| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1873/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хэрэг хариуцах чадваргүй шүүгдэгч Х.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдулам, өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1906 04487 2127 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.Б, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-26 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /
Хэрэг хариуцах чадваргүй шүүгдэгч Х.Б нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуандайн 1-218 тоотод иргэн С.Цэцэнжаргалыг зодож биед нь зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Хэрэг хариуцах чадваргүй шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай дүүг хохирогч өөрөө эхэлж хэл амаар доромжилсон гэж надад хэлсэн. Хүний биед гэмтэл учруулсан нь буруу. Цаашид дүүгээ би харж хандаж байна” гэв.
Хохирогч С.Цэцэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өглөө 09 цаг орчим тугалаа гаргачихаад хашаан дотроо явж байхад манай гэрийн ойролцоо байдаг Б хүрч ирээд хүрзний иш шиг модоор миний зүүн хөл рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь яаж байнаа чи гэхэд чамайг алнагэж хэлээд дахиад хөл рүү модоор цохиход нь би гараараа хаасан тэгсэн би бүдэрч унахад миний өгзөг рүү модоор нэг удаа цохисон, тэгээд намайг босч ирээд би чи яаж байна аа гар хөл хугалах гэлээ гэхэд яадаг юм би чамайг ална гээд гараараа миний дух хэсэг рүү цохисон тэгээд яваад өгсөн...Би Бтай ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй, ямар зүйлээс болж намайг модоор цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэр хавийн хүмүүст Б ярихдаа уур хүрээд зүрх дэлсээд Цэцэнжаргалыг цохисон гэж хэлж байсан...Б миний хөл рүү модоор цохиж том газар хөхөрсөн байсан мөн өгзөг рүү модоор цохиж том хэсэг газар хөхрүүлсэн, гар руу модоор цохисон, толгой руу цохисон ..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Гэрч Ц.Чанцалдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр гэртээ байж байхад 12 цагийн орчим байх цагийг нь санахгүй байна, манай гэрийн ойролцоо байдаг Цэцэнжаргал над руу утсаар яриад танай хүүхэд Б намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Цэцэнжаргалын гэрт яваад очиход Цэцэнжаргал надад хэлэхдээ Б миний хөл рүү модоор цохичихлоо гэж хэлсэн ба Цэцэнжаргалын хөлнийх нь тахим хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8971 тоот дүгнэлтэд:
1. С.Цэцэнжаргалын биед зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 15/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №999 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Б нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвар султай байна. Х.Б нь хэрэг учрал болсон цаг хугацаанд оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. Х.Б нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай.
3. Х.Б нь оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна.
4. Х.Б нь одоо хэрэг хариуцах чадваргүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 20-23/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №1291 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуандайн 1-218 тоотод иргэн С.Цэцэнжаргалыг зодож биед нь зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Цэцэнжаргалын: “...Би тэр өглөө 09 цаг орчим тугалаа гаргачихаад хашаан дотроо явж байхад манай гэрийн ойролцоо байдаг Б хүрч ирээд хүрзний иш шиг модоор миний зүүн хөл рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь яаж байнаа чи гэхэд чамайг ална гэж хэлээд дахиад хөл рүү модоор цохиход нь би гараараа хаасан тэгсэн би бүдэрч унахад миний өгзөг рүү модоор нэг удаа цохисон, тэгээд намайг босч ирээд би чи яаж байна аа гар хөл хугалах гэлээ гэхэд яадаг юм би чамайг ална гээд гараараа миний дух хэсэг рүү цохисон тэгээд яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь Шүүх сэтгэц эмгэг судлалын №999 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1291 дугаартай дүгнэлтүүдээр хэрэг хариуцах чадваргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан үндэслэл буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг түүний асран хамгаалагч Ц.Чанцалдуламд халамжлуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.
Хохирогч С.Цэцэнжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ыг түүний асран хамгаалагч Ц.Чанцалдуламд халамжлуулахаар даалгасугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР