| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0259/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 640
Ж.Амартүвшинд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
ялтан Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд болон хохирогч “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудын төлөөлөгч Т.Батцэнгэлийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201626020032 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сонгоол овогт Жанчивдоржийн Амартүвшин, 1970 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Голден Вилл” хотхоны 202 дугаар байрны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ХГ70092176/,
Ж.Амартүвшин нь “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудаас өөрийгөө “Швейцарь улсын “UBS” банкны Бүгд Найрамдах Хятад Ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг 9.500.000 ам.долларын төслийн зээл авахад зуучилж хамтарч ажиллана” гэж хуурч мэхлэх аргаар 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 30.000 ам.доллар буюу 54.375.300 төгрөгийг “Дархан Говь Феоре” ХХК-ийн Голомт банкны 2010006608 тоот төгрөгийн данснаас өөрийн 3000001641 тоот ам.долларын дансанд шилжүүлж авсан,
2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр давтан үйлдлээр “Дархан Говь Феоре” ХХК-ийн данснаас өөрийн 3000001641 тоот дансанд 29.794,15 ам.доллар буюу 54.602.248 төгрөгийг шилжүүлж авсан,
2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам.долларын дансанд 17.000 ам.доллар буюу 31.358.030 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний төлбөр гэсэн утгаар шилжүүлж авсан,
2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 3009352315 тоот Голомт банкны ам.долларын дансанд 53.000 ам.доллар буюу 97.743.660 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний урьдчилгаа гэсэн утгаар нийт 4 удаагийн үйлдлээр 129.794,15 ам.доллар буюу 238.079.238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Амартүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Амартүвшинг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ногоон дарь эх бурханы лагшинг дүрсэлсэн алт шармал зэс хөөмөл бүтээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Амартүвшин болон түүний ар гэрийнхэнд олгож, Ж.Амартүвшингийн цагдан хоригдсон 136 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Амартүвшингээс нийт 238.079.238 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Батцэнгэл болон “Бласт Фурнас Плант” ХХК-д 129.101.690 төгрөгийг олгож, хохирогч Т.Батцэнгэл болон “Дархан Говь Феоре” ХХК-д 108.977.548 төгрөгийг тус тус олгож, Ж.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Ж.Амартүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” зэрэг компаниудыг залилан мэхэлсэн явдал байхгүй бөгөөд үүнийг хохирогч талаас хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бичсэн давж заалдах гомдол нотолно. Би Хонг Конг дахь Швейцарь улсын “UBS” банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирлаар 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр томилогдож Монгол Улсад “Банк оф Америка Мерилл Линч” банкны гүйцэтгэх захирал байхдаа Монгол Улсын томоохон компаниуд, Засгийн газар түүний бүтцийн байгууллагуудын шугамаар хэрэгжүүлж ирсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-ийн захирлуудтай хамтарч 2 төсөл хэрэгжүүлэх талаар тохирсон бөгөөд харамсалтай нь уул уурхайн үнийн уналт төсөл хэрэгжүүлэхэд саад болж зогссон юм. Үүнээс гадна дараах 3 шалтгаан байсан нь:
1. Зээл хүсэгч нь Монгол Улсын Хаан банкинд 2,0 сая ам.долларын хугацаа хэтэрсэн зээлийн өртэй.
2. Зээл хүсэгч нь Олон Улсын хүлээн зөвшөөрөгдсөн Олон Улсын аудитын байгууллагаар блансаа шалгуулж дүгнэлт гаргуулсан байх ёстой. Тийм юм алга.
3. Олон улсын зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаж хямрал үүсч байна гэх 3 шалтгаанаар төслийг санхүүжүүлэх боломжгүй болсон юм. “UBS” банк урьд төлсөн мөнгөө буцааж авах талаар цахимаар харилцаж эрүүгийн хэрэг үүссэн талаар мэдэгдэхэд цагдаад шалгагдаж байгаа асуудлаа шийдээд мөнгөө ав, мөн баримтуудаа нотариатаар батлуулах хэрэгтэй гэхэд өөрийн биеэр ирж харилцагчийн баримт гаргаж өгнө гэсэн.
“UBS” банкны төлөөлөгч нар ирж судалгаа хийж зээл хүсэгч компанийн захирал Зэсэнбаатар бусад захиралтай уулзаж байсан. Эдгээр баримт нотолгоогоор би бусдыг залилж хохироогоогүй байхад шүүх 130.000 ам.доллар завшиж залилсан гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой байна.
Иймд энэ хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Ж.Амартүвшингийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай байна. Эрүүгийн хуульд заасны дагуу залилах гэмт хэргийн объектив тал нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдэгддэг шинжтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх асуудалд дараах хэд хэдэн үндэслэлүүдээр өнөөдрийн шүүх хуралдаанд мэтгэлцэе.
Ж.Амартүвшин нь “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-тай зээлийн зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ дагуу 9,5 сая ам.долларын зээлийг Хонг Конг дахь “UBS” банкнаас гаргасан. Энэ хоёр компанийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт 24 хувийг эзэмшин, хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцсон. Зээлийн зуучлалын гэрээний хөлс нь зээлийн төслийн материалыг боловсруулах, аудитын зардал нь 260.000 ам.доллар болсон байдаг бөгөөд үүнийг 130.000 ам.доллараар нь тус тусдаа гаргахаар харилцан тохиролцсон. Үүнийхээ дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Амартүвшин Хонг Конг дахь Сити банкны данснаасаа UBS банк руу 260.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Энэ нь интерполийн шугамаар авагдсан албан бичгийн хариугаар “Сити банкинд данс байхгүй” гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Би өнөөдөр Ж.Амартүвшингийн Сити банкны картыг авчирсан. Энэ картыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө өгөх байсныг өөрөө мэдээгүй явсаар ийм байдалд хүрсэн байна. Мөн гэрээ байгуулсны дагуу Канад улсын иргэн Тим Онил Монгол Улсад ирж хохирогч талын 2 компанийн удирдлагуудтай санхүүгийн баримтанд дүн шинжилгээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу ажиллагаа хийгдсэн байдаг. Хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд UBS банкны холбогдох салбарын захирал Шау Син Ен гэх хүний албан бичиг е-мэйлээр ирсэн байдаг. Үүнд 2013 оны 9 дүгээр сараас 260.000 ам.долларыг хүлээн авсан гэсэн мэдэгдлүүд байдаг. Иймд залилах гэмт хэрэг биш, гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа байсан гэж үзэж байна. Иймд арбитраар маргааныг шийдвэрлэх боломжтой...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Энэ хэрэгт хохирогчоор татагдсан “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” компаниуд нь Ж.Амартүвшингээс 129.794,15 ам.долларыг гаргуулан авах асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх, түүнд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлэх, цаашид хөрөнгө санхүүжилт босгох ажил дээр түүнтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллах нь эрх ашигт нийцнэ гэсэн хүсэл зориг илэрхийлж, энэ чиглэлээр өмгөөллийн туслалцаа хүссэн учраас өмгөөлөгч миний бие энэ хэрэгт хохирогч талыг өмгөөлөхдөө дээрх чиглэл байр сууриар өмгөөлж оролцсон ба одоо ч энэ байр сууриар давж заалдах гомдол гаргаж байна.
Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед:
1. Хохирогч компаниудаас хэрэгжүүлэх Нойтон баяжуулах болон Магнетийн үйлдвэрийн 2 ширхэг төслийг санхүүжүүлэх 9,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь “UBS” банкнаас авахад зуучилж, хамтран ажиллахаар тохирч энэ үндсэн дээр Ж.Амартүвшингийн дансруу 129.794,15 ам.доллар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй.
Дээрх мөнгийг Ж.Амартүвшингийн ажлын хөлсөнд биш харин “UBS” банкны дотоод журмын /төслийн зээл олгох эсэх асуудлыг урьдчилан судлах судалгааны ажлын зардлыг зээл хүсэгч тал урьдчилан гаргах/ дагуу тухайн банкинд 260.000 ам.доллар урьдчилан төлөх шаардлага үүссэн. Зээл хүсэгч компаниуд энэ хэмжээний мөнгийг дангаараа урьдчилан гаргаж чадахгүй тул 50 хувь буюу 130.000 ам.долларыг Ж.Амартүвшинг хариуцан гаргаж өгөхийг, оронд нь “Дархан Говь Феоре” ХХК-ийн 24 хувийг эзэмшихийг хүссэн энэ саналыг Ж.Амартүвшин зөвшөөрсөн зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын талаар талууд маргахгүй.
Талууд эхлээд зуучлуулахаар, дараа нь хамтран ажиллахаар тохирч энэ талаар бичгийн гэрээ байгуулсан. Мөнгийг банкны харилцах дансанд шилжүүлсэн эдгээр гэрээ баримт хэрэгт авагдсан тал дээр маргахгүй.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410, 476 дугаар зүйлд заасан зуучлалын болон хамтран ажиллах иргэний эрх зүйн харилцаа үүссэн хэмээн үзэх үндэслэлтэй харагддаг.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Иргэний эрх зүйн харилцаа нь хуульд заасан ба заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүснэ” гэж, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх ба түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хуульд зааснаар буюу гэрээнд зааснаар ноогдуулна” гэж тус тус зааснаас энэхүү гэрээгээр зохицуулагдсан харилцаанаас үүссэн маргааныг иргэний журмаар иргэний нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шийдвэрлэх илүү үндэслэл бүхий байдал харагддаг.
Гэтэл ийм хэрэг маргаан дээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж Ж.Амартүвшинг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн нь төдийлөн оновчтой бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй харагддаг.
2. Шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан хэргийн нотлох баримтаар:
Шүүгдэгч Ж.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, залилан мэхлэж, онц их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан объектив үйлдэл тогтоогдоогүй. Ж.Амартүвшин нь “UBS” банкны Монгол дахь төлөөлөгч байсан тухайгаа, хохирогч компанийг залилаагүй, гэрээний дагуу өөрийн Хонг Конг дахь “Сити” банкны харилцах данснаас “UBS” банк руу 260.000 долларыг шилжүүлсэн тухай, Олон Улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан шалтгаанаар уг банк зээлийг олгоогүй байгаа тухай, уг төслийг судалж банкны ажилтан Тим Онил, Шау Син Ен гэх хүмүүс Монголд ирж Улаанбаатар хотод байршин ажиллаж, төсөл хэрэгжүүлэх компанийн хүмүүстэй уулзаж байсан тухай, одоо энэ асуудлыг Энэтхэг улсын иргэн Кабер хариуцаж харилцаа холбоотой байдаг тухай, зээл гаргахгүй нөхцөлд тухайн банк урьдчилан авсан 260.000 ам.доллараа буцаан төлөхөө илэрхийлсэн тухай, Эрүүгийн хэргээ шийдвэрлүүлсэн нөхцөлд мөнгийг буцаан олгоно гэсэн хариу ирүүлсэн тухай, мөнгө шилжүүлсэн баримтаа авах гэхэд биечлэн ирсэн нөхцөлд өгнө гэж байгаа тухай тус тус шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт мэдүүлсэн байдаг.
Хохирогчийн төлөөлөгч Т.Батцэнгэл шүүх хуралдаан дээр Ж.Амартүвшинд 130.000 ам.долларыг хамтран ажиллахаар тохирч шилжүүлэн өгснөө, үр дагавар хариуцлагыг хамтран хариуцах ёстойгоо ойлгож байгаагаа “Сэчмен” ХХК-ийн төслийг шилжүүлэн өгсөн нөхцөлд 130.000 ам.доллараа төлөгдсөнд тооцохоо, Ж.Амартүвшингийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж байгаад мөнгөө гаргуулж авах хүсэлтэй тухайгаа тус тус мэдүүлсэн.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад “Бласт Фурнас Плант” , “Дархан Говь Феоре” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр 129.794,15 ам.долларыг Ж.Амартүвшингийн Голомт банк дахь дансруу гэрээний урьдчилгаа гэсэн агуулгаар шилжүүлсэн шилжүүлэг, гэрээний хуулга авагдсанаас гадна “UBS” банкны захирал Шау Син Ен гэх хүний гарын үсэг тэмдэг бүхий 260.000 ам.доллар хүлээн авсан тухай, “UBS” банкны мэдээлэл дамжуулах тухай бичгүүд хэрэгт авагдсан байдаг. “UBS” банкны эдгээр бичигт хийгдсэн 4922 тоот шинжээчийн дүгнэлтээр уг баримт бичиг ердийн принтерээр хийгдсэн болохыг тогтоосон ба Ж.Амартүвшин нь энэ бичиг хуулбараар ирсэн түүнд өөрөө гарын үсэг зурж, мөрдөн байцаагчид өгснөө, эх хувь нь “UBS” банкинд байгаа тухай мэдүүлдэг.
Дээрхээс үзэхэд Ж.Амартүвшин нь хохирогчийг хуурч мэхлэж, хувьдаа онц их хэмжээний хөрөнгө завшаагүй байна гэж дүгнэх, Ж.Амартүвшин гэрээний дагуу 260.000 ам.долларыг “Сити” банкны харилцах данснаас “UBS” банк руу шилжүүлсэн байна гэж дүгнэх, “UBS” банкны дээрх бичгүүд нь шинжээчийн дүгнэлт бусад шалгасан материалын хүрээнд хуурамч гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй. Шүүгдэгч Ж.Амартүвшин нь 2015 оноос хойш энэ хэрэгт Эрүүгийн журмаар шалгагдсанаас “UBS” банкинд өөрийн биеэр хүрэлцэн очиж холбогдох баримт материалыг эх хувиар нь гаргуулан авч хэрэгт гарган өгч чадахгүй байна гэж дүгнэх, манай улсын мөрдөн шалгах байгууллага энэ талын баримтыг тухайн улсаас гаргуулан авах, тухайн улсад биечлэн очиж мөрдөн байцаалт явуүлах эрх зүйн орчин байхгүй, Цагдаагийн Ерөнхий газрын Гадаад харилцааны албаар дамжуулан интерполд хандсан гэх боловч тэндээс шалгаж тогтоосон тодорхой зүйлгүй байна гэж дүгнэх, талуудын хооронд үүссэн энэ харилцаа нь иргэний хэргийн шинжтэй гэж дүгнэх бодит үндэслэл үүссэн. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан гэмт хэргийг үгүйсгэсэн хэргийн нөхцөл байдал, энэ чиглэл байр сууриар гаргасан өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэрэгт үндэслэл бүхий үгүйсгэсэн няцаалт хийлгүй Ж.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоол нь бодит, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэсэн байх, хэргийн бодит байдлыг хуульд заасан бүх арга хэрэгслээр эргэлзээгүй нотлох, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хуулийн үндсэн зарчим шаардлагуудыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр боллоо гэж үзэж байна. Миний энэ талаарх хүсэлт шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгагдсан байгааг мөн дурдаж байна.
3. Шүүх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны үед өмгөөлөгч миний зүгээс гаргасан “UBS” банкны 260.000 ам.доллар хүлээн авсан гэх баримтыг, түүнчлэн интерполоос ирүүлсэн гэх материалыг Хууль Зүйн Яамны 2 орчуулагч орчуулж ирүүлсэн гэх бичиг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу дахин шалгуулж хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэлгүй орхисон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан “Хүсэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход чиглэгдсэн оролцогчийн эрх ашгийг хангахад чиглэсэн бол хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн. Эдгээрийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчил, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.
4. Шүүхийн шийтгэх тогтоолд авагдсан гэрч Д.Түвшинжаргал, М.Нинжбадгар, М.Мөнхбаатар нарын мэдүүлэг зэрэг баримт нь хэргийн гол нөхцөл байдал болох залилсан эсэхэд нотолгооны ач холбогдолгүй байгааг дурдаж байна.
Иймд хэргийг шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох эсвэл хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.
Ялтан Ж.Амартүвшингийн өмгөөлөгч Э.Хашчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрээ байгуулах саналыг Чингистөр анх гаргасан нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хавтаст хэргийн 95, 96 дугаар хуудас болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Чингистөрийн мэдүүлгийг иш татсан байдлаас харагдана. Иймд анхнаасаа эдгээр хүмүүсийг залилах буюу гэрээ байгуулах саналыг Амартүвшин илэрхийлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан “Дархан Говь Феоре” ХХК-тай байгуулсан гэрээний 3.11 дүгээр зүйлд “260.000 ам.долларыг үйлчилгээний төлбөрт урьдчилж төлөх” тухай заасан. Энэ ажил үүргийг гэрээний 1, 2 дугаар зүйлд заасан бөгөөд энэ ажил үүргүүд хийгдсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Жишээ нь Тим Онил Монгол Улсад ирж ажиллахдаа ямар нэгэн Амартүвшингийн эсрэг мэдүүлэг, тайлбар гаргаж байгаагүй. “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иуд өөрсдөө гэрээний саналыг тавихдаа анхнаасаа гэрээнд заасан үүргээ зөрчсөн байдаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гэрээнд зааснаар “гэрээтэй холбоотой маргааныг талууд өөрсдөө урьдчилан шийдвэрлэх замаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүхэд шилжүүлсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хуучин хуульд гэмт хэрэг үйлдсэн аргыг гэмт хэргийн бүрэлдэхүүнд авч үзэж байсан. Өөрөөр хэлбэл “итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар” гэж заасан байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт аргыг нь хуурч буй үйлдлийг нь гэмт хэрэг болгосон. Анхан шатны шүүх шийдвэрээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлж гаргаагүй. Учир нь Амартүвшинд анхнаасаа хуурах санаа сэдэлт, зорилго байгаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцлийг анхан шатны шүүх харж үзэн алиных нь дагуу залилсан бэ гэдгийг тодорхой дүгнэлтдээ оруулан тайлбарлаж бичээгүй. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншаад анхан шатны шүүх “хуурсан” гэдэг нөхцөл байдлыг илүү дүгнэж байгаа юм байна гэж ойлгож байна. Учир нь Амартүвшин 130.000 ам.долларыг дансандаа авчихаад үүнийгаа зарлагадаж, зарцуулсан баримт харагддаг. Иймд шүүх мөнгийг авчихаад зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг байдлаар “хуурсан” гэж ойлгож байна. Гэтэл мөнгө төрлийн шинжээр тодорхойлогддог. Америкийн Нэгдсэн улсын Сити банкны Хонг Конг дахь банкны дансанд 260.000 ам.доллар байгаа бол, тэр мөнгөө гэрээний дагуу шилжүүлсэн тохиолдолд банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, Мөнгөн хадгаламжийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу Амартүвшин өөрийн Голомт банкны дансаар 130.000 ам.долларыг аваад, өөрөө захиран зарцуулах эрхтэй. Голомт банкны дансаар авсан мөнгөө заавал Хонг Конг дахь банкны дансанд шилжүүлнэ гэсэн ойлголт биш юм. Хохирогч өөрөө гэмт хэрэг биш гэж тайлбарлаж байгаатай санал нэг байна. Хохирогчийн өмгөөлөгч үүнтэй холбоотой гэм хор, хохирол байвал тогтоогдсон тохиолдолд төлөхөд бэлэн гэж тайлбарлалаа. Гэрээтэй холбоотой, гэрээний төлбөр тооцоотой холбоотой маргаанаас нэг этгээд нь хохирлоо барагдуулах боломжгүй болж, гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн этгээд өнөөдрийн байдлаар 190 хоног цагдан хоригдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үр дагаварыг харж үзнэ үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэргийг бүхэлд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж судлахад:
Ж.Амартүвшин нь “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудаас өөрийгөө “Швейцарь улсын “UBS” банкны Бүгд Найрамдах Хятад Ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг 9,5 сая ам.долларын төслийн зээл авахад зуучилж хамтарч ажиллана” гэж хуурч мэхлэх аргаар 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 30.000 ам.доллар буюу 54.375.300 төгрөгийг “Дархан Говь Феоре” ХХК-ийн Голомт банкны 2010006608 тоот төгрөгийн данснаас өөрийн 3000001641 тоот ам.долларын дансанд шилжүүлж авсан,
2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Дархан Говь Феоре” ХХК-ийн данснаас өөрийн 3000001641 тоот дансанд 29.794,15 ам.доллар буюу 54.602.248 төгрөгийг шилжүүлж авсан,
2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам.долларын дансанд 17.000 ам.доллар буюу 31.358.030 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний төлбөр гэсэн утгаар шилжүүлж авсан,
2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 3009352315 тоот Голомт банкны ам.долларын дансанд 53.000 ам.доллар буюу 97.743.660 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний урьдчилгаа гэсэн утгаар нийт 4 удаагийн үйлдлээр нийт 129.794,15 ам.доллар буюу 238.079.238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
- хохирогч “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудын төлөөлөгч Т.Батцэнгэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-д хувьцаа эзэмшдэг, мөн эдгээр ХХК-иудыг төлөөлж энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон... анх Амартүвшинтэй 2014 онд Чингистөрийн хүү Энх-Амгалангийн найзынх нь хойд эцэг гэж танилцаад гэрт нь очиход “Вилла Веста” хотхонд “UBS” банкны байранд амьдардаг, “UBS” банкны Монгол дахь талын захирал гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд олон төсөл, санхүүжилтийг хийдэг гээд гэрээр нь дүүрэн төслүүд байсан. Мөн е-мэйл хаягаар “UBS” банкны захирлаас ирсэн бичгүүд үзүүлээд “Урьдчилгаа төлбөрөө төл, зээлийг чинь хурдан шийдмээр байна” гэсэн. Тэгэхээр нь 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Голомт банкны дансаар 55,0 сая төгрөг буюу 30.000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банкны дансаар 17.000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкны дансаар 53.000 ам.долларыг Амартүвшингийн хувийн данс руу тус тус шилжүүлсэн. 2015 оны 8 дугаар сард “Би та нартай хийсэн зуучлалын гэрээг зогсоолоо, мөнгийг чинь эргүүлж өгнө” гэсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй, нэхэхээр “Сар болгоны сүүлээр мөнгө орж ирэхээр өгнө” гээд өгдөггүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Монголд “UBS” банкны салбар байгуулагдаагүй байхад өөрийгөө Монгол дахь захирал нь гэдэг байсан юм... Учирсан хохирол маш их болсон. Энэ 130.000 ам.долларыг шилжүүлэхдээ Банк бус санхүүгийн байгууллагаас болон өөрийнхөө байрыг барьцаалж 5 хувийн зээл авсан, одоо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас байрыг маань хураан авсан. Зээлсэн мөнгөнийхөө хүүг одоо хүртэл төлөөд явж байна. Энэ ажлыг хүлээгээд их зүйлсээ алдсан юм... Амартүвшин мөнгөө өгнө л гэдэг юм... Хохирлоо яаралтай барагдуулж авахыг хүсэж байна... “Сэчмен” компанийн төслийг Амартүвшин олж өгч чадах юм бол тэр төслийг авах хүмүүс байгаа юм. Тэр ажлаар би саяхан Хятад улсад хүмүүстэй уулзалт хийж яваад ирлээ. Энэ ажил бүтчих юм бол Амартүвшингээс бид хохирол төлбөрөө авсанд тооцоод явна...” /1хх-ийн 74-75, 242/ гэсэн мэдүүлэг,
Дээрх мэдүүлгийг үндэслэлтэй болохыг нотолсон гэрч Д.Түвшинжаргалын “...би Амартүвшинтэй 2-3 удаа уулзаж байсан. Манай нөхөр Батцэнгэлтэй хамтарч ажиллаж байгаа хүн гэж ойлгож байсан. Манай нөхөр Батцэнгэл “Дархан Говь феоре” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Зэсэнбаатартай хамт “Орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, ондоо багтаагаад мөнгийг нь гаргаад өгнө” гэсэн учраас өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Авзагын 17 дугаар байрны 9 тоот орон сууцаа “Ними ББСБ”-д барьцаалж 100,0 сая төгрөгийн зээл аваад уг мөнгөө Зэсэнбаатар билүү, өөр нэгнийх нь данс руу шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл аваад, зээлийн хүүг компаниас төлөөд явж байсан. Сүүлдээ мөнгө, түүний хүүг нэхэмжилсэн. Тэгээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Компани нь зээлийн хүүг төлөөд явж байсан учраас хүү төлсөн болон шүүхийн шийдвэр зэрэг бичиг баримтууд компанид байгаа. Хамгийн сүүлийн байдлаар “Ними ББСБ”-д 124,0 сая төгрөг төлөх төлбөртэй байгаа. Амартүвшин өөрөө бол намайг байраа барьцаалж зээл авч өг гэх асуудлаар уулзаж байгаагүй учраас би цаашид компаниас төлбөрөө нэхэмжилнэ...” /2хх-183/,
- гэрч Ж.Чингистөрийн “...анх Амартүвшинтэй 2014 онд манай хүү Энх-Амгалангийн найз Анхбаярын хойд эцэг гэж танилцаад гэрт нь очиход гэрээр нь дүүрэн Монгол улсад хэрэгжүүлж буй том том төслүүд ширээн дээр нь байсан. Өөрийгөө “Би ийм төслүүдийг хийдэг” гэж танилцуулж байсан юм. Тухайн үед Амартүвшин нь Австралийн “Сэчмен” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар нь ажиллаж байсан юм. Тэгээд өөрөө “Эм Си Эс” ХХК-ийн 600,0 сая долларыг босголцож байсан, мөн гадны олон пүүс компаниудыг холбож өгдөг” гэж ярьж байсан... тэгээд манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн ярилцаад энэ хүнээр мөнгө босгуулах 9,5 сая долларын төслийн зээл авахад зуучилж яриад хийлгэхээр болоод 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Сэчмен” компанийн хуучин Чех элчингийн байранд өрөөнд нь манай компанийн гүйцэтгэх захирал Зэсэнбаатар гэрээг хийсэн. Түүнээс хойш хугацаа хэтрээд 2015 оны 8 дугаар сард байх Амартүвшин “Ажил бүтэхээ болилоо, танайхаас авсан 130.000 ам.долларыг эргүүлж өгнө” гэсэн боловч өгөөгүй… бид энэ мөнгөний 70.000 ам.долларыг нь хувь хүнээс өндөр хүүтэй зээлж авсан, одоо хүртэл хүүг нь төлөөд явж байна... манай компани 3 гишүүнтэй, гүйцэтгэх захиралтайгаа 4 хүн л мэдэж байгаа. Тэр 4 хүн нь Зэсэнбаатар, Ганжаргал, Батцэнгэл бид нар юм. Зэсэнбаатар 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжсэн юм. Тэгээд ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан. Ийм учраас энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн захирал Батцэнгэлийг томилохоор болсон...” /1хх-ийн 95-96, 249/,
- гэрч Б.Ганжаргалын ”...2014 оны 4, 5 дугаар сарын үед Амартүвшин гэж хүнтэй танилцсан бөгөөд өөрийгөө “Сэчмен” банкны Монгол дахь төлөөлөгч гэсэн. Тэгээд “Танай компанид гадаадын “UBS” банкнаас мөнгө босгож өгнө, урьдчилгаанд нь мөнгө хэрэгтэй яаралтай энэ мөнгийг шилжүүлэхгүй бол мөнгө босгох ажил чинь бүтэхгүй, цаанаас мөнгөө шилжүүл гээд байна” гэсэн. Ингээд 2014 оны 6-8 дугаар сарын хооронд 130.000 ам.долларыг Амартүвшингийн хувийн Голомт банкны данс руу нь “Дархан Говь Феоре” ХХК-ийн данснаас шилжүүлсэн. Амартүвшин өөрөө “UBS” банк руугаа шилжүүлнэ” гэсэн бөгөөд өдийг хүртэл бид нарыг хохироогоод мөнгө өгөхгүй, худлаа яриад явж байна… “Баримт байхгүй, “UBS” банк руу мөнгө шилжүүлээгүй, та нарын мөнгийг гаргаж өгнө” гэдэг... хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр өмнө нь иймэрхүү байдлаар хүмүүсийг залилсан юм байна лээ. Амартүвшингээс мөнгөө нэхэхээр “Өгнө” гээд байнга худлаа яриад сар сараар хойшлуулаад яваад байгаа юм. ...яаралтай хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Энэ Амартүвшинд өгсөн мөнгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй зээлж авч өгсөн болохоор маш их хохирч байна...” /1хх-ийн 97-98/ гэсэн мэдүүлгүүд,
- гэрч Э.Ариунболдын “...Амартүвшин гэх хүнтэй төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Би “Вагнер Ази Автоматив” ХХК-д өглөг авлага хариуцсан ажилтнаар 2015 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд энэ үеэс Амартүвшин гэх хүнтэй холбоотой авлагын асуудлыг хариуцах болсон. Амартүвшин гэх хүн ... 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “SALGA2VF8EA168130” арлын дугаартай “Ренж Ровер” загварын автомашиныг 322.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод 17-17 УНН улсын дугаартай, “Бенз” загварын автомашиныг 65.746.800 төгрөгөөр тооцож урьдчилгаанд өгсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмж төлөөгүй учраас дээрх “SALGA2VF8EA168130” арлын дугаартай, “Ренж Ровер” загварын автомашиныг манай компани хурааж авсан байгаа... Амартүвшин нь “Гадаадаас Монгол улсад хөрөнгө татаж өгсөн гүйцэтгэлээс нь хувь авдаг, хувиа аваад төлбөрөө төлнө” гэдэг. Намайг энэ ажлыг хариуцаж эхэлсэн үеэс л ингэж ярьж байгаа...” /2хх-ийн 2-3/,
- гэрч М.Нинжбадгарын “...би Монгол банкны хууль эрх зүйн газарт мэргэжилтнээр ажилладаг. Гадаад улсын банк нь Монгол улсад салбар төлөөлөгчийн газар байгуулахгүйгээр Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хөрөнгө оруулалтын зээл олгож болно. Гадаад улсын банкнаас зээл авахдаа тухайн зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол банкинд урьдчилаад мэдэгддэг. Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуульд зааснаар уг хөрөнгө оруулалт банкаар дамжуулж орж ирсэн тохиолдолд 20.000.000 төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээг Монгол банкнаас хянаж шалгана. Гаалиар орж ирсэн тохиолдолд 15.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол шалгана. Гэхдээ гадаадаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа бол Гадаадын хөрөнгө оруулалтын газарт мэдэгдэж зохих зөвшөөрөл авах ёстой. Тэр нь Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид нийцсэн байх естой байдаг... харин зээл авах гэж байгаа манай улсын хуулийн этгээд ингэж зээл авах гэж байгаа талаараа мэдэгддэг. Мөн гадаад улсын банкинд ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаа бол Монгол Улсын иргэн заавал Монгол банкинд мэдээллээ ирүүлэх шаардлага тавихгүй, оршин суух газар, эрхлэх ажлаа иргэн хүн чөлөөтэй сонгох эрхтэй... Гадаад улсын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах гэж байгаа Монгол Улсын хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, мөн аль улсын ямар хэлбэрийн өмчлөлийн банкнаас хөрөнгө оруулалтын зэзл авах гэж байгаа зэрэг ач холбогдолтой. Тухайн тохиолдолд хуулийн дагуу шийдвэр гаргадаг...” /2хх-ийн 1-2/,
- гэрч М.Мөнхбаатарын “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн “Голден Вилл” хотхоны 202 дугаар байрны 7 тоот орон сууцыг Амартүвшин гэх хүн “Ямар нэг гэрээ байгуулалгүйгээр худалдаж авна” гээд урьдчилгаа 7800 ам.доллар төлөөд уг байранд нүүж орсон байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр төлсөн баримттай. Түүнээс хойш нэмж төлбөр төлөөгүй. СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, зөвхөн орон сууцны ашиглалтын зардлаа төлөөд амьдарч байсан юм байна лээ. Энэ хүн манай компанийн нэг захирлыг таньдаг байгаад орон сууцны төлбөрийг төлж, худалдаж авна гэж амаар тохироод л нүүж орсон юм шиг байна лээ. Энэ хүн төлбөрөө төлөөгүй учраас одоо орон сууцаа чөлөөлүүлж авах хүсэлтэй байгаа. Урьдчилгаанд төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт тооцож авна...” /2хх-ийн 182/ гэсэн мэдүүлгүүд,
Мөн “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудаас өөрийн Голомт банкны 3000001641, 3009352415 дугаарын дансаар нийт 4 удаа мөнгө шилжүүлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан Ж.Амартүвшингийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 111-112, 114-115, 118-119, 121-122/, түүний хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 87 тоот дүгнэлт /1хх-ийн 106/,
“UBS” AG Хонг Конг салбараас Ж.Амартүвшинд ирүүлсэн ажлын санал, гэрээ /1хх-ийн 26-47/, Ж.Амартүвшин “Дархан Говь Феоре” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний баримт бичиг /1хх-ийн 49-55/, Ж.Амартүвшингийн Голомт банкны 3009352415 дугаартай дансны хуулга /1хх-ийн 56-59/, “UBS” банкнаас ирүүлсэн мэдээлэл /1хх-ийн 60-64/, Ж.Амартүвшингийн Сити банкны 68917813 дугаартай данснаас 260.000 ам.доллар гарсан гэх баримт /1хх-ийн 64/, “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбарууд /1хх-ийн 76-86/, “Дархан Говь Феоре” ХХК-ийн Голомт банкны 201003657 дугаартай дансны хуулга “2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 54.720.000 төгрөгийн, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 55.000.000 төгрөгийн зарлага гаргасан тухай” /1хх-ийн 87-90/, Ж.Амартүвшингийн Голомт банкны 3000001641 дугаартай дансны хуулга “2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30.000 ам.доллар буюу 54.579.600 төгрөгийн, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 29.794,15 ам.доллар буюу 55.000.000 төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17.000 ам.доллар буюу 31.358.030 төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 53.000 ам.доллар буюу 97.743.660 төгрөгийн орлого орсон тухай /1хх-ийн 190-198/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4229 тоот “Шинжилгээнд ирүүлсэн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “private/confidential” гэсэн баримтын 7 дахь хуудсанд “Matthew Hanning, Peggy Wong” гэсэн бичгийн дээд талд зурагдсан гарын үсгүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Уг гарын үсгүүдийн будагч бодисын зах ирмэг жигд бус, будаг бодис нь цэгэн хэлбэрээр дүрслэгдсэн нь ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Уг гэрээн дээрхи Ж.Амартүвшин гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд харьцангуй загвараар ирүүлсэн Ж.Амартүвшингийн зурсан гэх гарын үсгийн загвартай тохирч байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 7-11/, Иргэн Д.Түвшинжаргал “Ними ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний хуулбар /2хх-ийн 50-55/, Монгол банкны болон Голомт банкны валют арилжааны ханшийн лавлагаа /1хх-ийн 159, 2хх-ийн 206-209/, “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн тайлбар /2хх-ийн 43/, Ж.Амартүвшингийн /”Волтам” ХХК-ийн захирал/ захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх-ийн 60-65/, Ж.Амартүвшингийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Авто тээврийн газар тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /2хх-ийн 86-95/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2хх-ийн 91, 94/, “Волтам” ХХК-ийн ерөнхий журналын тайлан /2хх-ийн 213/, Ж.Амартүвшингийн Худалдаа хөгжлийн банкны автомашины зээлийн дансны хуулга /2хх-ийн 221-224/, Зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь /2хх-ийн 225-230/, Ж.Амартүвшингийн нэр дээр бүртгэлтэй “Ред Хорсе”, “Фортис Капитал” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 7/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Ялтан Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар нь: “...талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, уг асуудлыг гэрээнд заасны дагуу иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Иймээс Ж.Амартүвшингийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн нэгэн адил утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудын хууль ёсны төлөөлөгч Т.Батцэнгэлээс удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрт нь хууль сануулсан байх бөгөөд тэрээр Ж.Амартүвшинд өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан, энэ нь гэрч Д.Түвшинжаргал, Ж.Чингистөр, Б.Ганжаргал нарын өгсөн мэдүүлэг, түүнтэй холбогдох мөнгөн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх банкны дансны хуулга зэргээр давхар баталгаажсан ба хохирогч нь гэр бүлийн гишүүний өмчлөлийн орон сууцыг ББСБ-д барьцаалан зээл авч, зээлийн хүүгээ сар бүр нь төлсөн болон бусад баримтуудаар түүний мэдүүлэг нотлогдсон гэж үзлээ.
Түүнчлэн Ж.Амартүвшин нь “UBS” банкны холбогдох ажилтнуудтай харилцсан эсэх байдлыг шалгах зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр түүний цахим сүлжээний е-мэйл хаягт үзлэг хийж е-мэйл хаяг руугаа нэвтрэхийг хүсэхэд тэрээр “...тухайн гадаад компанид ажиллаж байхад ашиглаж байсан е-мэйл хаягийг би одоо ашиглаж чадахгүй, ажлаа хүлээлгэж өгсөн учраас би одоо тэр е-мэйлээ үзүүлэх боломжгүй болсон...” гэсэн тайлбарыг өгсөн нь түүний давж заалдах гомдолд дурдсан үндэслэл давхар няцаагдаж байна.
Харин ялтан Ж.Амартүвшин нь хохирогч компаниудаас онц их хэмжээний мөнгийг авахдаа өөрийгөө “Швейцарь улсын “UBS” банкны Бүгд Найрамдах Хятад Ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг, Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд хамтран ажиллаж, зээл авахад нь зуучилж өгдөг мэтээр ойлгуулан итгэлийг нь олж, цаашид “UBS” банкнаас 9,5 сая ам.долларын төслийн зээл авахад зуучилж, хамтарч ажиллана гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгжих үндэслэлүүд тогтоогдоогүй бөгөөд тэрээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө авч нь хэрэглэсэн байдал тогтоогдож байна.
Дээрх байдлыг үндэслэн ялтан Ж.Амартүвшинг 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч, бусдад онц их хэмжээний буюу 238.079.238 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан Ж.Амартүвшинд тухайн хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсаны гадна, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Мөн анхан шатны шүүхээс Монгол банкны болон Голомт банкны тухайн үеийн валют арилжааны ханшийн лавлагааг үндэслэн хохирогч “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоре” ХХК-иудад тус бүр учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв дүгнэн тооцсоны гадна, ялтан Ж.Амартүвшингээс хохиролд 129.101.690 төгрөгийг гаргуулан “Бласт Фурнас Плант” ХХК-д, 108.977.548 төгрөгийг гаргуулан “Дархан Говь Феоре” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцсэн байна.
Харин Ж.Амартүвшинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсоны гадна, мөн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд заасан “давтан үйлдэл” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан байна.
Ялтан Ж.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон ба бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлжээ.
Иймд ялтан Ж.Амартүвшингийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ялтан Ж.Амартүвшингийн гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, ялтан Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.