Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 588

 

 

Ч.Сандаг-Очирт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Хохирогч С.Ганболд, түүний өмгөөлөгч С.Нэргүй,

Цагаатгагдсан этгээд Ч.Сандаг-Очирын өмгөөлөгч Ц.Итгэл,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг  даргалж, шүүгч Л.Оюунчимэг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8 дугаар эсэргүүцэл, хохирогч С.Ганболдын өмгөөлөгч С.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Сандаг-Очирт холбогдох 2014260004339 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Чалхаажавын Сандаг-Очир, 1980 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын Энхтайваны өргөн чөлөө гудамжны 54А байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧЛ80022578/,

Ч.Сандаг-Очир нь “Худалдаа хөгжлийн банк”-ны зээлийн барьцаанд байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Бэгдү” хотхоны 54А байрны 6 тоот 45 м2 2 өрөө орон сууцыг 47.500 ам. доллараар худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 24-ний өдрийн хооронд С.Ганболдоос 25.500 ам. доллар буюу 34.918.255 төгрөг, 4.500 ам. доллар буюу 5.921.820 төгрөг, 7.500 ам. доллар буюу 9.872.700 төгрөг, 9.000 ам. доллар буюу 11.885.760 төгрөг, нийт 47.500 ам. доллар буюу 62.598.535 төгрөгийг хуурч мэхлэн авч өмчлөх эрхийг шилжүүлэхгүй залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Сандаг-Очирт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Сандаг-Очирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Сандаг-Очирыг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.2 дахь хэсэгт зааснаар С.Ганболд нь өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Ч.Сандаг-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Сандаг-Очирт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Ч.Сандаг-Очир нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бэгдү” хотхоны 54А байрны 6 тоот 45м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөхийг гэрчилгээг гаргуулан авсан. /1-р хх-83/, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай 99.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан орон сууцны зээлд хамрагдсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг 2011 оны 12 дугаар сарын 5-наас 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл байгуулсан. Ч.Сандаг-Очир нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан орон сууцыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн С.Ганболдод Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Бэгдү” хотхоны 54А байрны 6 тоот 45м.кв 2 өрөө орон сууцыг 47.500 ам. доллараар худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарсан. Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2614 96/4628 албан тоотод Ч.Сандаг-Очир нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бэгдү” хотхоны 54А байрны 6 тоот 45м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд Худалдаа хөгжлийн банктай 99.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцааны бүртгэлтэй байна. С.Ганболдын эзэмшилд бүртгэгдээгүй. Хохирогч С.Ганболдын 2012 оны 4 дүгээр сарын сүүлээр Ч.Сандаг-Очир ...байр зарах гэж байгаа талаар мэдсэн. 2012 оны 5 дугаар сарын эхээр Ч.Сандаг-Очирт 26.500 ам. долларыг бэлнээр өгсөн. Дараа нь “Ард даатгал”-ын гадаа 3-4 хоногийн дараа 7.500 ам. доллар өгсөн. 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргаад үлдсэн 9.000 ам. доллар өгсөн ба нийт 47.500 ам. доллар болж байсан. Би 2012 оны 5 дугаар сарын сүүлээр байрныхаа түлхүүрийг авсан ба байрны үл хөдлөх гэрчилгээг над дээр нэг хонуулаад “байрны гэрчилгээний нэр шилжүүлж өгнө” гээд Ч.Сандаг-Очир ирээд аваад явсан. Түүнээс хойш байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн юм байхгүй, алга болсон. Би энэ хугацаанд байрандаа засвар хийж байгаад 2012 оны 9 дүгээр сард нүүж орсоныхоо дараа Ч.Сандаг-Очирыг миний худалдан авсан байрны гэрчилгээг барьцаанд тавьсан талаар мэдсэн. Түүнээс хойш удаа дараа “байрны гэрчилгээг шилжүүлэн өгөөч” гэж гуйсан, мөн сануулан хэлсэн. 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр би бэлнээр өгсөн. Ч.Сандаг-Очир надаас мөнгө авсныхаа дараа энэ гэрээг үйлдсэн. ...Би хувааж тасалсан зүйлгүйгээр 26.500 ам. доллар шууд өгсөн. Ч.Сандаг-Очир худлаа хэлж, надад байрыг маань миний нэр дээр шилжүүлж өгөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна. Одоо надтай уулзахгүй зугтаад байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-126/, гэрч Г.Даваасүрэнгийн 2007 оноос эхлэн Ч.Сандаг-Очир компани байгуулна гээд манай нөхрөөс мөнгөө зээлж авдаг байсан. ...Манай нөхөр Ганболдод байгаа. ...78.000.000 төгрөгийн оронд авсан мөнгийг Ч.Сандаг-Очирт нөхөр маань бэлэн өгсөн гэж надад хэлж байсан. Яг хаана ямар байдлаар Ч.Сандаг-Очирт өгснийг би хэлж мэдэхгүй байна /1-р хх-18-20/, гэрч Э.Баярчулууны “...Анх тохиролцсоны дараахан 2012 оны хэдэн сард гэдгийг санахгүй байна, цөөхөн хоногийн дараа С.Ганболд нь миний санаж байгаагаар 4.500 орчим ам.долларыг бэлнээр ажлын газар болох Ард даатгалын 303 тоотод авчирч өгч байсан...” /2-р хх-32/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  цугларсан  бичгийн  нотлох  баримтуудаар Ч.Сандаг-Очирын гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх Ч.Сандаг-Очирын мэдүүлгүүдэд тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж зааснаар анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Сандаг-Очир бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байна. Иймд Ч.Сандаг-Очирт холбогдох цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Хохирогч С.Ганболдын өмгөөлөгч С.Нэргүй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Сандаг-Очирт холбогдох хэрэгт улсын яллагчаас яплах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болохыг доорх байдлаар гомдолдоо тусгаж байна. Үүнд:

Цагаатгах тогтоолд гэрч Г Даваасүрэн буюу хохирогч С Ганболдын эхнэрээс авсан гэрчийн мэдүүлгээс хэд хэдэн удаа иш татаж “...54А 6 тоот байрны гэрчилгээний хувьд сарын дотор банкнаас суллаж өг гэж тохирсон” гэсэн мэдүүлгээр нь С.Ганболд, Ч.Сандаг-Очирыг зээлээр орон сууц худалдан авах гэрээг Худалдаа хөгжлийн банктай байгуулж орон сууцаа барьцаалсан байсан болохыг мэдэж байсан болох нь ...тогтоогджээ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Хохирогч С.Ганболд нь Ч.Сандаг-Очироос байрыг худалдаж аваад төлбөр тооцоог төлж дуусгаад, тухайн байранд орсноосоо хойш буюу Ч.Сандаг-Очир байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгнө гээд өгсөн баримтаа буцааж авснаас хойш удаа дараа шаардаж, хэл ам болж байж Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд байгааг мэдэн цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг үүсгэсэн. Гэрч Г.Даваасүрэн нь мөн л энэ үеэс худалдаж авсан байр нь барьцаанд байсныг мэдсэн. Энэ тухайгаа л мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаагчаас асуусан асуултад Г.Даваасүрэнгээс Ч.Сандаг-Очирын худалдсан байр нь барьцаанд байгааг байр худалдаж авахаас өмнө мэдсэн үү, сүүлд нөхрөөсөө мэдсэн үү гэдгийг цаг хугацаагаар нь тодорхой тодруулж асуугаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх Г.Даваасүрэнгийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгээс нь гурван удаа иш татаж тэмдэглэсэн байгааг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч үзнэ үү. Ч.Сандаг-Очир нь Худалдаа хөгжлийн банкнаас 2011 онд эхэлж зээл авахдаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Бэгдү” хорооллын 54А-5 тоот орон сууц 54А-6 тоот орон сууцыг тус тус барьцаанд тавьж зээл авч байсан бол 2013 онд Худалдаа хөгжлийн банкинд дахин зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа хохирогч С.Ганболдод худалдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Бэгдү” хорооллын 54А-6 тоот байрыг С.Ганболдод зарсан байтлаа дахин зээлийн барьцаанд тавьсан үйлдэл нь хохирогч С.Ганболдод тухайн байрыг хэзээ ч өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулж байгаагаараа Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарт бусдын эд хөрөнгө түүний өмчлөх эзэмших эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана гэж маш тодорхой заасан байгаатай ижил байхад анхан шатны шүүх энэ хэргийг иргэд хоорондын гэрээний харилцаа байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн болохыг дээр дурдсан байгаа. Ч.Сандаг-Очир нь иргэн С.Ганболдыг итгэл эвдэх замаар хуурч мэхэлж, эд хөрөнгө өмчлөх эрхийг Ганболдод буцааж өгөхгүйгээр урьдаас төлөвлөж, банкны зээлийн барьцаанд байгаагаа мэдэгдэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба буцаан өгөхгүй байх зорилготойгоор Худалдаа хөгжлийн банкинд С.Ганболдод худалдсан орон сууцыг уг банкинд дахин зээлийн барьцаанд тавьж үлдээсэн. Энэ хооронд өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Бэгдү” хорооллын 54А-5 тоот орон сууцаа эээлийн барьцаанаас чөлөөлүүлж, иргэн С.Ганболдын иргэний журмаар зээлээр олгож байсан төлбөр тооцооны үлдэгдлийг төлөхгүй гэсэндээ бусдад худалдан борлуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийж байсан. Энэ талаархи баримт хавтаст хэрэгт байгаа болно. Иймд Ч.Сандаг-Очирын хохирогч С.Ганболдыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг эсэргүүцэж байна. Ч.Сандаг-Очир намайг удаа дараа итгэл эвдэн залилж, байрны гэрчилгээ өгнө гэж 47.500 ам.долларыг авчихаад, өгөлгүй 4-өөс 5 жил зугтаасан. 2012 оны 4 дүгээр сарын сүүлээр энэ байрыг зарна гэсэн. Ингээд би анх 5 дугаар сарын 1-ний өдөр 26.500 ам.доллар өгч худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр би 5 дугаар сарын 9-ний дотор 4.500 ам.доллар, 7.500 ам.доллар өгөхөөр тохиролцсон. Ингээд би 5 дугаар сарын 3-ны өдөр 4.500 ам. доллар, 5 дугаар сарын 7-ны өдөр 7.500 ам.доллар өгсөн. Мөн үлдсэн мөнгөнд нь Санзайд байх газраа өгөхөөр тохиролцсон байсан бөгөөд Ч.Сандаг-Очир тухайн газрыг үзээд авахгүй гэсэн. Ингээд 5 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн 9.000 ам.долларыг өгсөн бөгөөд нийт 47.500 ам.долларыг би Ч.Сандаг-Очирт өгсөн. Ингээд Ч.Сандаг-Очир байраа суллаад би байранд нь нүүж орсон. Надад хоёр байрны гэрчилгээг өгсөн боловч 2 хоног болоод “Нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж авч яваад л зугтаасан. Би үүнээс хойш хойноос нь 1-2 жилийн хугацаанд хөөцөлдөхөд Ч.Сандаг-Очир худлаа яриад зугтаад байсан. Мөн Ч.Сандаг-Очир надаас мөнгө зээлчихсэн байсан. Би үүнийг иргэний журмаар нэхэмжилсэн бөгөөд гурван шатны иргэний шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ч.Сандаг-Очироор төлүүлэх шийдвэр гарсан. Энэ үед Ч.Сандаг-Очир өөрийн амьдарч байсан байраа зарж, өөрийн нэр дээр байсан эд хөрөнгөө бүгдийг нь бусдын нэр дээр шилжүүлж зугтаасан. “2017 оны 1 дүгээр сарын дотор байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө” гэсэн бичиг хийж өгсөн атлаа “ийм зүйл бичиж өгөөгүй” гэдэг. Ч.Сандаг-Очир бичсэн болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ч.Сандаг-Очир “байрыг чинь зараад, улсын хилээр гараад явчихсан. Чи юу олж долоох юм” гэж удаа дараа заналхийлсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Сандаг-Очирын өмгөөлөгч Ц.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал байхгүй. Ч.Сандаг-Очирт залилах санаа зорилго байхгүй. Иргэдийн хооронд худалдах, худалдан авах гэрээнээс гарсан маргаан олон байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

Учир нь гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх гэмт санаа төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн итгэл эвдэх зорилгоор хийсэн үйлдэл тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Харин Ч.Сандаг-Очир, С.Ганболд нарын хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр үүссэн маргаан учир залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд цагаатгагдсан этгээд Ч.Сандаг-Очир, С.Ганболд нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах талаар иргэд хоорондын харилцаа үүсч, С.Сандаг-Очир нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 54А байрны 5 тоот болох 45 м2 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг 47.500 ам. доллараар С.Ганболдод худалдсан бөгөөд 26.500 (өмнөх зээлийн гэрээний улмаас төлж дуусгаагүй байсан төлбөр) ам. долларыг (бэлнээр өгсөн болгон гэрээ хийж) үлдэгдэл төлбөрийг байрны гэрчилгээ шилжүүлэх үед Санзай зуслан дахь байшинг газрын хамтаар шилжүүлэн өгөх тухай гэрээ /1-р хх-167-168/ байгуулжээ.

Энэхүү гэрээг залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг хохироох зорилгоор хийгдсэн гэх шинж тогтоогдохгүй байгаагаас гадна талууд харилцан тохиролцож, С.Ганболд нь уг орон сууцыг банкны барьцаанд барьцаалсан гэдгийг мэдсээр байж байгуулсан байна.

Түүнчлэн С.Ганболд орон сууц худалдаж авахаас өмнө Ч.Сандаг-Очир Худалдаа хөгжлийн банктай зээлээр орон сууц худалдан авах гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалсан байсныг мэдэж байсан, Ч.Сандаг-Очир нь С.Ганболдоос урьд зээлсэн мөнгөний төлбөрт тооцож, уг орон сууцыг худалдсан болох нь гэрч Г.Даваасүрэнгийн “...С.Сандаг-Очир нөхрөөс маань мөнгө зээлээд буцаад өгч чадаагүй учраас 2012 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54А-6 тоот байрыг манайд өгсөн. Бид нар байрандаа орохдоо бүх тооцоо дууссан, энэ байрыг мөнгөний оронд авсан, ...орон сууцны гэрчилгээний хувьд сарын дотор банкнаас суллаж өгнө гэж тохирсон...” /1-р хх-20-21/, гэрч Б.Батнасангийн “...С.Ганболд, Ч.Сандаг-Очир нар анх байр худалдаж авах талаар ярилцах үед байрны гэрчилгээ нь Ч.Сандаг-Очирт байхгүй байсан ба миний ойлгосноор байр нь банкны лизингээр зээлийн барьцаанд байсан гэдгийг С.Ганболд мэдэж байсан болоод худалдаж авсан байх...” /2-р хх-32/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн Ч.Сандаг-Очир нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай “Орон сууцны зээлийн гэрээ” /1-р хх-44-47/ байгуулж, орон сууцаа барьцаалж, 8 хувийн зээлд хамрагдсан нь орон сууцаа бусдад худалдахад харшлахгүй болно.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч С.Ганболдын өмгөөлөгч С.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8 тоот эсэргүүцэл, хохирогч С.Ганболдын өмгөөлөгч С.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН