зовхинд үүссэн сорви гоо зүйн хувьд тааламжгүй байгаа сорвийг арилгах төлбөр зэргийн нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Энх-Амараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11/ “..Манай нөхөр утсаа салгаагүй сонсож байсан чинь манай хүн цаанаа чи яаж байгаа юм цохиж багаа юм уу яаж байгаа юм бэ гээд байсан. Тэгээд би яараад очсон чинь манай нөхөр зүүн гартаа сальфетик барьчихсан бөөн цус болсон байдалтай байж байсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7617 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-22/ “..Б.Эрдэнэсайханы биед тархи доргилт, духанд шарх, хоолойд цус хуралт, зүүн баруун бугалга шуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ эд зүйлийн үнэлгээ /хх-44/, шүүх хуралдаанл хохирол хүлээж авсан талаар хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Эрдэнэсайхантай үл ялих зүйлээс болж маргалдан түүнийг цохиж, түүний биед биед тархи доргилт, духанд шарх, хоолойд цус хуралт, зүүн баруун бугалга шуунд шалбаралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн , хохирлоо төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 280.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Батнай овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР