| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0616/Э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Б.Баярхүү,
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүү0лсэн Боржигон овогт Ганбатын Дашнямд холбогдох эрүүгийн 1902 00049 0075 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 25 настай, эрэгтэй; бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамж 339 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:М394021311/
Шүүгдэгч Г.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.04 грамм жинтэй "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Арын 14 дүгээр байрны орцонд нууж үлдээн хууль бусаар З.Төгөлдөрт өгсөн,
2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамж 339 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Даас мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн ..” гэв.
Шүүгдэгч Г.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-212-214, 247-248/: “..Харин гэрт үлдсэн байсан бага хэмжээтэй мөс гэх бодисыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ тарианы усны шилэнд хийж хэрэглэсэн боловч ямар нэгэн мэдрэмж надад төрөөгүй, ингээд маргааш нь гэртээ унтаж байх үед цагдаа нар орж ирээд намайг барьж авсан ба тухайн үед мөс гэх бодисыг хэрэглэхэд ашигласан ширхэг тарианы усны шил, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг хураан авса. Үүнээс өөр зүйл болоогүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..орцонд нуусан мөс гэх бодисыг Төгөлдөр гэх залуугийн we chat хаяг руу явуулж авч хэрэглээрэй гэж хэлсэн...гэрт үлдсэн байсан бага хэмжээний мөс гэх бодисыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ тарианы усны шилэнд хийж хэрэглэсэн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Ганчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-55-56, 23/ “..Дашням гэх залуу миний дансыг авч ашиглах үедээ хүн рүү хоёр гурван мөнгөний шилжүүлэг хийх гэсэн юм түр хэрэглүүлээч гэхээр нь л би өгчихсөн юм. Дашням нь миний дансыг ашиглан гүйлгээ хийж миний дансанд орсон мөнгийг өөрөө интернет банк ашиглан өөр данс руу шилжүүлэн авдаг байсан. Энэ байдал нь 2018 оны 10 сар хүртэл үргэлжилсэн ба 2018 оны 10 сарын эхээр би 5232061655 дансныхаа интернет банкныхаа кодыг өөрчилж Дашнямыг ашиглах боломжгүй болгосон..” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч З.Төгөлдөрөөс мэдүүлэхдээ: /хх-74-75х/, “..би Ананд гэж дууддаг залуутай холбогдож мөнгийг нь Ганчимэг гэх эмэгтэйгийн Хаан банкны данс руу шилжүүлж Ананд мөс гэх бодис нуусан газраа надад хэлэхээр нь түүнийг нь би Байгальд хэлж байсан..” ямар учраас өөрийнхөө жинхэнэ нэрээр танилцахгүй Ананд гэж танилцуулсан талаар нь мэдэхгүй байна. .” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9х/, “..уг ууттай зүйлийг албаны ган жин дээр шинэлэхэд 1.04 грамм байсныг №22 гэж дугаарлан хураан авлаа..” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 19-26х/,
Хүний биед биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлээр: /хх-14-16х/, “..Г.Д нь метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урдьчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав..” гэх
“...Ананд нь надад мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаагүй зөвхөн мөс гэх бодис тавьсан газраа хэлж авч хэрэглүүл хэрэглээрэй гэхээр нь л аваад буудалд найз охинтойгоо хамт хэрэглэж байгаад баригдсан...Ганбатын Дашням /М394021311/-ийн гэрэл зургийг харж...мөн байна гэж таньсан...” гэх Зургаар хүн тавьж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-53-54х/,
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10151 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: /хх-60-62х/, “..Шинжилгээнд ирүүлсэн 22 гэж дугаарласан гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйл, 92 гэж дугаарласан цайван өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархай, 55 гэж дугаарласан шилний хагархай мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна..” гэх дүгнэлт
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1932 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..тарианы шил мэт зүйлд метамфетамин илэрсэн..” гэх /хх-190-192х/,
2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1933 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..Шинжилгээнд ирүүлсэн Т.Дашням 2019 оны 03 дугаар сарын 19-ний гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphetamine/ илэрч байна...” гэх /хх-196-197х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 548 тоот дүгнэлтээр: “..Г.Д нь
сэтгэцийн ямар нэгэн өвчингүй..” гэх /хх-201-202х/, Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх-185-186х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 187х/,Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх- 5, 18х/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-32х/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-33-34х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-47-52х/, шүүгдэгч Г.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “мөс” гэх нэршилтэй бодисыг олж авч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Арын 14 дүгээр байрны орцонд нууж үлдээн, талыг нь өөртөө авч, үлдсэнийг З.Төгөлдөрт хэрэглэвэл хэрэглээрэй гэж өгсөн байна. Мөн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамж 339 тоотод оршин суух гэртээ өөрт авч үлдсэн “мөс” гэх нэршилтэй бодисыг хэрэглэн хадгалж байсан болох нь шүүх хуралданаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Даас биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад метамфетамин, амефетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь илэрсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10151 дугаар дүгнэлтэээр нь Шинжилгээнд ирүүлсэн 22 гэж дугаарласан гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйл, 92 гэж дугаарласан цайван өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархай, 55 гэж дугаарласан шилний хагархай мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн байх бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг болохыг тогтоожээ.
Иймд шүүгдэгч Г.Дыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.04 грамм жинтэй "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Арын 14 дүгээр байрны орцонд нууж үлдээн хууль бусаар З.Төгөлдөрт өгсөн,
2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамж 339 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Г.Дын үйлэлд ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ирүүлсэн нь буруу байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр төрлийн гэмт хэрэг биш нэг зүйл заалтад байх хоёр шинж байх тул дээрхи байдлаар журамлаж ял сонсгох шаардлагагүй байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй байна. Ингэснээр түүний зүйлчлэл өөрчлөгдөж эрүүгийн хариуцлага хөнгөрөхгүй, хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдэж 6 сарын хугацаагаар ялыг хойшлуулж байсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан буюу төрөөс түүнд хоёр удаа хорих ял оногдуулахгүй өөр төрлийн ял оногдуулж, хойшлуулж засрах боломжийг олгож байсан байна. Хэдийгээр өөр төрлийн гэмт хэрэг боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл, арга, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоног цагдан хоригдсон, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг амыг нь тайрсан тарианы усны шил, зиплок түгжээ бүхий уут, гялгар уут, 00 цаасны хэсэг зэргийг шийтгэх, тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 10 төгрөгийн дэвсгэр 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай
5. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг амыг нь тайрсан тарианы усны шил, зиплок түгжээ бүхий уут, гялгар уут, 00 цаасны хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 10 төгрөгийн дэвсгэр 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР