Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Ц.Хулан

Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Г.М /РД: /-д  холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 07-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Холбоочин мэргэжилтэй, Берланд ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18-150  тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овгийн Г.М /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-442 тоотод иргэн Д.С-д хутга тулган “чамайг ална, дуугараад үзээрэй” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж гэрт нь чирж оруулан түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 10 дугаар сарын дундуур хүүгээ явснаас хойш би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 7-н буудлын автобусны буудлын хажууд байдаг нэг караоке, пабад өөрийн танил нэг хүнтэй хамт ороод нэг шил Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байсан чинь миний хамт явж байсан хүн их согтуу байсан болохоор намайг орхиод яваад өгсөн юм. Тэгээд би караокед ганцаараа сууж байсан чинь миний хажуу талын ширээн дээр ганцаараа сууж байсан залуу над дээр ирээд яриа өдөөд бид хоёр хамт жоохон дуу дуулж байгаад нэгнийхээ утасны дугаарыг өгч авалцаад салсан юм. ...Тэгээд нэг өдөр Г.М хоёулаа уулзах уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид анх уулзаж байсан газраа уулзаад хамт жоохон юм ярьж сууж байгаад орой болсон болохоор нь манай гэрт хамт очиж хоносон юм. Тэгээд тэрнээс хойш хэд хэдэн удаа манай гэрт очиж хонодог байсан. Бид хоёр хамт хонох үедээ бэлгийн харьцаанд ордог байсан Тэгээд нэг өдөр би Г.М хоёулаа одоо энэ харилцаагаа дуусгаж цэглэе гэж хэлээд явуулсан байснаас хойш нэг өдөр үүрээр 6 цагийн үед Г.М халамцуу ирчихээд манай гэрийн хаалга цонхийг нүдээд намайг оруулахгүй гэхэд би заавал орно гэж хэлээд дайраад орж байсан юм. Тухайн үед би гэртээ өөрийн өмнө нь хэсэг хамт амьдарч байсан залуутай хамт хонож байсан юм. Тэгээд Г.М-г манай гэрт дайраад ороод ирэхэд надтай хамт хонож байсан залуу хувцасаа өмсөөд үг дуугаралгүй зөрөөд гараад явсан юм. Тэгээд тэр хүнийг явсан хойгуур Г.М нь надад агсан согтуу тавиад, намайг цохиж зодоод миний биед зөөлөн эдийн гэмтэл учруулж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг үг дуугарахгүй, хөдөлж чадахгүй байсан чинь Г.М нь өөрөө яваад өгсөн ...хэд хоногийн дараа Г.М дахиж ирээд би учраа олох гэж ирлээ.  Би чамаас салмааргүй байна гэх зэрэг хачин сонин юм яриад байхаар нь би үгүй ээ чи бид хоёрын харилцаа аль хэдийн дууссан одоо манай гэрээс яв гэсэн чинь гэрээс гарахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би гарч яваад байшингийн түрээслэгч эгчийн гэрт ороод Нараа эгчийг дуудаж гаргаж ирээд манайд нэг танихгүй залуу орж ирээд гарахгүй байна. Та ороод гаргаад өгөөч гэсэн чинь Нараа эгч зөвшөөрөөд надтай хамт манай гэрт ороод Г.М-д хандан чи яагаад манай энэ охиныг айлгаж ичээгээд байгаа юм бэ? Чи одоо гар гэсэн чинь Г.М үг дуугарахгүй гараад явсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш буюу 2018 оны 11 билүү 12 дугаар сарын үеэс хойш огт холбоогүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 04-ны орой 23-аас 24 цагийн үед огт танихгүй дугаар миний 96755657 гэсэн дугаар руу 3-4 удаа залгаж 2 удаа анх уулзсан газраа хүрээд ирээ гэж мессеж бичсэн байсан. Тэгээд би уг мессежээр нь Г.М байна гэж мэдээд утсаа унтраасан юм. Тэгээд би гэрлээ унтраагаад орондоо ороод унтаад өгсөн юм. Тэгээд удаагүй байсан чинь шөнө дунд 1-2 цагийн хооронд манай  гэрийн үүдний амбаар түжигнээд явсан тэгээд би юу болоод байна гэж бодоод хурдхан босоод халаад өмд хоёроо өмсөөд хүн ороод ирлээ гэж мэдээд гэрийн хаалгаа татсан чинь цанаас нь нэг хүн хүчтэй татаад ороод ирсэн юм. Тэгээд би хэн бэ гэж хэлсэн чинь өөдөөс Г.Мын дуу хоолой чи муу гичий минь гараад ирэхгүй яасан юм. Чамайг алах гэж ирлээ гэх зэргээр хараагаад намайг заамдаад авсан. Тэгээд би хүүшээ чи чинь юу болж байна аа намайг тавь гэж хэлсэн чинь гараа тавиад гал тогооны хэсгийн тавиур дээр халбага сэрээтэй хамт саванд байсан шар иштэй хутгыг шүүрч аваад миний хүзүүнд тулгаад чамайг алах гэж ирлээ чамайг алсан байхад намайг алсан гэж хэн ч мэдэхгүй гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн тэгээд намайг дуугараад үзээрэй утсандаа хүрч болохгүй гэсэн тэгээд би Г.Мыг аргадаж гуйж байж хүзүүнд тулгасан байсан хутгыг нь салгасан юм. Тэгээд би уг хутгыг нь аваад байсан газарт нь буцааж тавиад эргээд харсан чинь Г.М надад уурлаад намайг ална гэх зэрэг зүйл ярьж байснаа хэсэг дуугүй болоод тольны өмнө байсан сандал дээр суусан ... Г.М 00-д ороод бие засаж байсан тэр хооронд нь би угаадсаа асгачихаад хашаанаа хаалгаар гүйж гараад зам руу явж очоод гар өргөөд нэг машин зогсоогоод дотор нь ороод суугаад хөдлөх гэж байхад Г.М гарч ирээд уг автомашины урд гараа алдалж зогсоод машины хаалга нээж намайг угз татаад чирээд буулгасан чинь уг машин яваад өгсөн юм ... Г.М намайг чирээд миний өвдөг өмдийг ураад гэрт оруулах гээд байхаар нь би орохгүй гээд Г.М бид хоёр гадаа гудамжинд 30 мин зууралдаад чирч гулдчаад ноцолдоод, би зугтах гэж үзээд бараагүй аргагүй эрхэнд гэртээ орсон ...би 00 руу ороод бие засаад хогоо хаячихаад гараад ирсэн чинь намайг хүлээгээд гадаа зогсож байсан. Тэгээд би орохгүй гэсэн чинь гадаа бас баахан ноцолдож хэл ам хийж зогсож байгаад аргагүйн эрхэнд бас дахиж гэртээ орсон. Тэгээд гэрт ороод хэсэг намайг хэл амаар доромжлоод одоо жингэр минь унт гэх зэргээр хэлээд байхаар нь би үгүй гэсэн чинь намайг угз татаад газар зассан байсан гудсан дээр унагаагаад толгой тархи руу цохиод, алгадаж аваад байсан. Чи яасан их шазруун чадалтай юм бэ эмэгтэй хүн юм байж гээд чи ингээд унтахгүй байгаарай гээд миний хувцасыг тайлсан. Тэгээд өөрийнхөө бүх хувцасыг тайлаад дээшээ харж хэвтсэнээ миний үснээс зулгааж өөрийн бэлэг эрхтэн хэсэгтээ миний амыг аваачаад чи муу янхан авгай минь наадахаа хөхөөд боов босго гэх зэргээр хэлж эхэлсэн тэгээд би тэрийг нь хөхөж босгоод дараагаар нь намайг доороо оруулан миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдлөөд дур ханаад дуусгаж миний хажуугаар хэвтээд удаагүй унтаад өгсөн юм ... Г.М бэлгэвч хэрэглээгүй бөгөөд миний бэлэг эрхтэн дотор үрийн шингэнээ гоожуулан дур ханасан тэгээд намайг босоод 00-н цаас аваад арчих үед миний хөлийн гуя хэсгийг дагаад үрийн шингэн урсаж байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудас/

Гэрч В.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны хооронд Чингэлтэй дүүргийн 17, 18 дуагаар хороодын нутаг дэвсгэрт Согоот-114 чиглэлийн эргүүлийн машинд жолооч цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшингийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдөр ...04 цаг 29 минутын үед Согоот-10 буюу манай хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Элбэг гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тосоод зогсож байя хүн агсан тавиад байна гэсэн дуудлага ирсэн байсан ...04 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элбэг гэх хүнсний дэлгүүр дээр очих үед уг дэлгүүрийн замын эсрэг талд 40 гаран насны туранхайвтар, дунд зургийн нуруутай, хар өнгийн куртик өмссөн эмэгтэй хүн би дуудлага өгсөн юм аа гэсээр зогсож байсан ...уг хүний хэлснээр гэрт нь ороход гэр нь нэг өрөөний зохион байгуулалттай үүдний амбаартай өрөө байсан бөгөөд түүний үүдний амбаар хэсгийн хажуугийн 1х1 метр орчим хэмжээтэй цонхы баруун талын доод булан хэсгийн шил ташуу цуурч хагараад түүнийг нь аваад үүдний амбаарын хажууд гадна талд түшүүлж тавьсан байсан гэрт явж ороход гэрийн дотор талын хаалга онгорхой байсан. Уг өрөөний хаалгуур ороод зүүн хойд хэсэгт газраар өргөн гудас дэвссэн байсан хэсэг дээр цагаан ягаандуу өнгийн хөнжил нөмөрсөн байдалтай эрэгтэй хүн унтаж байсан. Тэгээд намайг уг хүний хөнжлийг нь татаж сэрээхэд 30 орчим насны бор царайтай туранхай 160-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн бага зэрэг согтууруулах ундааны зүйл амнаас нь үнэртсэн байдалтай нүцгэн хувцасгүй нам унтаж байсан юм ...дуудлага өгсөн эмэгтэй чи агсан тавьсан тэр ч бүү хэл намайг бас хүчиндсэн гэж хэлэхээр нь би за хувцасаа өмс хамт цагдаагийн хэлтэс дээр очиж байгаад асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 25-26-р хуудас/

Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..нэг удаа орой байсан юм аа яг хэдийд байсныг нь санахгүй байна. Д.С манай гэрт сандарсан байдалтай орж ирээд Нараа эгчээ манайд миний саяхан танилцсан нэг залуу ирчихээд айлгаад байна гэсээр орж ирсэн ...нэг залуу орж ирээд Д.Стай уулзах гэсэн юм наадах чинь гэртээ нэг залуу нуучихаад намайг гэртээ оруулахгүй байна гэсэн ...тэгэхээр нь би тэр залууд хандан за чи харсан уу гэрт нь хэн ч алга байна чи одоо яв гэсэн чинь уг залуу наадах чинь надаас нуусан байна гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-8-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн №3018 тоот шинжээчийн дүгнэлт: “1. Д.Сын биед хоёр бугалга, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3. Бэлгийн замын халдварт өвчингүй байна 4. Үтрээнээс авсан арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна 5. Цусанд спиртийн агууламж илрээгүй байна 6. Д.Сын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-н 31-р хуудас/

Шинжээч эмч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэсэг газар олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Нэдрэгдэх, шүргэлцэх, базах зэргээр үүсэх боломжтой бөгөөд шинэ гэмтэл байх тул тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...бэлгийн харьцаанд орж дур тавьсан тохиолдолд угааж цэвэрлэх эсвэл угааж цэвэрлэхгүй удаан хугацаагаар явсан тохиолдолд үтрээнээс эр бэлгийн эс илрэхгүй байх боломжтой бөгөөд харилцан адилгүй байдаг. Д.Сын хувьд ирсэн өдөр нь үтрээнээс наалдац аваад биологийн шинжээчид өгөхөд илрээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/

 

Хохирогч Д.Саас гаргаж өгсөн эмнэлэгт үзүүлсэн талаарх баримт болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 159-165-р хуудас/

Шүүгдэгч Г.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 59, 71-р хуудас/

Шүүгдэгч Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-442 тоотод иргэн Д.Сын бэлгийн эрх чөлөөнд халдаж, хохирогчийн хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж, хохирогч Д.Сын биед хоёр бугалга, өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан, хутга тулган  хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлэг эрхтнээ хохирогчийн ам руу оруулж хөхүүлэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.С, гэрч В.М, шинжээч эмч Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн №3018 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Г.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

Хохирогч Д.С нь сэтгэл санааны хохирол болон урсгал зардал зэрэгт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлүүдэд заасан хохирлыг хохирогч Д.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Мын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр Г.М нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч хүчиндэх гэмт хэрэг нь урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдэгддэг, бэлгийн дур хүсэлээ хангах гэсэн зорилготой гэмт хэрэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Мын үйлдлийн улмаас хохирогч Д.Сд учруулсан гэх хохирол буюу хохирогчийн нэхэмжилж буй хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй байх тул шүүхээс иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Иймд хохирогчийг өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М-н гэм буруутайд тооцогдсон эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг шүүгдэгч Г.М-н оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал өнгийн иштэй хутга, 1 ширхэг гудасны бүрээс даавууг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон