| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00040/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 24.3.3., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Жи өмгөөлөгч Ө.Учрал, Ц.Батзаяа, Д.Даваадорж
Орчуулагч Т.Зулцэцэг
Шүүгдэгч Жи хууль ёсны төлөөлөгч Лю нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жи хязгаарлагдмал хариуцлагатай компанид /ХХК/ холбогдох эрүүгийн 1840000570090 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Жи мэдээлэл болон түүний хууль ёсны төлөөлөгч Лю Гуо Хуй-ийн биеийн байцаалт
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах, 5218896 регистрийн дугаартай, Гадаад худалдаа, Төмрийн хүдрийг баяжуулж, экспортлох /үндсэн/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жи ” ХХК
Шүүгдэгч “Жи ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч БНХАУ-ын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Жи ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, БНХАУ-ын Хөбей мужид оршин суух хаягтай, Монгол Улсад Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Намуун төгөл хотхон Лю.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Жи ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт Жи байранд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүй химийн хорт, аюултай бодис хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Жи хууль ёсны төлөөлөгч Лю “..Би Жи гүйцэтгэх захирлаар Монгол Улсад 2017 онд томилогдож ирсэн. Би 2017 онд Монголд ирснээс хойш энэхүү үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд байгаль орчны төлөөлөгч гэх хүн шүүх хуралдаанд оролцож байсан. Тухайн хүний мэдүүлгээр уг бодисыг өмнө нь хадгалж байсан гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн бодисыг ус, байгаль, хөрс зэрэгт хаяад ямар нэгэн сөрөг нөлөө гаргасан асуудал байхгүй гэдгийг байгаль орчны төлөөлөгч гэх хүн хэлж байсан. Тиймээс бид нар хүн болон байгальд хортой том хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа. Энэ асуудал намайг байхгүй байх хооронд болсон асуудал юм. Тухайн компани болон ажилчид нь Монголд байсаар байтал зөвхөн нэг хүний эрх ашгийг хөндөөд байгаа нь зохимжгүй санагдаж байна. Энд ямар нэг байдлаар Монгол хүний амь насанд хүрсэн, эсхүл хувь хүний үйлдсэн хэргийн талаар яриагүй. Би зөвхөн тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирсэн байтал өөрөө яллагдсан мэт мэдрэмж авах нь хэцүү байна. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан, хариуцлагыг би биш, компани хариуцах тул нэг хүний эрх ашгийг зөрчөөд байгаа нь зохимжгүй санагдаж байна. Манай компанид маш олон ажилчид, хөрөнгө оруулагчид байдаг. Зөвхөн энэ асуудлаас болоод компанийг орхиод зугтах шалтгаан байхгүй. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан компани хариуцлагаа хүлээх чадвартай” гэв.
Хохирогч Э.О 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Жи ХХК нь химийн хорт бодис лабораторт ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан. Энэ зөвшөөрөл нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Харин сүүлд буюу 2017 оны 09 дүгээр сард шалгалт хийхэд уг зөвшөөрлийн хугацаа дууссан, 2012 оноос химийн хорт бодис ашиглахаа больсон байсан. Гэхдээ Жи ХХК-нд химийн хорт бодис хадгалаж байсан. Химийн хорт бодисоо гадаад иргэдийн байрладаг байрны хамгийн урд талын өрөөнд хадгалж байсан. Энэ нь химийн хорт бодис хадгалах өрөөнд тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 36-37 хуу/
Хохирогч Э.О 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2017 оны 09 дүгээр сард хяналт шалгалт хийх явцдаа химийн бодис ашигладаг эсэхийг асуухад үйлдвэрийн удирдлагууд нь 2012 оноос хойш химийн бодис ашиглахаа больсон, үлдэгдэл химийн бодисыг мэргэжлийн байгууллагад явуулж устгуулсан, химийн бодис ашиглах зөвшөөрөлтэй байсан, холбогдох бичиг баримтууд нь хотод байгаа гэсэн тайлбар өгч байсан, тэгээд ч тухайн үед үйл ажиллагаандаа химийн бодис хэрэглэсэн ашигласан зүйл илэрч мэдэгдээгүй болохоор өмнө нь химийн бодис ашиглах зөвшөөрөлтэй байсан юм байх гэж бодоод өмнөх мэдүүлэгтээ тус компанийг химийн бодис ашиглах зөвшөөрөлтэй байсан юм байна гэж буруу мэдүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 143-144 хуу/
Гэрч Зиа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэдэн төрлийн хорт бодис байгааг хэлж мэдэхгүй байна. Би 2017 оны 03 дугаар сараас хариуцаж байгаа болохоор өмнө нь авчирсан эд хөрөнгө болон дээрх химийн бодисын талаар надад мэдэх зүйл байхгүй. 2017 оны 03 дугаар сараас хойш ирсэн зүйлийг мэднэ. Сүүлд хууль хяналтын байгууллагаас битүүмжилсэн химийн бодисын талаар би өөрөө хариуцна. Эдгээр бодис дунд миний өмнө ажиллаж байсан хүмүүсийн ашиглаж байсан химийн бодисууд байгаа. Харин 2017 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байх хугацаандаа би Улаанбаатар хотоос дээрх химийн бодисыг худалдаж авч байсан. Гэхдээ одоо би зарсан компани болон худалдсан хүмүүсийг нь мэдэхгүй байна. Дээрх бодисыг Лут Чулуу ХХК-иас ирсэн төмрийг дээжилж агууламж тогтоох зорилгоор химийн бодис ашигладаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 44-45 хуу/
Гэрч Зиа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...манай компанийн химич Линхуа гэдэг хүн 2018 онд Улаанбаатар хотоос /Phosproric acid/ фосфор 10 орчим ширхэг шилтэй, хүчил /sulfuric acid/ 10 орчим ширхгийг хүдрийн агууламжийг шалгах гэж авчирсан. Бусдыг нь бол мэдэхгүй өмнө нь тэр өрөөнд хадгалагдаж байсан. Хэн, хэзээ, хаанаас авчирсан, юунд хэрэглэж байсныг мэдэхгүй. ...би /Phosproric acid/, фосфор хүчил /sulfuric acid/ бодисуудыг авчирсан боловч хэрэглээгүй байсан. Учир нь холбогдох байгууллагаас зөвшөөрлийг нь авах гээд хөөцөлдөөд явж байсан. ...Би Ли дээрх бодисуудыг авчир гэж хэлсэн. Гэхдээ нэг, хоёр бодисыг дангаар хэрэглэх боломжгүй үүнээс гадна 4-5 нэр төрлийн химийн бодис орж байж хүдрийн агууламжийг шинжлэх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-85 хуу/
Ч.Б-ын зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “...химийн лабораторыг 2010, 2011 онд үйлдвэрлэлийн баяжуулах дээжид хими, анализ хийх зорилгоор ажиллуулах санаатай байсан боловч зөвшөөрөл хөөцөлдөх хэцүү байсан болохоор ажиллуулаагүй, Гаалийн байгууллагын лабораторт дээжээ өг шинжлүүлдэг болсон байсан гэж мэднэ” гэх мэдүүлэг /1-р хх-н 18 хуу/
Гэрч Ч.Бо-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Жи Монгол талыг хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Манай компани БНХАУ-ын 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, төмрийн хүдрийг усаар угааж баяжуулан экспортонд гаргах үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй. ...төмрийн хүдэр боловсруулахдаа химийн бодис хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 82-83 хуу/
Гэрч Ө.Ма-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай шалгалтын хүрээнд үйлдвэрлэлийн хаягдлаас дээж авч үзэж шинжилдэг, химийн хорт бодис илэрч байгаагүй угаасаа энэ үйлдвэр технологи нь химийн бодис ашигладаггүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 139-140 хуу/
Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.А, эрдэм шинжилгээний ажилтан магистр С.А нарын гаргасан
“...ирүүлсэн 11 төрлийн бодисноос мөнгөн усны (I) хлорид (Hg2CI2)-ын давс нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон байна” гэх дүгнэлт /1-р хх-н 213 хуу/
Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэнг томилсон нэмэлт шинжээчийн
“...Шинжилгээнд ирүүлсэн бодисуудаас дараах бодисууд химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон байна.
1. Фосфорын хүчил (H3PO4) жагсаалтын 218:
2. Хүхрийн хүчил (H2SO4) жагсаалтын 408:
3. Давсны хүчил (HCI) жагсаалтын 485:
4. Калийн бихромат (K2Cr2O7) жагсаалтын 515:
5. Натрийн фторид (NaF) жагсаалтын 142:
6. Мөнгөн усны хлорид буюу каломел (Hg2CI2) жагсаалтын 660: Бусад бодисууд болох калийн фторид-2 молекул устай (KF.2H2O)8, цагаан тугалганы хлорид-2 молекул устай (SnCI2.2H2O), натрийн дифениламин 4 сульфонат (C12H10NNaO3S) нь тус жагсаалтад ороогүй буюу одоогоор эдгээр бодисыг Монгол Улс ангилалд хамруулаагүй байна” гэх дүгнэлт /2-р хх-н 115-116 хуу/
Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/153 дугаартай
“Тогтоолд дурдсан SnCI2+2H2O 1 ширхэг, K2CI2O7 1 ширхэг, H2CO4 1 ширхэг, NaF 1 ширхэг, K2+H2O 1 ширхэг, K2Cr2O7 9 ширхэг, KF+2H2O 2 ширхэг, K2CO2O7 1 ширхэг, соляная кислото 1 ширхэг, олон найрлагатай 3 ширхэг, хар савтай үрэл 1 ширхэг, шингэн олон найрлагат 15 ширхэг, C12H10N Na O2S 7 ширхэг, H2PO4 шингэн 1 ширхэг, Hg2CI2 1 ширхэг бодисууд нь шинжилгээнд ирээгүй болно. Тогтоолд нэрийг нь заасан бодисууд нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтана” гэх дүгнэлт /1-р хх-н 51-53 хуу/
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай тушаал /2-р хх-н 114 хуу/, Үндэсний татварын албаны тодорхойлолт /2-р хх-н 11 хуу/, Жи дүрэм /2-р хх-н 51-55 хуу/, Ашигт малтмалын газрын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/800 дугаартай албан бичиг /2-р хх-н 65 хуу/, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт /2-р хх-н 74, 78 хуу/, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн г/952 дугаартай Гэрчилгээний хугацаа сунгах тухай тушаал /2-р хх-н 66 хуу/, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/1074 дугаартай Гэрчилгээний хугацаа сунгах тухай тушаал /2-р хх-н 95 хуу/, Жи ХХК нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /2-р хх-н 137 хуу/, Шүүгдэгч Жи хууль ёсны төлөөлөгч Лю Гуо Хуй-гийн эхнэр гэх хүний тус шүүхэд бичсэн хүсэлт /орчуулгын хамт/, Ч.Болдбаатарт олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Жи ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Жи ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.У нь “Дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хадгалж эхэлсэн үйлдэл учир Эрүүгийн хуулийн /2002 оны/ 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хуулийн этгээд нь химийн хорт бодис хадгалж байснаа хүлээн зөвшөөрдөг тул Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн. Иймд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах ёстой” гэж.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д нь “Хуулийн этгээдэд ял оногдуулахад тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж заасан байдаг. Тэгвэл Лю-д дангаараа эсхүл бусадтай хамтран Жи гийн ашиг сонирхлын төлөө гаргасан санаа сэдэлт байхгүй. Мөн хадгалсан үйлдэл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн байх шаардлагатай гэж хуульчилсан. Жи нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис ашиглах шаардлага байхгүй. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэж.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нь “Жи химийн хорт, аюултай бодис хадгалсан үйлдэл нь хоёр хуулийн үйлчлэл дамжсан. Хуучин хуулиар хуулийн этгээд нь субъект биш, шинэ хуулийн хувьд дээрх үйлдлийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа. Иймээс хуулийг буцаан хэрэглэх асуудал үүсэж байгаа тул шүүгдэгчийг гэм бургуугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтүүдийг гаргацгааж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Жи ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай тушаалаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан Фосфорын хүчил (H3PO4), Хүхрийн хүчил (H2SO4), Давсны хүчил (HCI), Калийн бихромат (K2Cr2O7), Натрийн фторид (NaF), Мөнгөн усны хлорид буюу каломел (Hg2CI2) гэх бодисуудыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/ гэмт хэрэг нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчиж буй үйлдэл юм. Энэхүү гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд заасан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих зөрчлөөс учирсан болон учирч болох хор уршиг, хэр хэмжээгээрээ ялгагдана.
Жи ХХК нь химийн 16 нэр төрлийн 48 ширхэг бодисыг, түүнээс химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 6 нэр төрлийн бодисыг хууль бусаар хадгалж байсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар үлэмж болохыг харуулна. Дээрх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд химийн хорт болон аюултай бодисыг хадгалсан үйлдлээр гэмт хэрэг төгсөнө.
Энэхүү гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилж /2012 оноос 2018 оны 06 дугаар сар/ 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр илэрч таслан зогсоогджээ. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж мөн хуулийн 11.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцно” гэж заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно. 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг адил байдлаар тодорхойлжээ. Үүүнээс дүгнэхэд энэхүү гэмт хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төгссөн гэж үзэх бөгөөд хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдах боломжгүй юм.
Шүүгдэгч Жи ХХК-ийг химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хадгалсан гэж үзэх үндэслэлтэй болно. Учир нь Жи хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгч, захирал гэх Зиа нь төмрийн хүдрийн агууламжийг тогтоох зорилгоор дээрх химийн хорт бодисуудыг хадгалж байсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Компанийн тухай хуулийн 84.1.Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. гэж заасан тул Зиао Зиан Ли-г хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ. Үүнээс гадна Жи ХХК нь химийн хорт, аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ 2013 онд лаборатори нээж, лаборант гэх орон тоог бий болгож А.М, Б.Б нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан зэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно.
Дээрх гэмт хэргийн улмаас бусдад /хүн, амьтан, байгаль/ хохирол учраагүй тул энэхүү тогтоолоор шүүгдэгч Жи ХХК-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажилладаггүй, эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтыг тогтмол хийж илэрсэн зөрчлийг арилгуулаагүйтэй холбоотой байна.
Шүүхээс шүүгдэгч Жи ХХК-нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Жи ХХК-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Жи тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан химийн бодисуудыг зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Жи өмгөөлөгч Ц.Б “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлөөс эрх хасах ял хүчингүй болсон байгаа тусгай анги дээр эрх хасч гэж байгаа тэгэхээр хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Жи өмгөөлөгч Д.Д “Жи ХХК нь тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаггүй тул эрх хасах албадлагын арга хэмжээг торгох ялын хамт хэрэглэх шаардлагагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шаардлагатай гэж үзвэл гэж заасан байдаг, үүнийг заавал эрх хасах албадлагын арга хэмжээг авна гэсэн ойлголт биш юм” гэж
Шүүгдэгч Жи өмгөөлөгч Ө.Учрал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1.2-т байсан эрх хасах ялыг хүчингүй болгосон байгаа үүнийг анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах ялын төрлөөс 1.2 дахь хэсэгт заасан “эрх хасах ял” гэдгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон. Гэвч энэ нь гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахыг хориглосон утгаар бус эрх хасах нь албадлагын арга хэмжээ гэдэг утга агуулгаар хүчингүй болгожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаар заасан тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг удирдлага болгон эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүй ёсны асуудал юм.
Шүүгдэгч Жи ХХК-нд эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу төмрийн хүдэр баяжуулах, экспортлох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 50.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хадгалагдаж буй 11 төрлийн 48 ширхэг химийн хорт, аюултай бодисыг зохих журмын дагуу устгахыг тус хүрээлэнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР