| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0899/Э |
| Дугаар | 913 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 913
2019 11 29 2019/ШЦТ/915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатгин овгийн Бат-Эрдэнийн Хандцэцэгт холбогдох эрүүгийн 1911022801212 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Хатгин овгийн 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 20 настай, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар баг, октябрть 8 дугаар гудамж 6а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЙ99051004/
Шүүгдэгч Б.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг дэнж” худалдааны төв дотор иргэн Д.Буяндэлгэр, Д.Магсар, Т.Билгүүн нараас мах, чихэр, ахуйн хэрэглээний бараа худалдан авч мөнгийг нь Төрийн банкаар шилжүүлсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Хээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-34-35, 48-49/ “...Надад мөнгөний хэрэг гараад мөнгө залилан авсан юм. Төрийн банкны данснаас хүн рүү Интернет банк ашиглаж мөнгө шилжүүлэхдээ болгоомжгүй байдлаар хүний нэрийн нэг үсгийг нь буруу бичиж шилжүүлсэн байсан. Гэтэл миний данснаас гүйлгээ хийгдсэн гэсэн мессеж ирээд удаагүй залруулга гэж буцаж шилжүүлсэн мөнгө маань орсон юм. Тэгээд тэрнээс хойш ийм зүйл байдаг талаар мэдсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг дэнж” худалдааны төвөөс 3 хүнээс мөнгө залилаж авсан юм. Би уг хүмүүсээс бараа худалдаж авч байгаа дүр үзүүлэн дээрээс нь бэлэн мөнгө гаргаж өгөх боломж байна уу гэж асуусан чинь хүмүүс мөнгө гаргаж өгсөн. Би нэг ахаас 90.000 төгрөгний мах худалдаж аваад дээрээс нь 5.000 төгрөг бэлнээр авч нийт 95.000 төгрөг авсан. Мөн бас яг тэр худалдааны төвийн 2 давхарт чихэр зардаг хүнээс 20.000 төгрөгний чихэр авч дээрээс нь бэлэн 40.000 төгрөг нийт 60.000 төгрөг авсан. Бас тэр ахын ойролцоо ахуйн бараа зардаг хүнээс 35.000 төгрөгний ахуйн бараа авч, дээрээс нь 40.000 төгрөг бэлэн авч нийт 75.000 төгрөг авсан. Би тэр хүмүүст банк хоорондын гүйлгээ хийж байгаа гэж хэлээд хүнийх нь нэрний нэг үсгийг зөрүү хийж шилжүүлэг хийхэд гүйлгээ амжилттай хийгдлээ гэж мессеж ирдэг тэр хүмүүст мессеж үзүүлээд залилаад авсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хүмүүсийг залилсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-25/ “..Би Чигэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Нарлаг дэнж” худалдааны төвийн 1 давхарт 32 тоот лангуун дээр үхрийн мах хувиараа зардаг юм. Намайг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр лангуун дээрээ худалдаа хийгээд зогсож байхад 15 цагийн үед нэг эмэгтэй ирээд 90.000 төгрөгийн үхрийн мах аваад тооцоо хийхдээ төрийн банкны валютын данснаас шилжүүлэг хийнэ. Би чамруу 95.000 төгрөг хийнэ чи надад 5.000 төгрөг буцаагаад бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэгээд мөнгө нь дансруу орохгүй байхаар нь нөгөө эмэгтэй төрийн банкны лавлахруу залгаад асуусан чинь валютын дансын гүйлгээ хийхэд жоохон удаж орно гээд яриад байх шиг байсан. Тэгээд би ХААН банкны лавлах руу залгаад асуусан чинь удаж магадгүй гээд байхаар нь би жоохон байж байгаад орох байх гэж бодоод надад дугаараа үлдээгээд тухайн үед нь залгаж үзэхэд холбогдож байсан тэгээд 2 цагийн дараа мөнгө орохгүй байхаар нь өгсөн дугаар руу нь залгаад огт авахгүй байсан. Тэгээд дээд давхарт нэг хүн бас залилуулчихлаа эмэгтэй хүн харсан хүн байна уу гээд асуугаад явж байхаар нь уулзсан чинь адилхан хүнд залилуулсан байсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Магсараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27-29/ “..Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Нарлаг дэнж” худалдааны төвийн 2 давхарт 1 дүгээр лангуунд чихэр зардаг юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр наймаа хийж байх үеэр Нарлаг дэнж худалдааны төвийн тог тасраад 5-10 минутын дараа хар нүдний шилтэй эмэгтэй орж ирээд 20.000 төгрөгийн үнэтэй чихэр пичень аваад нөгөө эмэгтэй намайг 40.000 төгрөг бэлнээр надад өгчих би таньд 60.000 төгрөг мобайл банкаар шилжүүлээд өгье гэж хэлэхээр нь би 5035004849 гэсэн ахын нэр дээр байдаг дансыг өгсөн. Тэгээд удаачгүй шилжүүлчихлээ гээд надад өөрийн гар утаснаасаа гүйлгээ амжилттэй гэсэн бичиг гаргаж харуулсан тэгээд би ах руу залгаад мөнгө орсон уу гэж асуухад ороогүй байна гэж хэлэхээр нь мөнгө ороогүй байна түр хүлээж байгаарай гэсэн чинь нөгөө эмэгтэй валютын данс болохоор 2 цагийн дараа орно орохгүй бол миний 95228578 гэсэн дугаар руу залга гээд надад утасны дугаараа үлдээгээд яваад өгсөн. Тэгээд 20 минутын дараа нэг залуу 2 давхарт гарч ирээд нүдний шилтэй эмэгтэйд залилуулчихлаа гээд хайгаад яваад байсан..” гэх мэдүүлэг
Хохирогч Д.Буяндэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-33/ “..2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14-15 цагийн үед тог тасарсан байхад доороос нэг эмэгтэй орж ирээд надаас 35.000 төгрөгний бараа аваад эхлээд чамд бэлэн 90.000 төгрөг байна уу гэж асуухаар нь би надад ердөө 40.000 төгрөг байна гэсэн чинь нөгөө эмэгтэй тэгвэл би 75.000 төгрөг мобайл банкаар шилжүүлье надад бэлэн 40.000 төгрөг өгчих гэхээр нь би дүүгийнхээ дансны дугаарыг өгөөд 40.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд надад утаснаасаа гүйлгээ амжилттай гэсэн бичиг харуулахаар нь шалгах гээд дүү рүү залгасан чинь хөдөө явж байсан учир утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би орсон байх гэж найдаад явуулсан юм..” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЧД2-19-664 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39-40/, шүүгдэгч Б.Хийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, шүүгдэгч Б.Хийн Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-68-91/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг дэнж” худалдааны төв дотор иргэн Д.Буяандэлгэр, Д.Магсар, Т.Билгүүн нараас мах, чихэр, ахуйн хэрэглээний бараа худалдан авч мөнгийг нь Төрийн банкаар шилжүүлсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулан залилан авсан байна:
Шүүгдэгч Б.Хийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж шүүгдэгчийн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж шүүгдэгч Б.Хийг “бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Хандэцэцэгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Хийг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Хт 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч Т.Билгүүнд 95.000 төгрөг, хохирогч Д.Магсард 60.000 төгрөг, Д.Буяндэлгэрт 75.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгч хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгчдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Богширго овогт Хатгин овгийн бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР