Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 942

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Д.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ад  холбогдох эрүүгийн 1911 02892 1276 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Москва хорооллын 4-45 тоотод түр оршин суух хаягтай /Ховд аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Алагтолгой гэх газарт оршин суух албан ёсны хаягтай/,  урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хасгууд овгийн /РД:ПБ90013019/

 

Шүүгдэгч Д.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” нэртэй бааран дотор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Н.Бадралыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь мөргөж улмаар эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Д.Ааас  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-38-39х/ “...талбай дээр 2-3 эмэгтэй бүжиглэж байхаар нь очоод хамт бүжиглэж байтал үл таних нэг залуу ирээд хамт бүжиглэж байсан нэг эмэгтэйг нь энэ манай найз охин гэсэн утга бүхий юм ярихаар нь өө мэдсэнгүй ээ гэтэл өөдөөс хэгжүүрхэж байснаа өндөр эмэгтэйг нь дагуулаад явсан. ..ариун цэврийн өрөө орчихоод гарах гэтэл нөгөө залуу урдаас орж ирээд надтай таарчихаад хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь тэр залууг цааш түлхээд гарах гэтэл надаас зуураад тавихгүй болохоор нь түүний нүүрэн тус газар нэг удаа мөргөчихөөд гараад явах гэтэл хойноос шүд уначихлаа гээд байхаар нь шальтай мөргөөгүй байхад яахаараа шүд чинь уначихдаг юм бэ, унасан шүд чинь хаана байна гээд хартал аман дотор нь цус болчихсон байсан..Түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Н.Бадралаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11-12х/ “...манай эхнэр бүжиглэж байсан болохоор бүжгийн талбай дээр яваад очтол үл таних нэг залуутай бүжиглэж байхаар нь тэр залууг нь хойш нь түлхчихээд эхнэрээ дагуулаад гарсан. Эхнэрээ ариун цэврийн өрөө орно гэхээр нь цуг яваад орсон. Тэгээд хойшоо эргээд хартал нөгөө бүжгийн талбай дээр байсан залуу хойноос ирээд гэнэт намайг мөргөхөд миний амнаас цус гараад үүдэн шүд уначихсан. Тэгээд би түүнтэй барьцалдаж аваад баарны хамгаалагчид хэлсэн...Намайг үл таних залуу өөрийг нь түлхсэн гэх шалтгаанаар хойноос ирээд гэнэт намайг нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Батцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16х/ "...бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал гэнэт нэг танихгүй залуу ирээд бүжиглэж байснаа намайг тэвэрч мэврээд, наалдаад бүжиглээд байсан. Энэ үед манай нөхөр ирээд нөгөө залууг түлхчихээд намайг дагуулаад гаръя гээд явсан. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө орно гээд орчихоод гараад иртэл нөгөө үл таних залуу манай нөхрийг мөргөөд шүдийг нь унагачихсан байсан..."гэх мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13158 дугаартай дүгнэлтэнд: /хх-23х/ “...Н.Бадралын биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5 хувь нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” нэртэй бааран дотор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн “Н.Бадралыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь мөргөж улмаар түүний биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний сулрал” бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Д.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Шүүгдэгч Д.А нь хохирогчийн эмчилгээний зардалыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Н.Бадрал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хасгууд овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Далайдоржийн Ариунбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР