| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0108/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Ш.Б,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Чт холбогдох эрүүгийн 1922000150034 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Нийн Ч /РД:УХ/, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, У хот, Чтэй дүүргийн 12 дугаар хороо, Бийн 19-999е тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:
Яллагдагч Н.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөлөг” дэлгүүрээс Б.Мын өмчлөлийн “Эл жи” маркийн гар утсыг хулгайлж 307 000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэлгүүрээс Ц.Оийн өмчлөлийн гар утсыг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” хүнс, барааны дэлгүүрээс тус дэлгүүрийн худалдагч Х.Чын өмчлөлийн “Самсунг жэй-7” маркийн гар утсыг хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 06-наас 2018 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Д аймгийн Г сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “У Т” ХХК-ний шатахуун түгээх станцад нэвтэрч бэлэн 1 359 150 төгрөг, мөн 515 000 төгрөгний үнэ бүхий тамхи хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Д аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрийн худалдагч Б.Мын “LG K4” маркийн гар утсыг лангуунаас нь хулгайлж 307 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдийн 19 цагийн орчимд Д аймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэлгүүрийн худалдагч Ц.Оийн “Huawei Y5” маркийн гар утсыг лангууны арын сандал дээрээс хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнс, барааны дэлгүүрийн худалдагч Х.Чын “Samsung J7” маркийн гар утсыг кассны ширээн дээрээс хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 06-наас 2018 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө Д аймгийн Г сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “У Т” ХХК-ний шатахуун түгээх станцад нэвтэрч бэлэн 1 359 150 төгрөг, мөн 515 000 төгрөгний үнэ бүхий тамхи хулгайлсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урьд нь хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь бүгд үнэн зөв. Би анх найз нөхөдтэйгээ доргиж явж байгаад нэг утас хулгай хийгээд болчихмоор юм шиг санагдахаар нь дахин хулгай хийсэн. Хулгайлж авсан гар утаснуудаа хувь хүнд зарсан. У трейд ХХК-наас авсан тамхийг өөрөө татсан, мөнгийг нь найзуудтайгаа үрээд дууссан. Хот явах гээд мөн таксиний жолоочид мөнгө өгөх гээд хулгай хийсэн. Тэр жолооч намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлын асуудал дээр маргах зүйл байхгүй. Ихэнх цагаа хоригдож өнгөрөөсөн учраас хохирлоо төлж чадаагүй, би хохирлоо төлнө. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгосон гэв.
1.2. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б дэлгүүрт ажлаа хийж байхад нэг үл таних залуу орж ирээд 4 ширхэг иштэй чихэр авсан. Тэгээд надаар С архи лангуун дээрээс авахуулсанаа архи чинь үнэтэй байна гээд гараад явсан. Тэгээд утсаа шалгахад байхгүй болсон байсан. Намайг лангуунаас архи авч өгөх хооронд гар утсыг авсан байсан. Би гар утсаа 320 000 төгрөгөөр үнэлж байгаа. Мөн гар утасны гэр буюу кэйс 8000 төгрөгөөр үнэлүүлмээр байна. Алдсан зүйлээ авч хохиролгүй болмоор байна, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 8 хуудас/
1.3. Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Т дэлгүүрт ажлаа хийж байхад үл таних залуу орж ирээд лангуунаас юм авахуулж үзсэн. Намайг лангуунаас юм авахаар эргэх хооронд лангууны ард сандал дээр байсан миний HUAWEI Y5 маркийн гар утсыг авсан байсан. Би тухайн үед мэдээгүй гарч явсаных нь дараа мэдээд камер үзсэн. Би алдсан утсаа 450 000 төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна, алдсан гар утсаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32 хуудас/
1.4. Хохирогч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 20-30 орчим насны 1 эрэгтэй дэлгүүрт орж ирээд ууттай боорцог нэг ширхэг, напелион торт 2 ширхэгийг тус тус аваад кассны ширээн дээр бичүүлэхээр ирсэн. Тэр залуу надаас хумсны лак арилгадаг зүйл байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлээд шилэн лангуун дотор байсан зүйлийг авахаар цаашаа тонгойх хооронд кассны ширээн дээр байсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг минь аваад гадуур хүрэмнийхээ халаасанд хийсэн байсан. Түүнийг нь би тухайн үедээ анзаараагүй бөгөөд тэр залуу мөнгөө мобайлдана гэхээр нь манай дэлгүүр мобайл хүлээж авах боломжгүй гэхэд авсан зүйлээ эргүүлж лангуун дээр орхиод АТМ орж мөнгө аваад ирье гэж хэлээд дэлгүүрээс гарсан. Тэгээд би ширээн дээр байсан гар утсаа үзтэл алга болсон байсан. Тэр залуу камерын бичлэгт миний гар утсыг ширээн дээрээс аваад халаасандаа хийж байгаа нь бичигдэж үлдсэн байсан. Би алдсан гар утсаа 1 жилийн өмнө Мобикомын Чойр салбараас 700 000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Ямар нэгэн хагарсан, цуурсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 171-178 хуудас/
1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр У хотод байхад Г сумын төвийн шатахуун түгээх станцын түгээгч Ц утсаар залгаад шатахуун түгээх станцад хулгай орсон байна. Бэлэн мөнгө, тамхи алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд У хотоос ирээд түгээгч Цтэй баримтаа тулгаж шатахуун, тамхины тооцоог хийхэд 512 000 төгрөгийн тамхи, бэлэн мөнгө 1 359 150 төгрөг алдаж хохирол гарсан байсан. Үнэлгээний комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 215-216 хуудас/
1.6. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Нөхөр Ч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрт сууж байсан. 13 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 20-30 орчим насны 1 эрэгтэй дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн кассны ширээн дээр байсан Самсунг Жи-7 маркийн гар утсыг хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед хүү Тыг дуудаж хяналтын камерын бичлэг шүүлгэж үзсэн. Манай нөхөр гар утсаа 1 жилийн өмнө Мобикомын Чойр салбараас 700 000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 180 хуудас/
1.7. Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай аав Ч над руу утсаар залгаад би гар утсаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол аав утсаа алдсан нэг залуу орж ирээд аваад гараад явчихлаа гэж хэлсэн. Манай дэлгүүрт хяналтын камертай тул би уг камерыг шүүж тухайн өдрийн 13 цаг өнгөрч байхад аав дэлгүүртээ кассныхаа ард талд ганцаараа сууж байтал гаднаас үл таних 20-30 орчим насны 1 эрэгтэй дэлгүүрт орж ирээд гар утас хулгайлаад аваад гараад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 181 хуудас/
1.8. Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө шатахуун түгээх станцын урд талын цонхны төмөр хамгаалалтын завсраар хүн цонхыг нээж дотроос бэлнээр 1 359 150 төгрөг, тамхи зэргийг хулгайд алдсан асуудал гарсан. Тухайн үед бэлэн мөнгө байгаа талаар надаас өөр хүн огт мэдэхгүй. Өдрийн орлогыг өдөр өдөрт нь тушаадаг байсан ба тухайн үед УТ ХХК-ны эзэд нь У хот руу ажлаар явсан тул би мөнгөө хар өнгийн жижиг цүнхэнд хийгээд ажлын байрандаа үлдээсэн байсан. Тамхи зарах зөвшөөрөл У ТХХК-ны дэлгүүрт байдаг ба түр ШТС-д хадгалж байсан. Дараа дарга Атай тооцоо хийж баримтаа тулгаж үзэхэд 512 000 тамхи алдсан байсан. Би тухайн өдөр шатахуун түгээх станцад бэлнээр орсон орлогыг тоолж үзэхэд 1 359 150 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 236, 2-р х.х-ийн 5, 217-218 хуудас/
1.9. Гэрч Л.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У Т ХХК-ийн үйл ажиллагааг манай эхнэр А зохион байгуулж явуулдаг. Шатахуун түгээх станцаас ямар эд зүйл алдагдсан талаар эхнэр мэдэж байгаа учраас “У Т” ХХК-г төлөөлүүлж Т.А оролцуулна. Тус шатахуун түгээх станц нь манай компани болох “Угтаал Трейд” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг юм” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 219 хуудас/
1.10. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, 4 ширхэг DVD дээр хуулбарласан бичлэг /1-р х.х-ийн 4-5, 27-29, 170-174, 2-р х.х-ийн 118 хуудас/
1.11. Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлтүүд /1-р х.х-ийн 14,16-17, 38, 185, 241-242 хуудас/
1.12. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 44-47 хуудас/
1.13. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р х.х-ийн 57-58, 70, 199, 2-р х.х-ийн 8, 35-36 хуудас/
1.14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 164-167, 228-230 хуудас/
1.15. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 246-249, 2-р х.х-ийн 204-207 хуудас/
1.16. “У Т” ХХК-ний шатахуун түгээх станцын тооцооны дэвтэр, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд /2-р х.х-ийн 30-33, 232-233 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Чийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Чийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.
ХОЁР: Шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ч нь 2000 онд У хотод төрөөд эцэг, эхийн гар дээр өссөн. Албан бус сургалтанд хамрагдаж байсан, хүний үгэнд сайн ордог дөлгөөхөн зантай хүү байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48-49 хуудас/
2.2. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ч нь ам бүл 8-уулаа амьдардаг. Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн айл байгаа юм. Одоогийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй, иргэний үнэмлэх байхгүй. Тэдний гэрт өгдөг хүнсний эрхийн бичигт Ч нь төрсний гэрчилгээгээр хамрагдаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48-49, 2-р х.х-ийн 182 хуудас/
2.3. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Чтэй үерхээд 3 жил, суугаад 1 жил болж байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлээгүй. Ч зан байдлын хувьд их найрсаг, боловсон харьцаатай, тайван дөлгөөн хүн. Бидний хүү С 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 6 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 22 хуудас/
2.5. Хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р х.х-ийн 68, 2-р х.х-ийн 187 хуудас/
2.6. Н.Чт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүгчийн захирамжууд /1-р х.х-ийн 107-108, 2-р х.х-ийн 14-16, 17-18, 99-100, 128-130, 179-181, 225-227, 3-р х.х-ийн 32-34, 53-55 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Чт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналд: Улсын яллагчаас шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д нь шүүгдэгч Н.Чт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, одоо 19 настай, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, өрхийн амьжиргааны түвшин доогуур амьдралтай, цаашид хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг хүссэн зэргийг тус тус дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Н.Чийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.Чийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 75 хоног, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 136 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 51 хоног бүгд цагдан хоригдсон 262 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь үндэслэлтэй байна.
Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч Н.Чээс 307 000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мд, 350 000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Од, 500 000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Чт, 1 874 150 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ад тус тус олгож шийдвэрлэлээ.
Мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Говь-Угтаал ШТС-ын бичлэг CD-1”, “Эд мөрийн баримт”, “HUAWEI Y5”, “LG K4” гэсэн бичиглэл бүхий 4 ширхэг цагаан өнгийн DVD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Чийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийн цагдан хоригдсон 262 /хоёр зуун жаран хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Чээс 307 000 /гурван зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулан Д аймгийн С сумын 5 дугаар баг, Шын 3-8 тоотод оршин суух хохирогч Б.Мд, 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Д аймгийн С сумын 5 дугаар баг, Аын 5-14 тоотод оршин суух Ц.Од, 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 112-1 тоотод оршин суух хохирогч Х.Чт, 1 874 150 /нэг сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Д аймгийн Г сумын 4 дүгээр багт оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ад тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Говь-Угтаал ШТС-ын бичлэг CD-1”, “Эд мөрийн баримт”, “HUAWEI Y5”, “LG K4” гэсэн бичиглэл бүхий 4 ширхэг цагаан өнгийн DVD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА