Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

 

2019           12          19                                    2019/ШЦТ/1082     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

            Шүүгдэгч Б.Ө (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 1909011360493 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамт амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 26 дугаар гудамж 276 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 06 тоотод түр оршин суух, урьд:

 

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар эд хөрөнгийн хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 1 сарын баривчлах ял оногдуулж ялуудыг нэмж нэгтгэн 2 сарын хугацаагаар тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Л.Долоонжингийн гэрт хамт байсан Н.Чинзоригтой “мөнгөн бөгж авсан” гэж гүтгэлээ хэмээн маргалдан улмаар түүний зүүн гуяыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909011360493 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Чинзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 27 тоотод дүү Шинээгийн гэрт 0.5 граммын архи хувааж уусан. Гэрт нь Өлзий гэх эмэгтэй орж ирээд бид хоёртой архи хувааж уусан. Шинээ удалгүй согтуурсан байдалтай хутга аваад эхнэрээ ална гээд орилоод байсан. Намайг “бол” гэхэд тоохгүй байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад Өлзий нь Шинээгийн барьж байсан хутгийг шүүрч аваад миний зүүн гуя хэсэгт хутгалсан. Эмчилгээний зардалд 158.600 төгрөгийг дансаар хүлээж авсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авсан тул нэхэмжпэх зүйлгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9, 92-97 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 509 дүгээр байрнаас гараад хажуу талын орц руу Долоонжингийн гэр рүү орох гээд орцонд зогсож байсан. Чинзориг нь Хараа нэртэй 0.5 граммын архи бариад орж ирсэн. Долоожингийн эхнэр байхгүй цэргийн баяр гээд орсон. Долоожингийнд ороод архиа хувааж уугаад дуусгасан. Дахиад нэг шил Хараа архи авч уусан. Хэд хоногийн өмнө Долоонжин, Чинзориг хоёр хоорондоо зодолдож, маргалдсан байсан. Тэр хоёр тэрийгээ ярьсан. Долоожин “миний мөнгөн бугуйвч алга би та хоёртой уулздаг” гэж хэлээд нэхсэн. Чинзориг нь би аваагүй Хишигээ авсан гэж хэлсэн. Чинзориг намайг хэлсдүүлчихлээ уучлаарай гээд тэвэрч аваад хөх баръя гээд базаад, хүзүүн дээр үнсээд уруул дээр чинь үнсье гээд дайраад байсан. Айлын хүүхэд айчихлаа гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн. Намайг газарт унагаагаад дээр гараа суугаад хөөш новшоо гээд толгой руу хэд хэдэн удаа цохиод уруул цээжин дээр үнсээд босохгүй байсан. Би Долоонжинг Чинзоригийг аваач гэж хэлсэн. Долоонжин зурагт үзэж байгаад босож ирээд Чинзоригийг архиа уугаач гэж хэлээд татаж босгож надаас салгасан. Удалгүй бид гурав хоол хийхээр болоод би төмс арилгаад гартаа төмөр иштэй хутга бариад зогсож байсан. Чинзориг араас ирээд миний хоолойноос татаж, хоолойг боогоод байхаар нь эргэж хараад Чинзоригийн зүүн гуя хэсэгт нэг удаа хутгалсан.  Чинзоригийн гуянаас цус гараад байхаар нь спирттэй хөвөнгөөр дарж өгөөд цэвэрлэсэн. Чинзориг чи намайг хутгалсан намайг алчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Би Чинзоригийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-107 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Долоонжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өлзий гэх эмэгтэй орж ирээд бид 3 архи хувааж уусан. Миний мөнгөн бөгж алга болсон талаар тэр хоёрт хэлэхэд Чинзориг “хүүхдийн юм яагаад хулгай хийж байгаа юм гаргаж өг” гэж маргалдсан. Өлзий би аваагүй гээд байсан. Нойлын өрөө ороод зогсож байхад Чинзориг орилоод “яасан бэ” гэхэд Өлзий намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Чинзоригийн зүүн гуянаас цус шүүрч байсан. Чинзориг, Өлзий хоёр мөнгөн бугуйвч алга болсноос болж маргалдсан. Чинзориг Хишгээгийн мөр руу хүүхдийн бугуйвч гаргаж өг гээд түлхсэн. Мөн гарнаас нь базаад гаргахгүй мөнгөн бугуйвч гаргаж өг гэж байсан. Чинзориг нь Өлзийгийн дээрээс дарж хэвтсэн. Хүчиндэхийг завдсан асуудал болоогүй, архи ууж байхад хүзүүн дээрээ оо түрхсэн байсан. Яасан юм гэж асуухад хөхөрснөө дарсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3602 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Н.Чинзоригийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Өгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-28 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 21-22, 34-36 дугаар хуудас/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны 2 дугаар шүүхийн №357 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-69 дүгээр хуудас/, гэрч Б.Өбаярын мэдүүлэг /хх-ийн 81-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Л.Долоонжингийн гэрт хамт байсан Н.Чинзоригийг “мөнгөн бөгж авсан гэж гүтгэлээ” хэмээн маргалдан улмаар түүний зүүн гуяан тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн гуянд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Чинзоригийн мэдүүлэг, гэрч Л.Долоонжингийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3602 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Н.Чинзоригийг “мөнгөн бөгж авсан гэж гүтгэлээ” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Чинзоригоос “...Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 92-97 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Өг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН