Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 919

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч П.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 1911 02908 1238 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт, 1967 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 4-101 тоотод оршин суух, урьд 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХД67072412/.

 

Яллагдагч П.О нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжны 101 тоот хашааны гадна талд байсан хохирогч С.Сумъяагийн эзэмшлийн Тоёота приус маркийн 45-85 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас 580.000 төгрөгний шууд, 835.000 төгрөгний нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт П.Оаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч П.Оаас  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-34-37/ “..Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөө гэрээсээ ажилдаа гарч яваад орой ажлаа тараад эргээд 21 цагийн орчимд гэртээ ороход манай гэрт манай эхнэр Мягмарсүрэн болон түүний найзууд болох Дээгий, Ганбаа болон нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу тэгээд эхнэрийн дүү С.Сумъяа нар архи уусан байдалтай хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би тэр асуудлаас болж эхнэртээ уурлаад Дээгий гэх эмэгтэйг загнасан чи дандаа хүн уруу татдаг гэж хэлсэн чинь манай эхнэр надтай хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэгээд цуг байсан хүмүүс нь одоо битгий хэрүүл хий гарч ганц шил архи авч уух уу гэхээр  нь би уурлаад гэрээсээ гарч яваад өөрийн найз болох Хүрэлсүхийн гэрт ороод түүнд учир байдлаа хэлээд бухимдаад түүний хамтаар 0,5 литрийн савалгаатай Хараа нэртэй архийг авч очоод хувааж уугаад яаж айлд хонохов гэж бодоод одоо гэрт байгаа хүмүүс явсан байлгүй гэж бодоод гэртээ очтол С.Сумъяа унтсан эхнэр нөгөө найзуудын сууж байсан. Тэгээд би архи уусан архиныхаа халуунд гэртээ ороод эхнэртэйгээ маргаж байгаад гэрт байсан хүмүүсийг хөөж гаргаад яаж архи авч уусан талаар мэдэх гээд гадаа гарч нүүрсний амбаарт орж үзэхэд хэд хоногийн өмнө авсан байсан сайжруулсан түлшнээс 8 шуудай байхгүй байсан тэгээд гартаа таарсан эд зүйлийг авахад гарт амбаарт байсан сүхийг аваад чи яах гэж түлш зарж байгаа юм бэ гээд маргаж байхад найзууд нь гараад явсан би эхнэрийнхээ араас гараад яваад гүйцээгүй тэгээд хашааны гадаа байсан дүү Сумъяагийн машины салхины шил болон хаалга, копуд зэргийг нь гартаа барьж байсан сүхээр бухимдаад байсан болохоор дээрээс эхлээд орж ирэхэд С.Сумъяа нь тэд нартай архи ууж байсан болохоор уур хүрээд машиныг эвдэж сүйтгэсэн тэгээд гэртээ ороод унтаж байхад гаднаас цагдаа орж ирээд намайг аваад эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан..гэсэн мэдүүлэг.

 

 Хохирогч С.Сумъяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-21х/ “..Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 4-101 тоотод оршин суух хаягтай өөрийн төрсөн эгч С.Мягмарсүрэнгийн гэрт очсон. Тэгээд тухайн үед би эгчийн гэрт шөнө 02-03 цагийн орчимд очиход нөхөр болох хадам ах П.Оын хамтаар байсан тэгээд гэрт нь унтаж амраад өглөө нь нөхөр П.О нь ажилдаа явлаа гээд явсан. Тэгээд өдөр нь эгч С.Мягмарсүрэн дээр найзууд болох хүмүүс ирээд хөзөр тоглож байхад гаднаас манай хадам ах П.О орж ирээд эгчтэй гэр бүлийн маргаанаас болоод хэрэлдэж байгаад П.О гараад яваад өгсөн. Тэгээд би хэсэг тоглож байгаад унтахаар болоод хэвтсэн. Тэгээд унтаж байхад хэрүүл болоод байсан тэгээд би унтаж байсан болохоор нэг их тоогоогүй удалгүй эгч С.Мягмарсүрэн болон цуг байсан найзууд нь гараад явсан араас нь хадам ах гараад гадаа чимээ гараад байхаар нь гараад харсан чинь хадам ах П.О нилээд согтсон байдалтай миний машины шилийг гэрийнхээ сүхээр хагалаад хаалга болон копуд руу цохиод байж байхаар нь очих гэснээ айгаад намайг цохиж магадгүй гэж бодоод доошоо гудамж уруудаад явж байгаад цагдаа явж байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагчийн хамтаар очиход миний машины бүх шилийг нь хагалсан байдалтай хаалгыг нь хонхойтол цохисон байдалтай П.О байхгүй байсан..” гэх мэдүүлэг,

 

  1. Гэрч С.Мягмарсүрэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн : /хх-22-23/ “..П.О нь гаднаас ажлаасаа буугаад бага зэрэг архи үнэртүүлсэн орж ирсэн юм. Тэгээд орж ирээд хоол цайгаа хийхгүй архи уугаад сууж байна гээд маргаж байгаад Дээгийг хэл амаар доромжлохоор нь би түүнтэй маргасан. Тэгээд П.О гэрээсээ гарч яваад эргэж орж ирэхдээ нилээд согтсон байдалтай орж ирээд Дээгий рүү агсараад байсан. Тэгээд би Дээгийг өмөөрч маргаж байсан чинь Отгонбаяр гадаа гарч нүүрсний амбаар руу ороод сүх авч гарч ирээд чи хүн ажил хийж олсон түлшийг зарж борлуулсан байна гээд над руу дайраад байхаар нь Дээгий болон цуг байсан хүмүүсийг би гэрээсээ дагуулаад гараад явсан. ..Отгонбаяр байхгүй манай дүү Сумъяагийн манай гэрийн хашааны гадна байрлуулсан байсан Тоёота приус 10 загварын 45-85 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх салхины шилийг хагалсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг,

                 Тэнцвэр Эстимэйт ХХК-ний “...Тоёота приус маркийн 45-85 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 580.000 төгрөгний шууд, 835.000 төгрөгний нийт хохирол учирсан байна..." үнэлгээний тайлан /хх-ийн 26-27х/ шүүгдэгч П.Оын иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.О нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжны 101 тоот хашааны гадна талд байсан хохирогч С.Сумъяагийн эзэмшлийн Тоёота приус маркийн 45-85 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх салхины шилийг сүхээр хагалж гэмтээжээ.

 

 “Тэнцвэр Эмтимэйт” ХХК-ийн тайлангаар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шүүгдэгч П.Оын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн Тоёота приус маркийн 45-85 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 580.000 төгрөгний шууд, 835.000 төгрөгний нийт хохирол төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэжээ.

 

Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирогчид учирсан нийт хохирлыг 835.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч П.О нь уг үнэлгээ болон улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй, энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Оаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.От оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч П.От торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч П.О нь хохирогчид учруулсан зардалыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Сумъяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.О нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР