Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш-д холбогдох эрүүгийн 1902 0075 40338 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Ш, 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж 510А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тугалган цаасны хамт 0.2451 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хуул бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр ажил дээрээ байж байтал өмнө нь дуу бичүүлж байсан хүүхэд ирээд, дуу бичүүлэх талаар ярилцсан. 00 ороод иртэл “ийм зүйл байна, хэрэглээд үзээч” гэхээр нь өөрийн гэнэн томоогүй зангаар хэрэглэж үзсэн. Тэгээд тухайн өдрөө шууд гэртээ харьцгаасан. Дараа нь ажил дээрээ очиж, нэвтрүүлэг хийх гээд ажлын газраа цэвэрлэж байгаад нэг хүний түрийвч олоод, тэрийг нь аваад халаасандаа хийчихсэн. Цагдаа нар орж ирэхээр нь би өөрийн хүсэлтээр гаргаж өгсөн. Би ийм зүйлийг сайн мэдэхгүй учраас ийм хэрэгт орооцолдсондоо үнэхээр их харамсч байна. Би дахин ийм төрлийн бодис хэрэглэхгүй гэдгээ шүүх танхимд байгаа хүмүүсд амлаж байна. Энэ хэргээс болж ээжийгээ маш их зовоолоо, би ээж, дүүгийн хамт амьдардаг. Би гэрээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Гэрч С.Мядагбадам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү Шаравжамц нь 1997 онд Төв аймгийн Угтаал Цайдам суманд айлын том хүү болон мэндэлсэн. Дороо нэг дүүтэй. Соёл урлагийн их сургуулийн Радио телевизийн ангид дуу, чимээний инженер мэргэжлээр суралцаж эхэлсэн. Одоо хүү маань төгсөх буюу 4 дүгээр дамжаанд суралцдаг. Шаравжамц Жуковын музейн ойролцоо дуу бичлэгийн студи ажиллуулж тэндээ уран бүтээл хийдэг. Чөлөөт цагаараа уг газартаа байдаг. Дуу хөгжмийн сонирхолтой хүн. Зан аашийг нь тодорхойлвол уян зөөлөн сэтгэлтэй, даруу төлөв зантай, хүнд тусархуу, ээждээ үргэлж тусалж байдаг хүн. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч С.Алтанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бага наснаасаа хөгжимтэй их ойр өссөн. Чөлөөт цагаараа уг газраа л байдаг. Дуу хөгжмийн сонирхолтой хүн. Зан аашийг нь тодорхойлвол уян зөөлөн сэтгэлтэй, даруу төлөв зантай, хүнд тусархуу, ээждээ үргэлж тусалж байдаг хүн. Зөөлөн сэтгэлтэй хүүхэд учраас хатуухан үг хэлэхээр уйлчихдаг. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Дүү маань одоогийн байдлаар ээж, дүү нарын хамтаар амьдарч байна. Эмээ нь нас барахаас өмнө хамтдаа байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 32/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...М.Ш нь “бие биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан өмдний баруун талын халааснаас хорин мянгатын дэвсгэртийн зурагтай түрийвч гаргаж ирээд дотроос нь тугалган цаасанд боосон жижиг хэмжээний шавар мэт зүйлийг гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд 0.4 граммыг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-8/,

М.Ш-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг М.Шаравжамцад харуулан задалж, түүнд тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр.., зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 02 минутын дараа.., урьдчилсан байдлаар /ТНС/ буюу гетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5060 дугаартай дугаартай дүгнэлт:

1. 2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  хийхэд тэнцэж байна. “Ш гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5061 дугаартай дүгнэлт:

1. 2 Шинжилгээнд ируүлсзн дээж нь шнжилгээ хийхэд тэнцэнэ. Тугалган цаасанд наалдсан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3. Шавар мэт зүйл наалдамхай шинж чанартай тул тугалган цаасанд наалдсан хэсгийг бүрэн салгаж цэвэр жинг тогтоох боломжгүй. Шавар мэт зүйлийн тугалган цаасны хамт жин нь 0.2451 грамм...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх- ийн 20-21/,  №5061 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 78-90/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тугалган цаасны хамт 0.2451 грамм жинтэй “шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хуул бусаар хадгалсан болох нь

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5060, 5061 дугаартай дугаартай дүгнэлтүүд, Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Ш-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ш-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Ш-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Ш-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон тугалган цаасан наалдсан, тугалган цаасны хамт 0.2451 грамм жинтэй хар, бор өнгийн “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР