Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00961

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2016/00961

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: О.М нэхэмжлэлтэй,

хариуцагч: “З ” ОНӨААТҮГ-д холбогдох

 

 

Ажлаас халагдсаны тэтгэмжид 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Автобус нэг компанийн захирлын 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр тушаалаар кондуктороор ажилд орсон. “*******” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/503 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцласан. Тус байгууллагад тасралтгүй 16 жил ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 15 сарын тэтгэмж авах байтал надад *******-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/602 тоот тушаалаар 3 сарын тэтгэмж олгосон. Иймд надад Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Тус байгууллага нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор татан буугдаагүй, нэгтгэн нийлүүлсэн гэв.   

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг тус “*******” ОНӨААТҮГ нь мөрдлөг болгон ажилдаггүй бөгөөд энэхүү хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн засаг даргын 2014  оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобус нэг” НӨҮГ, Автобус-3 НӨҮГ, “Цахилгаан тээвэр НӨҮГ”-уудыг татан буулгах захирамж гарсан байх бөгөөд уг захирамжийн дагуу дээрх НӨҮГ-ууд нь хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буугдсан байх тул Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь татан буугдах хугацаанд дагаж мөрдөхөөр байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ийн нэхэмжлэлтэй, “*******” ОНӨААТҮГ-д холбогдох, ажлаас халагдсаны тэтгэмжид 5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч *******ийн “...2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу намайг өндөр насны тэтгэвэрт гарахад 15 сарын тэтгэмж олгох байтал ******* захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/602 тоот тушаалаар 3 сарын тэтгэмж олгосон тул үлдэх 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд “...Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгасан,  мөн хамтын гэрээ нь татан буугдах хугацаанд дагаж мөрдөхөөр байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

           

Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “*******” компанийн захирлын 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр “Ажилд авах тухай” тушаал, “*******” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/503 дугаар “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, “*******” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/602 дугаар “*******д тэтгэмж олгох тухай” тушаал, *******ийн 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 283457 дугаар, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 283457 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрийн сунгалт, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 283457 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрийн үргэлжлэл зэрэг баримтуудаар “*******” ОНӨААТҮГ-ын Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагч ажилтай ******* нь тус байгууллагад 16 жил ажиллаад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

            “*******” ОНӨҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 8.5-д “Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгоно...16-20 жил ажилласан бол 15 сарын” гэж тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцжээ.

 

            “*******” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/602 дугаар тушаалаар “*******ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосугай” гэж шийдвэрлэсэн нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”-ний 8.5-д заасан “15 сарын тэтгэмж олгох”-ыг зөрчиж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан үлдэх 12 сарын хугацааны дундаж цалин хөлстэй  тэнцэх тэтгэмжид /1 сарын дундаж цалин хөлс 437.000 төгрөгийг 12 сараар тооцож 5.250.000 төгрөг/-ийг ажил олгогч “*******” ОНӨААТҮГ-аас гаргуулан *******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “*******, ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн “*******” ОНӨААТҮГ-т нийлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “*******, ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг тус тус татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “*******” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт даалгасан байх тул Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “*******” ОНӨҮГ-ын үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон “*******” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн, мөн “*******” ОНӨААТҮГ-ын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар албан бичгээр “...үйлдвэрчний эвлэл болон ажилтаны төлөөллийг сонгож маргаан таслах комисс байгуулаагүй байна” гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “*******” ОНӨААТҮГ-аас 12 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 5.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч“*******” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 98.950 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД