Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Я.А нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчин овогт Ягаанбаатарын А д холбогдох 1940001810098 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 121 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Я.А

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Я.А нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух Г.А гэрийн цоожийг хөшиж орж хөргөгчнөөс жижиглэсэн бүтэн хонины махыг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн Г.А гэрийн цоожийг хөшиж ороод хөргөгчнөөс хонины мах авч, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Я.А нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух Г.А гэрийн цоожийг хөшиж орж хөргөгчнөөс жижиглэсэн бүтэн хонины махыг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн Г.А гэрийн цоожийг хөшиж орж хөргөгчнөөс хонины мах авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айл руу орж хөргөгчинд нь байсан махыг авсан нь үнэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв. 

Шүүгдэгч Я.А 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байхдаа дэлгүүрээс 0,5 литрийн Монгол стандарт гэх нэртэй 1 шил архи авч Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд байх төрсөн эгч Э гэрт 16 цаг өнгөрч байх үед очиход гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь хашаан дотор нь байх эвдэрхий машины кабинд сууж байгаад дэлгүүрээс авсан 1 шил архиа ганцаараа бүгдийг нь уусан. Ингээд архи дуусахад нь дахин архи уумаар санагдаад Э эгчийн хойд талд байдаг Х  гэртээ байхгүй, ажилдаа явчихсан байж магадгүй, тэднийд ороод архинд өгчих юм байвал авчихъя гэж бодоод хашаа руу нь ороход Монгол эсгий гэр нь гаднаасаа цоожтой байсан. Би өмнөх өдөр нь мөн гэрт нь хүн байхгүй байхаар нь орж мах хулгайлж байсан юм. Тэгэхээр нь очоод хаалгыг нь татахад цоожны хажуу хэсгээр хаалга нь онгойчихсон. Ингээд Х  гэр дотор орж 2 хаалгатай босоо хөргөгчийг нь нээж үзэхэд хөргөгчний хөлдөөгчин дотор цагаан өнгийн гялгар ууттай хөлдөөсөн мах 4-5 ширхэг байхаар нь тэрнээс 2 ширхгийг нь аваад гэрээс гарсан. Ингээд Х  хашаанаас гарч Э эгчийн хашаанд орж эвдэрхий машин дотор орж унтаж байтал цагдаагийн алба хаагчид ирж намайг айлын гэрээс хулгай хийсэн гээд бариад явсан. Би тухайн үед уусан архиндаа нилээд согтсон байсан болохоор жоохон унтаад сэргэе гэж бодоод Х  гэрт орж авсан махаа  аваад машин дотор орж унтсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/         

Шүүгдэгч Я.А 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт  байдаг Г.А гэдэг айлын хашаа руу орсон. Г.А Монгол эсгий гэрт амьдардаг айл. Би эдний гэр рүү өдрийн цагаар багцаагаар 14 цаг 30 минутын үед ороход гэр нь цоожтой байсан. Хашаандаа ганц гэрээрээ байдаг юм. Тэгээд би гэрийнх нь цоож сул бараг татахад онгойхоор байхаар нь татахад хаалга нь онгойсон. Гэрийнх нь цоожны өрөөсөн цүү нь байхгүй юм билээ. Тэгээд би гэрт нь ороод хөргөгчийг нь онгойлгож үзэхэд жижиглээд хийсэн хонины бүтэн мах байхаар нь гялгар уутанд хийгээд авч гэрээс нь гараад гэрийнх нь хаалгыг буцаагаад хааж орхиод хуучнаар цагдаагийн байранд амьдардаг Л.Ө гэдэг хүнд хөдөө яваад хонины мах авчирлаа энэ махыг аваад 1 шил архи өгчих гэж хэлээд Л.Ө 0,5 граммын Хараа нэртэй архи аваад гэр хороололд очоод эгчийнхээ хашаанд ороод эвдэрхий машины кабинд ороод ганцаараа уугаад дуусгасан. Би хулгай хийх үедээ жаахан халамцуу байсан. 200 грамм архи махныхаа оронд аваад уусан байсан. Тэрнээс биш би ямар нэг хүнтэй нийлж архи уугаагүй. Би Г.А гэдэг хүнийг зүс танина, гэр нь тэнд байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ би гэр орноор нь орж гарч байгаагүй. Би хулгай хийх үедээ хэд хоног эзэнгүй эвдэрхий машинд 2-3 хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

Шүүгдэгч Я.А 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би Г.А гэрт нийт 2 удаа орсон. Эхний удаад нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цоожийг нь далийлгаж ороод эвдсэн бүтэн хонины мах авсан. Дараагийн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн 16 цагийн үед цоожийг нь далийлгаж ороод хөргөгчнөөс нь мах аваад цоожийг буцааж янзлаад гарсан. Сүүлд авдаг мах нь жижиг гялгар ууттай мах байсан. Уг хулгайлсан махаа зарж чадалгүй цагдаад баригдаад хураалгаад эзэнд нь эргүүлж өгсөн. 3-4 кг орчим мах байсан байх. Энэ махыг би куртикэн дотроо хийгээд Э эгчийн хашаанд ороод эвдэрхий машин дотор хэвтэж байхад цагдаа нар ирж барьж авсан. Би өмнөх мэдүүлэгтэй Хараа нэртэй архи авсан гэж андуурч ярьсан байна. Л.Ө эгчээс Хараа нэртэй архи байна уу гэхэд архи байхгүй гэж хэлэхээр нь тэгвэл Хараа нэртэй архины мөнгө өгчих гэж хэлээд Л.Ө эгчээс 6000 төгрөг аваад энэ мөнгөөрөө би 0.33 граммын Хараа нэртэй архи худалдаж аваад Э эгчийнхээ хашаанд очоод эвдэрхий машин дотроо ороод ганцаараа уусан юм. Би хохирогч А  үлдэгдэл хохирлын мөнгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 сарын 02-ны өдөр эхнэр Х  болон ач хүүгийн хамтаар Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг Хүйх гэдэг газар нутагладаг Төрөө гэх айлынд хөрзөн гишгэж өгөхөөр өглөө 8 цагийн үед явахдаа гэрийнхээ хаалгыг Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цоожоор цоожлохдоо ямар нэгэн даруулгагүй дан цүүгээр нь цоожлоод явсан. Хөдөө айлд хөрзөн гишгэж өгөөд 17 цагийн үед гэртээ орохдоо хаалганы цоожийг онгойлгохдоо хажуу тал руу бага зэрэг мурийлгасан байсныг анзааралгүй гэртээ орчихсон юм. Оройн 19 цагийн орчим эхнэр Х  хоолоо хийх гээд хөргөгчөө онгойлгоод махаа гаргах гэтэл хөргөгчнйи дээд доод давхарт хонины бүтэн махыг жижиглээд тавьсан байсныг бүгдийг аваад явсан байсан. Энэ хонины махыг хөрзөн гишгүүлсэн Т  авч 2019 оны 10 сарын 02-ны өдөр жижиглэн хөргөгчиндөө хийсэн байсан юм. Ингээд энэ махыг хэн авсныг мэдээгүй тодорхой мэдээгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Харин маргааш нь төрсөн хүү Г  гэрээс хонины 1 хаа гуйж авчирч эвдээд хөргөгчиндөө хийгээд эхнэр болон ачийн хамт дахин Т  гэр рүү хөрзөн гишгэж өгөхөөр явахдаа гэрийнхээ хаалгыг Хятад улсад үйлдвэрлэсэн төмөр цоожоор цоожлохдоо ямар нэгэн даруулгагүй цүүгээр нь цоожлоод явсан. Ингээд орой 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож цүү зүгээр, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Гэртээ ороод манай эхнэр хоол хийхээр хөргөгчөө онгойлготол өглөө хүүгийнхээ авч жижиглэж хийсэн хонины хаа байхгүй байсан. Ингээд гэрээс удаа дараа мах алга болоод байхаар нь хажуу айлын Н  энэ талаар асуухад “Танай урд талд байх А  нь танай гэрийн хашаанаас гарахдаа энгэртэй нэг тортой зүйл хийчихсэн гарч явж байсан гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрт 2019 оны 10 дугаар сарын 02-нд болон 03-ны өдөр 2 удаа өдрийн цагаар орсон байсан. Би Т д хөрзөн гишгэж өгсөн учир бага үнээр буюу 1 хонины махыг 80000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Миний хувьд хонины махныхаа мөнгийг олоод авчихвал цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Я.А гээс үнэлгээний компани гаргасан мөнгөн дүнгээр махны мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг  оршин суух Х  нь 2019 оны 10 сарын 02-03 өдөр, өдрийн цагаар эзгүй байх хооронд бүтэн хонины жижиглэн эвдсэн болон хонины хаа хулгайд алдсан тул зах зээлийн үнэлгээг 129.500 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-н 65 хуу/

Хохирогч Г.А “Миний бие А  нь 2019 оны 11 сарын 9-нд А гээс 110.000 төгрөгийг дансаар авсан” гэх баримт /хх-н 142 хуу/, хохирогчид 110.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаарх ХААН банкны дансны хуулга /хх-н 147 хуу/

         Эд зүйл буюу махыг шүүгдэгч Я.А , гэрч Л.Ө нараас тус тус хураан авсан болон Г.Х т хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-18 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

          Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэдэгт хүн байнга амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр зэргийн багтаах бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн Монгол гэрийн хаалганы цоожийг хөшин онгойлгож орсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 129.500 төгрөгийн үнэлгээ бүхий махнаас 19.500 төгрөгийн махыг буцаан өгч үлдэх 110.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хүсэлт, дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд энэ талаар дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч нь шүүхийн шатанд шүүгдэгч Я.А гээс 110.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Я.А д эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Я.А д оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар

зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Я.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар шүүгдэгч Я.А г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

        4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР