Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтийн прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Б, Б.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Б.Д нарт холбогдох 1916002240146 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь 2019 оны 05 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс улсын дугааргүй, Мустанг-150 маркийн мотоцикль ашиглан хохирогч Л.Б-ын Ж үсгэн тамгатай, шар хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг хулгайлан, хохирогч Л.Б-д 900.000 төгрөгийн хохирол  учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Гүеэ утсаар яриад хээр морь байгаа гэж сонсоод би Б.Батбаатарт хэлээд адууг Цахирын өврөөс тууж аваачаад өгсөн чинь биш байсан. Утсаар ярихад сүлжээ унаад Т үсгэн тамгатай адуу гэснийг нь Ж үсэгтэй гэж сонсоод Ж үсгэн тамгатай хээр морь байж байхаар нь тууж явсан. Адуу авч байсан хүний адуунд аваачаад хийсэн чинь П.Г уг морийг Д.Б-ын морь байна гэхээр нь андуурсан байна гэж хэлсэн. Бид морийг П.Г-д хүлээлгэж өгөөд явсан гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би гэртээ байж байхад Б.Д надруу утсаар яриад С.Г намайг морь аваад ир гэж байна. Хоёулаа яваад ирье гэж хэлсэн.  Тэгээд хамт явсан Цахирын өвөр гэдэг газраас олоод мал авч байсан газар аваад очсон. Гэтэл Ган-Эрдэнэ гэдэг хүн уг морийг Л.Б-ын морь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Г-д үлдээгээд явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Шар хээр зүсмийн Ж үсгэн тамгатай адуу манай унаган адуу байгаа юм. Ж үсгэн тамга зүүн талын гуяны төв хэсэгт дааган насанд нь дарсан, өөр им тамга-байхгүй. 2019:оны 05 дугаар сарын 10-ны үеэр "Нуур могой" гэх газрын урд дэн дээр байсан. 2019 оны 05 дугаар сарын 20-нд тухайн газар орчмоор хайгаад олдоогүй тухайн үед дэлийг нь авах гэж хайсан. Ловонгийн хоолойд П.Г-д адуугаа захьсан тэгээд 2019 оны 06 дугаар сарын 01 нд П.Г над руу яриад "чиний хайж байсан Ж үсгэн тамгатай хээр морийг ченж Ц.Г-д авчирч өгсөн байна шүү" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "та буулгаад авчих" гэж хэлсэн. Тэгээд би өөрөө очсон. П.Г бариад авчихсан айлын гадаа чөдөрлөчихсөн байсан. Тэгээд би морио аваад гэр рүүгээ унаад явсан. Дараа нь ченж Ц.Г-тэй уулзахад "Д, Б нар тууж авчирч өгсөн" талаар хэлсэн. Ж үсгэн тамгатай, шар хээр морь бэлчээр дээрээ хоёр морины хамт гурвуулаа байсан. Одоо миний шар хээр морь надад байгаа. Баян-Уул сумын ойролцоох суманд Ж үсгэн тамгатай адуу байдаг талаар сонсож байгаагүй, Б бол манай саахалт айл 2 километр орчим зайтай байдаг, манай үсгэн тамгатай адуу гэдгийг Б сайн мэдэх ёстой..." гэх мэдүүлэг /хх-ийн 33, 36-37-рт/,

Гэрч    П.Г-ний   мөрдөн байцаалтад өгсөн   "...Говь-Алтай   аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт хаваржиж байхад Ц.Г гэдэг ченж Ловонгийн хоолой гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 01-ний үед ирж малчдаас адуу худалдан авсан. Тухайн адуун дотор Л.Б-ын Ж үсгэн тамгатай шар хээр морь байсан. Тухайн адууг Б.Д, Б.Б нар тууж ирсэн байсан. Б.Д, Б.Б нар мотоциклиор тууж ирээд ачих морьд дотор оруулаад ачих гэж байхад нь би таниад "Л.Б-ын морь байна" гэж хэлсэн. Тэгээд ачихаа больсож хэрэв би тухайн адууг таниагүй бол тэр адуу ачигдаад явах байсан.   Адууны дэлийг нь авчихсан байсан. Б.Д, Б.Б нар Үүеэ буюу Г гэгч адууг ачуулах гэж ярьсан талаар тухайн үед яриагүй мөн Т үсгэн тамгатай адуу ачуулах гэж байгаад андуурсан талаар яриагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 60-рт/,

  Гэрч Ц.Г-ын өгсөн "...Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ловонгийн
хоолой гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед адуу авахаар зар тараасан.
Д, Б нар Ж үсгэн тамгатай шар хээр бүдүүн морь тууж ирээд
худалдах гэсэн Улаан Г буюу Г тэр Ж үсгэн тамгатай шар хээр морийг
хараад "наад морь чинь Л.Б-ын морь байна" гэж хэлсэн. Тэгээд тэр
морийг Г-д хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-рт/,

 Гэрч С.Г-ын өгсөн "...Манайх дээр үеэсээ л Т үсгэн тамга зөв гуян
дээр нь дардаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим Д.Д-тай
утсаар холбогдоод "дөрвөн хөл цагаан, Т үсгэн тамгатай, нас гүйцсэн бүдүүн, хээр
морь танай нутагт сураг гарсан чи зараад мөнгийг нь надад өгөөдөх, аавын
бие өвдөөд би Говь-Алтай аймгийн төвд аавыгаа хараад мөнгөнйй хэрэг гараад
байна" гэж хэлсэн. Би дөрвөн хөл цагаан, Т үсгэн тамгатай нас гүйцсэн бүдүүн хээр
морио 2019 оны хавар мал төллөх үеэр алга болгосон юм. Б.Д-д Ж үсгэн
тамгатай,  шар хээр морь захиагүй.  Би  Б.Д-тай  утсаар аймгийн төвөөс
ярьсан. Ямар нэгэн байдлаар утсаар буруу сонсох, утас ярих үед яриа тасалдах зэрэг
зүйл болоогүй. Миний хэлсэнг ойлгосон надад "за" гэж хэлсэн. Дараа нь би Баян-Уул
сумын Алтангадас баг "Нуур могой" гэх газраас адуугаа усанд ороод гарч байх үед нь
олж авсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 49, 52-рт/,

Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 945/946 дугаартай “...Говь-
Алтай аймгийн малын үнийн судалгаа, 109 Малчин лавлах мэдээллийн төвийн үнийн
судалгаанд үндэслэн 1 тооны их насны морь өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг
900.000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 89-рт/,

Хохирогч Л.Б-ын Ж үсгэн тамгатай шар хээр зүсмийн адуу, гэрч
С.Г-ын Т үсгэн тамгатай, дөрвөн хөл нь шийр цагаан, хээр зүсмийн адуунд
үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-рт/,

Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “...Г-ын адуу нь Т үсгэн тамгатай адуу байсан. Б-ыг танина, нэг нутгийнх болохоор эртнээс таних болсон. Б-ын адуунууд зөв талын гуян дээрээ Ж үсгэй тамгатай /хх-ийн 117-рт/,

 Б.Б-ын яллагдагчаар өгсөн "...Д-тай аваачиж  өгсөн адуу зөв талын гуян дээрээ Ж үсгэн тамгатай, хээр зүсмийн морь байсан. Би Б-ыг танина, бид хоёр ойролцоо нутагладаг болохоор мэднэ. Б-ынх адуундаа зүүн гуян дээр нь Ж үсгэн тамга дардаг байсан. Ганзулд 1 адуу худалдахаар очсон, гэтэл Ган-Эрдэнэ тухайн адууг хараад Б-ын адуу байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-118-119-рт/, Б.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-55, 65/, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар байгийн засаг даргын тодорхойлолт /хх-153-154-рт/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг ял шалгах хуудас /хх-158-159-рт/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-165-166-рт/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Б.Д, Б.Б нарын өмгөөлөгчөөр оролцон дараах саналыг гаргаж байна. Прокурор Б.Д, Б.Б-ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор санал оруулж байна. Б.Д-ын хувьд өөрийн гэм буруугийн сэдэлт, санаа, зорилго, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Б.Б-ын хувьд мөн адил хүн дагаж яваад андуурагдсан мал тууж явсан нь хулгайн гэмт хэрэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр хүмүүс бичиг үсэг мэдэхгүй, хоёулаа боловсролгүй. Хуульчийн нүдээр харах юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг санаатайгаар нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б-ын тухайд хулгай хийх, бусдын эд зүйлд хууль бусаар халдах гэсэн субъектив санаа, зорилго байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг 1.3 дахь хэсэгт заасан гэм буруугийн хэлбэр Б-ын хувьд эргэлзээтэй, нотлогдохгүй байгаа. Энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь байсан эсэхэд эргэлзээтэй байна. Б.Б-ын хувьд гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлогдохгүй байгаа тул Б.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс улсын дугааргүй, Мустанг-150 маркийн мотоцикль ашиглан хохирогч Л.Б-ын Ж үсгэн тамгатай, шар хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг хулгайлан, хохирогч Л.Б-т 900.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч П.Г-ий мэдүүлэг /хх-57-57, 60-рт/, гэрч Ц.Г-ын мэдүүлэг /хх-39, 41-рт/, гэрч С.Г-ын мэдүүлэг /хх-49, 52-рт/, хохирогч Л.Б мэдүүлэг /хх-33, 36-37-рт/, шүүгдэгч Б.Д-ын Б.Б нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б-ын Ж үсгэн тамгатай шар хээр зүсмийн адуу, гэрч С.Г-ын Т үсгэн тамгатай, дөрвөн хөл нь шийр цагаан, хээр зүсмийн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11-рт/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ “...гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлогдохгүй байгаа тул Б.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал нь шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн                            "...Д-тай аваачиж  өгсөн адуу зөв талын гуян дээрээ Ж үсгэн тамгатай, хээр зүсмийн морь байсан. Би Б-ыг танина, бид хоёр ойролцоо нутагладаг болохоор мэднэ. Б-ынх адуундаа зүүн гуян дээр нь Ж үсгэн тамга дардаг байсан...” гэсэн мэдүүлэгээр нэг нутагт ойр нутагладаг айлынхаа малын тамгыг мэддэг, тамгаа хаана дардагийг мэддэг, тухайн авч явсан адууны тамгыг харсан гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

  

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “...Утсаар ярихад сүлжээ унаад Т үсгэн тамгатай адуу гэснийг нь Ж үсэгтэй гэж сонсоод Ж үсгэн тамгатай хээр морь байж байхаар нь тууж явсан...” гэж мэдүүлж байгаа боловч, гэрч С.Г-ын мөдрдөн байцаалтад мэдүүлсэн "...Манайх дээр үеэсээ л Т үсгэн тамга зөв гуян
дээр нь дардаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим Д.Д-тай
утсаар холбогдоод "дөрвөн хөл цагаан, Т үсгэн тамгатай, нас гүйцсэн бүдүүн, хээр
морь танай нутагт сураг гарсан чи зараад мөнгийг нь надад өгөөдөх...Би  Б.Д-тай  утсаар аймгийн төвөөс ярьсан. Ямар нэгэн байдлаар утсаар буруу сонсох, утас ярих үед яриа тасалдах зэрэг зүйл болоогүй. Миний хэлсэнг ойлгосон надад "за" гэж хэлсэн...." гэх мэдүүлэгээр няцаагдаж байна.  

 

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн байна.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Д, Б.Б нар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч нар нь хохирогч Л.Б-ын 1 тооны адууг хулгайлж түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь адуугаа буцаан авсан тул шүүгдэгч Б.Д, Б.Б нар бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Д, Б.Б нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Л.Б-т 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д, Б.Б нар холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2  дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч нарын үйлдэлд тогтоогдохгүй байна.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Д-ын эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7,  36.8,  36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Д-ыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан Б.Д, Б.Б нарт сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол ялтан Б.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА