Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 50

 

 

Д.Хын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00366 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 867900 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 10172220 төгрөг, нийт 11040120 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Л.Угийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.А, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Уд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь заалтыг үндэслэн эмчилгээний зардал 867900 төгрөг, цалингийн зөрүү сарын 847685 төгрөг, жилээр 10172220 төгрөг, нийт 11040120 төгрөгийг Л.Угаас гаргуулж өгнө үү, цаашид гарах зардлыг тухай бүрт нь нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Хын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Миний хувьд бусдад гэм хор учруулсандаа маш их гэмшиж байгаа ба өөрийн зүгээс төлбөл зохих төлбөр мөнгийг аль болох төлж барагдуулсан. Би уг ослоос болж өөрөө ч маш их гэмтэж бэртсэн боловч өөрийнхөө эмчилгээг хойш нь тавьж Хд учирсан гэм хорын зардлыг төлж барагдуулж ирсэн. Надад холбогдох хэргийг 2016 оны 1 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 1430970 төгрөгийг илүү төлсөн талаар шийтгэх тогтоолд дурдагдсан. Мөн уг тогтоол гарсаны дахин 1 сая төгрөгийг шилжүүлж, нийт 2430970 төгрөгийг Хд өгсөн. Д.Х нь 2015 оны 12 сард 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж Аймгийн нийгмийн даатгалын газраас 1 жилийн хугацаатай групп тогтоолгосон байсан бөгөөд үүний цалин хөлсний зөрүүг хэдэн төгрөг гарахыг тодорхойлон тооцуулан тогтоолгох хүсэлтэй  байна. Мөн эмчилгээний баримтын талаар ч дахин нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Учир нь миний хувьд Д.Хд эрүүгийн журмаар хэрэг шалгагдах явцдаа баримтын хэмжээнд тооцолгүйгээр 9469030 төгрөгийг өгч гомдлыг нь барагдуулсан байгаа. Одоогоор надад бэлэн тоолоод өгчих мөнгө төгрөг байхгүй болохоор маш их хэцүү байна. миний биеийн эрүүл мэндийн байдал ч тааруухан, байнгын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймээс энэ бүгдийг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Угаас 7960250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2430970 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 142314 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.У давж заалдсан гомдолдоо: Надаас 7960250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээс 2164843 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Хын цалин хөлсний дундаж нь өөрийнх нь авч байдаг цалингаас илүү хэмжээгээр бодогдсон байгаад гомдолтой байна. Хын сарын цалин 1441797 төгрөг гэж тодорхойлогдсон байгаа ба 2015 оны 9, 10, 11 саруудад уг цалингийн хэмжээгээр өвчтэй байсан хугацааных нь листний мөнгө бодогдож, сүүлийн саруудад авч байсан цалин нь ч энэхүү мөнгөн дүнгээр тодорхойлогдохоор байдаг. Мөн Хын авч буй тэтгэвэр нь 2016 оны 6 сард Засгийн газрын 2016 оны 292 тоот тогтоолоор нэмэгдэж 615112 төгрөг болсон, 2016 оны 7 сарын 1-нээс 1056200 төгрөг болсон байгаа ба Х өөрийнхөө авч буй тэтгэвэр тэтгэмжээ үнэн зөвөөр мэдүүлсэнгүй. Миний хувьд: 1 сарын цалин хөлс болох 1441797-594112 /тахир дутуугийн тэтгэвэр/=847685 төгрөг, үүнийг *5 /1-5 сар хүртэл хугацааны/=5086110 төгрөгний зөрүү. 1441797-615112=826685 /6 сарын зөрүү/, 1441797-1056200=385597*6 /7-12 сар/=2313582 төгрөгний зөрүү, нийт 2016 оны 1-12 сар хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 8226377 төгрөгнөөс нэхэмжлэгчид 2430970 төгрөг өгснийг хасч тооцоход 5795407 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй ба энэхүү мөнгөн дүнгээр эвлэрэх хүсэлтэй байна. Уг ослоор би өөрөө ч маш их гэмтэлтэй болсон бөгөөд өөрийнхөө эмчилгээг хойш тавиад Хыг эмчлүүлээд хурдан эдгээсэй гэж бодоод аль болох л мөнгө төгрөг өгч байсан. Одоогоор миний бие хорт хавдартай гэсэн оноштойгоор эмчилгээнд байгаа болохоор нэхэмжилсэн хэмжээгээр мөнгө төгрөг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн 219000 төгрөг буюу эм тарианы зардал нь эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр хэрэлэсэн болох нь тогтоогддоггүй ба уг гэмтэлд хэрэглэж байсныг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Иймд хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1 сарын цалин хөлсөө 1441797 төгрөгөөр тооцож 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалин хөлсөө 4948722 төгрөгөөр, эмчилгээний зардал 219000 төгрөг нийт 5167722 төгрөгөөр эвлэрсэн болно. Хариуцагч Л.Угийн өмгөөлөгчийн зүгээс ч энэхүү 5167722 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Л.Уд холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хор буюу эмчилгээний зардал 867900 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 10172220 төгрөг, нийт 11040120 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 648900 төгрөгөөс татгалзаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Л.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед нотлох баримтын хүрээнд хохирлыг төлөхдөө 1430970 төгрөгийг илүү төлсөн, мөн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1000000 төгрөг тус тус төлсөн, одоо төлбөр төлөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 7960250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Л.У эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.А нар нь маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, “Д.Х миний бие 1 сарын цалин хөлсөө 1441797 төгрөгөөр тооцож, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны цалин хөлсөө 4948722 төгрөгөөр, эмчилгээний зардал 219000 төгрөг, нийт 5167722 төгрөгөөр эвлэрсэн болно. Хариуцагч Л.Угийн өмгөөлөгчийн зүгээс ч энэхүү 5167722 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно” гэсэн агуулга бүхий  эвлэрлийн гэрээг байгуулж, зохигч талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Энд хариуцагч талыг төлөөлж түүний өмгөөлөгч З.А гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчөөгүйн гадна Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар өмгөөлөгч нь  “үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн тууштай хамгаалах” үүрэгтэй тул дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт нийцүүлэн шийдвэрлэх боломжтой юм.

Тодруулбал нэхэмжлэгч Д.Х нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд нийт 10172220 төгрөг нэхэмжилж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дараахь нөхцлөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн ба хариуцагч тал энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд:

  1. Нэг сарын дундаж цалин хөлсөө 1441797 төгрөг гэж тодорхойлон, үүнээс тахир дутуугийн тэтгэмж 594112 төгрөгийг хасвал, зөрүү 847685 төгрөг /1441797-594112=847685/,
  1. Зөрүү 847685 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 01 хүртэл хугацаагаар тооцвол 5086110 төгрөг, үүнээс 6 дугаар сард тэтгэмж 20000 төгрөгөөр нэмэгдсэнийг хасч нийт 5066110 төгрөг /847685х6сар=5086110-20000/,

 

  1. 2015 оны 07 дугаар сарын 01-нээс тахир дутуугийн тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж 1056200 төгрөг болсон тул зөрүү 385597 төгрөг /1441787-1056200=385597/,
  2. Зөрүү 385597 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарыг дуустал хугацаагаар буюу 6 сараар тооцвол 2313582 төгрөг /385597х6сар=2313582/
  3. 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарыг дуустал хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нийт 7379692 төгрөг /5066110+2313582=7379692/,
  4. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд нийт 7379692 төгрөгийг төлбөл зохих ёстойгоос төлсөн 2430970 төгрөгийг хасч тооцвол нийт 4948722 төгрөг /7379692-2430970=4948722/,
  1. Эмчилгээний зардалд 219000 төгрөг нэхэмжилснийг нэмж тооцвол нийт 5167722 төгрөг /219000+4948722=5167722/

Иймд зохигч талуудын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоход улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгодоггүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид маргаан бүхий асуудлаар хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч Д.Х нь 1 сарын цалин хөлсөө 1441797 төгрөгөөр тооцож 2016 оны 1 сарын 1-нээс 12 сарын 31 хүртэлх хугацааны цалин хөлсөө 4948722 төгрөгөөр, эмчилгээний зардал 219000 төгрөг, нийт 5167722 төгрөгөөр нэхэмжилж, хариуцагч талтай эвлэрсэнийг баталж, Д.Хын нэхэмжлэлтэй Л.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Угаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч

 

талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                  ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БАТЧИМЭГ