Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0642

 

 

 


Н.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд М.И, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Б, Ж.Ж, Б.Ж, Б.Ж, Б.Е нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М овогтой И-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан Н.Б, Ж.Ж, Б.Е, Б.Ж, Б.Ж нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.А давж заалдах гомдолдоо:

“...Н.Б нарын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М овогтой И-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон хэсгийг гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 121 дүгээр зүйлийн 121.2-т заасан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М овогтой И-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 т, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталжээ.

Газрын тухай хуулийн 7.3-д “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэжээ.

Дээрх зохицуулалт нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мот бут сөөгийг зайлуулахтай холбогдсон заалт юм. Гуравдагч этгээд М.И нь тус газарт ямар ч барилга байгууламж барьсан зүйл байхгүй, гэр барьж буусан байдал байхгүй байсан бөгөөд АТП 1408-ийг зөөвөрлөх зөвшөөрлийг зохих ёсоор нь авсан байсан.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Мөн л ялгаагүй гуравдагч этгээд М.И нь хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барьсан зүйл байгаагүй болох нь шүүх хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаас харагдаж байна. Гуравдагч этгээд М.И нь шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулаагүй, хуулиар хориглосныг зөрчсөн үйлдэл гаргаагүй байхад шүүх урьдчилан дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ газрыг хүн амын эрүүл мэнд, Байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасанчлан гуравдагч этгээд М.И-ны газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүх хийсвэрээр дүгнэлт хийсэн, шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг шийдвэртээ дурдаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт орууллаа.

Анхан шатны шүүх “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И-д холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд уг актын улмаас иргэн М.И-ны болон нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй...” хэмээн дүгнэж уг захирамжийн М.И-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн М.И-д эзэмшүүлсэн тус дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газарт 110/35/10 кВ станцаас тэжээгдэх, зоорь фидерийн тулгуур №85 тэжээгдэж байгаа АТП-1408 дэд станц байрлаж байгаа нь үзлэгийн баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж тусгайлан заажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-д заасан эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож хориглосон зайнд буюу тал бүр тийш 10м-т 110/35/10 кВ станцаас тэжээгдэж буй АТП-1408 дэд станцын байрлаж буй газар нь хамаарч байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т газар эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан болон 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байх шаардлагуудыг хангахгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “анхан шатны шүүх хүчингүй болсон тогтоолын заалтыг баримталсан” гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан боловч дээрх тогтоол нь Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон хэдий ч тухайн маргаан бүхий газар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа явагдаж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, шинэчилсэн 97 дугаар тогтоолоор дэд станц байрлаж буй орчинд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр заагаагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

Үүнээс гадна маргаан бүхий газарт гуравдагч этгээд шинэ хашаа, гэр барьж амьдрах орчин бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон газрын үзлэгээр авсан фото зургаар нотлогдож байх тул эрчим хүчний хамгаалалтын зурвас бүхий газарт гэр, орон сууц, хашаа барьж амьдрах нь тухайн иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нөгөө талаас эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хэрэглээнд аюул учруулж болох тул тухайн газрыг эзэмших эрх олгох хууль зүйн боломжгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас иргэн М.И-д “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 дугаар “...шилжүүлэн зөөх боломжтой...” гэх албан бичгийг үндэслэн олгосон гэж тайлбарлаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн газрын үзлэгээр АТП-1408 дэд станц байрласан хэвээр байгаагаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хариуцагч нь газар эзэмших эрх олгохдоо хуульд заасан шаардлагад харшлах нөхцөл байдал бүрэн арилсан эсэхийг тогтоосны дараагаар шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Н.Б нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн М.И-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тусад нь хариуцагч байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх нь тухайн сум дүүргийн Засаг даргад хадгалагдах бөгөөд нэгэнт газар эзэмших эрх олгосон захирамж хүчингүй болсон тохиолдолд газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэрчилгээ дангаар хүчинтэй байх боломжгүй, бие даасан эрх зүйн актын шинжийг агуулаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх шаардлагагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б, Ж.Ж, Б.Е, Б.Ж, Б.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М овогтой И-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн “Н.Б, Ж.Ж, Б.Е, Б.Ж, Б.Ж нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагаас “Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Х.И-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА