| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00757/И |
| Дугаар | 00934 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00934
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00934 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: *******,*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58.250.031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ******* ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох үндсэн зээлдэгч ******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Өлзийтфинанс” ББСБ-аас 35.000.000 төгрөгийг 1 жилийн 48 хувийн хүүтэй буюу 1 сарын 4 хувийн хүүтэй 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай БЗ-15/018 дугаар бүхий зээл, барьцааны гэрээ байгуулан зээлсэн. Зээлийн гэрээнд эхний 5 сар нь зээлийн хүү төлөх бөгөөд хугацааны эцэст буюу 6 дахь сард зээл болон хүүгийн төлөлт хийхээр заасан. Хариуцагч ******* нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүүгийн төлбөрт 1.520.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүүгийн төлбөрт 1.657.769 төгрөг, 6 хоногийн нэмэгдүүлсэн хүүнд 55.231 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүүгийн төлбөрт 1.151.000 төгрөг төлсөн ба үүнээс хойш нэг ч удаа төлбөр хийгээгүй хугацаа хэтрүүлж байна. Манай байгууллагаас удаа дараа зээлээ төлүүлэхийн сануулсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн төлбөрөө төлөхийг анхааруулсан 16/034 тоот албан бичиг мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч ******* нь утсаар залгахад утсаа авдаггүй, эсвэл өөр хүн авдаг бөгөөд гэрт нь очиход өөрөө байдаггүй болно. Иймд хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй 421 хоног хугацаа хэтрүүлсэн болон зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 34.998.904 төгрөг, түүний хүү 19.375.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.875.385,3 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.200 төгрөг, нийт 58.669.231 төгрөгийг *******ас гаргуулж, түүний барьцаа хөрөнгө болох *******,*******,, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Өлзийтфинанс” ББСБ-аас сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай нийт 35.000.000 төгрөг зээлсэн. Шимтгэлийн 1 хувь төлсөн. Зээлийн зориулалтыг анхнаас нь тендерийн ажил авах гэж байгааг хэлж авсан. Учир нь надаас мөнгө аван хүн танай компанийг нийслэлийн буулгалтын тендерийн 950.000.000 төгрөгийн ажилд ялуулсан хурдан мөнгөө өг гэж шахаж, орон сууцыг минь барьцаанд тавиулсан. Зээлийн 35.000.000 төгрөгийн 15.000.000 төгрөгөөр зээл чөлөөлүүлсэн, д 19.000.000 төгрөгийг тоо ёсоор хүлээлгэж өгсөн. Хууль ёсны дагуу зээлийн гэрээгээр нотариатаар баталгаажуулсан. тэй зээлийн 14 хоногийн дотор төлж барагдуулахгүй бол хоногийн 5 хувийн хүү, алданги тооцно гэж тусгагдсан. Анхнаасаа өнөөдөр ажил чинь болчихлоо, одоо 14 хоногт багтаад 30 хувь нь данс руу чинь орно асуудалгүй, урьдаар өгөх ёстой мөнгөө хурдал гэж яруулж хүний байрыг банкинд тавиулсан болохоор банкны хүүг чи төлөх ёстой гэж шаардаж байж эхний сарын хүүг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1.600.000 төгрөгийг миний дасн руу шилжүүлэхэд би банк бус санхүүгийн байгууллага руу 1.520.000 төгрөгийн хүү данснаасаа төлсөн. Ингээд нөгөө ажил гэсээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дараагийн сарын хүү төлөх болж д хэлэхэд юун сүртэй юм одоохон ажлаа авах гэж байж наадахаа төлөөд зохицуулж бай, би нугалаад нөхөөд төлчихнө гайгүй ажлаа авахын хооронд өөрсдөө аргалж бай гэж занхдрахад нь ажил бүтэх гэж байхад хэрүүл болгоод яахав, аргыг нь олоод хурдан ажлаа авчихвал дээр гэж бодоод эхнэр Б.Дэлгэрмаа танил н.Энхтуяагаас сарын 10%-ийн хүүтэй 2.000.000 төгрөг зээлж 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн дансаараа нэмэгдсэн хүү , алданги нийт 1.713.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл банкинд нийтдээ 3 сарын хүү 4.384.000 төгрөгийг бөөн хэл ам болж байж төлүүлсэн. Сүүлийн байдлаар надад өгсөн бичгээр банкны хүү 58.250.000 төгрөг, энэ жилийн түрээслэгчид төлөх ёстой 10.000.000 төгрөг, ахуйн зээл 10.000.000 төгрөг нийт 78.000.000 төгрөгийн өрөнд уналаа. хэлэхдээ би байрыг чинь барьцаанд тавиулснаараа өөрөө чөлөөлдөгөөрөө чөлөөлж нийт 100.000.000 төгрөг өгнө, гэхдээ хэзээ гэдэг хугацааны асуудал болоод байна. Чи хууль цагдаагаар явж болноо хамаагүй, тэгвэл цагдаагийн үүд сахиад суучихаар ямар завсраар нь ажил хөөцөлдөж чиний байрыг чөлөөлөх юм гэхэд олон нялх хүүхэдтэй эмэгтэйн мууг үзээд яахав гээд хүлээсэн гэжээ.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд58.250.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “...*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй 421 хоног хугацаа хэтрүүлсэн болон зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байгаа тул үндсэн зээл 34.998.904 төгрөг, хүү 19.375.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.875.385 төгрөг, нийт 58.250.031 төгрөгийг *******ас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө болох *******,*******,, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* “...миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ‘Өлзийтфинанс’ ББСБ-аас сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 35.000.000 төгрөг зээлж, 3 сарын хүү 4.384.000 төгрөг төлсөн. тендер бүтээж өгнө гэсэн тул би байраа барьцаалаад уг зээлийг аваад, д өгсөн...” гэсэн хариу тайлбар гаргажээ.
*******, “*******” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр БЗ-15/018 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 35.000.000 төгрөгийг 1 жилийн буюу 365 хоногийн 48 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгээр зээлдэгч *******д зээлдүүлж, зээлийн барьцаанд Т.Гантулгын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Нэхмэлийн 16 дугаар байр, 34 м.кв талбатай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан талаар талууд маргаагүй болно.
Зээлдэгч ******* нь уг гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн хүүд 1.518.904 төгрөг, үндсэн зээлд 1096 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүд 1.657.769 төгрөг, 6 хоногийн нэмэгдүүлсэн хүүд 55.231 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.151.000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлсөн, үүнээс хойш төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй юм.
Хариуцагч ******* “...дээрх авсан зээлийг д өгсөн...” гэж тайлбарладаг хэдий боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Т.Гантулгын зээл авахыг хүссэн хүсэл зоригийг “*******” ХХК нь хүлээн авч, 35.000.000 төгрөгийн зээлийг *******д олгожээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь дээрх гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 34.998.904 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 421 хоногийн зээлийн хүү 19.375.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.875.385 төгрөг, нийт 58.250.031 төгрөгийг хариуцагч *******ас шаардах эрхтэй байна.
Шүүхээс хариуцагч *******д 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг түүнд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн “...хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ас 58.250.031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 449.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 449.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД