Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 120/2020/0028/З |
Дугаар | 221/МА2020/0643 |
Огноо | 2020-12-16 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2020/0643
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ӨМАОНОӨГ/20201208 дугаар “Сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.2, 20.5, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч Х.Э давж заалдах гомдолдоо: “...“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар, Тамгын газрын даргын 2020 оны А/14 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх ӨMAOHӨГ/202012008 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн”-ийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1-д “тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1-2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт тусгах”, 20.4.2-т “шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах” 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж зааснаар “хуульд заасан шаардлага хангаагүй тендерт оролцогч “Э” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв” гэжээ.
Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1-д зааснаар “тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1-2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт тусгах” гэсний дагуу зарцуулалтын эрх бүхий төсвийн 2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “TOӨЗ” 21-д заасан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-д “зарцуулалтын эрх” гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг ойлгохоор заасан. Энэ зохицуулалтын хүрээнд захиалагч нь зарцуулалтын эрхгүй төсвийн хувь хэмжээгээр тендерийн баталгаа гаргуулах боломжгүй юм.
Мөн тендерийн урилга дээр “тендерийн баталгааны дүн 3 000 000 төгрөг байна” гэсний дагуу манай компани нь батлагдсан 150 000 000 төгрөгийн хоёр хувь буюу 3 000 000 төгрөгийн тендерийн баталгаа гаргаж, улмаар тендер шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийснийг харгалзан үзэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлалгүй шийдвэрлэсэн байна. Дээрх тохиолдолд манай байгууллагын хууль ёсны итгэл хамгаалагдах байсан. Учир нь: тендер шалгаруулалтад манай байгууллага ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, эрх бүхий байгууллага болох Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн шийдвэр, мэдэгдлийг үндэслэн гэрээ байгуулан ажил гүйцэтгэж эхэлсэн юм.
2. Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/5223 дугаартай албан бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр оролцогч нарын тендерийг дахин үнэлж мөн “Э” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөмж ирүүлсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0374 дүгээр албан бичгээр “Э” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг, захиалагчаас тавьсан олон шаардлагыг хангаагүй үндэслэлээр 0375 дугаар албан бичгээр “Г” ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
Энэхүү “Г” ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан 0375 дугаар албан бичгийг, тендерийн баталгаа суллуулах албан бичгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр захирал Ж.Б-д гардуулан өгсөн талаар Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03/93 дугаартай албан бичгээр илэрхийлсэн, энэ нь хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж маргах боловч гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тухайн хугацаанд гардуулан өгсөн эсэх нь тогтоогдоогүй болохыг дурдав” гэсэн үндэслэлгүй юм.
“Г” ХХК нь гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр гардан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “ ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэсний дагуу Сангийн яаманд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах хуулийн шаардлага хангаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байгааг шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх “Г” ХХК-иас гаргасан “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд “...шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн “Э” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль бус болсон байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай байдаг.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх тендер шалгаруулалтад “Г” ХХК, “Э” ХХК гэх 2 компани оролцсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, ...” гэж заасанчлан үнэлгээний хорооны шийдвэрээр “Э” ХХК-тай Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг байгуулсан байна.
Харин Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу захиалагчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 03/70 тоот мэдэгдэх хуудаст дурдсанаар “Г” ХХК-ийг маргаан бүхий ӨМАОНӨГ/20201208 тендерийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4.в, 5.2.в, 5.2.д, 5.3.а, 5.3.б-д заасан шаардлагуудыг хангаагүй гэж татгалзсан бөгөөд үүний дотор уг ажлыг гүйцэтгэхэд барилгын тусгай зөвшөөрлүүд хангалттай биш, тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагчид хүргүүлэх нотлох баримтуудыг тус бүр заасан байх ба сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан, тухайн жилүүдэд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын мөнгөн дүн, ТОӨЗ 5.3(а)-д борлуулалтын хэмжээ зэргийг шаардсан бөгөөд ТОӨЗ 5.2(д), 5.3(в)-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн тоон мэдээлэл, ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацааг сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын жил тус бүрд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байх шалгуурыг Тендерийн баримт бичигт тусгасан байна.
Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК энэ талаар төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй ба тухайн тендерийн сонгон шалгаруулалтад тэнцэх ямарваа боломж байхгүй, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “Баяндалай сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” ӨМАОНӨГ/20201208 тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарласнаар нэхэмжлэгч этгээд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуурыг хангаж, тендерт шалгарах бодит нөхцөл байдал үүсэхээргүй буюу маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.2-т “шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах” гэж зааснаар тендерийн захиалагч буюу энэ тохиолдолд Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас тендерт ирүүлэх баталгааны хэмжээг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 21-д тендерийн баталгааны үнийн дүнг санал болгож буй үнийн дүнгийн 2 хувиар тогтоосон боловч хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ӨМАОНӨГ/20201208 тендерийн урилгад нийт төсөвт өртөг 150 000 000 төгрөг, тухайн онд санхүүжих төсөвт өртөг 150 000 000 төгрөг, тендерийн баталгаа 3 000 000 төгрөг хэмээн зааж, тендерт оролцогчдыг эргэлзээгүй бодит мэдээллээр хангаагүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тендерийн баталгааг нийт гэрээ байгуулах санал болгосон дүнгээс тооцох эсхүл тухайн онд санхүүжих үнийн дүнгээс тооцох эсэхийг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас амаар лавлан асуусан гэх боловч энэ талаар авагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана” гэж зааснаар хэрэв хариуцагчаас энэ талаар тендерт оролцогч “Г” ХХК-д тодруулга өгсөн бол тендер оролцогчдод тэгш боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь “шуурхай, тасралтгүй”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх ёстой. Тиймээс нийтийн эрх зүйн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээд бүр захиргааны аливаа шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсний хувьд тендерийн урилгад заасан баталгааны үнийн дүнд итгэн тус тендерийн баталгааг 3 000 000 төгрөгөөр тооцон Тендерийн баримт бичигт хавсарган хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд “Э” ХХК-ийг тухайн тохиолдолд буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл захиргааны бүх шийдвэр хуульд нийцсэн байх учиртай тул гуравдагч этгээд хууль ёсоор үүссэн энэхүү итгэлээ хамгаалуулах эрхтэй, үүнийг хамгаалах үүргийг захиргааны байгууллага хүлээх зарчимтай.
Харин гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч “Г” ХХК-ийг “Сангийн яаманд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй...” гэх гомдлын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар энэхүү асуудлаар өмнө нь Сангийн яаманд хандсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” зааснаар нэгэнт хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламж барих ажил”–ын гэрээ байгуулсан энэ тохиолдолд нэхэмжлэгч “Г” ХХК нь тус захиргааны шийдвэрийг эс зөвшөөрч шууд шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан “Г” ХХК-иас Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ӨМАОНОӨГ/20201208 дугаар “Сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА