Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

2019           12          24                                    2019/ШЦТ/05     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Д.Агар,  

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхишиг,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1903010690476 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 47-1115б тоотод оршин суух, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 2019 оны 9 дүгээр сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамж 237 тоот хаалганы өмнө 06-75 УБУ улсын дугаартай “Тоёота Прадо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэг жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюуг саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Нарангэрэлийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би талийгаачтай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр оройны 21 цагт Сансарын цайны газарт уулзаж хоол идсэн. Ээж ахынд хонохоор явна гэж хэлсэн. Би маргааш нь хичээлтэй байсан учир буцаад явсан. Тэгээд дахиж уулзаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим цагдаагийн газраас залгаад болсон зүйлийн талаар ярьсан. Шүүх эмнэлэг дээр очиход задлан шинжилгээнд орсон байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 1903010690476 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн эгч Нарангэрэл над руу залгаад “эгчид нь мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Миний цалин буусан байсан болохоор 450.000 төгрөг данс руу нь шилжүүлж өгөөд Ломбарданд байсан эгчийн гар утсыг 50.000 төгрөг төлж авсан. Монелийн тэнд явж байтал талийгаач над руу залгаад “чи хаана явж байна эгч нь Сансарын клонк дээр хүүхэдтэйгээ уулзчихаад байж байна чи хүрээд ир” гэсэн. Би Сансарын клонк дээр 21 цаг өнгөрч байхад очоод талийгаачтай уулзаж гар утсыг нь өгсөн. Эгч “гэртээ ганцаараа байгаа танайд очиж хоноё” гэсэн. Тухайн үед би эхнэртэйгээ цуг явж байсан. Талийгаач бид гурав замаараа дэлгүүр орж сүү, хоол хүнсний зүйл болон 1 шил 0,75 литрийн хараа архи аваад 22 цаг болж байхад манай гэрт ирсэн. Би дэлгүүрээс авсан архиа задлаад талийгаач болон манай эхнэр бид гурав хувааж уусан. Бид гурав 23 цаг 30 минутын үед архиа ууж дуусаад талийгаач намайг “дахиад нэг шил архи олоод ирээч” гэсэн. Би машинаа жолоодож гараад 32-ийн тойргийн тэр хавиар дэлгүүр хайж яваад олдохгүй болхоор нь Дарь эхийн хуучин эцсийн буудлын тэнд явж байтал нэг дэлгүүрийн үүдэнд хоёр хүн зогсож байхаар нь “наад дэлгүүр чинь онгорхой юм уу” гэхэд онгорхой байна гэхээр нь машинаа замын хажууд тавиад дэлгүүр рүү очтол худалдагч нь дэлгүүрийнхээ гадаа зогсож байсан. Дэлгүүр нь гэрлээ унтраачихсан байсан. Би “0,5 литрийн хараа архи авъя” гээд архины мөнгөө бэлнээр өгөхөд худалдагч нь дэлгүүр рүүгээ ороод архи аваад гарч ирсэн. Архиа аваад шөнийн 00 цаг 30 минутын үед гэртээ ирээд бид гурав миний авчирсан архийг яг тэнцүү хувааж уусан. Сүүлийн архийг ууж байхад эгч согтчихсон. Талийгаач нөхрийнхөө талаар яриад “манай нөхөр танай хуучин эхнэрээс болж амиа хорлосон, үлдэгдэл зээлсэн мөнгөө хурдан өгөөрэй” гэх зэргээр согтуурхаад байсан. Би машиндаа унтаж байгаад эгчийгээ унтсаны дараа орж ирье гэж бодоод гэрээс хөнжил авч гараад машиндаа орж жолооны ард суугаад сандлаа хойш нь налуулаад хаалгаа цоожлоод хөнжлөө нөмрөөд 10-20 минут болж байтал эгч гарч ирээд цонх тогшоод намайг буугаад ирээч гээд дуудаад байсан. Би эгчийг дахиад нөгөө юмаа ярих байх гэж бодоод зайдуу очиж машиндаа унтая гэж бодоод хойшоо хараад зогссон байсан машинаа асаагаад хөдлөөд гэрийнхээ араар тойроод хашааны хаалга онгорхой байсан болохоор шууд хашаанаас гарсан. Төв зам талаас нэг машин ирж байгаа харагдахаар нь баруун гар тал руугаа шахаад зам тавьж өгье гэж бодоод баруун гар тал руугаа шахаад эргэтэл замаас гараад жалга руу хажуулдаад орчихсон. Би гэрийн үүдний амбаараас хүрз лоомбо аваад буцаад машин дээрээ ирээд урд талын жолоочийн эсрэг талын дугуйны доод талын шороог ухаад зогсож байтал манай эхнэр гарч ирээд “чи эгчийг дайрчихсан байна, чиний машины ард хэвтэж байна” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд очоод хартал машины баруун хойд талын дугуйны харалдаа дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Би эгчийг өргөж гэр рүү оруулж гэрийн хойморь газар зассан орон дээр хэвтүүлсэн. Эгчийн гадуур хувцас нь битүү шороо болчихсон байсан. Би гадуур хувцсыг нь тайлах үед биеийнх нь ихэнх газар зулгарсан байхаар нь өөрийн 80511967 дугаарын утсаар 103 руу дуудлага өгсөн. Түргэн тусламж дуудаж байх үед эгч эвгүй болоод ёолохгүй дуугарахгүй, чимээгүй болчихсон. Түргэн тусламжийн эмч ирж үзээд “эгчийг амьсгал хураасан байна” гэж хэлээд түргэн тусламжийн эмч цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-11 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-31 дүгээр хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “..Toyota Prado-95 маркийн 06-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Ог драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-42 дугаар хуудас/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-48 дугаар хуудас/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сансарын кпонкийн хойд талын автобусны буудлын цайны газар ээжтэй уулзаад ээжээс 90.000 төгрөг авсан. Ээж Оргилхүү ах нь ирж байгаа Оргилхүү ахынд очиж хононо гэж хэлсэн. Оргилхүү ахын цалин буусан ээжид хэдэн төгрөг өгнө гэж байсан. Үүнээс хойш ээжтэй холбоо бариагүй. Ийм хэрэг болсонд маш их хамарсаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

Амь хохирогчийн биед байсан эд зүйл болон өмсөж явсан хувцасыг хүү С.Батхишигт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албанаас “Улаанбаатар буян” ХХК руу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан 14-3а/4212 дугаартай албан бичиг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Гэрч Э.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Оргилхүүгийн хамт 06-75 улсын дугаартай машинтай явж байгаад Сансарын клонкоос эгч Нарангэрэлийг аваад гэрт ирсэн. Бид 3 гэрт ирээд 0,75 литрийн Хараа архи, өөр нэг тал архи хувааж уугаад хэсэг сууж юм ярьсан. 23 цагийн орчим Оргилхүү бид 2 ганц худгийн дэлгүүрээс машинтай архи авах гээд явсан. Дэлгүүрээс 0,5 литрийн хараа архи худалдаж аваад буцаад гэртээ ирсэн. Гэрт ирээд авсан архиа бид 3 хувааж уугаад байж байтал Нарангэрэл эгч “ойрхон архи зардаг дэлгүүр байна уу” гэхээр нь “одоо ажиллаж байгаа дэлгүүр байхгүй” гэхэд Нарангэрэл эгч гэрээс гараад явчихсан. Удалгүй манай нөхөр Оргилхүү машинтай араас нь гарсан. Би тэр хоёрыг орж ирэхгүй байхаар нь гартал хашааны урд талын жалга руу машин уначихсан байсан. Нарангэрэл эгч машины баруун хойно толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай атиралдаад хэвтэж байсан. Тэгтэл Оргилхүү машинаа хөдөлгөх гээд нааш цааш яваад байсан. Удалгүй Оргилхүү Нарангэрэл эгчийг үүрээд гэрт оруулсан. Гэрт ороод би газар ор засаад эгчийг хэвтүүлэхэд эгч “даараад байна” гэхээр нь дээрээс нь хөнжил нэмж тавьж өгөөд унтаад өгсөн. Удалгүй Оргилхүү намайг сэрээгээд “Нарангэрэл эгч их сонин байна, царай нь цайчихсан байна” гэхээр нь босоод харсан чинь эгч доошоо харсан байрлалтай хамаг бие нь хүйтэн болчихсон уруул ам нь сонин өнгөтэй байхаар нь 103 руу залгаж дуудлага өгсөн шиг санагдаж байна. Удалгүй түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэсэн. Оргилхүү эгчийг дэлгүүр явчихлаа гэж бодоод согтуу машинаа унаад хашаанаас гарсан. Бид 3 нилээн согттолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Янжмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...өчигдөр орой 24 цагийн орчим дэлгүүр хаах гэж байхад нэг машинтай 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 0.5 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад гарсан. Тэр хүнийг эрүүл согтуу байсаныг мэдээгүй согтолт гайгүй байх шиг байсан. Архи авахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Машинд нь хүмүүс байсан байж магадгүй би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг дуудлага 02 цаг 54 минутанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дондогдулам рашааны хойно манай эгч ухаан алдсан байна гэж ирсэн. Дуудлагыг хайгаад очиход Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 11 дүгээр гудамж 237 тоотод өгсөн байсан. Дуудлагаар 03 цаг 23 минутын үед очиход айлын хашааны хаалганы зүүн урд хэсэгт бараан өнгийн жийп замын хажуу руу орчихсон байсан ба 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд манай эгчийн бие өвдсөн гээд гэр рүүгээ дагуулаад орсон. Гэр рүү ороход бас нэг эмэгтэй байсан ба талийгаачийг гэрийн хойморь газар ор засаад хэвтүүлсэн байсан. Талийгаачийн биеийг үзэхэд нас бараад 30 орчим минут болсон бололтой бие нь хөшчихсөн хөхрөлт үүсээгүй байсан. Нас барсан байна гэж хэлтэл уулга алдаад талийгаачийн дүү гэх эрэгтэй уйлаад ширээ цохиод байсан. Юу болсон талаар тэр хоёр хүнээс асуухад талийгаачийн дүү гэх эрэгтэй нь талийгаачтай муудалцаад талийгаач гэрээс гарсан. Талийгаачийн араас машинтай гарсан чинь эгч нь зам дээр хэвтэж байсан гэж ярьж байсан.  Би өөрийн 90121407 дугаарын утсаар 102 руу дуудлага өгсөн. Талийгаачийн дүү гэх залуугаас нилээн архи үнэртэж байсан. Согтолт гаагүй өөрийн гэсэн ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Гэрч Б.Сундуй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хэргийн газар үзлэг хийх явцад Б.О гэх эрэгтэй хүн байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нүдээр харахад мэдэгдэж байсан. Түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Б.О нь өөрөө “гурвуулаа хоёр шил архи хувааж уусан” гэж байсан. Манай хэлтэс болон жижүүрийн бүрэлдэхүүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багаж байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Гэрч О.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 2019 оны 9 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамж 237 тоот айлд хүн нас барсан байна гэх дуудлагыг шөний 03 цаг 21 минутанд авч 03 цаг 30 минутанд очиход Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамж 237 тоот хашааны үүдэнд гудамжинд нэг Т.Прадо маркийн автомашин замын хажуу жалга руу хажуулдаад орчихсон байсан. Хашаа ортол нэг Монгол гэр байх ба гэр дотор Оргилхүү гэх эрэгтэй хүн, Энхтуяа гэх эмэгтэй байсан. Гэрийн хойморьт ор засаад нэг эмэгтэйг хэвтүүлсэн байсан. Тэр эмэгтэй нас барсан байсан. Гэрт байсан хоёр хүний согтуурлыг нь шалгаж драйгер үлээлгээгүй. Жижүүрийн бүрэлдэхүүн ирэхэд тэр хоёр хүнийг хүлээлгэж өгсөн. Оргилхүү нь согтуу байсан ба өөрийн үйлдлээ ухамсарлаж ойлгох чадвартай халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2022 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаачид хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, өвчүүний хугарал, зүүн уушигны авчилт, уушигны уг, элэгний саран холбоос, ходоодны нугалуур, давсагны оройн цус хуралт, умдаг ясны салалт, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралтууд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсч болно.  

3. Хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, өвчүүний хугарал, зүүн уушигны авчилт нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.  

5. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас баржээ.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цус нь 3-р бүлэг байна...” гэжээ /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5268 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн цув, цэнхэр өнгийн цамц, цагаан судалтай цэнхэр өнгийн цамц, ягаан өнгийн цамц, улаан өнгийн дотоож, саарал өнгийн өмд, хар өнгийн өмд, саарал өнгийн оймс, хар өнгийн пүүз зэргээс шатах тослох материалын агуулга илрээгүй...” гэжээ /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4581 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан хүрэм, хар хөх ноосон цамц, улаан хүрэн өнгийн цамц, саарал өмдөнд товчны бэхэлгээний нүх, цооролт, гогдолт, урагдалт шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэжээ /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5267 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Хар цагаан өнгийн хөндлөн судалтай цамцан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.
  2. Хар цагаан өнгийн хөндлөн судалтай цамцан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Нарангэрэлийн гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэжээ /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5230 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.О” гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн “Б.О” гэсэн хаягтай цуснаас спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд зарцуулж үлдэгдэл хүрэлцэхгүй тул мансуурах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох боломжгүй...” гэжээ /хх-ийн 99 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5243  дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Прадо маркийн 06-75 УБУ улсын дугаартай ногоон өнгөтэй тээврийн хэрэгслийн гадна доод талын хэсэгт цус болон биологийн гаралтай бусад арьс, үсний ул мөр илрээгүй...” гэжээ /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4578 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota prado маркийн улсын дугаартай ногоон өнгийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас цагаан, доод эд ангиас ногоон өнгийн хэсэг зүйлүүд тус тус илэрч байна.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн объектыг дүгнэлт болон зургийн үзүүлэлийн хамт, тээврийн хэрэгслээс илэрсэн зүйлсийг амсар нь битүүмжлэгддэг гялгар уутанд хийн хавсаргаж бүрэн хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5189 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 0675 УБУ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашин дээрээс илрүүлж бэхжүүлсэн гэх 1, 2, 4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн Баатар овогтой Нарангэрэл гэх хүний гарын хээний дардас нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 3, 5, 6, 7 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд тэнцсэн 1, 2, 4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн Баатар овогтой Нарангэрэл гэх хүний гарын хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирохгүй байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан 1 ширхэг баруун гарын алганы хээний мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN000610022516 дугаараар Энхтайван Энхтуяа гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алганы хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирч байна...” гэжээ /хх-ийн 112-118 дугаар хуудас/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв №54460 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -19мм,м хэвийн бус мөн машины их гэрлүүд хол болон ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй зэрэг гэмтэлтэй байна. Дээр дурьдсан гэмтлүүд нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой ба урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -19мм,м хэвийн бус байгаа гэмтэл нь осол хэрэгт нөлөөлөхгүй. Хол болон ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлэг, автомашины хурд зэргээс хамаарах тул тухайн зам тээврийн осол хэрэгт яаж нөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй байна...” гэжээ /хх-ийн 122-128 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн №413 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын анхны болон давтан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, орчны байдал, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4581, 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022 дугаартай дүгнэлтүүд, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 54460 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Прадо маркийн 06-75 УБУ улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 54460 дугаартай дүгнэлтээр “...Хол болон ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй.” гэх тул жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ", 4 дүгээр хавсралтын 5-ын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.” Гэснийг зөрчсөн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч, талийгаач Б.Нарангэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна...” гэжээ /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дуудлагын лавлагаа /хх-ийн 170 дугаар хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас “...Дуудсан шалтгаан машинд шүргүүлсэн...” /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5567 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Хараа гэсэн бичигтэй 0,5 литрийн багтаамжтай 2 ширхэг архины шил дээрээс 5 ширхэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлэв.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Хараа гэсэн бичигтэй 0,5 литрийн багтаамжтай 2 ширхэг архины шил дээрээс 5 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэжээ /хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 155 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 152 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 153 дугаар хуудас/,  гэрч П.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ж.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/, гэрч Б.Байгалийн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 156 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 157 дугаар хуудас/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-ийн 147 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №696 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 163-167 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Б.Огийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол болох 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 2019 оны 9 дүгээр сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамж 237 тоот хаалганы өмнө 06-75 УБУ улсын дугаартай “Тоёота Прадо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэг жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Нарангэрэлийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дуудлагын лавлагаа,

 

              - Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

 

              - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

  - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал,

 

  - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

  - Зам тээврийн ослын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

              - Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхишигийн мэдүүлэг,

 

              - Гэрч Э.Энхтуяа, Ч.Янжмаа, Б.Бат-Эрдэнэ, Б.Сундуй, О.Баярхүү нарын мэдүүлгүүд,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №2022 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

              - Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв №54460 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

              - Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн №413 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

  Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Б.О согтуурсан үедээ жолоодон явсан 06-75 УБУ улсын дугаартай “Тоёота Прадо” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Нарангэрэлийг мөргөж улмаар амь насыг нь хохироосон болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг техникийн шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

  Хэдийгээр хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, болон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №5230 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Огээс согтуурлын зэрэг илрээгүй боловч эдгээр ажиллагаа нь хэрэг явдал болсноос хойш 8 цаг орчмын дараагаар хийгдсэн байх ба харин хэргийн үйл баримт, түүний дараах богино хугацааны үйл явдлыг гэрчлэх гэрч Э.Энхтуяа, Ч.Янжмаа, Б.Бат-Эрдэнэ, Б.Сундуй, О.Баярхүү нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар Б.О нь гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан болох нь нотлогджээ.

 

  Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ, бүрэн биш тээврийн хэрэгсэл жолоодож /гэрэл бүдэг/, улмаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, хашаа, хороолол дотор тухайн явган хүн зорчиж байгааг мэдсээр атал тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 а, 3 дугаар зүйлийн 3.4, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан заалтуудыг зөрчиж хүний амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогджээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Ог согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхишигаас “...Б.О хохирол төлж барагдуулсан. Цаашид хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжилсэн баримтаар гаргасан зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ог 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт хураан авсан Боржигон овогт Баатарын Оргилхүү /РД:НП80041470/-ийн №339871 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэх, №0030767 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Огээс замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ог согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Огийн баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт хураан авсан Боржигон овогт Баатарын Оргилхүү /РД:НП80041470/-ийн №339871 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэх, №0030767 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН