Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1078

 

 

 

 

 

2019           12          18                                    2019/ШЦТ/1078     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Хохирогч Ц.Энхтайван, Б.Цэрэндулам,

Гэрч Л.Алтангэрэл,

            Шүүгдэгч А.Е, түүний өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ед холбогдох эрүүгийн 1909032601002 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Дулааны цахилгаан станц-3 засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 4б байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Е нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд талын зам дээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд иргэн Ц.Энхтайван, Б.Цэрэндулам нарыг машин цохилоо гэх шалтгаанаар маргалдаж Ц.Энхтайваны биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээжний цус хуралт, зулгаралтууд, 2 шүдний эмтэрсэн хугарал, зүүн бугалганы ус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол, Б.Цэрэндуламын биед доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим ажлаа тараад өөрийн эзэмшлийн приус-30 маркийн авто машинтай Дашчойлон хийдийн орчимд явж байсан. Би тухайн үед МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 5 дугаар байрны арын замаас Авто плаза орох гээд урдаас хойшоо чиглээд явж байсан. Тухайн үед зам түгжрэлтэй байхад хохирогч хөндлөн чиглэлтэй буюу 11 дүгээр хороолол руу явах гэж байсан. Хохирогч нь нөгөө урсгал руу орох гэж байсан учир би буугаад зааж өгсөн. Ингээд Энхтайван нь явахдаа миний машины араас цохиж бид 2 маргалдаж харилцан бие биенээ цохисон. Би нүүр болон цээж хэсэгт нэг удаа цохисон. Би Цэрэндуламыг цохиогүй харин намайг хажуунаас маажсан...” гэв.

 

Хохирогч Ц.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед ажлаа тараад Дашчойлон хийдийн урд замд баруун талаас хойш эргэх үед шүүгдэгч нь зам таглаад зогссон байсан. Би шүүгдэгчийн машиныг нь зам чөлөөлж эгнээнд нь байрлуулж өгсөн. Ингээд Ерөөлсүрэн нь аавтайгаа бууж ирээд машинаас гарч ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед Ерөөлсүрэн нь эгнээ хаагаад зогссон. Хойно машин байгаа учир бид ухрах боломжгүй байсан. Энэ байдлыг Ерөөлсүрэн ойлгоогүй. Манай нөхөр Энхтайван бууж шүүгдэгчийн машиныг нэг удаа “чи яаж байгаа юм бэ” гээд цохисон нь буруутай. Гэтэл Ерөөлсүрэн ирээд шууд цонхоор татаж цохисон. Би нөхрөө салгах гээд зууралдаж байхад шүүгдэгч нь санаандгүй уруул руу цохисон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 19090343300964 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Энхтайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд талын хаалганы орчимд машины зам дээр түгжрээ үүсээд байхаар нь би ард зогсож байсан саарал өнгийн приус-20 маркийн машины ар талын хэсгийг нь гараараа хүчтэй цохиход машинаас нэг хөгшин, нэг залуу эрэгтэй хүүхэд бууж ирсэн. Залуу хүүхэд миний нүд, шүд рүү гараараа цохиж цамцнаас заамдаж хүзүү маажиж улайсан. Тухайн үед миний үүдэн дээд 2 шүд эмтэрсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4, 9-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Цэрэндулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлан хийдийн урд талын зам дээр 60-80 УНЦ улсын дугаартай приус маркийн суудлын автомашин 2 эгнээ хааж зогсчихоод явуулахгүй болохоор нь урагшлаад өгөөч гэж хэлээд манай нөхөр Энхтайван машины хойд талд нь гараараа тогшсон. 60-80 УНЦ машины жолооч бууж ирээд манай нөхрийн нүүр рүү нь цохиод машинаас нь татан буулгаж ирээд дахин цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5, 12-13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Е мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын үед ажлаа тараад гэр рүүгээ харих гээд түгжрээд явж байсан. Гэтэл миний машины ар талаас нэг машин хөндлөн зам түгжиж чихэж орж ирээд машинаас нэг танихгүй ах гарч ирээд над руу “урагшаа зайгаа шахчихаач” гэхээр нь би урагшлаад зай гаргаж өгсөн. Нөгөө эрэгтэй миний машины арын гүпер рүү цохьчихоод машин руугаа явсан. Би араас нь очоод “та яаж байгаа юм бэ, баярлалаа гэхийн оронд яагаад машин цохиж байгаа юм” гэтэл “чамд хамаагүй, чиний машиныг цохиход яадаг юм” гээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Энэ үед аав машинаас бууж ирсэн. Би нөгөө эрэгтэйг заамдаж барьж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Аав дундуур ороод салгах гэтэл нөгөө эрэгтэй аавын хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр эрэгтэйгийн авгай нь машинаас бууж ирээд миний чихний ар, хүзүүний баруун талын хэсэг, баруун гарын алганы ар хэсгээр хумсаараа маажиж, гараараа толгой руу 1-2 удаа цохиж бичлэг хийгээд байсан. Тэр эрэгтэйг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Хамт явж байсан эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18, 38-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил тараад хүү Ерөөлсүрэн, ажлын эмэгтэй нарын хамт түгжрээд явж байсан. Нэг машин туслах замаас орж ирээд манай машиныг урагшлаад өгчих гэхэд манай хүү эсрэг урсгал руу ороод тэр машиныг гаргаад өгчихсөн. Урагшлаад өгөөч гээд байсан залуу манай машины ар талаас гүперийг нь өшиглөөд явсан. Манай хүү Ерөөлсүрэн буугаад тэр залуу дээр очоод “чи баярлалаа гэхгүй байж машин цохидог нь ямар учиртай юм” гээд машинаас нь татаж гаргаж ирсэн. Нөгөө залуу Ерөөлсүрэнг нүүр, цээж рүү нь гараараа нэг нэг удаа цохиж гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гэтэл нөгөө залуу миний зүүн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. би замын хайс даваад нуруугаараа газар унасан. Би босоод дахин тэр хоёрыг салгах гэтэл нөгөө залуутай хамт явж байсан эмэгтэй орилж бахирч ирээд Ерөөлсүрэнгийн хамар, хүзүүг нь маажаад миний баруун гар дээр маажсан. Ерөөлсүрэн бид хоёр тэр эмэгтэйгийн биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10166 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Цэрэндуламын биед уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10165 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Энхтайваны биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээжний цус хуралт, зулгаралтууд, 2 шүдний эмтэрсэн хугарал, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,

           

Шүүгдэгч А.Егийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл /хх-ийн 43, 45-47 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-ийн 59-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

   Прокуророос А.Ед холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал А.Е нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд талын зам дээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд иргэн Б.Цэрэндуламыг зодож хөнгөн хохирол учруулсан гэж улсын яллагчаас ялласан байх ба хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл хохирогч Б.Цэрэндуламаас “...Би нөхрөө салгах гээд зууралдаж байхад шүүгдэгч нь санаандгүй уруул руу цохисон...” гэж, гэрч Л.Алтангэрэлийн “...Ерөөлсүрэн бид хоёр тэр эмэгтэйгийн биед халдсан зүйл байхгүй...” гэж, шүүгдэгч А.Егийн “...Би Цэрэндуламыг цохиогүй харин намайг хажуунаас маажсан...” гэж тус мэдүүлсэн мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгчээс Б.Цэрэндуламыг зодсон, гэмтэл учруулсан үйлдэл нь үгүйсгэгджээ.

 

Ийнхүү шүүгдэгч А.Егээс Б.Цэрэндуламд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдоогүй, эргэлзээ бүхий байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж уг үйлдэл, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.  

 

Харин шүүгдэгч А.Е нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Дашчойлин” хийдийн урд талын зам дээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд иргэн Ц.Энхтайваныг “автомашин цохилоо” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээжний цус хуралт, зулгаралтууд, 2 шүдний эмтэрсэн хугарал, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Энхтайваны мэдүүлэг, гэрч /хохирогч/ Б.Цэрэндулам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10165 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Ц.Энхтайванг “автомашин цохилоо” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Егийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Е хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхтайванаас “...Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Ег гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Ед холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан “иргэн Б.Цэрэндуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Прокуророос А.Ег “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

             3. Шүүгдэгч А.Ег хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ег 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН