| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0897/Э |
| Дугаар | 912 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр
Улсын яллагч Г.Анармөнх,
Шүүгдэгч С.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Мад холбогдох эрүүгийн 1911 02649 1134 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1981 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9-р хороо, 51-58 тоотод түр оршин сууж байгаа, /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 3 дугааар гудамжны 10-9 тоотод оршин суух албан ёсны хаягтай/ урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗП81111419/
Яллагдагч С.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 74-79 УБО улсын дугаартай, Тоёота Кроун-204 /Toyota crown 204/ загварын автомашины зүүн урьд крыло, зүүн 2 хаалга, баруун 2 хаалга, багажны таг, баруун хойд крыло зэргийг “зам хааж машинаа тавьлаа” гэх шалтгааны улмаас отверкаар зурж, хууль бусаар гэмтээсний улмаас 1.049.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт С.Маас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч С.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-28-29х/ “..2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ орохоор өөрийнхөө машинтай явж байтал байрны дунд нэг машин замын хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгсэлээ байрлуулсан байхаар нь эргэж машиндаа очоод ир үзүүртэй зүйл аваад санаатайгаар тээврийн хэрэгслийн 2 талын зурж гэмтээсэн. Тухайн үед уур хүрсэн учраас дээрх үйлдлийг гаргасан..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22х/ “..2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 00 цагийн орчим ажлаасаа гэртээ ирсэн. Ирэхдээ өөрийн эзэмшлийн 74-79 УБО улсын дугаартай автомашинаа байрныхаа хойд талд байх зогсоол дээр байрлуулан тавьсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим гэрээсээ гараад хартал миний автомашины баруун 2, зүүн 2, арын багажны хаалга буюу машиныг бүтэн тойрч ир үзүүртэй зүйлээр зориуд гүнзгий зурсан байсан. Одоо автомашинаа бүтэн будуулах шаардлагатай болсон..” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 2019 оын 10 дугаар сарын 09-ний өдрийн тайлан: /хх-15х/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11х/ шүүгдэгч С.Мын иргэний үнэмлэхний хуулбар /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 74-79 УБО улсын дугаартай, Тоёота Кроун-204 /Toyota crown 204/ загварын автомашины зүүн урьд крыло, зүүн 2 хаалга, баруун 2 хаалга, багажны таг, баруун хойд крыло зэргийг “зам хааж машинаа тавьлаа” гэх шалтгааны улмаас отверкаар зурж гэмтээжээ.
“Ашид билгүүн” ХХК-ийн тайлангаар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шүүгдэгч С.Мын дээрх үйлдлийн улмаас хохирогчид 1.049.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэжээ.
Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирогчид учирсан хохирлыг 1.049.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч С.М нь уг үнэлгээ болон улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Маас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч С.Мад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч С.М нь хохирогчид учруулсан зардалыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР