| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00910 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Ууул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Мияагомбын Тэмүүжингийн нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 24 дүгээр байр, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧР83013019/
Хариуцагч: “Барилга архитектур корпораци” ХХК-ийн захирал Д.Хайсамбууд холбогдох,
/Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2117738/
Газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Тэмүүжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Тэмүүжин миний бие 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Барилга архитектур корпораци” ХХК-ийн захирал Д.Хайсамбуутай тохиролцон тус компанийн эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 4.066 м.кв газраас салсан гэх 1.655 м.кв газрыг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед миний газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр баталгаа бичиж өгч байсан. Улмаар би 2014 онд худалдан авсан газрынхаа 500 м.кв газарт нь 2.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга барьсан тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр “Барилга архитектур корпораци” ХХК-д олгосон 1.176 м.кв газраас 500 м.кв газар эзэмших эрхийг иргэн М.Тэмүүжинд шилжүүлэхийг “Барилга архитектур корпораци” ХХК-д даалгаж өгнө үү.
Бид хариуцагч талтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Талууд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр эвлэрлийн гэрээнд: А тал Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр “Барилга архитектур корпораци” ХХК-д олгосон 1.176 м.кв газраас 500 м.кв газар эзэмших эрхийг иргэн М.Тэмүүжинд шилжүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, “Барилга архитектур корпораци” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр эзэмшүүлэхээр олгосон нэгж 18640308586127, 8015/0162 дугаартай, 1.176 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, хариуцагч “Барилга архитектур корпораци” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбогдуулан тэргүүн ээлжид 100.000.000 төгрөгийг үл маргах журмаар бэлнээр төлөх, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Б тал Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр газар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 18640308586127, 8015/0162 дугаартай “Барилга архитектур корпораци” ХХК-д олгогдсон 1.176 м.кв газрын эзэмших эрхийг 100.000.000 төгрөгийг М.Тэмүүжин нь “Барилга архитектур корпораци” ХХК-д бүрэн төлснөөр “Барилга архитектур корпораци” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр газар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 18640308586127, 8015/0162 дугаартай “Барилга архитектур корпораци” ХХК-д олгогдсон газрын эзэмших эрхийг иргэн М.Тэмүүжинд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэгч М.Тэмүүжин 100.000.000 төгрөгийг хариуцагч ‘Барилга архитектур корпораци’ ХХК-д шилжүүлэх, ‘Барилга архитектур корпораци’ ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр газар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 18640308586127, 8015/0162 дугаартай ‘Барилга архитектур корпораци’ ХХК-д олгогдсон газрын эзэмших эрхийг М.Тэмүүжинд шилжүүлэн өгөхөөр” 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болох нь Нийслэлийн газрын албаны‘...үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 1.176 м.кв газрын эрхийн 0231363 тоот гэрчилгээ нь манай мэдээллийн санд ямар нэгэн хуулийн этгээдийн барьцаанд бүртгэлгүй’ гэсэн албан бичгээр тогтоогодож байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй, “Барилга архитектур корпораци” ХХК-д холбогдох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Тэмүүжин 100.000.000 төгрөгийг хариуцагч “Барилга архитектур корпораци” ХХК-д шилжүүлэх, “Барилга архитектур корпораци” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр газар эзэмшүүлэхээр олгосон1.176 м.кв, нэгж талбарын 18640308586127, 8015/0162 дугаартай “Барилга архитектур корпораци” ХХК-д олгогдсон газрын эзэмших эрхийг М.Тэмүүжинд шилжүүлэн өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгч М.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Барилга архитектур корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Тэмүүжинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД