Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Г.Адъяацэрэн, түүний хууль ёсны төлөөлөгч С.Цэдэвдулам,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-т холбогдох эрүүгийн 1903 01150 0517 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын Х.А, 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, дээд боловсролтой, Зам гүүрийн автомеханик мэргэжилтэй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 2 дугаар байрны 20 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудлын замд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “ДЭҮ-106” маркийн, 91-55 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэгт заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас уг автобуснаас бууж байсан зорчигч Г.Адъяацэрэнг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ осол бол 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед шинэ эцсийн буудал дээр болсон үйл явдал юм. Тухайн буудал нь автобус зогсох буудлын кармагүй, зам дагуу зогсдог буудал байсан. Зам хааж зогсож зорчигчдоо буулгаж, суулгадаг учир их түргэн зогсож хөдөлдөг автобусны буудал юм. Би зам хааж зогссон тул хурдан хүнээ буулгаж хөдлөх гэж яарж байгаад алдаа гаргаж ийм зүйл болсон. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Г.Адъяацэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хэрэг болдог өдөр өндөр настанд зориулсан тоглолт үзчихээд гэр рүүгээ явж байсан. Би автобусны буудал дээр буух гэсэн дутуу буулгасан. Би бараг автобуснаас шидэгдэж унасан. Уначихаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тухайн автобусны буудал дээр хүн байгаагүй нэг хүн намайг босгосон. Босож ирээд хартал автобусны жолооч байсан. Жолооч намайг би таныг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд сандал дээр суулгачихаад явчихсан. Би хүлээгээд байсан ирээгүй. Манай хүүхдүүд гэрээ нүүлгээд завгүй байсан. Би биеэ арай гайгүй болтол сандал дээр сууж байгаад гэртээ очсон. Миний нүүр зулгарчихсан байсан. Манай хүүхдүүд юу болсон талаар асуухад би болсон явдлаа хэлсэн. Жолоочийн утас руу залгахад автобусаа тавьчихаад ирнэ гэж хэлсэн боловч ирээгүй. Дараа нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Х.А нь хохирлоо төлчих юм бол надад гомдол, саналгүй. Би хохирлоо авч эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа” гэв.

Хохирогч Г.Адъяацэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны 15 цагийн орчимд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд ахмадын тоглолт үзсэн. Тэгээд тоглолт дуусаад 16 цагийн орчимд гэртээ харихаар ганцаараа автобусанд сууж яваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудалд автобуснаас буухаар нэг хөлөө газарт тавих үед автобусны жолооч зорчигч нараа гүйцэт буулгаж дуусгалгүй шуу урагш хөдөлсөн.Тэр үед би газарт зам дээр унасан...Автобусны жолооч автобусаа тавьчихаад хүрээд ирье гэж хэлчихээд ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Х.А мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны 16 цагийн орчимд нийтийн тээврийн үйлчилгээнд 4-29 чиглэлд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлййн “Дэү-106” маркийн, 91-55 УБЧ улсын дугаартай автомабусыг жолоодон явахдаа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудалд зорчигч буулгаж, суулгах үедээ зорчигч нараа буучихлаа гэж бодоод хөдлөх үед нэг зорчигч бууж амжаагүй байхад нь урагшаа хөдлөх үед тольндоо хартал хүн унаж байсан.Тэгээд би шууд тоормос гишгэж зогсоод автобуснаас бууж ирээд зорчигчтой уулзахад тэр эмээгийн биеийн байдал гайгүй гэсэн.Тэгээд ажлаа хийгээд байж байтал 3 хоногийн дараа цагдаагаас дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12019 дугаартай дүгнэлт:

1. Г.Адъяацэрэнгийн биед зүүн 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зулайн хуйхны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн буглага, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 30/, мөрдөгчөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.А нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудлын замд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “ДЭҮ-106” маркийн, 91-55 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэгт заасан “Жолооч нь тээврийн хэрэгмслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас уг автобуснаас бууж байсан зорчигч Г.Адъяацэрэнг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Адъяацэрэнгийн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны 15 цагийн орчимд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд ахмадын тоглолт үзсэн. Тэгээд тоглолт дуусаад 16 цагийн орчимд гэртээ харихаар ганцаараа автобусанд сууж яваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудалд автобуснаас буухаар нэг хөлөө газарт тавих үед автобусны жолооч зорчигч нараа гүйцэт буулгаж дуусгалгүй шуу урагш хөдөлсөн.Тэр үед би газарт зам дээр унасан...Автобусны жолооч автобусаа тавьчихаад хүрээд ирье гэж хэлчихээд ирээгүй...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Х.Аын: “...би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны 16 цагийн орчимд нийтийн тээврийн үйлчилгээнд 4-29 чиглэлд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлййн “Дэү-106” маркийн, 91-55 УБЧ улсын дугаартай автомабусыг жолоодон явахдаа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх шинэ эцсийн автобусны буудалд зорчигч буулгаж, суулгах үедээ зорчигч нараа буучихлаа гэж бодоод хөдлөх үед нэг зорчигч бууж амжаагүй байхад нь урагшаа хөдлөх үед тольндоо хартал хүн унаж байсан.Тэгээд би шууд тоормос гишгэж зогсоод автобуснаас бууж ирээд зорчигчтой уулзахад тэр эмээгийн биеийн байдал гайгүй гэсэн.Тэгээд ажлаа хийгээд байж байтал 3 хоногийн дараа цагдаагаас дуудсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Адъяацэрэн нь хавтаст хэргийн хэмжээнд авагдсан эмчилгээний зардал, хохирол төлбөр аваагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байх тул шүүгдэгч Х.Ааас нотлох баримт бүхий 1.377.800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Г.Адъяацэрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Х.А-ын цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж түүний торгууль нөхөн төлөх хугацааг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х.А-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг,

- Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Х.А-ыг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр,

-Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар Х.Аыг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял дээр Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Х.Аын нийт торгох ялыг 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А-т оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-аас 1.377.800 төгрөг гаргуулж хохирогч Г.Адъяацэрэнд олгосугай.

8. Хохирогч Г.Адъяацэрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР