| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0855/Э |
| Дугаар | 864 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ц.Э, /өөрийгөө өмгөөлж/
Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1911 02590 1152 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Өлзийт овгийн, , 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 42-р гудамжны 905 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай., /РД:ВЮ85102679/
Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, өрлөгийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн 48-р гудамжны 1184 тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийм шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулсан, 2006 оны 5 дугаар сарын 11-ны өдөр 7 cap 22 хоногийг тэнсэж сулласан, хэрэг хариуцах чадвартай, /РД:Т385021710/
Яллагдагч Ц.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар сургуулийн 42-905 тоотод Б.Бтой маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар сургуулийн 42-905 тоотод Ц.Этай маргалдан улмаар харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Боос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Ц.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-44-45х/ “... 2019 оны 9 дугаар сарын 26-ны 06 цагийн орчим би өөрийн танилууд болох Батцоож, Алтангэрэл, Мөнх-Эрдэнэ, Анхцэцэг нарын хамт өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 42-905 тоотод очиж хамт архи уусан. Үүнээс өмнө бид нар караокед байж байгаад ирсэн юм. Манай гэрт замдаа авсан 1 шил архиа хувааж уугаад байж байтал Алтангэрэл бид хоёр бага зүйлээс болоод маргалдаж улмаар Мөнх-Эрдэнэ нь Алтангэрэлийг өмөөрч надтай мөн маргалдаж эхэлсэн чинь Анхаа гэдэг эмэгтэй бид нарыг салгасан. Энэ үед бид нар зодолсон зүйл байхгүй. Тарахаар нь болоод Анхцэцэг гадагшаа машин руугаа гарсан түүний Батцоож Мөнх-Эрдэнийг аваад гадаа гарч машинд суулгасан. Энэ хойгуур нь Алтангэрэл бид хоёр дахин маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Энэ үед Батцоож гаднаас орж ирээд над руу дайраад байхаар нь би түүнийг цээж рүү нь гараараа түлхсэн чинь Батцоож миний зүүн гар луу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би түүний зүүн нүдний орчим зүүн гараараа нэг удаа цохисон чинь Батцоож нүүрээ дараад нэг тонгойсноо шалан дээр байсан ууж дуусгасан байсан архины шилийг аваад миний толгой руу нэг удаа цохисон. Энэ үед Алтангэрэл голоор орж ирээд түүний гараас архины шилийг булааж аваад бид хоёрыг салгасан. Энэ үед Батцоожийн хамарнаас нь цус гараад түүнийг арчаад байсан. Батцоож “Чи намайг цохиод нүд хавдчихлаа” гэхээр нь би түүнд “чи ч гэсэн миний толгой руу шилээр цохисон шүү дээ” гэж хэлсэн. Би түүнээс уучлалт гуйгаад эвлэрээд салсан” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-49-50х/ “... Би өөрийн таньдаг найз нар болох Мөнх-Эрдэнэ, Алтангэрэл, Анхцэцэг болон Эрдэнэбаатар нарын хамт 2019 оны 9 дугаар сарын 25-ны оройноос эхлэн хамтдаа машин дотор болон караокед архи ууж байгаад 2019 оны 9 дугаар сарын 26-ны үүрээр 06 цагийн орчим Эрдэнэбаатарын гэрт нь ирсэн бөгөөд уг байшинд замдаа авсан нэг шил архиа хуваагаад ууж эхэлж байтал Мөнх-Эрдэнэ Эрдэнэбаатар нар муудалцаад эхэлсэн. Алтангэрэлийг Мөнх-Эрдэнэ өмөөрөөд байсан. Энэ үед би голоор нь орж Мөнх-Эрдэнийг өмөөрсөн чинь Эрдэнэбаатар надтай маргалдаж намайг гараараа нүүр лүү удаа цохисон. Энэ үед хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би архины шил аваад түүний толгой орчим нь нэг удаа цохисон чинь Алтангэрэл голоор ороод бид хоёрыг салгасан.
Хохирогч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16х/ “..би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад өөрийн таньдаг найз нар болох Мөнх-Эрдэнэ, Алтангэрэл нартай таараад ЗЛ-р хороололд хоол идсэн. Тэгээд бүгдээрээ Чингэлтэйд байх Сарандаваагийн хийд орчимд машиндаа нэг шил архи хуваагаад ууж байгаад Анхцэцэгийг дуудсан. Эрдэнэбаатар Алтангэрэл рүү утсаар залгаад "Баагий бид хоёрыг хүн зодох гээд байна" гэж ярихаар нь бид нар 7 буудал руу очоод Зслз-зсаатар Баагий хоёрыг салгаж аваад буцаад Сарандаваагийн хийд рүү очиж ууж байсан 0.75 литрийн архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч уугаад 6-н буудалд байдаг караоке орж пиво уучихаад тэндээсээ гараад Эрдэнэбаатарын гэрт нь очсон. Тэнд нэг шил архи хувааж ууж байгаад би жаахан согтоод байхаар нь унтах гээд хэвтсэн. Гэтэл Эрка дуудаад "пизда минь чи уух гэж ирсэн юм уу яах гэж ирсэн юм" гээд агсраад миний хацар луу нэг удаа алгадсан. Бас Эрка Мөөгийтэй муудалцаад байсан. Тэр хоёрыг салгах гээд голоор нь орж Мөөгийг өмөөрөөд "яах гээд байгаан бэ" гэсэн чинь Эрка надтай маргалдаж намайг хөлөөрөө дэгээдэж унагаагаад гараараа нүд рүү нэг удаа, хамар луу 3-4 удаа цохисон, Энэ үед хамарнаас цус гараад сууж байхад Эрка хажуугаас дахиад нэг удаа алгадсан тэгээд миний зүүн нүд хавдсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20х/ “...би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчим Баагий гэдэг ахтай таараад Аагий, Мөөгийн нарыг хаана байгааг нь асуухад Сарандаваагийн хийд орчимд байна гээд ярьж байтал Баагий ах хүнтэй маргалдаж эхэлсэн тэгэхээр нь би Аагийг хүрээд ир гэж хэлсэн юм. Удалгүй Алтангэрэл Мөөгий Батцоож Анхцэцэг нар машинтай хүрч ирээд Баагий бид хоёрыг аваад Сарандаваагийн хийд рүү очиж машиндаа 2 шил 0.75 литрийн архи уусан бөгөөд тэндээсээ караоке орж нэмж нэг шил архи уусан. Тэндээсээ 03 цагийн үед гараад дахин нэг шил архи аваад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 42-905 тоотод байх манай гэрт очсон. Тэгээд манайд архи ууж байгаад би Алтангэрэлтэй бага зүйлээс болоод маргалдаж байтал Мөөгий хажуугаас орж ирээд Алтангэрэлийг өмөөрч надтай маргасан. Энэ үед Анхаа гэх эмэгтэй биднийг салгаад гараад явсан. бид тарахаар болоод Батцоож Мөөгийг аваад машинд суулгахаар гарсан. Энэ хойгуур Аагий бид 2 маргаанаа үргэлжлүүлж байхад Батцоож орж ирээд Эрка пизда минь чи ямар ядаргаатай юм бэ хүн хүн рүү дайраад байх юм гэхээр нь би цээж рүү нь гараараа түлхсэн чинь Батцоож миний зүүн гарлуу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би түүний зүүн нүд рүү нь нэг удаа цохисон чинь нүүрээ дарж тонгойж байснаа шалан дээр байсан архины шилийг авч миний толгой руу нэг удаа цохисон. Энэ үед Алтангэрэл голоор орж ирээд түүний гараас архины шилийг нь булааж аваад бид хоёрыг салгасан." гэх мэдүүлэг
Гэрч Б.Алтангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25-27х/ "... 2019.09.25-ны орой 19 цагийн үед 7-н буудалд Батцоожтой уулзаж Мөнх-Эрдэнэ бид 3 Сарандаваагийн зогсоол дээр нэг шил архи хувааж уугаад Анхцэцэгээр машинаа бариулахаар дуудсан. 21 цагийн үед Алтангэрэл над руу залгаад "Баагий бид 2 хүмүүстэй маргалдаад байна'7 гэж ярихаар нь бид 4 7-н буудалд очиж Алтангэрэл, Баагий хоёрыг аваад буцаад Сарандаваагийн хийд рүү очиж ууж байсан 0.75 литрийн архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч уугаад 6-н буудалд байдаг караоке орж пиво уучихаад тэндээсээ гараад Эрдэнэбаатарын гэрт нь очсон. Тэнд нэг шил архи хувааж ууж байгаад Эрдэнбаатар бид 2 нутаг усны талаар ярьж байгаад маргалдсан чинь Мөөгий хажуугаас намайг өмөөрч Эрдэнэбаатартай маргалдсан. Бид нар тарахаар болоод Батцоож Мөөгийг машинд суулгахаар гараад орж ирээд Эрдэнэбаатар луу "чи ямар ядаргаатай юм бэ хүн хүнлүү үсчээд байх юм" гэсэн чинь Эрдэнэбаатар Батцоожийг цээж рүү нь түлхээд тэр 2 маргалдаад бие биенээ цохиод цохих шиг болоод Батцоож нь Эрдэнэбаатарыг шилээр толгойд нь цохих үед нь юу болоод байгаа юм гээд би архины шилийг нь аваад харсан чинь Батцоож гараараа нүдээ дараад сууж байсан ба гар нь цус болсон байсан. Тэр цус нь түүний хамарнаас гарч байсан ба нэг нүд хавдсан харагдаж байсан..." гэх мэдүүлэг
Гэрч Б.Анхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28-29х/ “..2019 оны 09 дүгээр сарын 25-ны 23 цагийн орчим Алтангэрэл над руу залгаад "Сарандаваагийн орчим хүрээд ирээч" гэхээр нь яваад очтол Алтангэрэл, Батцоож, Мөнхөө нар нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд надаар машинаа бариулаад 7-н буудал руу очиж тэндээс Баагий, Эрдэнэбаатар гэх хоёр хүнийг аваад эргээд Сарандаваагийн хийд дээр очиж үлдсэн архиа уучихаад 6-н буудалд байдаг караоке орж пиво уучихаад тэндээсээ гараад замаараа нэг шил архи аваад Эрдэнэбаатарын гэр лүү явсан. Алтангэрэл, Эрдэнэбаатар нар хоорондоо маргалдаад бие биенээ цохих гээд байхаар нь салгасан чинь Мөнхөө хажуугаар орж ирээд маргалдаад байхаар нь уур хүрээд гараад машинд сууж байгаад 15 орчим минутын дараа Батцоожийн зүүн нүд хавдсан, хамарнаас нь цус гарсан байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11743 дугаартай дүгнэлтэнд: /хх-36х/ “...Б.Б-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11765 дугаартай дүгнэлтэнд: /хх-34х/ "... Ц.Эын биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн шугаманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э, Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар сургуулийн 42-905 тоотод үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар хоорондоо зодолдож шүүгдэгч Б.Бийн зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл, шүүгдэгч Ц.Эын зүүн хацар, шанаанд нь зөөлөн эдийн няцрал, зүүн шугаманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус үүсгэжээ.
Эдгээр нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас харилцан бие биедээ учруулсан гэмтлийг, хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар хоорондоо харилцан зодолдсон, үүний улмаас бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар мөн нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн хувьд хоорондоо гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Э, Б.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Ц.Э, Б.Б нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь хохирогчийн хувьд бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өлзийт овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийт овогт Цэрэнхүүгийн Эрдэнэбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Боржигон овогт Батхуягийн Батцоож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт тус тус оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР