Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 823

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Чимэгээ,

Шүүгдэгч Э.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Цад холбогдох эрүүгийн 1911024721003 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Шар овогт 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ред стар караокед зөөгч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 4 дүгээр гудамжны 18а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинхайрхан дүүргийн 6 дугаар хороо, 63-10 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗК98081418/

 

Шүүгдэгч Э.Ц нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Амрита” баарны орчим үйлчлүүлж байсан таксинаас буухдаа жолооч Ц.Мөнхбаяртай суудлын бүрээсийг нь тамхины галаар түлснээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Э.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-23-25/: “..Би 2019 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Мөнхбаяртай маргаан хийж улмаар түүний биед халдан хамар ясны хугарал, хамарт зулгаралт гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна энэ тухайгаа өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Мөнхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11-12/ “... 2019 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхад Редстар караокены гаднаас 3 залуу суугаад Амрита баарны гадна буухад машинаас хиншүү үнэртээд байхаар нь арын хаалга нээгээд хартал хойд суудал дээр тамхины иш нь асаалттай суудлын бүрээс түлэгдэж байсан. Тэгээд нөгөө 3 залууг дуудаад тамхины ишийг нь үзүүлээд суудлын бүрээс түлчихлээ гэхэд нэг залуу нь нөгөө хоёрыгоо явж бай гээд өөрөө надаас уучлалт гуйгаад ярилцаад 50.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд би эргээд машиндаа суутал жижиг биетэй улаан цамцтай залуу нь миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би хамар хугалчихлаа гээд араас нь дуудтал эргэж ирээд тэгээд яах гэсийн байснаа цаашаа зугтаагаад явчихсан, сүүлд мэдсэнээр тэр залууг Цэрэнбат гэдэг юм билээ..бид одоо учир зүйгээ олсон, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, шүүх эмнэлгийн дүнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Түвшинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16/ “..Такси бариад Тэнгисийн урд мөнгөө төлөөд буусан чинь араас жолооч нь дуудаад машины сандалын бүрээс түлчихсэн байна гэхээр нь буцаж ирээд нилээн ярьж зогссон. Тэгээд 50.000 төгрөг өгөхөөр болж данс байна уу гэхэд байхгүй гэсэн, тэгсэн манай найз Цэрэнбат та 2 цаашаа байж бай би энэ хүнтэй яръя гээд машинд нь суусан. Дараа нь нэг харахад машины гадаа зогсож байгаа харагдсан. Тэгтэл жолооч ах миний хамар руу цохичихлоо гэж хэлэх нь сонсогдсон. Тэгээд бид нар тэндээс зугтсан. Миний харснаар Цэрэнбат нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан, өөр зодож цохисон зүйлгүй, нөгөө хүний хамарнаас цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11154 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-18х/ “... Ц.Мөнхбаярын биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Амрита” баарны орчим үйлчлүүлж байсан таксинаас буухдаа жолооч Ц.Мөнхбаяртай суудлын бүрээсийг нь тамхины галаар түлснээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал, хамарт зулгарал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Цыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Цад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Ц.Мөнхбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цад оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР