Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1089

 

 

 

 

 

2019           12          20                                    2019/ШЦТ/1089     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,  

            Шүүгдэгч Э.З (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зд холбогдох эрүүгийн 1909033501001 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 37 дугаар байр 135 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37-135 тоотод эхнэр С.Ганчимэгтэй гэр бүлийн асуудлын улмаас маргалдаж улмаас зүүн хацар, дух, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909033501001 дугаартай хэргээс:

            Хохирогч С.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай нөхөр Зоригт 2019 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 04 цагийн үед хонх дарахаар нь би хаалгаа онгойлгож өгчихөөд буцаад хүүхдүүдийнхээ өрөөнд ороод унтсан. Зоригт орж ирэхдээ согтуу байсан. Удалгүй араас орж ирээд миний хөлнөөс татаад, чирээд коридорт гаргахаар нь “зүгээр бай, салах гээд байгаа юм бол эр хүн шиг сал” гэхэд гараа зангидаж байгаад зүүн хацар руу 1 удаа, толгой болон дух руу 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. Нийт эмчилгээний зардал 215.000 төгрөг болсон. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7, 36 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгч Э.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 28-наас 2019 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө гэртээ ороод хувцасаа тайлаад эхнэрийн хажуугаар ороод хэвтэх гэхэд эхнэр намайг хөлөөрөө түлхээд маргаан болсон. Маргалдаад 2 талаасаа босч ирээд бие биенээ түлхээд эхнэр цагдаа дуудна гэхээр нь тэг гэж хэлсэн. Намайг хаалгаар түлхээд гаргасан. Би эхнэрээ зодсон зүйл байхгүй. Харилцан маргалдсан бие биенээ түлхсэн асуудал болсон. Хөлнөөс нь чирсэн, цохисон зүйл байхгүй. Яагаад биед нь гэмтэл учирсныг эхнэр өөрөө хэлэх байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

 

            Гэрч Т.Төмөрбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 28-наас 2019 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнийн 04 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37-135 тоотод нөхөр зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Тус хаягаар очиход дуудлага өгсөн Ганчимэг гэх эмэгтэй, нөхөртэйгээ, хадам аав нь, хоёр бага насны гэмээр хүүхэд цаана харагдсан. Эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан. Аавынх нь хамт хэлтэс дээр авч ирээд нөхрийг нь эрүүлжүүлэх гэсэн боловч зүрхний хагалгаанд 2 удаа орсон бие муу гэхээр нь ерөнхий зохицуулагчтай уулзаад ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл бичээд Зоригтыг аав Энхтөрд гэх хүнд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10481 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. С.Ганчимэгийн биед тархи доргилт, духны цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Ш.Энхтөрийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Зийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-68 дугаар хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №431 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 74 дүгээр хуудас/, эд зүйл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37-135 тоотод эхнэр С.Ганчимэгтэй гэр бүлийн асуудлын улмаас маргалдаж улмаас зүүн хацар, дух, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Ганчимэгийн мэдүүлэг, гэрч Т.Төмөрбат, гэрч Ш.Энхтөр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10481 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Зийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Ганчимэгээс “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Зийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН