Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 959

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              улсын яллагч Т.Оргил-Очир,

              шүүгдэгч Г.Д,

              гэрч М.Баяржаргалант, Д.Энхжаргал,

              нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цагаанчууд овогт Галсангийн Г.Дд холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 802-1105 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаанчууд овогт Галсангийн Г.Д /РД: ЕЭ87123074/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1. Шүүгдэгч Г.Д нь Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнийн дүнг өсгөж, 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулан уг хэмжээний санхүүжилтийг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авч, улмаар 62.676.000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137.116.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Билгүүний мэдүүлэг /41хх-ийн 171х/,

гэрч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ...Үйлдвэрийн дадлага хийх үед буюу 2008 онд Г.Дтэй багшийн хувьд зөвлөлдөхөд Хөдөлмөрийн яаманд дадлага хийх саналыг тавьж, холбож өгч байсан. Ингээд тус яаманд Г.Дгийн тусламжтайгаар дадлага хийсэн, 2008 онд сургуулиа төгссөн. Хэсэг хугацааны дараа Г.Д надтай холбогдож уулзаад цаашид юу хийх талаар зөвлөлдөж улмаар Ардчилсан намд ажиллах санал тавьсан. Үүний дагуу би намын байранд очиж хүний нөөцийн дарга Ургамалцэцэг гэж хүнтэй уулзаж, ярилцлаганд орж, улмаар улс төрийн бодлогын хэлтсийн ажилтнаар ажилласан. Энэ үеэс л Г.Дтэй харилцаж, холбогдож эхлэсэн. 2009 оны эхээр Г.Д хамтарч компани байгуулъя гэдэг санал тавьсан. Г.Д хэлэхдээ би эгч Улзмаагийн нэр дээр компани байгуулах гэсэн юм гэж байсан. Ингээд Г.Дгийн хэлсний дагуу би 35 хувь, эгч Улзмаа нь 65 хувь эзэмшихээр болж, Г.Дгийн бэлдсэн материалыг авч УБЕГ-т түүний хэлсэн хүнд аваачиж өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа УБЕГ-аас над руу ярьсаны дагуу очиж, компаний гэрчилгээг авч, улмаар тамга, тэмдэгийг нь захиалсан. Миний хувьд тус компанийг үүсгэн байгуулахад нь ямар нэгэн хувь, хөрөнгө мөнгө гаргаагүй. “Эн Ай Ди Би” ХХК-нийг 2009 онд үүсгэн байгуулчихаад бүтэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд 2010 онд Г.Д намайг дуудаж, тендерт орох болсон гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Ингээд Г.Дгийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудад очиж автопүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд авчирч өгсөн. Тухайн үед компаний Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Г.Дгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Г.Дгийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Г.Д өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд автопүүг БНХАУ-аас захиж авчруулсан бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурьлуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Г.Дгийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Хийх ажлын талаар түүнд танилцуулж, зөвшөөрөл авч хийдэг байсан гэж ойлгож болно. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Г.Дд хэлж, түүний сонгосон компани аж ахуйн нэгжээс худалдан авалтыг хийдэг байсан. Үндсэндээ Г.Дгийн гарын үзүүрт тус компанийн үйл ажиллагааг  явуулж байсан. Миний хувьд хөрөнгө мөнгө оруулаагүй учир, ямар нэг эрх эдлэхийг санаархаагүй. Ингэж ажиллах хугацаандаа тус компаниас болон Г.Дгээс цалин хөлс авч байгаагүй. Харин ч бүр бараа, материалаа урдаас татахдаа аавынхаа автомашинаар үнэгүй тээвэрлэж оруулж ирж байсан удаатай. Ингээд автопүүг Г.Д нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгсөнөөр уг ажил дууссан. Тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөг болон валютын харилцах данстай байсан. Данснаас мөнгө гаргах эрх нь гүйцэтгэх захирлын хувьд надад байсан. Тус компаний дансны хуулгыг үндэслэн зарцуулалтын талаар яръя. Үүнд 2010.08.10-ны өдөр 67.646.150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Г.Дд хүлээлгэн өгсөн. 2010.10.12-ны өдөр 112.166.920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь буюу 2010.10.13-ны өдөр миний бие бэлнээр авч, Г.Дгийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010.12.08-ны өдөр 19.979.230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Г.Дд өгсөн.  Дээрхи санхүүжилтээс хэдийг нь юунд зарцуулсаныг тодорхой санахгүй байна. Бүх мөнгийг Г.Дд аваачиж өгсөн бөгөөд түүнээс ажлын хэрэгцээ, шаардлагаар авч зарцуулж байсан. Одоо бодоход ойролцоогоор 70-80 сая төгрөгийн зардал гарсан байх гэж тооцоолж байна. Нарийн тооцоо бол байхгүй. Г.Д өөрөө мөнгөө авчихаад надад бага, багаар өгдөг байсан учир тооцох боломж байгаагүй. Г.Д надад хэлэхдээ Кристал таунд байрлах орон сууцыг худалдаж авах гэж байна, энэ мөнгөө тийш нь оруулна гэж байсан. Санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс надад 20 сая төгрөг өгөөд чи дансандаа хадгалчих гэхээр нь надад урамшуулал өгч байгаа юм байна даа гэж бодож байтал хэсэг хугацааны дараа “мөнгөө аваад ир” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “би нөгөө Кристал таун дахь байраа худалдаж авч байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс байр авахдаа зарцуулсан байх ёстой. Тус компаниар Пүүний ажил хийж дууссаны дараа Г.Д дуудаж компаний бүх хувийг чамд өгнө гэхээр нь явж очиход бичиг баримтаа бэлдчихсэн байсан. Ингээд Г.Улзмаагийн 65 хувийг авсан. Ингээд хэсэг хугацааны дараа наад компаниа манай ахад өг гээд Болдбат гэж хүнд шилжүүлж байсан. Ийм л асуудал болсон. Нэмж ярихад компаний бичиг баримтанд миний нэр байсан хэдий ч би үйл ажиллагааг нь явуулж, мөнгө захирах эрх байгаагүй, Г.Дгийн хэлсний дагуу л удирдаж байсан. Сүүлд Г.Дгийн нөлөөллөөр Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдож, ажилласан бөгөөд захирагч Сэмэрийн эзгүйд миний бие хэсэг хугацаанд түүнийг орлох үед Г.Д илтэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, хүн халах солихыг хүртэл зааварчилж байсан бөгөөд арга буюу би ажлаа өгсөн. Үүнээс хойш түүнтэй  харилцаагүй...” гэх мэдүүлэг /37хх-ийн 215-218х/,

гэрч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2009 оны эхээр Г.Дтэй уулзахад хоёулаа нэг компани байгуулъя гэдэг санал тавьсан. Ингээд компани байгуулах болж Г.Д 65 хувийг нь эзэмшиж, намайг 35 хувийг нь эзэмш гэсэн. Ингээд Г.Д компанийн нэрийг бодож Ай Ди Би буюу IDB буюу /International Development Business/ гэж нэр сонгосон байсан. Тэгээд намайг УБЕГ-т очиж нэр аваадах гээд явуулсан. Тэгээд би тэнд очиж нэрийг нь шүүлгэхэд ийм нэр байсан учир Г.Дд хэлэхэд урд нь Эн үсэг /N/ нэмж Эн Ай Ди Би /NIDB/ гэж нэртэй компани байгуулсан. Г.Д нь өөрийнхөө 65 хувийг төрсөн эгч Г.Улзмаагийн нэр дээр бүртгүүлсэн. Байгуулсанаас хойш намайг гүйцэтгэх захирлаар ажиллуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй учир Татварт икс тайлан өгч байсан. Татварын тайланг нь Г.Д бид хоёр Г.Дгийн Засгийн газрын ордон дахь 497 тоот өрөөнд нь нийлж, гаргадаг байсан. Тайлангийн захирал гэсэн хэсэгт нь би гарын үсэг зураад, нягтлан бодогч гэсэн хэсэгт нь Г.Д нь Дэлгэрцэцэг гэж хүний нэр зохиогоод биччихдэг байсан. Ингээд ямар ч байсан компани байгуулсан боловч үйл ажиллагаа байхгүй хэсэг явсан. Миний хувьд Ардчилсан намдаа ажлаа хийгээд явж байсан. Г.Д ч гэсэн Тэргүүн шадар сайдын туслахаараа ажиллаад явж байсан. Тэгээд 2010 онд нэг өдөр намайг ордонд өрөөндөө дуудахаар нь яваад очиход Замын-Үүдэд пүү нийлүүлэх тендер байна, энэ тендерт манай компани орно. Тийм учраас чи энэ албан бичгүүд дээр гарын үсгээ зурчих гэсэн. Тэр албан бичгүүдийг Г.Д урьдчилаад бэлдчихсэн байсан. Одоо санахад тендерт оролцох хүсэлт зэрэг байсан байх. Ингээд хэсэг хугацааны дараа над руу яриад тендерт манай компани ялсан. Одоо ажил ихтэй боллоо шүү, намынхаа ажлыг зохицуулаарай гэж хэлж байсан. Ингээд Хил хамгаалах газар, Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албанаас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл зэрэг бичиг баримтуудаа хөөцөлдөж байх үед урьдчилгаа мөнгө орсон гэж Г.Д хэлсэн. Тэгээд Худалдаа хөгжлийн банкин дахь компанийн дансанд орсон байсан 67.000.000 орчим төгрөгийг авч, Г.Дгийн 1-р хороололд байрлах гэрт нь очиж аваачиж өгсөн. Ингээд Г.Дгийн хэлсний дагуу түүнээс замын зардал авч, БНХАУ-ын Бээжин хотод очиж автопүүний үйлдвэрүүдэд очиж нилээдгүй авто пүү судлаж, зураг катологи, танилцуулгыг нь авчирч өгсөн. Ингээд Замын-Үүд чөлөөт бүсийн хашаанд байрлах пүү байрлуулах газарт геологийн шинжилгээ хийлгэж, хариуг нь авсан. Энэ ажлыг миний бие очиж гарын үсэг зурж гэрээ байгуулаад Замын-Үүдэд манай ээж, аав очиж шинжилгээ хийхэд нь байлцаж байсан. Мэдээж ээж, аавыг би гуйж байлцуулсан юм. Г.Д ч гэсэн хэлэхдээ танай ээж аав байдаг юм чинь туслуулаарай гэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа БНХАУ-ын Эрээн хотод пүү ирсэн очиж ав гэж Г.Д хэлэхээр нь Эрээн лүү очиж аавын 1 машинаар ачиж оруулж ирэн, чөлөөт бүсийн хашаанд буулгаж байсан. Үүний хажуугаар миний бие эрээн хотод очихдоо цемент, тоосго, камер, компьютер, ширээ, сандал, гадна гэрэл зэргийг худалдан авч пүүтэй цуг оруулж ирсэн. Энэ бүгдийн зардлыг тухай бүр Г.Дд танилцуулж, түүнээс бэлнээр мөнгө авч байсан. Ингээд оруулж ирсэн зүйлсээ Замын-Үүд чөлөөт бүсийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан компанийг туслан гүйцэтгэгчээр оруулж ажиллуулахаар тохирсон боловч тус компани өөрсдийнхөө ажлыг явуулаад манай ажлыг хийхгүй удаашраад байсан. Тэр бүрт Г.Д над руу ярьж наад хүмүүсээ хурдлуул гэж шаарддаг байсан. Өөрөө бол нэг ч удаа тэдэнтэй харьцаж байгаагүй, надаар дамжуулдаг байсан. Ингээд ажил явахгүй байхаар нь Замын-Үүд дэх гаалийн газрын өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан хятад ажилчидтай хувиараа тохирч, оройн цагаар ажиллуулан барилгыг бариулж, дуусгасан. Пүүний тохируулгыг Улаанбаатар хотоос Г.Дгийн холбож өгсөн нэг буурал толгойтой настай өвгөн ирж хийж байсан. Ингээд пүүний ажил дуусч, орон нутгийн улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ үеэр Г.Д Замын-үүдэд ирж өөрөө хүлээж авч байсан. Ийм л ажил болсон. Энэ хугацаанд компанийн дансанд 3-4 удаагийн байдлаар нийт 199.000.000 орчим төгрөг орж ирсэн бөгөөд орж ирсэн даруйд нь данснаас авч Г.Дгийн 1-р хороолол дахь гэрт нь аваачиж бэлнээр өгч байсан. Мөнгө орсон даруйд Г.Д над руу өөрөө залгаад одоо компанийн дансанд мөнгө орсон, очиж аваад хүрээд ир гэж хэлдэг байсан. Ингээд миний тооцоолсноор нийтдээ 70.000.000-80.000.000 орчим төгрөгөөр уг пүү, пүүний барилга бүрэн боссон. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна, санхүүгийн бүх тооцоо бичиг баримтыг Г.Д авчихдаг байсан. Энэ ажлыг Г.Д надаар гардуулж хийлгүүлсэн мөртлөө нэг ч төгрөгийн хөлс, урамшуулал өгөөгүй. Миний хувьд өөрийн ээж, аавын ажиллуулдаг автомашинаар хүртэл пүүг үнэгүй тээвэрлэж оруулж ирэх зэрэг байдлаар нилээдгүй мөнгийг өөрөөсөө гаргасан боловч тэрийг ч буцааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл улсаас пүүний санхүүжилтэнд манай компанийн дансанд орсон мөнгөнөөс би нэг ч төгрөгийг хувьдаа ашиглаагүй. Орсон мөнгийг бүгдийг нь Г.Дд аваачиж өгдөг байсан. Тэр мөнгөнөөс пүү барих зардалд тодорхой мөнгийг Г.Д надад өгч түүнийг нь би зарцуулдаг байсан. Энэ ажил эхлэхээс өмнө бид 2 намд ажиллаж байхад Г.Дгийн хамт Кристал дахь загварын байрыг очиж үзэж байсан. Г.Д хэлэхдээ энэ гоё байр байна. Ийм байранд л амьдрах ёстой гэж хэлж байсан. Тэгээд байж байтал тэр байраа авчихсан байсан. Энэ пүүний мөнгөнөөс авсан байх гэж бодож байна. Учир нь пүүний мөнгө орж ирэх үед л энэ байрыг авсан байсан. Сүүлд нь байраа авсаных нь дараа намайг урихаар нь гэрт очиж, хоол идэж байсан. Хааяа, хааяа очиж уулздаг л байсан. Г.Д хэлэхдээ тендерт орно гэж байсан, дараа нь шалгарсан гэж байсан. Яг хэрхэн оролцсоныг нь би мэдэхгүй. Намайг дуудаад урьдчилан бэлдсэн бичиг баримтуудад л гарын үсэг зуруулдаг байсан...” гэх мэдүүлэг /43хх-ийн 123-128х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгчээр ажиллаж байсан Ч.Гэрэлцэцэгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэргийг үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2009.03.24-ний өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн УБ03 маягтыг иргэн Н.Энхболдоос гаргасныг үндэслэн тус компанийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тус компанийг иргэн Галсангийн Улзмаа /ЕЭ76110283/-гийн 65 хувь, иргэн Нацагдоржийн Энхболд /ЕЭ87022177/-ын 35 хувьтайгаар Гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, бараа тоног төхөөрөмжийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан байна. Хувийн хэрэгт авагдсан материалаас үзэхэд тус компанийг анх Г.Улзмаа, Н.Энхболд нар нь үүсгэн байгуулсаныг нотолсон дүрмэн дээр миний тухайн үед ашиглаж байсан Татварын улсын байцаагчийн 0100 дугаартай хувийн тэмдэг дарж, улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон дөрвөлжин тэмдэг дээр би гарын үсгээ зурж баталгаажуулсан байна...” гэх мэдүүлэг /37хх-ийн 227-229х/,

гэрч Х.Норовын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “Эн Ай Ди Би” /NIDB/ ХХК-д ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дгийн компани гэж ойлгож байсан. Компаний ерөнхий захирлаар нь Н.Энхболд гэж Г.Дгийн найз ажиллаж байсан. Ер нь бол цаасны компани буюу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани гэж л ойлгож байсан. Миний бие 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Дтэй танилцаж байсан. Тэгээд тэр 2010 онд над руу ярьж, уулзахад “чи их давгүй залуу байна гэж бодлоо, хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан. Ингээд хамтарч компани байгуулахаар шийдвэрлэж “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.Улзмаа, 35 хувийг миний бие эзэмшсэн. Энэ компанийг үүсгэн байгуулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа уулзахад Г.Д нь “үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэхээр нь өөрийн найз Дашдаваагаас түүний үүсгэн байгуулсан “Парадайз Бизнес” ХХК-ийг худалдан авч нэрийг нь “Хар-Арслан” гэж өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үйл явц өрнөж байх үеэр мөн Г.Д над руу ярьж Зам-Үүд яваад ирье гэхээр түүнтэй хамт явсан.Г.Дгийн хэлснээр “Эн Ай Ди Би” ХХК нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд автопүү хүлээлгэн өгч байгаа, одоо хүлээлгэж өгөхөөр явж байна, чи хүлээлцэхэд тус компаний ерөнхий менежер мэтээр оролцоод хүлээлгэж өгөөч” гэж хэлж байсан. Г.Д нь ярихдаа “энэ ажлыг авсан, өөр ч ажил авна, гол нь ашиг л олж байвал юу ч хийж болно” гэх утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байна. Ингээд Замын-Үүд суманд Чөлөөт бүс гэх газарт нь очиход пүүний барилга гэж Дөрвөлжин путка хэлбэрийн байшин баригдаж байсан ба автопүү нь суурьлуулагдаагүй, суурийг нь цутгачихсан байсан. Тэгээд Энхболд бид 2 Г.Дгийн хүсэлтээр тус ажилд нь туслалцсан бөгөөд барилгын ажил дуусч, пүүг суурьлуулсан. Энэ үеэр пүүний мэргэжилтэн гэж хүн авчирч пүү тохируулж байсан. Энэ үйл ажиллагааг Г.Д, Энхболд нар л удирдан зохион байгуулж байсан. Ингээд Замын-Үүдээс хэсэг хүмүүс ирж уг ажлыг хүлээж авсан. Миний хувьд Г.Дгийн хүсэлтийн дагуу пүүний ажил хүлээлцэх явцад “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийг хэн хэрхэн үүсгэн байгуулсан талаар нь мэдэхгүй.  Гэхдээ Г.Д нь Энхболдод багахан хувь өгөөд өөрөө ихэнхийг нь аваад надтай адилхан компани байгуулаад явж байсан юм болов уу л гэж ойлгосон. “Эн Ай Ди Би” ХХК-ыг Замын үүдийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг авах тендер сонгон шалгаруулалтанд ямар байдлаар оролцсон талаар огт мэдэхгүй байна. “Эн Ай Ди Би” ХХК-д орсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй. Замын-Үүд явсаны хөлсөнд тодорхой юм өгөх болов уу гэж бодож, горьдож байсан боловч огт мөнгө өгөөгүй, ийм их мөнгө авсан гэдгийг нь ч мэдэхгүй. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг хүлээлцэх явцад ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөөгүй санагдаж байна, урьдчилан бэлдсэн зүйлүүд дээр л гарын үсэг зуруулаад байсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийн захирал Н.Энхболдыг Г.Дгийн их сургуулийн ангийнх нь хүүхэд гэж сонсч байсан. Бас л миний адил Г.Дгийн гар хөлийн үзүүрт зарагдаж байсан байх. Г.Дгээр дамжуулж л танилцаж байсан...” гэх мэдүүлэг /37хх-ийн 211-214х/,

гэрч Н.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Эн Ай Ди Би” ХХК-д ямар нэгэн хувь оролцоо байхгүй. Харин миний хүү Энхболд нь 2010 онд тус компанид ажиллаж байх үед нь Замын үүд чөлөөт бүсэд очиж хийгдэж буй барилгын ажлыг нь харж, машин тэрэг хэрэг болох үед нь олж өгч хүүдээ л тус болж байсан. Манай хүү Замын үүдэд байнга байдаггүй байсан учир утсаар ярьж тус барилгын ажлыг очиж харж, хянахыг гуйдаг байсан юм. Ингээд хүүгийн хүсэлтээр пүүний байранд ашиглах тоосго, цемент, цонх болон бүхий л барилгын материал болон автопүү зэргийг нь өөрийн автомашинаар БНХАУ-ын Эрээн хотоос хэлсэн газраас нь авчирж өгч байсан. Тухайн үедээ төлбөр мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй, миний хувьд ч төлбөр мөнгө тэднээс хараагүй, хүүгийн ажил л бүтэж байвал гэж бодож байсан. Эдийн засгийн чөлөөт бүс нь хилийн бүс учир хамаагүй нэвтрүүлдэггүй байсан тул миний нэр дээр тус компаний менежер гэсэн зөвшөөрөл авч өгөөд түүгээр нь би чөлөөт бүс рүү нэвтэрч, байдлыг нь хараад хүүд дамжуулж хэлдэг байсан. Манай хүү надад ашиг орлого олсон гэж хэлж байгаагүй. Ер нь надад мэдэгдэхээр овойж оцойсон ашиг олсон гэж л би лав анзаараагүй, байр сав байхгүй, ажил төрөлгүй, биднээс санхүүгийн дэмжлэг аваад л явж байгаа шүү дээ...” гэх мэдүүлэг /37хх-ийн 223-224х/,

Замын үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэнгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мэдээж ажил аваад өмнөх жилүүдийн санхүүгийн тайлан бланс, байгууллагын үндсэн хөрөнгөтэй танилцаж байсан бөгөөд манай Замын үүд дэх чөлөөт бүсийн нутагт 2 ширхэг авто пүү суурьлагдаж, үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байсан. Нэг пүү нь 2010 онд нөгөө пүү нь 2013 онд тус тус ашиглалтанд оруулсан байсан. Холбогдох бичиг баримтуудтай нь танилцаж байхад 2010 онд ашиглалтанд авсан автопүүг манай байгууллага зарим нэг баримт бичгийн бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр үндсэн хөрөнгөд бүртгэхгүй байж байгаад 2013 онд бүртгэсэн байсан. 2015 оны жилийн эцсийн тооллогоор “Эн Ай Ди Би” ХХК-ийн 2010 онд нийлүүлсэн автопүүг одоог хүртэл ашиглаагүй байгаа бөгөөд чанарын “дунд” гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн байсан. Харин сүүлд буюу 2013 онд авсан автопүүг бол “сайн” гэж дүгнэсэн байсан. Дорноговь аймгийн Замын үүд чөлөөт бүсийн хашаа бүхий 900 га талбайд тодорхой барилга байгууламжийг бариулж одоо дэд бүтцийн ажил хийгдэж байгаа ба уг бүс хараахан ашиглалтанд ороогүй байгаа. Тийм учраас дээр дурьдсан автопүүг нэг ч удаа ашиглаагүй байна. Чанарын шаардлагад хир нийцэж байгааг тодорхойлох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /37хх-ийн 231-232х/,

Замын-Үүд чөлөөт бүсийн нягтлан бодогч С.Эрдэнэбаатарын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өмнөх нягтлан бодогч Л.Чимэдсүрэнгээс 2012 онд ажил хүлээж авсан. Энэ үеэр үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй Замын-Үүдэд байрлах 150 тонны автопүүг хүлээлцсэн. Энэ автопүүг дээд шатны байгууллагуудад удаа дараа албан бичиг явуулж байж, хөөцөлдөж байж 2013 оны 12 сард үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан. Анх бол 2010 онд хүлээж авчихаад чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй автопүү учир орлогод авахгүй байсан гэж ойлгосон. Энэ талаар өмнө ажиллаж байсан нягтлан бодогч болон манай байгууллагын мэргэжлийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Д.Баатарзоригт нар хэлж байсан. Энэ талаар мөн санхүүгийн аудитын байгууллагаас “төрийн хөрөнгийг эзэнгүй болгож байгаа учир орлогод ав” гэж зөрчил заасан байсан. Ийм учиртай автопүү манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа. Харин хэрхэн худалдан авсан талаар мэдэхгүй байна. Миний ойлгосноор Тэргүүн шадар сайдын ажлын албанаас тендерийг зохион байгуулж, худалдан авч өгсөн гэж ойлгодог. Төсөв, санхүү нь манай байгууллагаас гараагүй байдаг. Одоохондоо манай чөлөөт бүс ашиглалтанд ороогүй байгаа учир уг пүүг ашиглаагүй байна...” гэх мэдүүлэг /37хх-ийн 233-234х/,

Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжилтэн  Б.Дэлгэржаргалын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ажлын чөлөөтэй байж байгаад 2010 оны 9 сард эргэж ажилдаа ороход Чөлөөт бүсийн хашаан дотор пүүний байр баригдаж суурь цутгагдсан, пүүний 4ш төмөр тавцан орж ирсэн ажил дуусах шатандаа явж байсан. Би “Эн Ай Ди Би” гэж хотын компани энэ ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг олж мэдсэн. Тендер худалдан авалтыг нь Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулж дээгүүрээ л бүх юм нь шийдэгдсэн гэсэн. Төсөв мөнгө нь ч манайхаас гараагүй, Тэргүүн шадар сайдын багцаас гарсан гэсэн. Тухай үед Энхболд, Норов гэж залуучууд “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж ирж очин явдаг байсан. Ингээд 2010 оны сүүлээр тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Д, “Эн Ай Ди Би” ХХК-ийн Норов, Энхболд нар болон бусад хүмүүс ирж пүүг манай чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн. Улсын комисст шууд Тэргүүн шадар сайдынхаа шугамаар хүлээлгэн өгсөн гэж ойлгосон. Ингээд хэсэг хугацаанд буюу 2013 оныг хүртэл тус автопүү байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авахгүй байж байгаад авсан санагдаж байна. Учир нь пүүг барьсан компани нь бичиг баримт, гүйцэтгэлээ дутуу өгсөн гэж байсан. Ингээд л одоог хүртэл огт ашиглагдаагүй байж байна. 2011 онд дээврээс нь ус орж гоожсон тул доторхи компьютер бусад зүйлсийг нь дотор оруулж байсан. Мөн 2013 онд манай чөлөөт бүсэд “Хаш техник” ХХК-иас дахин автопүү хийсэн бөгөөд түүний угсралтыг Ганхэмжүүр гэж компани хийсэн байдаг. Тус компанийхан пүүний тохируулга хийгээд хүлээлгэн өгч байх үед нь 2010 онд хийлгэсэн автопүүг ажилд оруулах талаар асуухад “Монголын стандартад тохирохгүй пүү байна. Шинээр тохируулга хийлгэх хэрэгтэй” гэж зөвлөгөө өгч байсан. Ашиглаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн ярьснаар сүүлд буюу 2013 онд хийгдсэн автопүүний хажууд муу, чанар муутай автопүү гэдэг...” гэх мэдүүлэг /37хх-ийн 238-239х/,

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга С.Мөнхтөрийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус чөлөөт бүс нь төрийн захиргааны байгууллага гэсэн статустай бөгөөд Тэргүүн шадад сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын алба, Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус харъяалагдан үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай байгууллага нь Замын-Үүд чөлөөт бүсийн газарт байрлах барилга байгууламж, 2 ширхэг авто пүү, пүүнүүдийн байр, талбайн хашаа, тодорхой тооны автомашин, оффисын тавилга, хэрэгсэл зэрэг үндсэн хөрөнгүүдтэй. Эхний автопүүг 2010 онд Тэргүүн шадар сайдын ажлын албанаас тендерийг нь зохион байгуулж, худалдан авч өгсөн гэх мэдээлэлтэй байгаа. Төсөв хөрөнгө нь мөн тэргүүн шадар сайдын ажлын албанаас гарсан. 2 дахь автопүүг 2013 онд Худалдан авах ажиллагааны газраас тендерийг зохион байгуулж, хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр пүүнүүдийг ашиглан одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Эхний пүү буюу Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь Стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус  байдалд байгаа. 2 дахь буюу Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хүлээн авсан автопүү нь холбогдох баталгаажилтыг хийгдсэн, үйл ажиллагаа явуулахад бэлэн автопүү юм. Уг худалдан авалтыг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулсан учир тендерийн баримт бичиг нь манайд байх ёсгүй. Манай байгууллагад уг ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл, шийдвэрийн хувь зэрэг бичиг баримтыг нэг хавтсанд үдэж хавтаслаж хадгалагдаж байгаа. Харин үнэлгээний хорооны хурал, шийдвэр, зохион байгуулалтын бусад бичиг баримтууд нь манайд байхгүй. Ажлын албанаас нь асуух хэрэгтэй. Замын-Үүд чөлөөт бүсийн нутагт байрлах Нэг цэгийн үйлчилгээ буюу хил, гааль, мэргэжлийн хяналт, татвар, улсын бүртгэл, иргэний харъяаллын байгууллага зэргийн үйл ажиллагааг дагаж орж гарч буй автотээврийн хэрэгслийг хэмжих автопүү зайлшгүй байх ёстой. Тус чөлөөт бүсийн хашаанд байгаа 2 пүү нь орох, гарах тээврийн хэрэгслийг хэмжих зориулалттайгаар орох газар зурвас газарт байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл 2010 онд хүлээн авсан пүү нь гарах, 2013 онд хүлээн авсан пүү нь орох машиныг жинлэх зориулалттай юм. Нэг автопүүг орох эсхүл гарах, эсхүл орох гарахад техникийн хувьд ашиглах боломжтой. Гэхдээ ажлын ачаалал, орж гарч буй тээврийг хэрэгслийн тоо хэмжээ, өсөн нэмэгдэх хэрэглээнээс шалтгаалаад нэг пүүг өөрөөр хэлбэл 2010 онд хүлээлгэн өгсөн пүүг орох, гарах гэсэн 2 зориулалтаар зэрэг ашиглах боломжгүй. Мөн Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажилт хийгдээгүй учир ашиглах боломжгүй. Нэгэнт тус байгууллага баталгаажилт хийхгүй байгаа учир чанарын шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. 2013 онд хүлээн авсан пүүг баталгаажилт хийлгэх үеэр 2010 оны автопүүнд баталгаажилт хийлгэхээр хүсэлт тавьсан боловч баталгаажилт хийгээгүй байдаг...” гэх мэдүүлэг /37хх-ийн 240-243х/,

Галсангийн Г.Дг Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд томилсон тухай Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар тушаал /20хх-ийн 70х/,

Монгол улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Г.Дг томилсон тухай 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тушаал /28хх-ийн 143х/,

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах, суурилуулах тухай 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ /28хх-ийн 27-29х, 33-34х/,

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн Ажлын албанд хадгалагдаж буй Замын-Үүдийн чөлөөт бүсэд суурилуулагдсан 150 тонны авто хэмжилтийн пүүний худалдан авалттай холбоотой бичиг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд /28хх-ийн 182-250х, 29хх-ийн 1-19х/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Эн Ай Ди Би” ХХК-ныг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх баримтууд /32хх-ийн 222-239х/,

Н.Энхболдын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичиж өгсөн тайлбар, түүнд хавсаргасан “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтай гар бичмэлийн хуулбар /27хх-ийн 220-221х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5189 дугаартай “...“Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Галсангийн Улзмаагийн Аж ахуй нэгж байгууллагын гишүүний анкетэнд бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн байна. “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтай гар бичмэлийг Г.Д бичсэн байна...” гэх дүгнэлт /26хх-ийн 126-127х/,

2010 оны Эн Ай Ди Пи ХХК-ны импортын мэдээ /28хх-ийн 40-41х/, “Парадайз бизнес” буюу “Хар арслан” ХХК-ны хувийн хэргийн хуулбар /19хх-ийн 128-184х/,

Сангийн яамны 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3-4/5830 дугаартай “...Монгол улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний санхүүжилтийг хурдавчлах талаар ирүүлсэн таны албан тооттой танилцлаа. Замын үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авахдаа анхны байгуулсан гэрээний үнийг пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэдэг үндэслэлээр 64.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 199.7 сая төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулсан нь Гаалийн Ерөнхий газрын захиалгаар энэ онд суурилагдсан ижил төстэй пүүнээс хэт өндөр үнэтэй байна. Энэ талаар Гаалийн Ерөнхий газраас авсан мэдээллийг Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөд танилцуулсан бөгөөд тэрээр орох, гарах шугам дээр тавьсан 2 ш пүү гэдэг тайлбарыг хэлсний дагуу тайлбар бичгийг нь 11 дүгээр сарын 29-ний өдөр авч санхүүжилтийн эрхийг нээсэн болно...” гэсэн албан бичиг /27хх-ийн 177х/,

Төрийн сангаас “Замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд пүү байрлуулах ажлын санхүүжилт” хэлбэрээр 2010.08.04-ны өдөр 67.646.150 төгрөг, 2010.10.11-ний өдөр 112.166.920 төгрөг, 2010.10.27-ны өдөр 19.979.230 төгрөгийг тус тус Эн Ай Ди Пи ХХК-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт, Эн Ай Ди Пи ХХК-ийн нэхэмжлэхүүд /28хх-ийн 26х, 32-35х/,

Төсвийн бодлогын газрын Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсээс 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хандсан “...Тэргүүн шадар сайдын 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Замын үүд эдийн засгийн чөлөөт бүсэд автомашин жинлэх 150 тонны даацтай автопүү худалдан авч суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас шалгаруулан 135.292.300 төгрөгийн өртөгөөр Эн Ай Ди Пи ХХК-тай 2010.06.28-ны өдөр гэрээ байгуулсан байна. Уг автопүүг худалдан авч угсрах явцад үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэдэг үндэслэлээр 64.500 мянган төгрөгөөр үнийг нэмэгдүүлэн 199.792.300 төгрөгийн нэмэлт гэрээг 2010.9.16-ны өдөр байгуулж Сангийн яамнаас 179.813.070 төгрөгийн санхүүжилт авчээ. Одоо ажлыг хүлээн авсан Улсын комиссын актыг ирүүлэн үлдэгдэл болох 19.979.230 төгрөгийн санхүүжилтийн эрх нээж өгөхийг хүсээд байна. Гэвч энэ онд 150 тонны авто пүүг хилийн 3 боомтод суурилуулж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр үнийн дүн эрс ялгаатай байгаа тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөхийг хүсье. Жич ГЕГ-аас таны нэр дээр ирүүлсэн мэдээллийг хавсаргав” гэсэн танилцуулга /29хх-ийн 12х/,

Гаалийн Ерөнхий газрын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хүргүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/4616 дугаартай “...ГЕГ нь 2010 онд Дорноговь аймгийн Замын үүд боомт, Говь-алтай аймгийн Бургастай боомт, Дорнод аймгийн Эрээн цав боомтод тус бүр 1, нийт 3 иж бүрдэл 150 тонны даацтай электрон автопүү худалдан авч, суурилуулахаар тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан, одоогоор орон нутагт автопүүг угсарч, суурилуулах ажил явагдаж байна. Замын үүд боомтод 150 тонны даацтай иж бүрэн электрон автопүү нийлүүлж суурилуулах 42/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 83.890.000 төгрөг, 84.447.022 төгрөг, 84.948.000 төгрөг, 248.000.000 төгрөгний үнийн санал, Эрээн цав боомтод суурилуулах 17/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 77.493.300 төгрөг, 94.948.000 төгрөг, 92.065.353  төгрөгний үнийн санал, Бургастай боомтод суурилуулах 16/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 87.948.000 төгрөгний үнийн санал тус тус ирүүлсэн...” гэсэн албан бичиг /27хх-ийн 185х/,

Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэрээр Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн х/499 дугаартай “...Комисс авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тонны даацтай орох, гарах пүүг цаашид ажиллах бүрэн боломжтой гэж үзэн дүгнэлтээ гаргасан. Бусад ажлын хувьд ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Иймд хөрөнгө оруулалтын эрхийг нээж, санхүүжилтийг олгож өгнө үү” гэсэн албан бичиг /27хх-ийн 182х/,

Тэргүүн шадар сайдын төсвийн багц дахь хөрөнгө оруулалтын зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн талаар Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэлийн өрөөнд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дтэй 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  хийсэн уулзалтын тэмдэглэл /27хх-ийн 183-184х/,

Дорноговь аймгийн Замын үүд Эдийн засгийн чөлөөт бүсэд “Эн Ай Ди Би” ХХК-иас 2010 онд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн авто пүүний байр, уг байр доторх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /37хх-ийн 245-246х/,

“Голден пэйж аудит” ХХК-ны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/15 дугаартай “...Дорноговь аймгийн “Замын үүд Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү, пүүний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 70.265.000 төгрөгөөр 2015.12.31-ний өдрийн байдлаар, 62.676.000 төгрөгөөр 2010.12.31-ний өдрийн байдлаар тус тус тогтоогдсон” гэсэн үнэлгээ /26хх-ийн 137-156х/,

Шинжээч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод байрлах 150 тонны автопүү, автопүүний барилга, холбогдох тоног төхөөрөмжид үзлэг хийж, үнэлгээний тайлан гаргасан. Үнэлгээг 2010.12.31-ний өдрийн болон 2015.12.31-ний байдлаар тус тус гаргасан. Үнэлгээг өртгийн хандлагын бүрэн орлуулалтын өртгийг тооцох аргаар хийж гүйцэтгэсэн. Уг авто пүү, барилга, холбогдох тоног төхөөрөмжүүд нь 2010.12.31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөг, 2015.12.31-ний өдрийн байдлаар 70.265.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Бүрэн орлуулах өртөгийг нь тухай хугацааны зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлын зорилго нь зах зээлийн үнийн баримжааг тогтоох байсан. Замын-Үүд чөлөөт бүсийн хүрээнд импортлож байгаа аливаа бүтээгдэхүүнээс гаалийн татвар авдаггүй юм байна лээ. Тийм учраас эдгээр бараа, бүтээгдэхүүн нь татваргүй орж ирсэн учраас татварыг тооцоолоогүй. Харин автопүүнд тээвэрлэлт, суурьлуулалтын зардлыг тооцсон. Мөн барилга барихад гарах бүхий л зардлыг барилгын нормативаар гарч байгаа зардал тооцогдсон байгаа.  Тийм учраас нийт үнэлгээнд бүхий л зардал орж тооцогдсон...” гэх мэдүүлэг /26хх-ийн 157-158х/,

Г.Түмэнхүүгийн автомашинд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэгжлэг хийх явцад хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Seagate гэсэн бичиглэл бүхий 40 GB-ийн багтаамж бүхий хард дискэнд үзлэг хийхэд: Denzen гэсэн нэр бүхий нийт 13.3 gb багтаамж бүхий фолдер байх бөгөөд фолдерт орж доторхи мэдээллийг нэг бүрчлэн үзэхэд: 1. My Documents New Folder гэсэн фолдерт ороход Burduuleh bichig barimt гэсэн хаяг бүхий файл байх бөгөөд уг файл нь ....барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд бүрдүүлэх жишиг баримт бичгийн жагсаалт, .... “Эй Ай Ди Би” ХХК-ийн ерөнхий инженер Н.Нацагдорж Пүүний суурийн нүх ухсан акт зураг гэх мэт мэдээлэл агуулагдсан байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэвлэн авч хэрэгт хавсаргахаар тогтов.  2.Desctop-Last гэсэн фолдерт ороход Bichig, burduuleh barimt -1, chuluut bus tushaal, huleeltssen akt, ulsiin komiss akt, ULSIIN KOMISS PROTOKOL, Дорноговь аймгийн замын… гэсэн нэр бүхий файлууд байх бөгөөд уг файлуудад орж үзэхэд : Дорноговь аймгийн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүү нийлүүлэх, суурьлуулах, хүлээн авахтай холбоотой бичиг баримт байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэвлэн авч хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд /37хх-ийн 247-250, 38хх-ийн 1-22х/,

Стандартчилал хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2016-002 дугаартай “...Дорноговь аймгийн Замын үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна.Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик нь загварын туршилтанд хамрагдаж, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор Х3190-А30 нь хэмжих хэрэгсэлийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна. Энэ жинг суурилуулсан “Эн Ай Ди Би” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгсэлийн загварын туршилтад орж Монгол улсын хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй жингийн ачаалал хэмжих тензо датчик 30 т, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй байна. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжлийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй, улсын баталгаажуулалт хийгдээгүй. Тухайн жинг ашиглалтанд оруулахад нийт 19.476.776 төгрөгний зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Эталон хэмжүүр” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов...” гэсэн дүгнэлт /41хх-ийн 153х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Г.Д нь давтан үйлдлээр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулахаар Я.Батсуурьд нөлөөлсөн, улмаар дээрх сонгон шалгаруулалтанд оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хаасан, “Говь повер” ХХК-нд давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулах үүрэг өгч, хууль бусаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулахаар нөлөөлсөн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 700.000.000 төгрөгийг “Говь повер” ХХК-нд шилжүүлэхээр Я.Батсуурьд нөлөөлсөн. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт  гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалсан байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулахаар нөлөөлсөн, улмаар Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралд оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан дүн болох 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлж, “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            “Эрдэнэс таван толгой” ХК-иас томилогдсон хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /41хх-ийн 162-163х/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Баяржаргалантын өгсөн: Говь-Фовер ХХК-г Улсын бүртгэлд бүртгэхдээ Гэрэлхүүгийн Уянга гэх хүнийг бүртгэсэн. Гэхдээ Говь Фовер ХХК-ны хувийн хэргийг өрийнхөө сэйфэнд нэг ч хоног хадгалаагүй.

Шүүгдэгч: Говь Фовер ХХК-ны хувийн барим бичигт 1 хүн хасагдаад 2 хүн нэмэгдсэн дүрмийн санд өөрчлөлт орж байсан. Хөрөнгийн үнэлгээ хийж хөрөнгийн сан нэмэгдүүлсэн баримтад тамга дутуу байсан. 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говь Фовер ХХК-аас хувьцаа эзэмшигчээс Ч.Уянгыг хасуулж 100% Д.Баярхүүд шилжүүлсэн улсын бүртгэлийг би хийгээгүй. Намайг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөр ажилд томилсон байсан. Үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш Чулуунхүүгийн Уянга болсон байсан. Би энэ хэрэгтэй холбогдуулан 3 удаа гэрчээр мэдүүлэг өгч байсан. Говь Фовер ХХК-ны материалыг эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм үүсгэн байгуулагчийн шийдвэр УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш Чулуунбаатарын Уянга гэж болсон байсан гэж мэдүүлсэн нь үнэн байсан. Говь Фовер ХХК-ны өөрчлөгдсөн гэх нэрийг хэрхэн өөрчлөгдсөн талаар миний мэдэж байгаагаар бид дунджаар 10 гаран шинэ ХХК 20 гаран тооны өөрчлөлт бүртгэдэг. Манай ахлах бүртгэгч н.Цэдэндорж намайг дуудаад Улсын бүртгэлийн Ерөхий газрын дарга Пүрэвдорж нэг материал яаралтай бүртгүүлэх тухай хэлээд байж байгаарай гэсэн. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан. Нэг үүсгэн байгуулагч байсан. Дашдондог гэх хүнээс Доржпүрэвийн Баярхүү, Гэрэлхүүгийн Уянга гэх 2 хүнд шилжүүлж байсан. Баярхүү өөрийн биеэр ирсэн. Өөр 2 эмэгтэй байсан. Би тэр өдөр 18 цаг өнгөрч байхад бүртгэлийг хийж дууссан. Бид нэмэлт өөрчлөлт хийгээд 7-10 хоногт буцаан өгдөг. Би олон хоног дарж хадгалаагүй. Тэр өдрөөс хойш тухайн материалыг хараагүй. Нэг удаа харсан. Харахдаа Эрүүгийн цагдаагийн газраас явж байна гээд намайг эд хөрөнгө цахимжуулалтын бүртгэлд ажиллаж байхад дуудаад та энэ бүртгэлийг хийсэнүү? гэж асуусан. Би хувийн хэргийг бүртгэлийг нь үзье гэхэд надад байхгүй гэсэн. Хартал манай улсын бүртгэгч Чулуунтуяагийн тэмдэгтэй өөр дүрэм байсан. Хувьцаа эзэмшигч өөрчлөх асуудал процесст хуулийн хугацаа нь 2-3 хоногт шийдвэрлэж болно. 2013 онд нэг цонхны үйлчилгээнд ирсэн хүмүүсийн материалыг аваад тухай бүр хийж өгдөг. Тухайн үед гэрчилгээг бас солиулсан хуулийн хугацаа 48 цагийн дараа гэрчилгээ гардаг боловч өдөрт нь гаргаж өгсөн. Би 2013 оны 01 дүгээр сард тухайн бүртгэлийг хийж 2013 оны 3 дугаар сард Цахимжуулалтын бүртгэлд 1 жил ажиллаж байгаад ахлах мэргэжилтэй болсон. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлд томилогдсон. Би Г.Уянгын бүртгэсэн гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Энхжаргалын өгсөн: “... би одоо “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит хувьцаат ХХК-д ажиллаж байгаа. “Говь Фовэр” ХХК-наас хүлээлгэн өгсөн эд зүйлс нь нийт 5,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд манай байгууллага нэмж капиталжуулан 7 гаран тэрбум төгрөгөөр үнэлж үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Энэ үндсэн хөрөнгөд Говь Фовераас авсан эд хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэсэн нь үнэн. Одоо Говь Фовераас авсан эд хөрөнгө Эрдэнэс Таван толгой ХХК-ны өмчид бүртгэлтэй явж байгаа. Би тухайн үед үндсэн хөрөнгө хариуцсан тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Хүлээж авсан ажлын хэсэгт байгаагүй гэв.

гэрч М.Баяржаргалантын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2007-2009 онуудад Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд татварын улсын байцаагч, 2009 онд Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр, 2013 оны 02 сараас 2014 оны 5 сар хүртэл Эд хөрөнгө бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр ажилласан. 2013 оны 01 сарын эхээр санагдаж байна, ажил тарахын орчим нилээн ачаалалтай ажиллаж байх үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Батцоож нь над дээр ирээд “чи явахгүй байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна, Пүрэвдорж дарга яриад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заавал өнөөдөр хийх ёстой юм уу, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд Пүрэвдорж дарга “одоо хий гээд байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр компани нь  “Говь повер” гэж нэртэй компани байсан бөгөөд хувийн хэргийг нь Батцоож татаж авчир луу эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусч, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Батцоож нь 4 хүний хамт орж ирээд “нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд явсан. Ингээд би тэр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Говь повер” ХХК-ний хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан. Авчирсан бичиг баримтуудаас харахад тус компаний хувьцаа эзэмшигчдээс нэг хүн гарч, оронд нь Гэрэлхүүгийн Уянга гэж хүн нэмэгдэж орж байгаа талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, дүрэм, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэг байсан. Энэ материалыг үндэслэн тухайн компанид шинээр Гэрэлхүүгийн Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж өөрчлөлтийг хийж, гэрчилгээг нь шинээр хэвлэж гаргаж өгсөн. Шинэ гэрчилгээнд зөвхөн захирлын өөрчлөлт харагддаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн нэрс харагдахгүй. Ингээд холбогдох материалууд буюу өөрчлөлт хийгдсэн компаний дүрмэнд болон УБ05 маягтанд хувийн тэмдэгээ дарж баталгаажуулаад хувийн хэргийг хэсэг хугацааны дараа архивт өгсөн. Ингээд би 2013 оны 3 сард Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр томилогдон ажилласан. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоо” гэсэн мэдээлэл гарсан байсан. Ингээд би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Говьповер” ХХК-ний материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан бөгөөд архивын хэлтсийн дарга Хүчитбаатар дээр орж уулзахад материал нь түүн дээр байсан. Тэгэхээр нь би түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш, Чулуунбаатарын Уянга гэж болсон байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр дээр хэлсэнчлэн УБ05 маягт болон дүрмэнд миний хувийн тэмдэг дарагдсан байх ёстой боловч өөр тэмдэг буюу Чулуунтуяа бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсан. Тэгэхээр миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. Тэгээд би мэдээллийн сангаас орж үзэхэд үүсгэн байгуулагч Г.Уянгыг Ч.Уянгаар сольж миний нэрээр баазад хадгалсан байсан. Гэрэлхүүгийн Уянга гэж хүнийг “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчээр бүртгэснээ баталгаатай хэлж байна. Нэмж ярихад энэ хууль бус өөрчлөлтийг мэдээллийн технологийн газар, архивын хэлтэс, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтнууд хамтарч байж хийж чадна. Түүнээс биш архивын баримтыг солих боломжгүй. Хэрвээ архив дангаараа баримтыг сольсон тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт хийж чадахгүй. Хуулийн этгээдээс бүртгэлийг өөрчилсөн тохиолдолд програмд өөрчлөлт оруулсан он сар өдрүүд харагдах ёстой. Гэтэл тийм юм харагддаггүй. Тэгэхээр Мэдээлэл технологиос бас оролцсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /23хх-ийн 75-79х/ ...Үзүүлж буй Цахим архиваас хэвлэж авсан “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Говьповер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дашдондогийг хасч, шинээр хувьцаа эзэмшигчээр Гэрэлхүүгийн Уянга, Доржпүрэвийн Баярхүү нарыг бүртгэсэн байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ Ц.Дашдондогийн хувьцаа эзэмшигчээс хасагдах шийдвэр, Г.Уянга, Д.Баярхүү нарын шинэчилсэн дүрэм, Ц.Дашдондогоос Г.Уянга, Д.Баярхүү нарт хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэргийг үндэслэсэн байна. Энэхүү баримтуудад дарагдсан улсын бүртгэгчийн тэмдэг нь миний өөрийн тэмдэг мөн байна. Хэвлэлтээс шалтгаалан дугаар нь харагдахгүй байгаа хэдий ч тэмдэгийн хэв, дарагдсан байдал нь мөн байна. Учир нь миний тэмдэг хуучраад зарим хэсгээрээ бүдэг, зарим хэсэгт нь тос нь илүү гарч байсан юм. Өмнө нь дан ганц Г.Уянгыг нэмсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. Г.Уянга, Д.Баярхүү нарыг бүртгэсэн байна. Өмнө мэдүүлэхдээ хувийн хэргээ хараагүй учир андуурал гарсан байна. “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэг 2013.01.07-2013.02.06-ны өдөр хүртэл миний сейфэнд хадгалагдаж байсан. Энэ хугацаанд би хэн нэгэнд уг хувийн хэргийг огт өгөөгүй. Хувийн хэргийн материал над дээр байх хугацаанд бол огт солигдох үндэс байхгүй. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна. Тэгэхээр цахим архивт орсон өдрөөс хойш хугацаанд солигдсон байх магадлалтай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /41хх-ийн 175-177х/,

гэрч Я.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2009 оноос хойш одоог хүртэл УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. 2013 оны 01 сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Д нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж, “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан бөгөөд миний бие бүртгэгч Баяржаргалтанд хандаж “нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би Г.Дг өөрөө ирэх юм байх гээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Г.Д явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би Баяржаргалантын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь Баяржаргалантын хамт харахад “Говьповер” ХХК гэж байсан. Ингээд би “бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгчихөөрэй” гэж Баяржаргалантад хэлээд явсан. 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар анх байгуулагдаж Татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба нэгдсэн юм. Энэ үед манай Агентлагийг тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Энэ үед Г.Д нь түүний зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар Г.Дтэй харилцах болсноор биесээ мэдэх болсон. 2013 онд “Говьповер” ХХК-ний хувийн хэрэг дэхь материал солигдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэх үед анх мэдэж, дэд дарга Баттулгын хамт тус компаний хувийн хэргийг татаж үзсэн бөгөөд уг материалыг цахим архивын материалтай тулгаж үзэхэд зөрүүтэй байсан. Тэгээд ямар ч байсан солигдож гэж мэдсэн. Хэрхэн яаж солигдсон талаар мэдэх зүйл алга. Г.Д намайг танихгүй гэдэг нь худал. Би түүнтэй сайдын зөвлөх, агентлагийн хүрээнд харьцаж ажиллаж л байсан. 2009-2011 онуудад УБЕГ байгуулагдаад эхний үед Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар Г.Дтэй Засгийн газрын ордонд очиж нилээдгүй хэдэн удаа уулзаж байсан. Өрөөнд нь орж ч уулзаж байсан. Харин 2011 оноос нэг их уулзахаа байсан. Г.Д өөрөө ярьсан. Би түүнийг хоолойгоор нь танина. Г.Д яах аргагүй над руу ярьсан. Би өөртөө итгэлтэй байна...” гэх мэдүүлэг /23хх-ийн 84-88х/,

гэрч Ц.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2009-2011 онуудад УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон бүртгэлийн хэлтсийн дарга, 2011-2014 онуудад УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын газрын даргаар ажилласан. 2013 оны 01 сард манай газарт “Алтанговь Транс” ХХК-ниас “Говьповер” ХХК-тай холбогдуулан тус компани нь хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн мөртлөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас зарласан тендерт шалгарсан. Иймд “Говьповер” ХХК-нийг улсын бүртгэлд бүртгэсэн нотлох баримтын мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн утгатай хүсэлт өгсөн. Үүний дагуу миний бие тухайн бүртгэлийг бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Батмөнхөөр шалгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу Батмөнх нь архиваас “Говьповер” ХХК-ний хувийн хэргийг татаж үзэх гэхэд тухайн бүртгэлийн хувийн хэрэг нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архивт байхгүй байсан санагдаж байна. Ингээд тус газрын ахлах бүртгэгч Батцоож, улсын бүртгэгч Баяржаргалант нарын аль нэгнээс нь гарсан байсан. Ингээд гаргуулж авсан хувийн хэргийг үзэж шалгахад ямар нэгэн зөрчилгүй байсан тул гомдол гаргагчид хариу өгсөн. Батмөнхийн надад танилцуулсанаар тус компаний үүсгэн байгуулагч нь Гэрэлхүүгийн Уянга, Доржпүрэвийн Баярхүү  нар бүртгэлтэй байсан гэдэг. Гэтэл сүүлд мэдээллийн хэрэгслээр Чулуунбаатарын Уянга болж өөрчлөгдсөн гэдэг асуудал яригдаж эхлэсэн. Нэмж хэлэхэд Бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн сангууд дахь мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байгаа гэсэн асуудал яригддаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд LES, LER гэсэн бүртгэлийн программууд ашиглагддагаас гадна, тухайн бүртгэлийг цахимжуулсан Цахим мэдээллийн сан мөн байдаг. Миний ойлгосноор “Говьповер” ХХК-ний үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл нь LES, LER програм дээр Ч.Уянгаар харагддаг бөгөөд харин Цахим мэдээллийн санд Г.Уянгаар ялгаатай байдлаар харагддаг гэсэн. УБЕГ-ын архиваас аливаа материал авахад хэзээ, хэн, ямар зорилгоор авч байгааг заавал бүртгэдэг. Гэхдээ устгаж болох эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /23хх-ийн 62-64х/,         

гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2010 оны 4 сараас УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын газрын ахлах байцаагч, Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст хяналтын улсын байцаагч, Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2014 оны 9 сараас Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байна. 2013 оны 1, 2 дугаар сард манай бүртгэлийн хяналтын газарт “Алтанговь Транс” ХХК-ниас “Говьповер” ХХК-ний бүртгэлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт гомдол гаргасан байсан. Ингээд энэ гомдлыг надад хуваарилсан бөгөөд миний бие “Говьповер” ХХК-ний хувийн хэргийг Архиваас татаж авч үзэхэд хуулийн дагуу бүхий л бүрдэл нь хангагдсан, ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй тул энэ талаар газрын дарга Ганзоригт танилцуулж, гомдол гаргагч “Алтанговь Транс” ХХК-нд хариу өгсөн. Хариуг өгөхдөө өөр аж ахуйн нэгжийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэх байдлаар өгсөн. Ийм л асуудал болсон. Ингэж танилцахад тус компаний үүсгэн байгуулагч Гэрэлхүүгийн Уянга гэж эмэгтэй бүртгэлтэй байсан. Ямарч байсан 2 үүсгэн байгуулагчтай байсан. Нөгөө үүсгэн байгуулагчийг нь тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /23хх-ийн 81-83х/,

гэрч Б.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2008-2012 онуудад УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын даргын орлогч, 2012-2013 онуудад Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны 8 сараас хүүхэд асрах чөлөө авч, гэртээ байна. БНСУ-ын Олон улсын харилцааны агентлаг /KOICA/ -ийн 4.000.000 ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд УБЕГ-ын Иргэний бүртгэлийн архив, Хуулийн этгээдийн бүртгэлийн архив, он лайн Лес нэртэй програм хангамжийг шинээр зохиож, суурилуулж хүлээлгэж өгсөн. Энэ ажлын хүрээнд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2 төрлийн програм хангамж нэвтэрсэн. 1. Лес буюу Онлайн 21 аймагтай холбогддог Хуулийн бүртгэлийн шинэ програм хангамж, 2. Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цаасан суурьт бичиг баримтыг сканнердаж хадгалах цахим архивын програм хангамж нэвтэрсэн болно. Ингээд төслийн хүрээнд хуулийн этгээдийн архивт хадгалагдаж байсан бүхий л цаасан суурьт материалыг сканнердах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. 2013 оны эхээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалаатай байгаа “Говьповер” ХХК-ний хувийн хэрэг дэхь мэдээлэлд өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлд дурьдсанаар тус компаний хувьцаа эзэмшигч нь солигдсон гэж байсан. Ингээд миний бие уг мэдээллийг мэдээллийн санд шалгахад Лес програм дахь мэдээлэл болон Цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үүсгэн байгуулагч буюу 2 өөр овогтой Уянгын нэр харагдсан. Тэгэхээр Лес программын мэдээллийг тухайн бүртгэгч өөрчлөх боломжтой юм. Харин цахим архивыг өөрчлөхөд бүртгэгчийн эрх хүрэхгүй. Уг цахим архивын программыг БНСУ-ын “SK and C&C” компаний програмистууд зохиож өгсөн бөгөөд миний ажиллаж байсан газраас хандаж өөрчлөлт хийх боломжгүй юм. Тийм учраас одоо ч уг санд мэдээллийг өөрчилж чадаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /23хх-ийн 66-67х/,

гэрч Ч.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ний хувийн хэргийг сольдог, хувь нийлүүлэгч Уянга солигдсон байна гэх мэдээлэл гарсны дагуу 2013 оны 8 сард УБЕГ-ын архиваас “Говьповер” ХХК-ний хувийн хэргийг татаж, Цахим сан дахь мөн компаний мэдээлэлтэй тулгаж үзэхэд компаний хувь нийлүүлэгч Уянгатай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсан. Ингээд би тухайн бүртгэлийг явуулсан улсын бүртгэгч Баяржаргаланттай уулзан холбогдох тайлбар гаргуулж авахад өөрийн явуулсан бүртгэлийг буюу цахим сан дахь мэдээллийг үнэн зөв гэж ярьж байсан санагдаж байна. Ингээд миний хувьд хувийн хэрэг дэхь материал солигдсон байх магадлалтай гэдэг дүгнэлт хийгээд үлдсэн. Цахим сан дахь хуулийн этгээдийн мэдээллийг огт устгаж, өөрчилж болохгүй гэдэг мэдээллийг цахим сангийнханаас авч байсан. Тэгэхээр хувийн хэрэг дэхь материал солигдсон байх магадлалтай...” гэх мэдүүлэг /23хх-ийн 69-71х/,

гэрч Г.Хүчитбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хуулийн архивын баримтыг цахимжуулах төсөл 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хийж эхэлсэн. Хийж эхлэхдээ анх шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуулийн этгээдийн хувийн хэргээс эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 2014 оны 5 дугаар сард хийж дуусгасан. Энэ хугацаанд “Говь Повер” ХХК-ийн хувийн хэргийн баримт нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр скайнердаж цахим санд орсон байна. Скайнердаж оруулсан ажилтан нь манай архивын хэлтсийн Ганаа гэдэг хүн байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагад ажиллаж байсан Чанлуулодой, Энхцэцэг дарга нарыг тус компанийн бүртгэлийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн захиалгаар хийсэн тухай мэдээлж байсан. Тэгэхэд Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Батцоож нь надаас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга Баттулга бид 2-ыг “Говь Повер” ХХК-ийн хувийн хэргийг авчирч үзүүл гэж байна гэсний дагуу тус компанийн хувийн хэргийг аваачиж үзүүлсэн. Түүний өрөөнд Чанлуулодой, Энхцэцэг дарга нар байсан. Сонинд ийм мэдээлэл гарсан байна. Хуулийн этгээдийн бүртгэлд “Говь Повер” ХХК-ийн хувийн хэрэгт Гэрэлхүүгийн Уянга гэхийг Чулуунбаатарын Уянга болгосон тухай хэвлэл мэдээлэлээр гарч байсан тул бүгд хувийн хэргийг үзээд Чулуунбаатарын Уянга л гэж байна шүү дээ гэсэн. Гэтэл дарга нар энэ хуулийн этгээдийн цахим бүртгэлийг харж болох уу гэхээр нь би тухайн үед цахим төслийг удирдаж байсан Коикагийн төслийн менежер Нарангэрэлийг дуудаж түүгээр цахим мэдээлэлд байсан “Говь Повер” ХХК-ийн бүртгэлийг харуулахад Гэрэлхүүгийн Уянга, Д.Баярхүү гэсэн бүртгэл байсан...” гэх мэдүүлэг /23хх-ийн 72-73х/,

гэрч Г.Ганаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас гаргаж өгсөн бүхий л хуулийн этгээдийн хувийн хэрэг дэхь материалыг сканнердаж, цахимд оруулах чиг үүрэгтэй ажиллаад уг ажлыг 2014 оныг дуустал хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн архивт байгаа бүхий хуулийн этгээдийн хувийн хэрэг дэхь материалыг цахим архивт сканнердаж оруулсан. “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгт хавсаргаатай байгаа Work Sheet буюу ажлын хуудсанд бичигдсэн мэдээллээс харахад 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би тус компаний хувийн хэрэг дэхь материалыг сканнердаж оруулсан байна. Миний хувьд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус компаний хувийн хэрэг дэхь материалуудыг сканнердаж оруулсан бөгөөд Цахим архивын програмд хадгалагдаж байсан ”Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2013 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот Г.Уянга, Д.Баярхүү нарт компаний хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Г.Уянга /УЗ90032401/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэрэг материалыг би сканнердаж оруулсан. Харин “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгт буюу архивт биетээр хадгалаатай байгаа “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот Ч.Уянга, Д.Баярхүү нарт компаний хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Ч.Уянга /ЕА85072707/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэргийг би сканнердаж оруулаагүй байна. Иймд цахим архивт хадгалаатай байгаа материал нь үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр цахим архивт  оруулсан материалыг засч, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн дуудаж харах л боломжтой байдаг. Харин хувийн хэрэг дэх материалыг өөрчилсөн байж магадгүй...” гэх мэдүүлэг /23хх-ийн 99-102х/

“...Архиваас гаргаж өгсөн бүх материалыг скайнердаж оруулаад wоrк sheet буюу ажлын хуудсанд сканнердаж оруулсан талаар тэмдэглээ хийж, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тухайн хувийн хэргийг сканнердаж оруулсан он сар өдрийг тухайн материалаа сканнердаж дууссаны дараа ажлын хуудас буюу Work sheet-д бичиж тусгадаг. Өөрөөр сканнердаж оруулсан цаг хугацааг тэмдэглэдэггүй. Харин эхний дамжлага буюу work sheet хэвлэх үед тухайн хуудсыг хэвлэсэн цаг хугацаа нь work sheet-нд автоматаар хэвлэгдээд гарч ирдэг. Энэ цаг, хугацааг сольж өөрчлөх боломжгүй. Энэ нь цаанаасаа тохируулсан програмын дагуу тухайн ажлын хуудсыг хэвлэсэн цаг хугацааг харуулдаг юм. “Говьповер” ХХК-ийн work sheet-ийг харахад 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 34 минутанд хэвлэсэн байна. Харин 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Аззаяа сканнердахад бэлдэж, мөн өдөр би сканнерт оруулсан байна. Архиваас гаргасан хувийн хэргийг тэр дор нь сканнердахад бэлтгэж, оруулахад нилээн цаг хугацаа шаарддаг юм. Тийм учраас хуудас хэвлэсэн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа дараагийн дамжлагууд явж болно. Тухайлбал бүх материалыг дугаарлахад ихээхэн цаг хугацаа шаарддаг юм...” гэх мэдүүлэг /41хх-ийн 217-218х/,

гэрч Ш.Доржбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 3 сарыг хүртэл Мэдээллийн технологийн газарт “Бүртгэл.мн” сайтыг хариуцаж байсан. Харин 2013 оны 3 сараас Хуулийн этгээдийн бүртгэлийн системийг хариуцан одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд Хуулийн этгээдийн бүртгэлийн системийг бүхэлд нь буюу програм, хангамж, мэдээллийн сан зэргийг хариуцдаг. LES програм дахь үүсгэн байгуулагчид болон бусад мэдээллийг улсын бүртгэгч өөрийн эрхээр нэвтэрч өөрчлөх боломжтой. Энэ үед өөрчилсөн түүх нь үлдэж, дэлгэрэнгүй лавлагаагаар гарах бөгөөд өөрчилсөн хэсгийн ард “тийм”, “үгүй” гэсэн тэмдэглэгээ хийгддэг. Харин уг програм дахь мэдээллийг ямар нэгэн байдлаар улсын бүртгэгч устгах боломжгүй. Програм дахь мэдээллийг мэдээллийн сангаас устгах эрх зөвхөн надад байдаг. Өөр хүн устгах боломжгүй. LES програм дахь аж ахуй нэгжийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг улсын бүртгэгч өөрчилж болно. Ингэсэн тохиолдолд дээр хэлсэнчлэн өөрчилсөн тухай тэмдэглэгээ хийгддэг. Тэгэхээр өмнөх үүсгэн байгуулагчийн мэдээлэл ор тас алга болдоггүй гэсэн үг. Харин миний эрхээр орсон тохиолдолд өмнөх үүсгэн байгуулагчийн мэдээллийг огт байгаагүй мэтээр устгаж, өөрчилж болно. Тухайн үед буюу 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өглөө манай газрын дарга Билэгдэмбэрэл намайг дуудаад “Говьповер” ХХК-ний дэлгэрэнгүй лавлагааг хэвлээд ир гэсэн. Үүний дагуу дэлгэрэнгүй лавлагааг нь хэвлээд аваачиж өгсөн. Ямар учиртай лавлагааг авч байгаагаа надад хэлээгүй. Ингээд байж байтал өдөр Тагнуулын ерөнхий газарт ажилладаг гэх ажил хэргийн шугамаар уулзаж байсан Төрөө гэж залуу манай газрын програмист Батбилэгийн хамт орж ирсэн. Ингээд “Говьповер” ХХК-ний мэдээллийг шалгаадхая гээд миний эрх, нууц кодыг авсан. Тэгээд програмд өөрчлөлт хийсэн хүний “LOG” /мэдээллийн сан дахь түүх/ -ийг ингэж шалгадаг юм гээд надад зааж өгч байсан. Ингээд би гараад явсан бөгөөд Батбилэг, Төрөө хоёр програм ухаад үлдсэн. Ингээд дараа нь юу болсон талаараа хэлээгүй. Ийм л юм болсон. Үүнээс хойш би мэдээллийн сангийн түүхийг үзээгүй бөгөөд хэн нэгнээс хүсэлт тавиагүй. Үүсгэн байгуулагчийн мэдээллийг хэн устгасан талаар би мэдэхгүй. Ямар ч байсан би тус компаний мэдээллийг устгаагүй. Миний өмнө хуулийн этгээдийн бүртгэлийг Тамир гэж залуу хариуцдаг байсан бөгөөд түүнд мөн энэ эрх байсан. Би түүнээс 2013 оны 3 сар орчимд ажил авсан. LES програм дахь аливаа өөрчлөлт, хандалтыг системийн мэдээллийн санд хадгалагдаж буй LOG буюу хандалтаар нь ямар эрхтэй, хэн өөрчилснийг олж болдог. Ийм зорилгоор та бүгдийн явуулсан үзлэгээр манай мэдээллийн сан дахь хандалтыг бүртгэж авдаг хэсэгт 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх мэдээлэл огт байхгүй байна. Уг нь манайд уг програм 2012 оны 8 сараас ашиглагдаж байгаа. Тэгэхээр 2012 оны 8 сараас хойш хандалтын мэдээлэл байх ёстой. Гэтэл байхгүй байгаа нь хачирхалтай байна. Тэгэхээр миний бодож байгаагаар энэ мэдээллийг буюу хандалтын мэдээллийг хэн нэгэн санаатайгаар устгасан эсхүл хандалтыг хадгалдаггүй байхаар тохируулсан байсныг 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс нээсэн байх талтай...” гэх мэдүүлэг /23хх-ийн 108-109х/

“...2013 оны 3 билүү 4 сард би Б.Тамирын хуулийн этгээдийн программ, дата базад нэвтрэх эрхийг хүлээн авч, ажлыг нь хүлээн авсан байсан. Бид 2-ын гэр нэг зүгт учраас ажилдаа ирэхдээ болон тарахдаа хамт явдаг байсан юм. Тамир ажлаа өгсөний дараахан бид 2 уулзахад Тамир надад Я.Сүрэн ахлах над руу яриад дата баазад нэвтрэх эрх чинь байгаа юу өөрчлөлт хийлгэх гэсэн юм гэж гуйсан, тэгэхээр нь би ажлаа өгчихсөн гэж хэлсэн талаараа хэлсэн. Тэгээд Тамир нь надад Хуулийн этгээдийнхэн программ дахь мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт их тавьдаг түүнийг нь баримтжуулж, бичгэн байдлаар, хяналтын хэлтсийн бичгийг үндэслэж өөрчлөлт хийж байгаарай. Дараа нь асуудал үүсэхэд буух эзэнтэй гэх маягаар зөвлөгөө өгч байсан. Ийм л зүйл Тамир надад хэлсэн. Тамир надад Сүрэн ах мөнгө санал болгосон гэж хэлж байгаагүй. Би “Говьповер” ХХК-ийн програм дахь мэдээлэлд өөрчлөлт хийгээгүй. Я.Сүрэн надад мөнгө төгрөг өгье, хуулийн этгээдийн програм дахь мэдээлэлд өөрчлөлт хийлгэе гэж санал болгож байгаагүй...” гэх мэдүүлэг /23хх-ийн 111х/,

гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2009 оны 7 дугаар сараас 2013 оны 3 сарыг хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газарт програм зохиогчоор ажилласан. Тухайн үед би хуулийн этгээдийн бүртгэлийн програмын хэвийн үйл ажиллагаа, бэлэн байдлыг хариуцан ажиллаж байсан. Тийм учраас Хуулийн этгээдийн системийн баазад нэвтрэх эрхтэй байсан. LES програм дахь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг бүртгэл явуулж буй улсын бүртгэгч өөрчлөх боломжтой, гэхдээ програм дээр энэ талаарх түүх үлддэг. Харин надад олгогдсон Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангийн Дата баазад нэвтрэх эрхээр хуулийн этгээдийн аливаа мэдээллийг устгаж, нэмж болно. Энэ эрх зөвхөн надад байсан. Дата баазад нэвтрэх эрх бүхий хүн л устгах боломжтой. Намайг ажиллаж байх хугацаанд програмын алдаатай болон хэрэглэгч буруу бүртгэсэн тохиолдлыг засварлуулах тохиолдолд тухайн бүртгэгч хувийн хэргээ барьж ирж үзүүлээд засуулах тохиолдол байсан. Гэхдээ “Говьповер” ХХК-ний бүртгэлийн систем дэхь мэдээллийг өөрчлүүлж байсан талаар санахгүй байна. Надад Дата баазад нэвтэрч мэдээлэл устгах эрх тухайн үед байсан боловч би ийм үйлдэл хийгээгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд 2013 оны 02 сарын сүүлээр санагдаж байна, тушаал гарч, ажлаа Доржбатад хүлээлгэн өгч байсан. Доржбат нь угаасаа манай газарт ажиллаж байсан бөгөөд намайг ажлаасаа гарч байгаа тул дарга нар Доржбат ажлыг чинь хүлээж авна, тийм учраас түүнд програмаа зааж өгөөрэй гэж байсны дагуу би 2013 оны 02 сарын эхээр түүнд Дата баазад нэвтрэх эрхийнхээ мэдээллийг өгч давхар ашиглаж байсан. Ажил хүлээлцэх явцад LOG хүлээлцээгүй. Би тухайн байгууллагад ажиллаж байхдаа системийн Log ашиглаж, үзэж байгаагүй. Энэ төрлийн мэдлэг дутмаг байсан. Одоо бол сайн мэднэ. Би Log болон компаний мэдээлэл устгаагүй. Нэмж ярихад намайг ажлаасаа гараад удаагүй байхад 2013 оны 4 билүү 5 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Сүрэн ах над руу өөрийнхөө утаснаас ярьж чамаар хийлгэх нэг ажил байна. Чамд байсан Дата баазад нэвтрэх эрх чинь байгаа юу? Нэг ажил хийлгэх хэрэгтэй байна. Хүрээд ирээч, 2.0 сая орчим төгрөг өгье гэдэг санал тавьсан. Тэр үед нь би бүх юмаа хүлээлгээд өгчихсөн гэж хэлээд очоогүй. Тэгээд энэ талаар Доржбатад хэлж, Сүрэн тийм санал тавьж байна шүү, битгий орооцолдоорой гэж хэлсэн. Өөрөөр энэ талаар хэнд ч хэлээгүй. Миний бодлоор Сүрэн таны яриад байгаа компаний өөрчлөлтийг хийлгэх гэж байсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /23хх-ийн 127-130х/,

гэрч С.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2011 онд БНСУ-д суралцаж байхдаа КOICA-гийн шугамаар Монгол улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт архивын цаасан материал цахимжуулах төслийг Монгол улсад хэрэгжүүлэх талаарх мэдээллийг БНСУ-ын “SKC n C” компаниас авсан. Ингээд тус компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Миний хувьд тус компаний Монгол улсад хэрэгжүүлэх төсөлд програмист, орчуулагчаар ажиллахаар тохирч гэрээ байгуулсан. Ингээд 2012 оны 8 сараас 2014 оны 8 сарыг дуустал УБЕГ-т БНСУ-ын “SKC n C” компанийг төлөөлөн суурьлагдсан тоног төхөөрөмж, програм хангамжийг зүгшрүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудыг дадлагажуулах, програм дээр гарсан алдаа, дутагдлыг БНСУ-д илгээж шийдвэрлүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Хуулийн этгээдийн аливаа хувийн хэрэг, мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн архивын материалыг цахимжуулах, мэдээлэл оруулах системийг ашиглан цахим хэлбэрт оруулдаг. Оруулсан цахим мэдээллээ харах, хайлт хийх, мэдээлэл удирдах системийг ашиглан харж, үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ системд хуулийн этгээдийн бүхий л хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагддаг. Цахим архивын програмд буюу Мэдээлэл удирдах програмд хадгалагдаж буй цахим мэдээллийг ямар нэгэн байдлаар устгах, өөрчлөх боломж байхгүй. Харин Мэдээлэл оруулах буюу цахимжуулах явцад алдаатай оруулах, солих шаардлага гарсан тохиолдолд сольж, өөрчлөх боломжтой. Ингээд эцсийн байдлаар цахимд орсон файлуудыг шалгаад Дамжуулах модулийг ажиллуулж, цахимд эцсийн хэлбэрээр хадгалсаны дараа бол өөрчлөх ямар ч боломж байхгүй. LES програм дахь мэдээллийг хэрэглэгчийн эрхийн түвшингээс хамааран эрх авсан хэрэглэгч өөрчлөх бүрэн боломжтой. Log table-ийг ашиглан өөрчлөлт хийсэн хэрэглэгчийг шүүн харах боломжтой. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Backup  сервер буюу нөөц серверийг мөн суурьлуулж өгсөн. Энэ серверээс уг нь төв сервер дээр хийгдсэн үйлдлийг сэргээх боломжтой. Гэхдээ нөөц сервер нь зөвхөн сүүлийн дөрвөн 7 хоногийн байдлаар мэдээллийг хадгалж, дараагийн мэдээллийг хадгалахдаа өмнөх мэдээллийг дарж бичих тохиргоотой хийгдсэн юм. Тэгэхээр 2013 оны 4 сараас өмнө асуудлыг сэргээх боломжгүй. Уг програмыг манай төсөл хэрэгжүүлэгч компани нь 2012 оны 9 сараас эхлэн хэрэгжүүлсэн. Тэгэхээр 2012 оны 9 сараас эхлэн LOG бичигдсэн байх ёстой. LOG бичихгүй байх тохиргоо хийгдээгүй. Тэгэхээр дээрхи хугацааны LOG байхгүй байгаа нь хэн нэгэн буюу баазын түвшинд эрхтэй этгээд санаатайгаар устгасан байх боломжтой...” гэх мэдүүлэг /23хх-ийн 131-133х/,

гэрч Д.Чулуунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би  2008 оны 11 сараас Үндэсний Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд мэргэжилтнээр ажилд орж 2009 онд 4 сард Иргэний бүртгэлийн ерөнхий газартай Улсын бүртгэлийн алба нэгдсэнтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлтөөр 2009 оны 6 сард УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь нь хуулийн этгээдийн бүртгэл, нэмэлт өөрчлөлтийг бүртгэх юм. Би 2010 онд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгчээр ажилд орохдоо 7/13 дугаар бүхий тамга авч байсан. Энэ тамгаараа одоог хүртэл бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Би өөрийн тамгыг гээгдүүлж, хэн нэгэнд өгч ашиглуулж байсан тохиолдол байхгүй. Миний хувьд 2013 онд Говьповер ХХК-тай холбоотой ямарваа нэг өөрчлөлт бүртгээгүй. “Говьповер” ХХК-ний хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2013.01.07-ны өдөр тус компаний хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, Ч.Уянга, Д.Баярхүү нар бүртгэгдсэн байна. Мөн түүнчлэн Хувьцаа эзэмшигчдийн дүрэм батласан тухай хувьцаа эзэмшигч Ч.Уянга, Д.Баярхүү нарын шийдвэр, хувьцааг Дашдондогоос Ч.Уянга, Д.Баярхүү нар худалдан авсан тухай гэрээ зэрэг авагдсан байх бөгөөд эдгээр бичиг баримтууд 7/13 гэсэн дугаартай улсын бүртгэгчийн тамга дарагдсан байна. Дугаар нь бол миний тамганы дугаар байна. Гэхдээ энэ бүртгэлийг би хийж, өөрчлөлт оруулаагүй. 2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийг сольж бүртгэсэн байна гэх мэдээлэл гарсан. Тэгээд маргааш нь ажил дээр ирэхэд манай ажлын Өлзийбаяр эгч, Цэнгэл эгч бид нар өчигдрийн гарсан мэдээллийн дагуу “Говьповер” ХХК-ний бүртгэлийг шүүж үзье гээд бөөнөөрөө шүүж үзэхэд тус компаний сүүлийн бүртгэлийг Баяржаргалант бүртгэгч хийсэн талаар мэдээлэл байсан. Ингээд бид Баяржаргалант ах бүртгэсэн юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн дараа нь лавлагааны ажилтан Адъяасүрэн намайг дуудахаар нь явж очтол “Говьповер” ХХК-ний хувийн хэргээс лавлагаа гаргаж, материал хуулбарласан байсан бөгөөд уг материалаас нь харахад сая таны үзүүлдэг материалууд байсан бөгөөд миний 7/13 тоот тамга дарагдсан байсныг анх олж харсан. Тэгээд би энэ бүртгэлийг хийгээгүй гэдгээ мэдэж байсан учир архиваас авсан баримтаа эргүүлж өгсөн жагсаалтаа гаргаж ирээд үзэхэд тухайн үед уг компаний материалыг огт авч үзээгүй байсан. Ингээд л өнгөрсөн. Миний тамгыг намайг эзгүйд ашигласан эсхүл хуурамчаар хийсэн гэж би бодож байсан...” гэх мэдүүлэг /43хх-ийн 59-62х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн архивын өрөөнд нэвтрэн орж Говь повер ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх-ийн 240-248х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн цахимжуулалтын хэсэгт байрлах цахим архивын Программ бүхий албаны компьютерт агуулагдаж буй мэдээллээс Говь повер ХХК-ийн хувийн хэрэг дахь материалын цахим хувиудад үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 249, 6хх-ийн 1-6х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын программист Доржбатын албан ажлын компьютер, түүнд агуулагдаж буй мэдээлэл, программ, мэдээллийн санд Говь повер ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн систем /Les/-д хийгдсэн өөрчлөлт, өөрчлөлтийг хийсэн ажилтныг тодруулах зорилгоор хийгдсэн үзлэгээр “...Хуулийн этгээдийн бүртгэлийн санд хийгдсэн өөрчлөлтийн Log-ийг 2013.01.01-ний өдрөөс эхлэн хайлт хийлгэхэд 2013.4.24-ний өдрийн 17:30 минутаас хойшхи бүртгэл гарч ирсэн бөгөөд өмнөх бүртгэл нь хайлтаар илрэхгүй байсан бөгөөд 2012.01.01-ий өдрөөс эхлэн хайлт хийхэд мөн 2013.4.24-ний өдрөөс өмнөх бүртгэл, мэдээлэл байхгүй байлаа...” гэсэн тэмдэглэл /13хх-ийн 51х/,

Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай “...УБСЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь LES программыг 2012 оны 8 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа гэх боловч ямар нэгэн баримт бичгээр баталгаажуулаагүй байна. Бүртгэгч, ахлах бүртгэгч, хяналтын улсын байцаагч, программ зохиогч, системийн админ зэрэг албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. LES програмд хяналтын байцаагч нар мэдээллийг “харах”, бүртгэгч, ахлах бүртгэгч нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх”, программ зохиогч, системийн админ нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх, устгах” эрхийн хүрээнд ажиллаж байна. LES програмын агуулагдаж буй аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас устгаж, өөрчлөх боломжтой. Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас бүртгэгч, ахлах бүртгэгч нар өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар өөрчлөх, устгах үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байна. 2013 оны 2-5 сарын үед бүртгэгч, ахлах бүртгэгч, программ зохиогч, системийн админ нар дээрх үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байсан. 2013 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын хооронд ажиллаж байсан ажилтнуудыг шинжээч тодруулах боломжгүй юм. LES програмын мэдээллийн сан /Oracle/-ийн бүртгэл /лог/, мэдээллийн сангийн сервер /Red Hat/-ийн бүртгэл /лог/ хийгдээгүй учраас мэдээллийн сангаас Говьповер ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг ямар албан тушаалтан устгасан, өөрчилсөн эсэхэд хариулах боломжгүй юм. Мэдээллийн сангийн сервер  /Red Hat/ нь хандалтын бүртгэлийг /лог/-ийг 3 сараас илүү хугацаагаар хадгалагддаггүй учраас дата баазын түвшинд хийгдсэн хандалтын талаарх мэдээлэл байхгүй байна...” гэсэн дүгнэлт /41хх-ийн 144-145х/,

Шинжээч Б.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...УБСЕГ-ын Мэдээлэл боловсруулалт технологийн газарт ажиллаж, холбогдох баримт, бичиг, програм, хангамж, серверийн бүртгэлүүдэд үзлэг хийж, гарсан үр дүнд тулгуурлан дүгнэлт гаргасан. УБСЕГ-ын ахлах бүртгэгч, бүртгэгч нар нь Хуулийн этгээдийн LES програмд өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэвтэрч аливаа хуулийн этгээдийн мэдээллийн санд хадгалагдсан мэдээллүүдийг харах эрхтэй. Мөн түүнчлэн тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, холбогдох этгээдийн хүсэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн холбогдох мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлт оруулж болдог. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ч мөн өөрчилж болно гэсэн үг. Гэхдээ энэ оруулсан өөрчлөлт нь өмнө оруулсан мэдээллийг устгахгүйгээр нэмэгдэж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн түүхэнд өмнөх бүхий  л мэдээлэл, өөрчлөлтүүд нь хадгалагдаж үлддэг. Хуулийн этгээдийн LES програмд агуулагдаж буй аливаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нь хүснэгт хэлбэрээр харагддаг ба энэ хүснэгтэд тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь, регистрийн дугаар, гэрийн хаяг, энэхүү бүртгэлийг хийсэн огноо, бүртгэлийн ажилтны нэр зэрэг мэдээлэл харагддаг. Энэхүү мэдээлэлд улсын бүртгэгч болон ахлах бүртгэгч өөрчлөлт хийх тохиолдолд тухайн хүснэгтэнд шинээр мөр нэмэгдэж дараагийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нэмэгдэж ордог. Өмнөх хувьцаа эзэмшигч хасагдсан тохиолдолд түүний мэдээлэл бүхий хүснэгт хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт “үгүй” гэсэн тодотгол ордог. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нар хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжгүй. Харин програм зохиогч, системийн админ нар тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд түүх үлдээлгүйгээр устгаж өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл өмнө байсан хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжтой гэсэн үг. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нарт энэ эрх олгогдоогүй. Харин бүртгэгч нар нь хувьцаа эзэмшигч Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга гэж өөрчилж болно. Гэхдээ Гэрэлхүүгийн Уянга гэсэн хүснэгтэн мэдээлэл хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт нь “Үгүй” гэж тодотгоод, Чулуунбаатарын Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж оруулан түүний мэдээлэл хүснэгтэнд нэмэгдэж урд хэсэгт нь “тийм” гэсэн тодотгол орно. Түүнээс биш Г.Уянгын мэдээллийг огт байхгүй болгох эрх бүртгэгч нарт байхгүй. Энэ эрх зөвхөн системийн админ, програм зохиогч нарт байгаа. LES програм нь Улсын бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд хэрэглэгч нарынхаа хооронд VPN сүлжээ үүсгэн холболтыг хийсэн байдаг. Иймээс дурын интернеттэй газраас уг сүлжээнд хандах эрхийг хязгаарласан...” гэх мэдүүлэг /41хх-ийн 146-148х/,

гэрч Б.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2000 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаартай нотариатаар ажиллаж байна. Миний хувьд “Говьповер” ХХК-нийг болон захирал Д.Баярмаа, Д.Баярхүү, Ч.Уянга нарыг танихгүй, мэдэхгүй, урьд нь харилцаж байгаагүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие үзүүлж буй 2013.01.07-ны өдөр “Говьповер” ХХК-ний хувьцааг Сархачуул овогтой Цэдэнпилжээгийн Дашдондогоос Хонгор овогтой Доржпүрэвийн Баярхүү, Боржигон овогтой Чулуунбаатарын Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” гэрчлээгүй. Үзүүлж буй гэрээнээс харахад миний нотариатын хувийн дугаар болох 80 дугаарын тамга дарагдсан байгаа боловч миний бие уг нотариатын үйлдлийг хийгээгүй. Би гэрээг батлаагүй учир миний тамга биш, харин нотариат 80 гэсэн дугаар маань давхцаж байна. Мөн хэлэхэд бүртгэлийн 2435, 2438 дугаарт бүртгэсэн байгаагаас харахад 2013.01.07-ны өдөр 2435 гэрээ батласан юм шиг харагдаж байна. Гэтэл миний бие 2013.01.07-ны өдөр 27-30 дахь гэрээгээ гэрчилсэн байна. Тэгэхээр бүртгэлийн дугаар нь хүртэл үндэслэлгүй байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн тэмдэг дээр бичигдсэн бичгийн хэв болон Энхээ гэсэн гарын үсэг зэрэг нь миний болон туслахын бичгийн хэв биш, гарын үсэг нь миний зурдаг гарын үсэг биш байна. Тэгэхээр нь энэ гэрээ нь бүхэлдээ миний батласан гэрээ биш байна. Гэрээний бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс баталж эхэлсэн гэрээг 01 гэж эхлэн дугаарлан бүртгэдэг юм. Миний бие 2000 оноос хойш нотариатын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хувийн тамга, тэмдэгийг хаяж гээгдүүлсэн тохиолдол байхгүй. Харин мөн хугацаанд тамга, тэмдэгний элэгдэл, хорогдолтой холбогдуулан 2 удаа солиулж байсан тохиолдол бий. Солиулах тохиолдолд хуучин тэмдэгийг маань нүдэн дээр устгаж шинийг олгодог юм. Би өөрийн хувийн нотариатын тамга, тэмдэгээ зөвхөн өөрийн биеэр нотариатын үйлдэл хийхдээ ашигладаг бөгөөд хэн нэгэнд шилжүүлсэн, ашиглуулсан асуудал байхгүй. Миний бие тамга тэмдэгээ өөрийн ажлын байранд байрлах төмөр сейфэнд хадгалдаг юм. Хэн нэгэн миний өмнөөс ашиглах ямар ч боломжгүй. Миний туслах Б.Алтанцэцэг /төрсөн дүү/, Н.Одонтуяа /нагац дүү/ нар нь надтай 2000 оноос эхлэн миний туслахаар ажиллаж байгаа бөгөөд 2-луу хуульч мэргэжилтэй, хариуцлага өндөртэй туслахууд. Тэдний зүгээс миний тамга тэмдэгийг ашиглах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд 00 орох, өдрийн цайнд орох үеэр нотариатын үйлчилгээ авахаар ирсэн хүмүүсийг манай туслахууд хүлээн авч холбогдох гэрээ, хэлцэлийг канондож, бүртгээд намайг хүлээж байдаг бөгөөд миний бие ирсэнээр гэрчилж, тамгаа тарах тохиолдол байдаг. Түүнээс биш миний эрхийг миний өмнөөс хэрэгжүүлэх тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг /23хх-ийн 218-220х/,

гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2000 оноос эхлэн өөрийн төрсөн эгч Б.Энхээгийн туслахаар одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд нотариатч Б.Энхээг нотариатын үйл ажиллагаа явуулахад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэх, бичиг баримт канондах, тооцоо, тайлан гаргах зэрэг техник ажиллагааг хийж гүйцэтгэдэг. “Говьповер” ХХК-ний захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч гэх Д.Баярхүү, Ч.Уянга нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Таньж мэдэхгүй. Манай нотариатын газраас эдгээр хүмүүстэй холбоотойгоор ямар нэгэн гэрээ хэлцэл баталж байгаагүй. Бүртгэлийн дэвтрээс харахад 2013.01.07-ны өдөр манай нотариатын газарт 4ш гэрээ гэрчлэгдсэн байна. Үүнээс 27-29 тоот гэрээ нотариат Б.Энхээ бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. 30 тоот гэрээг нь би бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. Үзүүлж буй “Говьповер” ХХК-ний хувьцааг Сархачуул овогтой Цэдэнпилжээгийн Дашдондогоос Хонгор овогтой Доржпүрэвийн Баярхүү, Боржигон овогтой Чулуунбаатарын Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” манай нотариатын газраас гэрчлээгүй. Учир нь нотариатын үйл ажиллагаа явуулахдаа аливаа гэрээ хэлцэл бүрийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрээний эх хувийг авч үлддэг. Манай бүртгэлийн дэвтрээс харахад 2013 оны 01 сарын 07-ны өдөр д Говьповер ХХК-тай холбоотой ямар нэгэн гэрээг гэрчлээгүй байна. Манай нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс 01 гэж дугаарлан эрэмбэлэн явдаг. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад үзүүлсэн гэрээн дээр байгаа шиг 2435, 2438 тоот бүртгэлтэй буюу нийт 2400 гаруй гэрээ бүртгэгдэж, гэрчлэгдэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хуурамчаар үйлдсэн нь харагдаж байна. Манай нотариатын газар нь 2013 онд тамга, тэмдэгээ хаяж гээгдүүлж байгаагүй. Бусдад ашиглуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /23хх-ийн 221-223х/,

гэрч Н.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаарын нотариатч Б.Энхээтэй хамаатан садан. Миний хувьд түүний туслахаар 2000 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Үзүүлж буй “Говьповер” ХХК-ний хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ны хуулбар баримтаас харахад манай нотариатын газраас гэрчлүүлсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд биш байна. Учир нь уг хуулбар гэрээн дээр хуулбар үнэн гэсэн тамга дарсан байх бөгөөд нотариатын тухай хуулиар нотариатаар батлуулаагүй гэрээ, хэлцэлийг хуулбар үнэн зөв гэсэн үйлдлийг нотариат хийдэггүй. Гэрээ, хэлцэл гэрчилж байгаа тохиолдолд зөвхөн гэрээ, хэлцэлийн тэмдэг дарагдах ёстой, гэтэл хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байна. 3 дугаарт суутгаж авсан үнийг дүнг 4.500 төгрөг гэж бичсэн байна. Энэ үнийн дүн нь аль ч үйлдлийн хураамжтай тохирохгүй байна. Хуулбар үнэн баталсан тохиолдол хуудас тутамд 500 төгрөг буюу дээрхи 3 хуудас гэрээнээс 1.500 төгрөг авах ёстой. Гэрээ, гэрчилсэн тохиолдолд компаний дүрмийн сангийн 0.5 хувь буюу 1.000.000 төгрөгөөс 5.000 төгрөгийн хураамч авах ёстой. Гэтэл зөрүүтэй байна. Мөн нэмж хэлэхэд Энхээ гэж бичсэн гарын үсэг нь манай эгч Б.Энхээгийн гарын үсэг биш байна. Мөн бүртгэлийн 2435, 2438 гэсэн дугаар өгсөн нь огт үндэслэлгүй байна. Он гараад 7 өдрийн дотор 2435 хуулбар батлуулна гэж огт байхгүй. Гэрээ бол бүр ч байхгүй. Тэгэхээр энэ гэрээ нь хуурамч байх бөгөөд манай нотариатын тамга, тэмдэгийг хуурамчаар ашигласан байна гэж үзэж байна. Үүнийг хийсэн этгээд нь нотариатын анхан шатны мэдлэггүй хүн байна гэж дүгнэж байна...” гэх мэдүүлэг /23хх-ийн 224-226х/,

Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 2013 оны 01 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай “...2013.01.07-ны өдөр 27, 28, 29, 30 дугаарын бүртгэлтэйгээр 1. Б.Уртнасангийн цалингийн зээлийн гэрээ, 2. М.Түвшинбаатар, Ж.Зангад нарын газар худалдах гэрээ, 3. Шагдарсүрэн, Ш.Пүрэвдорж нарын газар өмчлөгч нэмэх гэрээ, 4. Т.Зоригтын зээлийн гэрээ зэрэг 4 гэрээ бүртгэгдсэн байх бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 80 дугаарын тэмдэг дарагдсан 2013.01.07-ны өдрийн 2438-т бүртгэлтэй хувьцаа худалдах худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул үзлэгийг нарийвчлан явуулах, ШШҮХ-д хүргүүлж шинжилгээ хийлгэх зорилгоор баримт бичгийг түр хураан авахаар тогтов...” гэсэн тэмдэглэл, холбогдох баримтуудыг хуулбарууд /4хх-ийн 245х, 5хх-ийн 29х/,

гэрч Энхбадралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2006 онд Нотариатын мэргэжлийн шалгаруулалтанд орж 2007 онд нотариатын тусгай зөвшөөрөл авч, одоог хүртэл нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Би анх 2007 онд нотариатын эрх авахдаа 222 дугаартай тамгатай гэрчилгээ авч байсан. Энэ тамгаар одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. “Говьповер” ХХК-ний Баярмаа, Баярхүү нарыг мэднэ. 1-2 удаа уулзаж байсан. Эдгээр хүмүүстэй найз өмгөөлөгч Цэрэнням, Булган, Сугар-Эрдэнэ нар нь өмгөөллийн “Зөв зохицол Партнерс” ХХК-д ажилладаг юм. Миний бие тэдний ажлаар орж гарах үедээ мөн тус газар ажилладаг Одончимэг эгчтэй танилцсан. Ингээд 2013 оны 01 сард Одончимэг над руу яриад “Богд-Ар” хорооллын орчим байрлах газарт дуудсан. Намайг явж очиход Баярмаа, Баярхүү гэж хүмүүс байсан бөгөөд “Говьповер” ХХК нь Өмнөговь аймагт газар шилжүүлж авах тухай гэрээ батлуулсан. Тухайн газрын мэдээлэл, шилжүүлэн өгч буй ахуйн нэгжийн мэдээллийг санахгүй байна. Харин Уянга нарын талаар хэвлэлээр мэдээлэл гарахад нь олж мэдсэн. Аль Уянгыг нь мэдэхгүй байна /овгийг нь санахгүй байна./ Тухайн үед хэвлэлээр Алтанхуяг сайдын дүү охин Уянгын “Говьповер” ХХК нь тендерт ялжээ гэсэн мэдээлэл гарсан бөгөөд миний бие “Говьповер” ХХК-тай холбоотой гэрээ батлаж байсан учир ямар учиртай гэрээ батласнаа нягталж үзэхэд “Говьповер” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь Уянга гэж нэртэй хүн байсан. Ингэж л өөрийн батласан гэрээнээс Уянга гэгчийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /23хх-ийн 207-209х/,

Эрдэнэс таван толгой ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерийн баримт бичиг баримтаас Говьповер ХХК-нд оролцохдоо бүрдүүлж өгсөн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /40хх-ийн 72-88х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1119 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Говьповер ХХК-ны 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь Повер” ХХК-ны дүрэм, "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэг шинжилгээнд тэнцэнэ. 2. Говьповер ХХК-ны 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”,  №01 "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй. 3. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  “Говь Повер” ХХК-ны дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай тохирохгүй, 4. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатчийн “80” дугаартай тамганы дардсууд нь нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчийн тамганы дардастай тохирохгүй. 5. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ”–ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардсууд нь шинжилгээнд хүргүүлсэн нотариатч Б.Энхээгийн тэмдэгний дардастай тохирохгүй. 6. Дээрх шинжилж буй нотариатчийн тэмдэгний дардсуудын нөхөх хэсэгт бичсэн тоон бичвэр, гарын үсгүүд нь нотариатч Б.Энхээгийн болон түүний туслах Б.Алтанцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийн загваруудтай тохирохгүй...” гэсэн дүгнэлт  /26хх-ийн 34-37х/,

Шинжээч Х.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Шүүхийн шинжилгээний тухай хуулинд заасны дагуу шинжилгээг эх хувь буюу биет байдлыг үндэслэн явуулдаг. Тэгэхээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт ирүүлсэн баримтыг шинжилгээнд тэнцэнэ гэж дурьдсан нь тухайн баримтууд эх хувь байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тухайн баримт нь хуулбар буюу скайнердсан баримт биш байсан. Шинжилгээнд ирүүлсэн “Говьповер” ХХК-ийн 2013.01.07.ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр” №1 “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байсан. “Говьповер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй, өөрөөр хэлбэл тэмдэгний ерөнхий хэмжээ, дардас дахь хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тохирохгүй, харьцуулах загвартайгаа зөрүүтэй байсан. 2013.01.07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатын 80 дугаартай тамганы дардасуудыг нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчын тамганы дардастай ажиглалт, давхцуулалт, зүсэлтийн аргаар харьцуулан шинжлэхэд ерөнхий хэлбэр хэмжээ, хүрээ, зэрэг ерөнхий шинжүүдээрээ тохирохгүй байсан. Шинжлэгдсэн дардасууд нь энгийн нүдээр болон тусгай зориулалтын техник ашиглан үзэхэд 2 өөр хэлбэр, хэмжээ, 2 өөр дардасны хүрээтэй байсан бөгөөд энэ нь уг 2 дардасыг хоорондоо тохирохгүй гэдэг дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. 2013.01.07-ны өдрийн өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардасууд нь Б.Энхээгийн гэх нотариатчын тэмдэгний дардастай ерөнхий хэлбэр, хэмжээ, үсгийн хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байсан. Энэ нь уг 2 дардасууд нь тохирохгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон...” гэх мэдүүлэг /26хх-ийн 76-78х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2852 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Говьповер ХХК-ны дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдэгийн дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдэгийн дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говьповер ХХК-ны дүрэм” гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /41хх-ийн 112-113х/,

Шинжээч Б.Түвшинбаатарын “...1-рт шинжилж буй обьектуудын ерөнхий шинж тэмдэг болох хэмжээ зөрүүтэй, 2-рт Шинжилгээнд ирүүлсэн 2013.01.07-ны өдрийн “Говьповер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдэгийн дардасны Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор дээшээ чиглэлтэй 2 ширхэг зураас байсан. Гэтэл Харьцуулах загвараар ирүүлсэн 2015.3.02-ны өдрийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор уг зураасууд байхгүй байсан. Үүнийг дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд зураг 2, 3 дугаарт цэнхэр өнгийн балаар тэмдэглэн харуулсан байгаа. Өөрөөр хэлбэл харьцуулж буй дардаснуудын хувийн шинж тэмдэг нь зөрүүтэй байна гэсэн үг. Ийм учраас тохирохгүй гэж дүгнэлт өгсөн. Харьцуулах загвараар ирүүлсэн цаасанд дарагдсан тэмдэг болон 2013.01.07-ны өдрийн “Говьповер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтанд дарагдсан тэмдэг нь өөр өөр тэмдэгүүд байна. Учир нь тэмдэгүүдийн хэмжээ зөрүүтэй байна. Эдгээр тэмдэгүүд нь нэг тэмдэг байгаад цаг хугацааны явцад элэгдэж өөрчлөгдсөн байсан бол ерөнхий хэмжээ өөрчлөгдөхгүй ёсгүй. Аливаа тамга, тэмдэг нь ашиглалтын явцад элэгдэл үүсвэл баран /тамга, тэмдгийн хэв/ дээрх үсэг тэмдэг элэгдэж, дарахад бүдэг гарах эсхүл огт гарахгүй байх зэргээр өөрчлөлт орох магадлалтай. Эсхүл гадны биеттэй харилцсаны улмаас нэмэлт шинж тэмдэгүүд үүсч болно. Харин хэмжээнд өөрчлөлт орох ёсгүй. УБСЕГ-ын улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж байсан 2013.01.07-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн зүүн дээд албан ажлын хэрэгцээнд гэсэн хэсэгт дарагдсан тэмдэгний дардастай, 2013.01.08-ны өдрийн Татварын төлөгчийн бүртгэлээс хасалтын картын дунд хэсэгт улсын бүртгэлийн байцаагч Д.Чулуунтуяа гэсний баруун талд дарагдсан тэмдгийн дардас зэргийг 2013.01.07-ны өдрийн “Говьповер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардастай харьцуулан шинжилж үзсэн...” гэх мэдүүлэг /41хх-ийн 120-122х/,

Гэрч Д.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2007 онд миний нөхөр Г.Гансүх нь “Говьповер” ХХК-нийг гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Гол зорилго нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон баг, Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын талбай авч, үйл ажиллагаа явуулах байсан юм. Тухайн үед “Тавантолгой” ХК /жижиг таван толгой/ үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлож байсан үе юм. Ингээд 2008 онд сумын захиргаанаас зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож одоо яг санахгүй байна 200.000.000-300.000.000 төгрөгөөр 10 га газрыг нүүрс боловсруулах зориулалтаар худалдан авч эзэмшсэн. Ингээд уг талбай дээрээ гаалийн хяналтын бүс байгуулах шаардлагад нийцүүлэн тодорхой хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2010-2011 онуудад талбай дээрээ бусад аж ахуйн нэгжийн экспортонд гаргах нүүрсийг хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Мэдээж Гаалийн ерөнхий газраас Гаалийн хяналтын бүс зарлах тухай тушаалд тухайн талбайгаа хамруулсан байсан. Ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаад түрээслэгчийн эрэлт муу, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон компани, өрсөлдөгчтэй байсан бөгөөд үйл ажиллагаа муу байсан тул Говьповер ХХК-нийг эзэмшдэг газар, өмч хөрөнгийн хамт 2011 онд иргэн Дашдондог гэгчид 800.000.000 төгрөгөөр худалдсан. Миний хувьд тус компанид санхүүгийн үйл ажиллагааг хариуцаж, зөвлөж байсан. Гаалийн хяналтын бүсийн талбай худалдаж авахад гарсан зардал, газрыг тойруулж хатгасан торон хашаа, 2 ширхэг авто пүү суурьлуулсан, цахилгааны утас, гэрэлтүүлэг, камержуулалт, пүүний хяналтын байр, гаалийн байцаагч нарын байр, тэдгээрийн тавилга хэрэгсэл, ширээ, сандал, компьютер, талбайг зориулалтын дагуу болгож 60 хувийг нь тэгшилсэн зэрэг хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Энэ талаарх санхүүгийн баримт, тайлангаа Дашдондогт компаниа зарахдаа өгсөн. Сүүлд үлдсэнийг нь Баярмаа ирж авсан. Бидэнд үлдсэн юм байхгүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 219-221х/,

гэрч Г.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баярмаа гэгч нь “Дашдондогоос та нарын тухай сонслоо, та нар урьд нь “Говьповер” ХХК-ний эзэд байсан юм байна. Энэ компанитай холбоотой бичиг баримтууд байна уу, бид тендерт орох гэж байна” гэж хэлэн манай оффист ирж уулзаж байсан. Өөрөөр түүнтэй уулзаж байгаагүй. Баярхүү гэдгийг нь огт сонсоогүй, мэдэхгүй юм байна. “Говьповер” ХХК-нийг 2007 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд Өмнөговь аймгаас нүүрс худалдан авч, БНХАУ-д экспортлох зорилготой байсан. Ингээд 2008 онд Өмнөговь Ханбогд сумаас зарласан газрын дуудлага худалдаанд оролцож Цагаан хад гэх газар байрлах 10 га газрыг Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 60.000.000 орчим төгрөгөөр худалдан авсан. Ингээд Гаалийн ерөнхий газраас Гаалийн хяналтын талбай ажиллуулах зөвшөөрөл авахын тулд талбайгаа бэлтгэж, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд ГЕГ-аас Гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл авсан бөгөөд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2010 билүү 2011 онуудад компанийг Дашдондог гэгчид 800.000.000 орчим төгрөгөнд худалдсан. Тухайн үед бид “Говьповер” ХХК-ниа үүсгэн байгуулаад Гаалийн хяналтын талбай авчихаад талбайг тохижуулаад Гаалийн хяналтын бүсийн зөвшөөрөл авах шаардлагыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ үеэр манай талбай дээр хэсэг хүмүүс ирж талбай дээр чинь хамтарч үйл ажиллагаа явуулъя гэдэг санал тавьсан байсныг манай компаний гүйцэтгэх захирал Батзориг надад дамжуулсны дагуу Улаанбаатар хотод Дашдондог, Тунгалаг гэх хятад хүнтэй уулзсан. Тэд хэлэхдээ Өмнөговь аймгийн “Тавантолгой” ХК-ниас /жижиг тавантолгой/ нүүрс худалдан авч, БНХАУ-д экспорлох талаар хамтарч ажиллая гэдэг саналыг тавьсан.  Ингээд бидний хувьд “Говьповер”ХХК-нийхаа нэрээр Тавантолгой /жижиг тавантолгой/ ХК-ниас нүүрс худалдаж авах эрх авах ажлыг хөөцөлдөх, авсан нүүрсийг манай талбайд хадгалах зэрэг ажлыг, харин БНХАУ-д гаргах үйл ажиллагааг Дашдондог, Тунгалаг нар хариуцахаар болж урьдчилгаа төлбөрт 400.000 ам.долларыг манай компанид өгсөн. Манай компаний гүйцэтгэх захирал Батзориг нь “Тавантолгой” /жижиг Тавантолгой/ ХК-ниас нүүрс авах эрх авах ажлыг гардан хариуцаж байсан бөгөөд энэ ажил нь үр дүнд хүрээгүй юм. Ингээд Дашдондог, Тунгалаг нар нь нүүрсний эрх бүтээгүй учир мөнгөө нэхсэн бөгөөд бидний зүгээс уг мөнгийг нь талбайг тохижуулах чиглэлээр зарцуулсан байсан тул эргүүлж өгөх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Ингээд тэдэнтэй тохирсны дагуу “Говьповер” ХХК-ниа эзэмшил газар, Гаалийн хяналтын талбайн эрх, газар дээрх эд хогшил, хөрөнгө оруулалтын хамт 800.000.000 төгрөгөөр худалдахаар болж зөрүү 200.000.000 орчим төгрөгийг авсанаар компаниа Дашдондогт нарт бүрэн шилжүүлсэн. Тухайн үед компаний ерөнхий захирлаар дүү Оюун-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд түүний нэрээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байх ёстой. “Говьповер” ХХК-ний эзэмшлийн Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад гэх газарт байрлах Гаалийн хяналтын бүсийн талбайд дараахь хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд: талбайн дуудлага худалдааны төлбөр, 10 га газрыг төмөр торон хашаагаар бүрэн хашаажуулсан, талбайд гэрэлтүүлэг хийсэн, 5-6 газар хяналтын камер тавьсан, 100 орчим тонны авто пүү 1 билүү 2 ширхэгийг худалдан авч, суурьлуулсан, Гаалийн ажилчдад зориулсан албан байрыг контейнерыг тохижуулах байдлаар шийдсэн, пүүний хяналтын байр, талбайн 50-60 орчим хувийг тэгшилж, хусах, индүүдэх, услах, нягтруулах ажиллагаануудыг хийсэн. Нарийн тооцоог санхүүгийн баримтуудаас харах шаардлагатай, уг баримтуудыг Дашдондогт компаниа худалдахдаа өгсөн...” гэх мэдүүлэг /22хх-ийн 222-225х/,

            гэрч Ц.Дашдондогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 1997 оноос эхлэн Цайз зах дээр түүхий эдийн наймаа хийх явцаа Д.Баярмаатай танилцаж байсан. “Говьповер” ХХК-нийг хэзээ үүсгэн байгуулагдсаныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Түүхий эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах явцдаа биднээс түүхий эд худалдан авдаг байсан “Дин Атар Говь” ХХК-ний хөрөнгө оруулагч  БНХАУ-ын иргэн Дин Сүн Жинтэй 2007 онд танилцаж байсан бөгөөд түүнтэй нилээдгүй хугацаанд хамтарч ажилласан. 2011 онд түүхий эд нийлүүлэхээр Дин Сүн Жинтэй уулзахад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэдэг газар гаалийн хяналтын талбайн зориулалттай газар эзэмшдэг “Говьповер” ХХК-нийг худалдан авахаар болсон, хятад хүний нэр дээр байж болохгүй байна, чи нэр дээрээ аваад өгөөч, чамайг сарын 1.000.000 төгрөгөөр цалинжуулъя гэж санал болгосон. Ингээд би зөвшөөрч тус компанийг худалдаж буй Гансүх, Оюун-Эрдэнэ нартай Дин Сүн Жиний хамт очиж уулзан холбогдох гэрээ, хэлцэлийг өөрийн нэрээр хийж худалдаж авсан бөгөөд тус компанийг 100 хувь миний нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан. Тус компанийг газрын хамт нийтдээ 900.000.000 гаран төгрөгөөр худалдан авч байна гэж ярьж байсан. Миний сонссоноор Дин Сүн Жин нь Цагаан хад гэх газарт байгаа Гаалийн хяналтын бүсийн талбайдаа барилга, байшин, авто пүү, хашаа, тоног төхөөрөмж худалдан авч нүүрс буулган үйл ажиллагаа явуулж байна гэж ярьж байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа Билгээ гэж залуугаар хариуцуулж байсан. Ингээд байж байтал 2013 онд Дин Сүн Жин нь над руу залгаж Баянгол дүүрэг Төмөр замын хойд талын Богд-Ар хороололд дуудсан бөгөөд “Говьповер” ХХК-ниа бусдад зарах гэж байна гэж хэлсэн. Ингээд би яваад очтол тэр газар нь түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаагийн компаний офисс байсан бөгөөд тус компанийг Баярмаа худалдаж авах гэж байгаа талаар олж мэдсэн. Ингээд компаний хувьцааг бусдад шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компаний хувьцааг бусдад худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан бөгөөд миний хувьд гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдэгээ дарж байсан. Ингээд би уг асуудлыг дуусгаад явсан. Нэгэнт миний компани биш учир, нэрээ салгахад ямар нэгэн асуудал байгаагүй. Баярмаагийн хэлж байснаар “Говьповер” ХХК-нийг дүү Баярхүүгийн нэрэн дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг Уянга гэж хүний нэр харагдаж байсан. Дараа нь хэвлэл мэдээллээр тус компанийг худалдаж авсан Уянга гэгчийн овог нь солигдсон гэж мэдээлэл гарч байсныг үзэж байсан. Тухайн нотариат залуу нь 35-36 гаран насны  өндөр, шар залуу байсан. Нэр ус, утасны дугаарыг нь мэдэхгүй. Баярмаагийн офиссд ороод тэдэнтэй юм яриад цай уугаад сууж байх хооронд бүх гэрээ, хэлцэлийг бэлдээд гарын үсэг зуруулсан. Хөрөнгөний эзэн Дин Сүн Жин гарын үсэг зур гэсэн учир гарын үсгээ зураад л гарсан. Нотариатын төлбөрийг хэн төлснийг мэдэхгүй байна. Гэрээ байгуулж  байх үед Баярмаагийн ажилчид гэж өчнөөн олон хүн байсан. Яг үнэндээ бол Уянга гэдэг нь огт байгаагүй. Яагаад гэхээр гэрээний талууд зурах үед Баярхүү бид 2 л зурсан бөгөөд Уянгын гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн байсан. Нэмж хэлэхэд уг худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсаны дараа 100 айлд байрлах Хуулийн этгээдийн бүртгэлийн газар луу цуг явахаар болсон бөгөөд Баярмаа нь хэлэхдээ Уянга гэртээ жирэмсэн байгаа бид нар замаараа гарын үсэг зуруулчихаад очно та түрүүлээд явж бай гэсэн юм. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Баярхүү ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн Уянгын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэгээд дотор ороход 18 цаг буюу ажил тарсан байсан бөгөөд 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаж Баярмаа явууллаа гэж Баярхүү хэлэхэд доошоо буугаад нэг хүнтэй уулз гэсэн бөгөөд тэр хүн дээр нь очиж улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. Тэр үед бий их гайхаж байсан, урьд нь өөрөө юм хөөцөлдөж очиход бөөн оочер дараалал, тэгээд бүр ажлын цаг дуусчихсан байвал бүр хүлээж авахгүй байдаг байсан газар нь тэр өдөр биднийг хүлээчихсэн бэлэн байсан нь их гайхалтай санагдаж байсан. Миний хувьд тус компанийг анх худалдаж авах үед нь гарын үсэг зурж авсан, бусдад худалдах үед нь гарын үсэг зурсан. Өөр ямар нэгэн хэлбэрээр тус компаний үйл ажиллагаанд огт оролцоогүй, төлөөлж гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Тамга, тэмдэг нь ч над дээр байдаггүй байсан. Дин Сүн Жин бид 2-ын хооронд хувьцааны талаар ямар нэгэн гэрээ байгаагүй, цэвэр итгэлцлийн журмаар миний нэрээ дээр худалдаж авсан. “Говьповер” ХХК-нийг Д.Баярмаа нар нь 1.000.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж ойлгодог. Сүүлд Баярмаагийн дүү Баярхүү нь төлбөрийн тооцоо дуусан гэдэг баримтан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр баримтаас нь харахад 1.000.000.000 төгрөг гэж байсан.  Надад үзүүлж буй хувьцаа эзэмшигчийн шийдвэр, худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэгтэй 1 бүрчлэн танилцлаа. “Говьповер” ХХК-ний хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Говьповер” ХХК-ний хувьцааг Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Тийм учраас би гарын үсгээ шинжлүүлэх хүсэлтэй байна. Гэрээний эх хувь надад байхгүй. Надад уг компанитай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй. Тухайн үед компани шилжүүлэх үед гарын үсэг зурчихаад л явсан. Эх гэрээ нь компаний эзэн Дин Сүн Жинд л үлдсэн байх ёстой. Уг компани нь угаасаа Дин Сүн Жиний компани учир энэ компанитай холбоотой ямар нэгэн бичиг баримт авч үлдэх шаардлага надад огт байгаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 242-248х/,

гэрч БНХАУ-ын иргэн Дин Сүн Жин /Ding Shun Ging/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 2011 онд нүүрсний бизнест орохоор шийдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг гэх Гансүх гэгчтэй урьдын танил Я.Отгоогоор дамжуулан танилцсан. Гансүх нь өөрийн компаниар Тавантолгойн ордоос нүүрс авах эрхтэй гэж байсан бөгөөд надад Тавантолгойгоос нүүрс авч өгье гэсний дагуу гэрээ хийж түүнд 400.000 ам.долларыг харилцах данснаасаа шилжүүлсэн. Гэтэл Гансүх нь энэ ажлаа бүтээж өгөөгүй бөгөөд мөнгөө нэхээд авч чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгтэл Гансүх нь өөрийн эхнэр Оюуны нэр дээр байдаг гэх “Говьповер” ХХК-нийг надад 700.000.000 төгрөгөөр худалдаж, өрөө даръя гэдэг санал тавьсан. Тус компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэдэг газар 10 га талбай бүхий Гаалийн хяналтын зориулалттай газар эзэмшдэг байсан бөгөөд уг талбайг нь ашиглах зорилгоор компанийг нь өрөндөө худалдаж авахаар шийдсэн. Ингээд  Гансүхэд 200.000.000 гаран төгрөгийг нэмж өгөөд компанийг нь авсан. Миний хувьд урьдын танил, ноолуурын бизнес эрхэлдэг Дашдондогоос 5.000.000 юанийг нүүрсний ажил бүтээлгэхээр зээлсэн байсан бөгөөд уг мөнгийг Гансүхээс компанийг нь худалдаж авахад зарцуулсан юм. Миний хувьд Дашдондогт өртэй байсан учир баталгаа гаргах зорилгоор “Говьповер” ХХКомпанийг Дашдондогийн нэр дээр авсан бөгөөд мөн Гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл нь гадаад хүнд өгдөггүй байсан учир түүний нэр дээр компанийг авсан бас нэг шалтгаантай юм. Ингээд компанийг худалдан авсанаас хойш 2011 онд 5000 орчим тонн, 2012 онд 15.000 орчим тонн хэмжээтэй бусад компани, аж ахуйн нэгжийн нүүрсийг талбай дээрээ төлбөртэйгээр хадгалж, үйл ажиллагаа явуулсан. Ингээд 2013 онд ямар ч ашиггүй байсан учир “Говьповер” ХХК-нийг Д.Баярмаад 1 тэрбум төгрөгөөр худалдсан. Би Гансүхээс тус компаний хувьцааг бүхэлд нь болон Гаалийн хяналтын талбай, талбай дээрхи 200-250 метр орчим торон хашаа, 150 тонны пүү 1 ширхэг, 40 тонны контейнер 1 ширхэг, контейнерт суурьлагдсан Пүүний зориулалттай 1 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, гадна камерын хяналтын компьютер 1 ширхэг, 2-3 ширхэг эргэдэг гадна камер зэрэг эд зүйлийг мөн нэмж хүлээж авсан. “Говьповер” ХХК-ний худалдан аваад Гаалийн хяналтын талбайд нь 650 орчим урттай 8 метр орчим өндөртэй салхи хаадаг төмөр хашаа шинээр хийсэн. 150 тонны авто пүү 1 ширхэг нэмж суурьлуулсан. 1 ширхэг 60 орчим метр гүний худаг гаргуулж, усны асуудлыг шийдвэрлэсэн. 300 метр кв талбай бүхий ажилчид байрлах, гал тогооны болон ариун цэврийн зориулалтай сендвичэн барилга бариулсан. 2 ширхэг Сангун 50 маркийн  ковеш худалдаж авсан. 50 киловаттын дизель мотортой цахилгаан үүсгүүр, оффисын тавилга, гал тогооны тавилга, ор, сандал, ширээ, байр халаагч зуух, усанд орох зориулалттай ус халаагч 2 ширхэг, 1 ширхэг нөүтбүүк зэрэг нийт 1.300.000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд 2013 онд Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаа ямар ч ашигггүй байсан тул бусдад худалдах санаатай байтал Батбилэг манай гаалийн хяналтын талбайг компанитай нь авах хүн байна гэхээр нь уулзахад миний урьдын танил, ноолуурын наймаа хийдэг байсан Баярмаа гэж эмэгтэй байсан. Түүнд би “Говьповер” ХХК-ниа 1 тэрбум төгрөгөөр худалдах санал тавьсан бөгөөд Баярмаа “Цагаан хад” дээр очиж үзээд авахаар болсон. Ингээд “Говьповер” ХХК-нийг Цагаан хад гэдэг газарт байрлах 10 га талбай, талбай дээрх бүхий л эд хөрөнгийн хамт нийт 1.000.000.000 төгрөгөөр Баярмаад худалдсан. Миний хувьд 2 ширхэг Ковешоо л өөртөө авч үлдсэн. Бусдыг нь бүгдийг нь түүнд өгсөн. 2013 оны 01 сард Баярмаа нь манай компанийг худалдан авах гэрээгээ хийе гэж дуудсан бөгөөд Дашдондог бид 2-ыг Богд-ар хорооллын 6 билүү 7-р байрны 1 давхарт байрлах офистоо урьсан. Оффист нь явж очоод худалдах, худалдан авах тухай гэрээн дээр Дашдондог болон Баярмаагийн дүү Баярхүү нар гарын үсэг зурж баталгаажуулаад, нотариатаар батлуулсан. Дуудлагын нотариат ирж баталж өгсөн. Гэрээ байгуулсан даруйд Баярмаагаас 200.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2013 онд бага, багаар нийт 300.000.000 орчим төгрөгийг цувуулж авсан. Дараа нь 2014 онд бараг мөнгө аваагүй бөгөөд оронд нь 500.000.000 орчим төгрөгийн үнэтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө тооцож авсанаар өр, төлбөр дууссан гэж тооцсон. Гэрээг гэрчилсэн нотариатын талаар  ёстой санахгүй байна.  Баярмаа хэлэхдээ манай байнга харьцдаг нотариат гэж байсан. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Гэрээнүүдтэй үзэж танилцлаа. Миний хувьд аль гэрээгээр нь “Говьповер” ХХК-нийг Баярмаад худалдсанаа мэдэхгүй байна. Гарын үсэг зурсанаараа Дашдондог мэдэх ёстой. Гэрээний эх хувь нь тухайн үедээ надад хадгалагдаж байсан бөгөөд Баярмаатай төлбөр тооцоо дуусах үед гэрээний эх хувийг надад өгчих гэхээр нь нэгэнт мөнгөө авчихсан, одоо надад хамаагүй болсон учир цаас хадгалаад яахав гээд гэрээгээ эх хувиар нь Баярмаад өгчихсөн...” гэх мэдүүлэг /22хх-ийн 233-238х/,

гэрч Д.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2011 онд миний төрсөн дүү Батбаатарын найз Я.Отгонбаяртай уулзахад Ханбогд сумын Цагаанхад гэх газарт байрлах Гаалийн хяналтын талбайн даргаар ажиллах санал болгосны дагуу уг талбайг хариуцаж ажиллах болсон. Ингээд ажлаа хүлээж авахад уг талбайг урьдын танил Дин Сүн Шинг ажиллуулж байгааг мэдсэн бөгөөд 2013 оныг хүртэл Дин Сүн Шингийн удирдлага дор гаалийн хяналтын талбайг хариуцаж ажилласан. Миний хувьд тухайн үед Гаалийн хяналтын талбай дахь “Говьповер” ХХК-ний эд хөрөнгө, ажилчид, үйл ажиллагаа зэргийг хариуцаж байсан. Дин Сүн Шин нь намайг ажилд томилсоны дараа ажлаа хүлээн авахад уг гаалийн хяналтын талбай гэх газарт нь 2 ш монгол гэр, 1 ш 40 тонны контейнерээс өөр зүйл байгаагүй. Ингээд Дин Сүн Шин-ийн хөрөнгө оруулалтаар уг талбайг бүрэн хашаажуулсан. Мөн түүнчлэн ажилчдын сэндвичэн байр, гал тогоо, халуун ус, 2 ш 150 тонны автопүү, 6 ш ковеш, гүний худаг, 400 гаран метр урттай, 8 метр өндөртэй төмөр, метал салхины хаалтын байгууламж, пүүний байр, гаалийн байцаагчийн хяналт тавих ажлын байр, Гаалийн хяналтын талбайн газрыг тэгшилсэн. Моторын болон харуулын байр зэргийг бариулсан, 10 га талбайг иж бүрэн хянах хяналтын камер 8 ш, 12ш гэрэлтүүлэг гэх зэрэг хүн амьдарч, үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Ингээд миний хувьд 2013 оны 01 сарыг хүртэл хугацаанд энэ үйл ажиллагааг хариуцаж байтал Дин Сүн Шин нь компаниа бусдад худалдахаар болсон бөгөөд компанийг нь урьдын танил Баярмаа авсан. Ямар үнээр авсаныг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан Баярмаа худалдаж аваад надад санал болгосны дагуу дахин үргэлжлүүлэн Гаалийн хяналтын талбайг хариуцсан. Баярмаа нь уг компанийг худалдан авсаны дараа тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний нүүрсийг буулгаж, ачих тендерт шалгарсан гэж мэдсэн. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас Майбаяр гэж хүнээр ахлуулсан 6 хүн ирж гаалийн хяналтын талбайд тавигдах шаардлагыг хангуулахаар ажилласан. Тэдний шаардлагын дагуу “Говьповер” ХХК-ниас дараахь ажлуудыг хийсэн. Үүнд: Нэмж 400 гаран метр урт, 8 метр өндөртэй салхины хаалт байгуулж, урьд хийсэн байсан бүх хашааг дахин буулгаж, өндөр хашаа хийсэн, 8 ковеш шинээр оруулж ирсэн, 50 гаран ажилчдын хүчээр кемпийн сэндвичэн өргөтгөл хийсэн, Стандартын дагуу талбайг дахин тэгшилсэн, 40 метр урттай пүү 4 ширхэгийг шинээр нэмж тавьсан, 200 тонны 18 метрийн урт 2 пүү нэмсэн, Хуучин 2 пүүг шилжүүлсэн тавьсан,  Гаалийн ажилчдын байр, ажилчдын байрыг өргөтгөсөн, Ариун цэврийн өрөө, халуун усны, гал тогооны өрөөний  хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн,  Тавантолгойгоос ирэх автомашинд зориулж 8 машин зэрэгцэж зогсох зориулалттай 2.7 км урт сайжруулсан шороон замыг барьсан, Нүүрс буулгаж, ачих, түр зогсох зориулалттай 450 машины багтаамжтай авто зогсоол /хашаа, хороотой, гэрэлтүүлэг, камертай/ шинээр хийсэн, мөн нүүрс буулгах талбайн улны үеийг 25000 тонн нүүрсээр дэвссэн, харуулын 2 ширхэг байр нэмж барьсан, Гэрэлтүүлэгний цамхаг 2 ширхэгийг нэмж хийсэн, усны болон түлшний 2 ширхэг цистерн авсан зэрэг бүтээн байгуулалт хийсэн. Эдгээр ажлуудыг хийж дуусгаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүлээлгэж өгсөн. Үйл ажиллагаа бол явуулаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 250х, 23хх-ийн 1-4х/,

гэрч Д.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 01 сард намайг гадуур явж байхад Баярмаа эгч яриад компанийхаа оффис дээр дуудсан. Ингээд Богд-Ар хороололд байрлах оффист очиход Баярмаа эгч хэсэг хүмүүстэй байж байсан. Тэгээд надад хандаж “чи ажилгүй яваад байна, чамайг ажилтай болгоно” гээд энэ компанийг чиний нэрээр худалдаж авна гээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Тэр гэрээ нь ямар утгатай, ямар гэрээ байсныг сайн мэдэхгүй байна. Энэ дээр гарын үсэг зур гэхээр зураад л өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа ажил чинь эхлэлээ шүү хөдөө явна шүү гээд намайг авч Өмнөговь аймаг руу 2 сард орчим авч явсан. Ингээд тэнд очоод Цагаанхад дахь гаалийн талбайг тохижуулах ажилд нь гар бие оролцсон. Ингээд талбайгаа хүлээлгэж өгөөд ажил зогссон. Ийм л байдлаар оролцсон. Гэрээ байгуулах үед гадны хүмүүс байсан санагдаж байна. Яг ямар хүмүүс байсныг бол санахгүй байна. Манай үеэл Ядам, түүний эхнэр Уянга 2 намайг ирсэний дараа билүү өмнө ирчихсэн байсан. Сайн санахгүй байна. Ямар ч байсан Ядамын нэр дээр авах гэж байгаад бичиг баримт нь байхгүй гээд Уянгыг оруулсан байдаг. Гэрэлхүүгийн Уянга гэж хүн танихгүй, уулзаж байгаагүй. “Говьповер” ХХК-нийг хамаатны Ч.Уянга гэж хүн л надтай хамт эзэмшиж байсан. Сүүлд Баярмаа эгч хэлэхдээ “хамаатны Ч.Уянга дээр хэл ам болоод байна. Чи өөр лүүгээ шилжүүлээд авчих гэхээр нь Говьповер” ХХК-нийг шилжүүлж авсан. Ер нь би эгчийн хэлснийг хийгээд л явж байдаг. Би тус компанид ямар ч хөрөнгө оруулаагүй. Би очиж гарын үсэг л зурсан. Ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна. Дашдондог нь байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Үзүүлж буй баримтуудтай үзэж танилцлаа. Үзүүлж буй Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн УБ-05 маягтын гараар бичсэн хэсгүүдийг би бичсэн байна. Мөн түүнчлэн Нэмэгдэж буй өөрчлөлт гэсэн хэсэгт... Хувь нийлүүлэгч Д.Баярхүү, Г.Уянга нар болсныг хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэж 1.0 тэрбум болсныг. хаяг: УБ, Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол Магсаржавын гудамж 6а-51 тоот, захирал Д.Баярмаа болсныг, УБГ дахин авах, 91919668 гэж тус тус гараар бичсэнийг би өөрийн гараар бичсэн байна ... Үзүүлж буй Цэдэнпилжээгийн Дашдондог, Д.Баярхүү, Гэрэлхүүгийн Уянга /уз90032401/ нарын 2013.01.07-ны өдөр байгуулсан 01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний шилжүүлэн авагч гэсэн хэсэгт би гарын үсэг зурж, гар утасны дугаараа бичсэн байна. Мөн үзүүлж буй Доржпүрэвийн Баярхүү 40 хувь, Гэрэлхүүгийн Уянга 60 хувь болохыг дурьдсан 2013.01.07-ны өдрийн 06 тоот Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт би гарын үсэг зурсан байна. Үзүүлж буй Доржпүрэвийн Баярхүү 40 хувь, Гэрэлхүүгийн Уянга 60 хувь болохыг дурьдсан Говьповер ХХК-ний дүрмийн гарын үсэг зурах хэсэгт би гарын үсэг зурсан байна. Би Г.Уянга гэгчтэй уулзаж байгаагүй. Ямар ч хүн байдгийг нь мэдэхгүй. Би Баярмаа эгчийн зур гэсэн юмнууд дээр л гарын үсэг зурсан. Доторхи агуулгыг нь огт хараагүй. Г.Уянга гэсэн гэрээнүүдэд би гарын үсэг зурсан байна. Би яагаад уг маягтанд Г.Уянга гэж бичсэнээ санахгүй байна. Уг нь Ч.Уянгатай л гэрээ байгуулсан  ш дээ. Ерөөсөө санаж байгаа юм алга. Би эгчийн хэлсний дагуу гэрээнд гарын үсэг зурж, надад өөр нэмж ярих зүйл алга, ярьсан зүйлс үнэн зөв...” гэх мэдүүлэг /23хх-ийн 26-30х/,

гэрч Ч.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Доржпүрэвийн Баярмаатай эгч дүүсийн харилцаа холбоотой. Д.Баярмаа эгч нь миний нөхөр Батмөнхийн Ядамбаатарын ээж Зулзагын Нансалмаагийн төрсөн эгч Зулзагын Цэвээнчагдагийн охин нь юм. Өөрөөр хэлбэл тэд үеэлүүд гэсэн үг. Миний хувьд эдний гэр бүлийн бэр нь юм.           Миний хувьд “Говьповер” ХХК-д одоо хувь эзэмшихээ больсон. Тухайн үед 60 хувийг эзэмшиж байсан. 2013 оны 01 сард санагдаж байна. Эгч Баярмаа миний утас руу яриад “Ядамбаатарын бичиг баримт байна уу” гэж асууж байсан бөгөөд тухайн үед бичиг баримтаа хаячихсан байсныгаа хэлэхэд “тэгвэл чи бичиг баримтаа аваад хүрээд ир” гэсний дагуу маргааш нь Богд-Ар хороололд байрлах Баярмаа эгчийн компани дээр очиж хувь эзэмшинэ гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тус компанид ямар учиртай, ямар зорилгоор хувь эзэмшиж байгаагаа огт ойлгоогүй. Баярмаа эгч надад тайлбарлаагүй. Би ч асууж сонирхоогүй. Гэтэл хэсэг хугацааны дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр шуугиж, миний нэр гараад бөөн юм болсон. Ингээд айж, санаа зовоод ажлаа хийхэд ч төвөгтэй болсон. Ингээд Баярмаа эгчид хэлж нэрээ хасуулсан. Бид тус компанид ямар ч хөрөнгө оруулаагүй. Миний нөхөр Ядамбаатар нь Баярмаа эгчийн “Болор-Аграмба” ХХК-д барилгыг хариуцаад юм юм л хийнэ дээ. Тухайн үед Баярмаа эгч гэрээн дээр гарын үсэг зур гээд л зуруулсан. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй. Бидний амьдарч байгаа ХУД-ийн 15-р хороо 49-204 тоот орон сууц нь “Болор-Аграмба” ХХК-ний нэр дээрх байр бөгөөд 3-4 жил сайн ажиллавал нөхөр Ядмаагийн нэр дээр шилжүүлж өгнө гэж Баярмаа эгч хэлсэн. Миний том охин Халиунаа 2005 онд төрсөн. 2013 онд 8 настай байсан. Бага охин Хулангоо 2015 оны 4 дүгээр сарын 17-нд төрсөн. Тэгэхээр 2013 оны 01 сард би жирэмсэн, нялх хүүхэдтэй байгаагүй. Гэрээс чөлөөтэй гарч орохоор боломжтой байсан. Охин маань 15-р сургуулийн 2 билүү 3 ангийн сурагч байсан...” гэх мэдүүлэг /23хх-ийн 31-34х/,

Г.Дгийн Кристал таун хотхоны 802-р байрны 1105 тоот гэрт  2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нэгжлэгийн “...Ажлын өрөөнд байрлах төмөр сейфыг Г.Дгээр онгойлгон үзэхэд тус бүр 100 ширхэгээр боосон 3 боодол 50-тын евро, 9 ширхэг 500 евро, 100 ширхэгээр нь боосон 20.000-тын дэвсгэрт 1 боодол, 3 ширхэг 100 долларын дэвсгэрт, ....тус өрөөний номын шкафанд нэгжлэг хийж ...Пэлжид овгийн Гэрэлхүүгийн Уянгын Монгол улсын иргэний үнэмлэх баруун дээд булан хэсгээс нь хайчилсан 1ш үнэмлэх, Г.Уянга, Г.Д нарын гэрлэлтийн гэрчилгээ, 2011.03.27-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээ, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр... зэргийг түр хураан авав” гэсэн тэмдэглэл  /11хх-ийн 108-11х/,

гэрч Цэрэнбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Түмэнхүүтэй анх 2014 оны 3 сард тариалангийн газар худалдах зорилгоор уулзаж танилцаж байсан. Миний  үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж буй “Шинэ-Амжилт” ХХК нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт газар, тариалангийн зориулалттай 1830 га газар эзэмшиж, үүн дээрээ газар тариалангйин үйл ажиллагаа явуулдаг юм. 2013 онд ургацын үнэ хямд байсантай холбогдуулан 2014 онд тариа тарих зардалгүй болсон тул урьдчилан тариа тарихаар бэлдсэн /уринш/ 150 га орчим газраа зарахаар төлөвлөсөн байсан юм. Ингээд хэсэг хүмүүст энэ талаар хэлсэн байсан гэтэл нутгийн ах Д.Батбилэг над руу ярьж хүмүүс чиний газрыг сонирхоод байна гэсэн бөгөөд Г.Д гэж залуугийн утасны дугаарыг өгсөн. Ингээд би түүний утас руу нь ярьж холбогдоход миний зарах гэж буй газрыг сонирхож байна уулзая гэсэн. Үүний дагуу би 2014.03 сард Улаанбаатар хотод ирж түүний хэлсэнчлэн Монцамэ-гийн байранд байрлах өрөөнд нь орж уулзахад Г.Д, Түмэнхүү гэж танилцуулсан 2 залуу байсан. Г.Д нь 30 орчим насны залуу байсан бөгөөд хэвлэл мэдээллээр гарч байсан Г.Д гэж залуу мөн байсан. Түмэнхүү нь миний үеийн залуу байсан. Ингээд голчлон Г.Д ярьж байсан бөгөөд тэр хэлэхдээ таны газрыг авч болж байна, гол нь бид тус газар дээр тариалан тарих туршлага, техник, хүн хүч байхгүй байна, тэгэхээр та газрыг чинь авсан тохиолдолд энэ чиглэлээр туслах боломжтой юу гэдэг санал тавьсан. Миний хувьд газраа зарахын тулд эхний жил буюу 2014 онд тэдэнд өөрийн тоног төхөөрөмжийг үнэгүй ашиглуулж, хүн, хүчээ зөвхөн цалин, шатахууны зардлаа тооцож ажиллуулахаар тохирсон бөгөөд 2014 оны 03 сарын 17-ны өдөр Тариалангийн газар худалдах, худалдан авах гэрээг Г.Дтэй хамт байсан Г.Түмэнхүүтэй нь байгуулж, урьдчилгаа 60.000.000 төгрөгийг бэлнээр Монцамэ дотор Г.Түмэнхүүгээс авсан. Би өөрийн 150 га газраа 1 га-г нь 400.000 төгрөг буюу нийт 60.000.000 төгрөгөөр, уринш буюу урьдчилан тариа тарихаар талбайг бэлдсэн ажлын хөлсөнд 13.000.000 төгрөг, үрийн будааг 6.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд гэрээ хийсэн өдөр газрын мөнгө болох 60.000.000 төгрөгөө бэлнээр авсан. Ингээд хэд хоногийн дараа үлдэгдэл 18.000.000 төгрөгөө бэлнээр мөн Түмэнхүүгээс хаана билээ машин дотор уулзаад л авсан. Ийм зорилгоор Түмэнхүүтэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд талбайг зарсанаас хойш ургац тариалалт, хураалтын үеэр бүхий л ажлыг нь Түмэнхүү нь хариуцаж байсан тул түүнтэй харилцаж байсан...” гэх мэдүүлэг /23хх-ийн 169-175х/.

гэрч Х.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз Д.Баярхүүгийн хамт 2013 онд Өмнөговь аймагт “Грандговь суплай” ХХК-ийг гадаад дотоод худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд огт үйл ажиллагаа явуулаагүй. 2013 онд сонингоор Оюутолгой компанид шохой худалдаж авах тендер зарлагдсан байсан. Энэ тендерт зөвхөн орон нутгийн компани орохоор байсан бөгөөд Д.Баярхүү бид хамтарч уг тендерт орохоор болж тус компанийг үүсгэн байгуулж байсан. Ингээд би тендерт орох төслийг өөрийн компаний ажилтан Адъяагаар бичүүлж, материалын хамт Д.Баярхүүд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Би ч асууж сураагүй.  Г.Улзмаагийн эзэмшлийн газар дээр байрлах амины сууцанд хийсэн нэгжлэгээр  хураагдсан “Грандговь суплай” ХХК-ний Шохой болон бутласан чулуу үйлдвэрлэх төслийг үзэж танилцлаа. Адъяагаар хийлгэсэн төсөл мөн байна. Энэ төсөл яагаад Г.Дгийнд байсан талаар мэдэхгүй байна. Би төслийг Баярхүүд өгсөн. Өөр хэн нэгэнд өгөөгүй. Уг төслийг бичихдээ “Ус Орчин” ХХК, “НК”, “Налгар Түшиг”, “Шохой цагаан булаг” гэж компаниуд хамтарч “Грандговь суплай” ХХК-ниар төсөл хэрэгжүүлэх санаатай байсан. “Ус-Орчин” ХХК нь миний ээжийн дүү Ж.Батбаярын компани юм. Энэ компани нь худаг ус гаргах үйл ажиллагаа явуулдаг. “НК” ХХК-ний тоосгоны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний нэр дээр байсан бөгөөд 2014 онд төрсөн Цагаанхүүд шилжүүлсэн. “Шохой цагаан булаг” ХХК нь Баярхүүгийн ах Баярсайхан компани юм...” гэх мэдүүлэг /23хх-ийн 36-37х/,

гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Ёл-Ази” ХХК-ийг 2008 онд миний бие 1 гишүүнтэйгээр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Манай компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш “ЭТТ” ХК-ниас зарласан аливаа тендерт оролцож байгаагүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт огт оролцож байгаагүй. “ЭТТ” ХК-ниас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012.12.28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Манай компанид ийм урилга ирж байгаагүй. “Ёл Ази” компани дээр гаалийн хяналтын зөвшөөрөлтэй газар байхгүй. Харин миний үүсгэн байгуулсан “Ёл Ресурс” ХХК-д Цагаан хаданд дээрх чиглэлээр 10 га газар газар байгаа...” гэсэн мэдүүлэг /22хх-ийн 184-186х/,

гэрч Л.Долгордуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд Тахидаг хайрхан ХХК-нд 2008 онд гүйцэтгэх захирлаар ажилд орж 2014 оны 4 сарыг хүртэл хугацаанд ажилласан. Тус компани нь Өмнөговь аймагт Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. “Тахидаг Хайрхан” ХХК нь 2012 онд “ЭТТ” ХК-ниас зарлан явуулсан Тээврийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож шалгаран тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Үүнээс өөрөөр намайг ажиллах хугацаанд манай компани нь “ЭТТ” ХК-ниас зарласан тендерт оролцож байгаагүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт манай компани оролцоогүй. “ЭТТ” ХК-ниас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012.12.28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Энэ урилга бол манай компанид ирж байгаагүй урилга байна. Манай компани нь Цагаан хаданд гаалийн хяналтын талбай бүхий хяналтын бүстэй бөгөөд ийм урилга ирсэн бол тендерт оролцох байсан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 188-189х/,

гэрч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний нэр дээр ...“Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц”, “Хар Арслан” зэрэг компаниуд бүртгэлтэй байгаа. Би 2011 билүү 2012 онд Эрчим хүчний чиглэлээр бизнес хийхээр шийдэж Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авахаар хайж байгаад зар дээрээс 3 компани байсны нэг рүү нь залгасан нь энэ “Хар-Арслан” ХХК байсан. Ингээд Хар-Арслан ХХК-ийн зард тавьсан утас руу нь залгахад 1 хүүхэн утсаа авахаар нь компанийх нь талаар сонирхож байгаагаа хэлээд уулзахад 35 орчим насны шар хүүхэн байсан. Тэгээд уулзаад тусгай зөвшөөрлийг нь үзэхэд эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байсан. Барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан ба хугацаа нь дууссан байсан. Тэгээд үнэ ханшаа ярихад 40.000.000 орчим төгрөг гэсэн бөгөөд нилээд үнэтэй санагдсан. Тухайн үед надад 20.000.000 орчим төгрөг байсан юм. Ингээд хамтарч бизнес хийе, танай компанийн тодорхой хувийг би эзэмшээд үйл ажиллагаа явуулъя. Тэгээд эзэмшдэг хувиараа тооцож орлогоо хуваая гэхэд тэр хүүхэн буюу одоогийн Улзмаа нь би гэр бүлийн хүнтэйгээ яръя гээд салсан. Ингээд 4-5 хоногийн дараа байх Улзмаатай ярихад хувь нийлүүлэх саналыг зөвшөөрлөө гэсэн. Тэгээд эхэндээ 50, 50 хувь эзэмшье гэж ярьж байсан боловч менежментийг нь би удирдаж, гарах зардлыг хариуцах байсан учир 60 хувийг нь манайх авахаар болсон. Тэр үед би 20 хувь, бэр эгч Нарантуяаг хөрөнгө оруулах учир 40 хувь, Улзмаа нь 40 эзэмшихээр болсон. Ингээд би гэрээгээ хийчихээд УБЕГ-т очиж тус компанид хувь эзэмших болсон юм. Тухайн үед буюу тус компанийн тодорхой хувьцааг шилжүүлж авах үед Улзмаагийн нөхөр нь гээд залуу ирж гарын үсэг зурж өгч байсан. “Хар-Арслан” ХХК Улзмаагийн нөхрийн нэр дээр нь байсан санагдаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь миний бие ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд Өдрийн сонин дээр байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн зарыг олж аваад, компани дээрээс нь албан бичиг явуулж, тендерийн материалыг нь худалдаж авсан. Ингээд материалтай нь танилцаж, холбогдох материалыг нь бүрдүүлж тендерт оролцсон боловч шалгараагүй. “Хар-Арслан” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаанхаданд гаалийн хяналтын талбай байхгүй. Уг тендерт “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц” гэж компаниудаараа бас орсон. Миний хувьд тендерт орохдоо янз бүрийн буюу өндөр, бага үнийн санал хэлж орвол аль нэг нь шалгарч магадгүй гэж бодоод 3 компанийхаа нэрээр орсон боловч аль нь ч шалгараагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 201-204х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй С.Ганболдын нэр дээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан” зэрэг аж ахуй нэгжүүдийн хувийн хэргийн хуулбарууд /13хх-ийн 119-166х/,

Гэрч Ч.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Алтанговь транс” ХХК-ийг 2010 онд Ш.Адьшаа гэж хүн Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагдсанаас хойш 2011 онд “ЭТТ” ХК-д гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлсэн гэдэг. Ингээд 2012 онд тус компанийг холбогдох тусгай зөвшөөрлүүдийн хамт миний бие төрсөн ах Ч.Жаргалсайханы хамт Ш.Адьшаагаас шилжүүлж авсан. Ингээд одоо тус компани нь ах Жаргалсайханы нэр дээр 1 гишүүнтэйгээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулж байна. “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012 онд бүтэн Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлсэн. Ингээд 2012 оны жилийн эцсээр “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, тус компаниас энэ чиглэлийн үйлчилгээ авах тендерийг дахин зарласан байдаг. Манай компани нь тус тендерт оролцох сонирхолтой байсан тул зарын дагуу тендерийн материалыг худалдан авч холбогдох материалыг бэлтгэн тендерт оролцсон боловч Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр шалгараагүй. Энэ үндэслэлүүдийг  манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сангийн яам болон Чингэлтэй дүүргийн шүүхэд тус тус хандаж “ЭТТ” ХК нь тендерийг хууль бусаар зохион байгуулсан талаар гомдол гаргаж, тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл “ЭТТ” ХК-ийн зүгээс манай компанитай эвлэрэх санал тавьсан. Уг санал нь 2013 онд манай талбай дээр “ЭТТ” ХК нь 450.000 тонн нүүрс буулгаж дамжин өнгөрүүлье гэсэн. Бидэнд уг нүүрсийг буулгаж, ажлын хөлс авах нь хэрэгтэй байсан тул тэдэнтэй эвлэрсэн. Гэтэл 2013 онд манай талбай дээр 138.000 тонн нүүрс буулгачихаад одоог хүртэл авахгүй, манай талбайг чөлөөлж өгөхгүй, төлбөр тооцоогоо ч хийхгүй байгаа. “ЭТТ” ХК-ийг төлөөлж иргэний шүүхэд хуулийн зөвлөх Бадмаараг гэж эмэгтэй явж байсан. Харин эвлэрлийн гэрээг Я.Батсуурь нь зурсан санагдаж байна. Манай компани нь 2012 онд “ЭТТ” ХК-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас манай компани нь Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, бэлэн компани байсан гэж ойлгож болно. 2012 онд зарласан тендерт оролцох үед манай компани нь Гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрөл бүхий 14 га талбайтай, уг талбай нь эргэн тойрон хүрээлэгдсэн 6 метр өндөр төмөр хашаа, 3 ш 200 тонны авто пүү, 1 ш 150 тонны авто пүү, тэдгээрийн байр, ажилчдын тоосгон байр, гэр байр, сендвичэн хоолны газар, цахилгааны дэд станц, Siemens маркийн 4 ш, liugong маркийн 4 ш, Shagon маркийн 2 ш, бусдаас түрээслэсэн 6 ш ковеш, түлшний машин 1 ш, 1 ш портер, үйлчилгээний зориулалттай Ланд 80 маркийн автомашин, харуулын байр, харуулын пүү, халуун ус, саун, моторын байр, хүнсний агуулах, хөлдөөгч, хөргүүр, манай талбай нь өдөрт богинийн тээврийн 200 машин, уртын 300 машинд үйлчлэх хүчин чадалтай байсан төдийгүй ийм үйлчилгээг үзүүлж байсан. Бидний зүгээс 2012 онд “ЭТТ” ХК-д үүргээ хангалттай биелүүлж өгсөн. Бидний хувьд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хаданд талбайтай учир тэр хавийн талбайнуудыг ерөнхийд нь мэднэ. Анх Говьповер ХХК-ны  талбай нь Гансүх гэж хүний нэр дээр байж байгаад Дин Тунгаа гэж хятад хүн худалдаж аваад Баярмаад зарсан байдаг. 2012 онд зарласан тендерт оролцох үедээ “Говьповер” ХХК-ийн гаалийн хяналтын талбай нь гадуураа тойрсон жижиг хашаатай, дотроо 1 пүүтэй, худаг, харуулын байр зэрэгтэй л байсан. Өөрөөр хэлбэл шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, бэлэн бус талбайтай байсан. Тэгээд “ЭТТ” ХК-ниас зарласан тендерт хууль бусаар шалгарсаныхаа дараа талбайгаа тохижуулах ажлыг хийж эхлэсэн байдаг. Түүнээс биш анх тендерт орохдоо гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй компани байсан. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг нь би мэдэхгүй юм байна. Нэмж ярихад “ЭТТ” ХК-ниас манай компанийг гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ эрхийг Гаалийн ерөнхий газрын дарга олгодог бөгөөд жил бүр уг зөвшөөрлийг үндэслэн Гашуун сухайтын гаалийн газартай гэрээ байгуулдаг бөгөөд манайх гэрээ байгуулсан байсан. 2-рт Стандартчилал хэмжил газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн байсан. Гэтэл манай компани нь “Нью-Эталон” гэж тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, авто пүүнүүдийнхээ засвар үйлчилгээг хариуцуулдаг байсан. Тэгэхээр манай компани заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй байсан. Тэгэхээр “ЭТТ” ХК-ийн манай компанийг шалгаруулаагүй үндэслэлүүд нь үндэслэл муутай байдаг юм...” гэх мэдүүлэг /22хх-ийн 174-176х/

“...Миний бие компанийг худалдаж аваад 2012 онд “ЭТТ” ХК-д бүтэн үйлчилгээ үзүүлээд 2012 оны 12 сард зарласан тендерт нь оролцсон боловч шалгараагүй. “Алтанговь транс” ХХК нь намайг худалдаж авахаас өмнө 2011 онд мөн “ЭТТ” ХК-аас зарласан тендерт оролцож шалгаран, гэрээний үндсэн дээр гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлж байсан, намайг авсанаас хойш ч 2012 онд бүтэн үзүүлсэн. Ингэхэд ямар нэгэн байдлаар “ЭТТ” ХК-аас гэрээний урьдчилгаа авч, талбайгаа нэмж тохижуулан, тоног төхөөрөмж худалдан авч байсан тохиолдол байхгүй. Манай талбай, талбай дээрхи тоног төхөөрөмж, барилга байгууламж, хүн хүч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн шууд ажил үйлчилгээг гүйцэтгэхэд бэлэн байсан. Өөрөөр хэлбэл дутуу бүрдэлтэй компани оруулж шалгараад гэрээ байгуулсаны дараа урьдчилгаа аваад талбайгаа нэмж тохижуулж байсан асуудал бол огт байхгүй. Манай компани нь тус гаалийн хяналтын талбайг 2011 онд иж бүрэн тохижуулж, гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон байсан. Манай талбай дээр 2012 онд БНХАУ-ын Чалко компани нь нүүрс шинжлэх иж бүрэн суурин лабораториа хүртэл байгуулсан байдаг. Одоо тэр нь байж байгаа. Өөрөөр хэлбэл шаардлага хангасан гаалийн хяналтын талбай гэж гадаад улсын компани үзээд лабораториа байгуулсан юм шүү дээ...” гэх мэдүүлэг /41хх-ийн 230-231х/,

гэрч Ч.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтантранс говь ХХК нь 2009 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. 2012 оны 12 сарын сүүлчээр Өдрийн сониноос, Сангийн яамны тендерийн веб сайтнаас тендер шалгаруулалт явагдах гэж байгааг мэдсэн. Энэ дагуу тендерийн материалаа худалдаж авсан. Тэгтэл дараа нь уг тендер шалгаруулалт явагдахаа больж байгаа гэсэн яриа гарсан байсан. Тэгтэл дараа нь манай компанид Эрдэнэс таван толгой ХК-иас тендерт оролцооч гэсэн албан бичгийг ирүүлсэн байсан. Миний ойлгосноор хязгаарлагдмал тендер зарлаж байгаа юм байна гэж ойлгосон. Тендерийг нээхэд 5 орчим компани оролцсон байсан. Манай компанийг гаалийн хяналтын бүс ажиллуулах чиглэлээр эрх бүхий байгууллагаас өгсөн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг байхгүй, мөн хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл байхгүй шалтгаанаар тэнцээгүй гэсэн хариуг өгсөн байсан. Үнийн саналын тухайд Говь повьер ХХК-иас бага буюу 13.140.000.000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой буюу бараг 5 тэрбум төгрөгөөр бага үнийн санал өгсөн. Манай компаний тухайд 2013.4.09-ний өдөр хүртэл гаалийн хяналтын бүс ажиллуулах тухай шийдвэрээ тендерийн материалаа өгсөөр байхад зөвшөөрөлгүй байна гэсэн байсан. Бид Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсэнд гаалийн хяанлтын бүсийн үйлчилгээ үзүүлж байсан. Одоо ч манай гаалийн хяналтын талбайд байгаа. Ингэж хамтарч ажиллаж байгааг мэдсээр байж зөвшөөрөлгүй байна гэж хасаж байгаагаас үзэхэд луйвар орсон гэж үзэж байгаа. Мөн хэмжих хэрэгсэлийн үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагыг зориуд компаниудыг хасахын тулд шаардлагагүй заалтыг оруулсан гэж үзсэн. Гаалийн хяналтын бүс ажиллуулахад хэмжих хэрэгсэлийн цогц зөвшөөрлийг шаардсан байсан. Мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө ирээд засварлаад өгчихдөг. Энэ зөвшөөрөл байх шаардлага байхгүй. Иймээс бид энэ тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс уг тендертэй холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж гарсан. Эрдэнэс таван толгой ХК-иас зөвшөөрөөгүй учраас давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан шийдвэр гарсан. Одоо хяналтын шатанд байгаа. Говьповьер ХХК-ийн тухайд тендерийн баримт бичигт заагдсан шаардлагын хэмжээнд байгаагүй гэж үзэж байгаа. Учир нь машин тоног төхөөрөмжүүд нь тендерийн шалгаруулалтын дараа орж ирсэн. Манай компаний хажууд үйл ажиллагаагаа явуулдаг учраас энэ талаар мэдэж байна...” гэх тайлбар /1хх-ийн 221х/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 866 дугаартай “Алтанговь транс ХХК-ын Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /22хх-ийн 177-178х/,

Эрдэнэс таван толгой ХК-ний Ханган нийлүүлэлтийн газрын захирал гэрч Д.Батзоригийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газар нь худалдан авах төлөвлөгөөний дагуу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн дагуу тендерийг ил тод нээлттэй явуулах чиг үүрэгтэй ажилладаг. 2012.11.29-ний өдрийн 355 тоот Эрдэнэс таван толгой ХК-ны захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулахад миний бие үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо байгуулснаас хойш 2012.11.30-ны өдрийн 355 тоот тушаалыг үнэлгээний хорооны 3 гишүүн болон нарийн бичгийн даргад танилцуулаад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын судалгаа гаргаж хязгаарлагдмал тендер зарлах техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт боловсруулахаар шийдвэрлэсэн. 2012.12.06-ны өдөр дахин хуралдаад техникийн тодорхойлолтыг нарийн сайн зааж өгөх, өмнө нь шалгарч байсан “Алтанговь транс ХХК-ний гэрээнд заасан ажил хир хэрэгжсэн талаар тодруулах, тендерийг хязгаарлагдмал зарлахад үнэлгээний хорооны бүх гишүүд дэмжсэн. Манай үнэлгээний хороог сонинд алдаатай зар тавьсан гэсэн шалтгаанаар 2012.12.26-ны өдрийн 425 тоот тушаалаар бүх гишүүдийг өөрчлөн дахин шинээр үнэлгээний хороо байгуулаад манай үйл ажиллагааг зогсоосноос дээрх тендертэй холбоотой асуудалд оролцоогүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадвар, өндөр хүчин чадалтай техник технологи, машин тоног төхөөрөмж шаардагддаг бөгөөд уг шаардлагыг хангах аж ахуйн нэгжийн тоо хязгаарлагдмал учир хязгаарлагдмал тендер зарласан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 90-91х/,

“Эрдэнэс таван толгой” ХК-ний Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Санчирын гэрчээр өгсөн “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 тоот тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Миний бие тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон тушаалыг танилцуулж, ажиллах зөвшөөрлийн мэдүүлгийг нь бөглүүлж аваад, анхны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар техникийн тодорхойлолтыг боловсруулах зарчмаа тохирч, улмаар тээврийн хэлтсээс нүүрс буулгах талбайн хэмжээний шаардлага, техникийн тодорхойлолтыг авч, тендерийг хязгаарлагдмал байдлаар зарлахаар болсон. Учир нь зөвхөн Цагаанхад гэдэг газарт гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах болсон бөгөөд уг газарт талбайтай аж нэгжүүдийн дунд зарлах болсон. Ингээд тендерийн баримт бичгийг Эрдэнэбилэгийн өгсөн техникийн тодорхойлолтын дагуу боловсруулж, бэлдээд үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан бөгөөд тендерийг 2012.12.24-ний өдөр зарлаж, зарыг сайтад болон сонинд тавьсан. Бид тендерийг 14 хоногийн хугацаанд хязгаарлагдмал байдлаар зарласан бөгөөд 2013.01.08-ны өдрөөр тендерийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг товлосон. Ингээд үнэлгээний хорооны гишүүн Д.Эрдэнэбилэгээс Цагаан хаданд гаалийн хяналтын талбайтай аж ахуйн нэгжүүдийн нэрсийг гаргуулан авч, тэдгээр компаниудад тендерийн урилга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Ингээд байж байтал 2012.12.26-ны өдөр бидний үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, өөр бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог томилсон. Ингээд би шинээр томилогдсон үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Түмэнхүүд бэлдсэн материалаа хүлээлгэж өгснөөр дахиж энэ үйл ажиллагаанд оролцоогүй. Тендерт тавих шалгуурыг Цагаан хаданд үйлчилгээ үзүүлж буй компаниудын хамгийн боломжит шалгуураар тавьсан. Хэт доогуур тавьж өгсөн гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /22хх-ийн 92-94х/,

Эрдэнэс таван толгой компанийн Борлуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Баярмагнайгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг өмнө “Алтан говь транс” ХХК явуулж байсан бөгөөд гэрээний хугацаа нь дуусч, дахиж тендер зарлах шаардлагатай болж үнэлгээний хороонд гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд би тухайн үед борлуулалтын газарт ажиллаж байсан бөгөөд манай газраас шаардлагатай борлуулалтын төлөвлөгөө, экспортлох нүүрсний хэмжээ, тонн, тухайн үйл ажиллагаанд зориулагдсан шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байсан. Манай зүгээс үйлчилгээ үзүүлэх гаалийн хяналтын бүсийн ул нүүрстэй байх, ГЕГ-ын гаргасан гаалийн хяналтын бүс байгуулах тухай шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагыг тавьж байсан. Цагаанхад дахь талбайд гаалийн хяналтын бүстэй аж ахуйн нэгжүүд хязгаарлагдмал байсан бөгөөд цаг хугацааны хувьд сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагатай байсан тул тендерийг хязгаарлагдмал байдлаар зарласан. Ингээд удалгүй биднийг өөрчлөх шийдвэр гарсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 95-96х/

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр Ложистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгийн гэрчээр өгсөн “...2012.11.29-ний өдөр гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тушаал гарч Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаж, тендерийн баримт бичиг боловсруулах, техникийн тодорхойлолт гаргах даалгавартай тарсан. Урьд нь манай компанид дээрхи үйлчилгээг “Алтан говь транс” ХХК-иас авч байсан бөгөөд 2013 онд энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх аж ахуйн нэгжийг хайж байсан юм. Бидэнд 1-рт Цагаан хаданд гаалийн хяналтын бүс бүхий талбайтай аж ахуйн нэгж байх ёстой, 2-рт уг бүс нь олон төрлийн тохижилт, шаардлагыг хангасан байх ёстой байсан. Энэ талаар баримт бичигт тусгасан. Ингээд бид зөвхөн тухайн бүсэд талбайтай аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар хязгаарлагдмал тендер 2012.12.24-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2013.01.08-ны өдөр нээхээр тогтсон байсан. Гэтэл дахин гүйцэтгэх захирлын тушаал 2012.12.26-ны өдөр гарч, үнэлгээний хороог өөрчилсөн бөгөөд үүнээс хойш уг үйл ажиллагаанд оролцоогүй. Биднийг ямар учраас үнэлгээний хорооноос өөрчилснийг мэдээгүй. Захирлын өөрчилсөн тушаал үзүүлээд л биднээс тендертэй холбоотой бүрдсэн материалыг авсан. Одоо бодоход өмнө ажиллаж байсан туршлагатай хүмүүс болох биднээр тендерийн баримт, бичиг, бүх юмаа хийлгэж, бэлдүүлчихээд өөрчилчихлөө гэж ойлгосон.  Биднээс ажил авсан үнэлгээний хорооны хүмүүс нь дандаа шинэ томилогдсон хүмүүс байсан. Өөрдийнхөө хүмүүсийг тавьлаа гэж ойлгож байсан. 1-рт манай үнэлгээний хороо нь тендерийг хязгаарлагдмал зарлаж Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг гаалийн хяналтын бүстэй бүх компаниудад урилга явуулсан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 97-99х/,

гэрч О.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2011 оны 4 сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хуульчаар ажилд орж, 2014.9.01-ний өдрийг хүртлэх хугацаанд ажилласан. Миний хувьд ажиллах хугацаандаа компаниас байгуулж байгаа гэрээний төсөл боловсруулах, хянах, захирлын тушаалыг боловсруулах, хянах болон бусад шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ер нь бол үнэлгээний хороог гүйцэтгэх захирал томилж, өөрчлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд бидний 5 хүнийг үнэлгээний хороонд томилсон байна. Үнэлгээний хорооны гишүүд бид энэ хугацаанд 2 удаа хуралдсан. Ерөнхийдөө сонгон шалгаруулалтыг үнэлгээний дарга хурлыг зарлаж, нарийн бичгийн дарга бусад асуудал буюу тэмдэглэл хөтлөх, бичиг цаас тараах, зар тавих зэрэг асуудлыг хариуцдаг. Үнэлгээний хороонд худалдан авалтаас нэг хүн, хуулиас 1 хүн, тухайн худалдан авалтын чиглэлээс нэг хүнийг заавал томилдог жишигтэй байсан. Мөн түүнчлэн А3 сертификат шаарддаг байсан. Надад энэ гэрчилгээ нь байсан. Хурлын тэмдэглэлүүдээс харахад Цагаан хаданд гаалийн хяналтын бүс байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер явагдсан юм байна. Миний хувьд тухайн үед уг бүсэд буулгах нүүрсийг Баруун, Зүүн цанхийн гэж тусад ялгаж буулгах саналыг тавьж байсан байна. Учир нь нэг цанхиас гарсан нүүрс нь шууд өрөнд, нөгөөхийг манайх худалддаг байсан юм. Тэгэхээр энэ 2-ыг хольж болохгүй байсан. Ийм л зүйл санаж байна. Ингээд байж байтал гүйцэтгэх захирлын тушаал гарч биднийг өөрчилсөн байсан. Ингээд энэ үеэс уг үйл ажиллагаанд дахиж оролцоогүй. Биднийг ямар үндэслэлээр өөрчилснийг мэдэхгүй. Ямар учраас өөрчилсөн талаар бидэнд тайлбарлаж байгаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 100-102х/,

сэжигтэн С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагаан хаданд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй үнэлгээний хороонд даргаар нь томилогдон ажилласан. Үнэлгээний хороо 2012.12.28-ны өдөр анхны хурлаа хийж, миний санаж байгаагаар техникийн тодорхойлолт, юмнуудаа тогтсон байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх үнэлгээний хорооны бэлдсэн зүйлсийг илүү чангаруулж, нарийсгасан санагдаж байна. 2013 онд 7 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан бөгөөд нилээн хүчин чадал өндөртэй айл шалгаруулах ёстой юм байна гээд техникийн зарим нөхцлийг өөрчилж байсан. Тэгээд тендерийг хязгаарлагдмал аргаар зарлаж, хүлээж авах эцсийн хугацааг 2013.01.16-ны өдрийн 14 цагаас өмнө авахаар тогтсон. Тэгээд нийт 9 компанид урилга хүргүүлж, 6 компани тендерийн материал худалдан авч, 5 компани тендерт оролцох материалаа ирүүлсэн. 2013.01.16-ны өдөр тендерийн материалаа хүлээж аваад үнэлгээний хороо хуралдсан байна. Энэ хурлаар тендерийг нээж, үнийн саналыг нь зарласан. Ингээд 2013.01.18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээ хийсэн процедур бол үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Тэгээд “Говьповер” ХХК-ийг шалгаруулсан. Тус компани нь тендерийн нөхцлүүдийг хангасан байна гэж үзэж шалгаруулсан. Ер нь бол манай компани нь үнэлгээний хороо байгуулахдаа нягтлан бодох мэргэжлийн хүн, хууль, эрх зүйн мэргэжлийн хүн, худалдан авалтын мэргэшсэн хүмүүсээс заавал оруулдаг тогтсон зарчимтай байсан. Энэ дагуу манай үнэлгээний хорооны гишүүд бүрдсэн байсан. Тэгээд тендерт ирүүлсэн материалуудыг үзэж судлахдаа ерөнхийд нь чиглэл, чиглэлээрээ хараад явчихдаг байсан. Тэгээд манай үнэлгээний хорооны гишүүд үзэж танилцсан материалуудаа чиглэл, чиглэлээрээ үзэж хурал дээр дүгнэлтээ компани, компаниар нь яриад явчихдаг. Тэгээд манай үнэлгээний хорооны гишүүдийн үзсэнээр “Говьповер” ХХК шаардлагыг хангасан гэж үзсэн тул тус компанийг шалгаруулсан юм. Миний хувьд үнэлгээний хорооны даргын хувьд хурлыг зохион байгуулж, ирцийн бүрэн байдлыг шалгах зэрэг зохион байгуулалтын ажлыг нь хийх үүрэгтэй байдаг. Үнэлгээний эхний шатанд ирүүлсэн материалын иж бүрдлийг хүн бүр үзэж шалгадаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл, тайлан бланс зэрэг ирүүлэх ёстой бүхий л материалуудыг ирүүлсэн эсэхийг үздэг. Дараа нь ирүүлсэн баримтуудынхаа агуулгыг чиглэл, чиглэлээрээ аваад үздэг. Санхүүгийнхан болохоор тайлан бланс, санхүүгийн үзүүлэлт зэргийг үзээд явчихдаг. Хуулийнхан болохоор компанийн тусгай зөвшөөрөл, дүрэм, шүүхийн тодорхойлолт зэрэг бусад бичиг баримтыг үзнэ. Худалдан авалтынхан болохоор тендерийн баталгаа нь ёсоороо хийгдэж үү, иж бүрдэл, баримт бичгийн стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг үзээд явдаг. Тэгээд л тэр 5 компанийнхаа материалыг тойроод тойроод хүмүүс маань үзчихээд тэгээд танилцуулаад явсан. Миний хувьд нэг их тэгж нарийн үзээгүй, хариуцсан хүмүүсээр нь үзүүлээд тэднээс дүгнэлтийг нь сонсоод хурлаа удирдаад явсан юм. Тендерийн баримтаас үзэхэд анхны хурал дээр Д.Чулуунбат оролцоогүй байна. Нээлтэн дээр Х.Одгэрэл байгаагүй. 3 дахь хурал дээр гишүүд 100 хувь оролцсон байна. Миний санаж байгаагаар сүүлийн хурал дээр Чулуунбат ажилтай байсан учир орж гараад яваад байсан. Сүүлд нь хэлэхдээ өөрийн хариуцсан материалыг үзсэн гэдгээ хэлж байсан. Нөхдүүд хангаж байна, биелэж байна гээд явчихсан, би бол сайн мэдээгүй. Гишүүд маань хуралдаж танилцуулаад бодвол бүгд тойруулаад үзсэн байх гэж найдаж байсан. Би бол гишүүдэд ажлыг нь хуваарилаж, та нар чиглэл, чиглэлээрээ үзээрэй гэж хэлчихээд орж гараад явж байсан.  Тендерийн үнэлгээний урилгыг манай хангамжийн хэлтсийн нөхдүүд л тогтоож өгсөн байх ёстой. Нарийн бичиг Түмэнхүү нь өөрөө хангамжийн хэлтсийн ажилтан шүү дээ. Бичиг баримтаас харахад анхны хурал дээр урилга хүргүүлэх компанийнхаа нэрсийг тогтсон байна. Тэгэхээр үнэлгээний хороонд ажиллаж байсан хангамжийн ажилтнууд буюу Одгэрэл, Түмэнхүү нар л энэ нэрсийг гаргаж ирсэн байх. Энэ материалаас харахад өмнө оролцохоор хүсэлтээ ирүүлсэн компаниудыг оруулж урилга хүргүүлэхээр тогтсон байна. Тэгэхээр өмнөх үнэлгээний хороо нь ажиллаад тендерээ зарласан байсан, тэгэхээр тэр тендерт оролцохоор компаниуд бас хүсэлтээ ирүүлсэн байсан байх. Тэдэнд бас урилга хүргүүлсэн нь энэ компаниудын нэрсэд орсон байх гэж бодож байна. Ер нь бол энэ компаниуд нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байх ёстой. Эдгээр нэр дурьдсан компаниудад урилга хүргүүлэх ажлыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцсан. Зарим нь тусгай зөвшөөрөлгүй, зарим нь Г.Дгийн эгчийн компани, заримд нь урилга хүргүүлээгүй гэдгийг одоо мэдэж байна. Тусгай зөвшөөрөлгүй зарим компаниудыг үнэлгээ хийхдээ мэдсэн. Биднийг ямар учраас өмнөх үнэлгээний хороог өөрчлөн томилсныг бид мэдэхгүй. Энэ талаар танилцуулаагүй. Сонсоход өмнөх үнэлгээний хороо тендерээ буруу зарласан шалтгаанаар өөрчлөгдсөн гэдэг. Энэ талаар Батсуурь захирал тодорхой зүйл хэлж байгаагүй. Миний хувьд бол гишүүдийг өөрсдийн чиглэлээр материалыг үзэхийг даалгасан байсан. Энэ байдлаас харахад бид нэг нэгэндээ найдаж, зарим үзэх ёстой зүйлсийг дутуу үзэж нягталсан, хөнгөн хуумгай хандсан байна гэж л үзэхээр байна. Ажлаа л муу хийсэн байна гэж үзэхээр байна...” /43хх-ийн 88-92х/

“...Нэмж ярихад “Говьповер” ХХК-ийг шалгаруулсан тендер сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэлд миний бие 450.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байх ёстой, банкнаас 1 тэрбум төгрөгийн зээлжих чадвартай байх гэсэн шаардлагуудын талаар ярьсан мэтээр тусгагдсан байсан. Гэхдээ тэмдэглэлийн сүүлийн хуудсанд миний гарын үсэг зурагдсан нь мөн байсан. Одоо бодоод байхад миний бие ийм зүйл огт яриагүй, тендерийн төсөв, тэр 450.000.000 төгрөг, тэр зээлжих чадвар зэргийн талаар ойлголт ч байгаагүй мөртлөө тийм зүйл ярих үндэс байхгүй. Тэмдэглэлийн төгсгөл хэсэгт надаар гарын үсэг зуруулчихаад ур талын нүүрийг сольсон байх магадлалтай гэж бодож байна. Яагаад гэвэл урд талын нүүрэн дээр гарын үсэг зурагддаггүй. Тухайн тендерийн нарийн бичгийн дарга Түмэнхүү тендерийн урилгыг хүргүүлсэн байх ёстой. Ажил үүргийн хуваарь нь ч тийм. Нарийн бичгийн дарга нар сонинд зар тавих, урилгыг хүргүүлж хэвлэж, гарын үсэг зуруулж, тамга даруулж, шуудангаар эсхүл биечлэн дуудаж өгөх үүрэгтэй. Тухайн үед бол хурлын тэмдэглэлээс харахад Өмнөговь аймгийн Цагаан хаданд гаалийн хяналтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлье гээд л хэдэн компанийн нэрс тусгагдсан байна лээ. Гэхдээ энэ компаниудын нэрсийг хэн оруулж ирснийг мэдэхгүй байна. Тендер сонгон шалгаруулалтыг нээж, материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг нэгтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлэх ажил ерөөсөө л нарийн бичгийн даргын үүрэг. Тендерийн нээлт хийх хугацаанд гишүүдэд зарлаж, гишүүдийг оролцуулах, тендерийн нээлтийг хууль номын дагуу явуулах, зохион байгуулах үүрэг нь нарийн бичгийн даргын үүрэг юм. Миний хувьд энэ тендерийн нээлтэнд оролцоогүй байна лээ. Яагаад гэхээр давхар өөр хуралд байсан байж магадгүй. Тендерийн өгөгдлийн хүснэгтэнд байгаа шаардлагуудыг биелүүлсэн эсэхэд компани тус бүрээр үнэлгээний хорооны гишүүд нь өөр өөрсдийнхөө чиглэлээр тойруулж үзээд, үнэлгээ өгсөн байх ёстой. Миний хувьд бол хараат бусаар л үйл ажиллагаа явуулсан гэж бодож байна. Миний хувьд гаалийн байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй эсэх, Цагаан хаданд газар эзэмших гэрчилгээтэй эсэх зэргийг харж байснаа тод санаж байна. Бид нар гаалийн талбайг биечлэн үзээгүй, шаардлага, боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /43хх-ийн 93-95х/,

сэжигтэн Д.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012.12.26-ны өдрийн 425 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хорооны гишүүнээр миний бие томилогдсон. 2012 онд сонгон шалгаруулсан “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” тендерийн урилгыг хэн, ямар аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хүргүүлсэн талаар ёстой мэдэхгүй байна. Эхний хурлуудад огт оролцоогүй учир урилгыг ямар компаниудад ямар шугамаар өгсөнийг мэдэхгүй байна. Ер нь бол ажил үүргийн хуваарийн дагуу энэ ажлыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцах ёстой. Тендер ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг нэгтгэж, хэлэлцэх асуудлуудыг бэлтгэж, үнэлгээний хороонд танилцуулах асуудлыг нарийн бичгийн дарга зохион байгуулдаг. Энэ журмаар  явсан байх ёстой. Миний хувьд тендерийн нээлтэнд нь байгаагүй. Би ажилд томилогдоод шууд санхүүгийн тайлангаа аудитад шалгуулж байсан учраас үнэлгээний хороонд хуралд оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн боловч санхүүгийн талаасаа үзэх ёстой зүйлээ заавал үзэх ёстой гэж нарийн бичгийн дарга Түмэнхүү хэлээд “Говьповер” ХХК-ийн материалыг оруулж өгсөн. Уг материалыг нь Санхүүгийн талаас өгөгдөлд заасан гэх 5 зүйлийг үзсэн. 1-рт 3 жилийн санхүүгийн тайлан ирүүлсэн байх ёстой, 2-рт Санхүүгийн тайланд аудит хийлгэсэн байх ёстой. 3-рт Нийгмийн даатгалд өргүй байх ёстой, 4-рт Татварт өргүй байх ёстой, 5-рт нь банкны зээл авах чадвартай гэсэн тодорхойлолт зэрэг байх ёстой гэсэн шаардлагыг үзээд хангаж байна гэж хэлсэн. Өөр бусад юмнуудыг нь үзээгүй, амжаагүй. Бусад компаниудыг материалуудыг огт үзээгүй, өөрөөр хэлбэл бусад компаниудыг материалд үнэлгээ хийгээгүй. Түмэнхүү надад зөвхөн “Говьповер” ХХК-ийн материалыг л үзүүлсэн...” гэх мэдүүлэг /43хх-ийн 101-106х/,

сэжигтэн Х.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “..2012.12.26-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч, миний бие Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах болсон. Анхнаасаа энэ үнэлгээний хороо нь урд нь байгуулагдсан, өөр гишүүд ажиллаж байсан, тендерийн материал боловсруулалт нь бараг бэлэн болчихсон байсан гэж ойлгосон. Ингээд шинэ жил гарахаас өмнө Ганболд захирлын өрөөнд үнэлгээний хороо хурлаа хийсэн. Тендерийн баримт бичиг нь бэлэн болчихсон байсан учир хоног хугацаа ийм байна, урд талын үнэлгээний хороо алдаа гаргасан ч гэлүү шинээр ийм хороо байгуулагдлаа зэргийг Ганболд танилцуулсан. Тэгээд Ганболд танилцуулахдаа энэ ажил нь тусгай зөвшөөрөлтэй, тухайн газарт обьект талбай, техниктэй аж ахуй нэгжийн оролцох тендер учир тусгай шаардлага шаардагдаж байгаа тул хязгаарлагдмал тендер зарлая гэж хэлж байсан. Тэгээд л хэлснээр нь болсон. Тухайн үед миний бие “ЭТТ” ХК-д томилогдоод 1 сарын хугацаа өнгөрсөн байсан бөгөөд тендер шалгаруулалтын талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан. Энэ бол миний анх удаа орсон анхны тендер юм. Тэгээд л үнэлгээний хороо хуралдаад тендерээ зарласан. Яагаад гэвэл бүх юм нь бэлэн байсан. Биднийг нэг суулгаж, албан  ёсоор баримт бичиг үйлдэж, тэмдэглэл хөтлөх маягтай юм болсон. Юуг нь ч мэдэхгүй, ийм л юм болдог юм байлгүй л гэж бодож байсан. Ингээд он гараад 1 сарын 16-ны өдөр тендерийн материалуудаа хүлээж авч, тендерийн нээлт хийсэн байна. Түүнд нь би бол байгаагүй байна. Тендерийн нээлтийн тэмдэглэлд гарын үсэг алга байна. Ямар компани ямар санал ирүүлсэнийг бол мэдэхгүй. Ингээд дараагийн хурлууд дээр нь оролцсон байна. Ингэж хуралдахдаа ирүүлсэн материалуудад үнэлгээ хийсэн байна. Үнэлгээг хийхдээ үнэлгээний хорооны гишүүд өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн хүрээнд үзсэн. Өөрөөр хэлбэл санхүү хариуцсан хүн санхүүгээ, хуулийн чиглэлийн хүн хуулийнхаа асуудлыг, би бол худалдан авах ажиллагаатай холбоотой юмнуудаа хариуцаж харсан. Би бол тусгай зөвшөөрөл, өгөгдлийн хүснэгтэнд тавигдсан заалтуудаас гаалийн байгууллагаас тусгай зөвшөөрөл сунгагдсан эсэх, аж ахуйн нэгжийн бүртгэл, гэрчилгээ зэргийг харсанаа санаж байна. Түүнээс биш хүн бүр компани бүрийг нэг бүрчлэн үзэж, саналаа өгөөгүй. Санхүүгийн тайлан, блансыг хараад ч ойлгохгүй шүү дээ. Тийм учраас өөрсдийн чиглэлээр хардаг, тийм ч учраас хууль, санхүүгээс хүмүүсийг оролцуулдаг. Ингээд энэ хурлаар буюу 2013.01.18-ны өдөр “Говьповер” ХХК-ийг шалгаруулсан байна. Тухайн үедээ бол миний хувьд энэ компани нь хэний компани, ямар учиртай зүйл болоод байгааг бол сайн мэдээгүй байсан. Сүүлд нь хэвлэлээр Г.Дгийн компани гэдэг мэдээлэл гараад л энэ асуудал сөхөгдөөд байсан. Тендерийн бичиг баримттай үзэж танилцлаа. Анхнаасаа 1.8 тэрбум гэдэг шаардлагыг хэн нь ч гаргаж ирж, өгөгдлийн хүснэгтэндээ оруулж шаардлага тавьсан юм. Тэрэндээ “Говьповер” ХХК нь нийцэж байсан эсэхийг тухайн үед нь би анзаарч хараагүй. Санхүүгийн асуудлыг санхүү хариуцсан хүмүүс л харсан байх ёстой. Энэ үнэлгээний хороонд Санхүү нягтлан бодох бүртгэлийн газрын захирал хүн орсон байна. Энэ хүн санхүү талаас нь хараад хангасан байна гэж хурлын тэмдэглэл дээр хэлсэн байна. Тэгэхээр санхүү мэдэхгүй би тэднийг дагаад л явсан байна. Бидний үнэлгээний хороо 2012.12.28-ны өдөр нэг л удаа хуралдахдаа хязгаарлагдмал зарлая, тусгай зөвшөөрөлтэй буюу гаалийн хяналтын бүсийн зөвшөөрөлтэй компаниудад урилга хүргүүлье гэж шийдвэрлэсэн. Харин урилгыг компаниудад хүргүүлэх, тендерийн баримт бичгийн бүрдлийг хангах нь нарийн бичгийн дарга буюу Г.Түмэнхүүгийн үүрэг юм. Дээр дурьдсан тусгай зөвшөөрөлгүй гэх компаниудыг хаанаас мэдэж, нэр зааж урилга өгсөнийг би мэдэхгүй. Уг нь бол тусгай зөвшөөрөл олгодог төрийн байгууллагаас нь мэдээлэл авч байж тусгай зөвшөөрөлтэй компаниудад нь урилга хүргүүлэх ёстой байсан. Өмнөх үнэлгээний хороог алдаа гаргасан цаг хугацаа болохоо байлаа, нээлттэй биш, хязгаарлагдмал зарлая гэж 1 удаа л хуралдахдаа хэлсэн байна. Түүнээс биш яагаад өмнөх хороог өөрчилсөн, биднийг байгуулсан болохыг мэдэхгүй байна. Үнэлгээний хорооны 2012.12.28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад “тендерт оролцогчдын санхүүгийн байдал нь чухал үзүүлэлт, иймд тендерт оролцогчдын санхүүгийн байдал, санхүүгийн тайлан блансаа ирүүлэх, өөрийн хөрөнгийн хэмжээ нь 450.000.000 төгрөгөөс багагүй байх банкнаас авах зээлийн доод хэмжээ нь 1 тэрбум төгрөг байх зэрэг шаардлагыг оруулах нь зүйтэй” гэж  хэлсэн юм шиг харагдаж байна. Тэрийгээ ч батлаад гарын үсэг зурсан байна. Гэтэл надад санхүүгийн ийм мэдлэг огт байхгүй, Тендер шалгаруулах туршлага байхгүй байж ийм тоо, хэмжээ хэлж ярих үндэслэлгүй. Тэгэхээр энийг Түмэнхүү зохиомлоор намайг хэлсэн мэтээр оруулсан байна гэж бодож байна. Үүнийг нь би сайн уншилгүй гарын үсэг зурсан байна. Мөн тэр одоо гаалийн үйлчилгээ үзүүлэх ажлын төсөв нь хэд ч байсан юм, энэ талаар ажилд ороод сар болж байсан надад ямар ч мэдээлэл байгаагүй, мэдэх ч боломж байхгүй. Тийм байж аж ахуйн нэгжийн хөрөнгийн хэмжээ нь 450.000.000 төгрөг байхыг шаардсан, зээл авах боломжтой хэмжээг 1 тэрбум төгрөг гэж хэлсэн нь үнэндээ бодит логик холбоогүй байна, миний хэлж яриагүй зүйлийг тэмдэглэлд оруулж, гарын үсэг зуруулсан байна. Гарын үсэг зурсан нь миний буруу. Нэг өдрийн болж байгаа үйл явц буюу хурал дээр би орж ирээд л аймар юм мэддэг хүн болоод тэрийг нь тэг, энийг нь ингэ гэж хэлээд байна гэж байх ч үгүй. Г.Түмэнхүү нь Г.Дгийн төрсөн эгчийн нөхөр гэдгийг тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг /43хх-ийн 112-116х/,

“...Энэхүү сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнэлгээний хорооны гишүүд тойрч сууж байгаад нарийн бичгийн дарга Түмэнхүү нь тендерийн материалуудыг битүүмжлэлээс нь гаргаж, аж ахуйн нэгжүүдийн тендерийн материалуудыг ээлж дараалан задлаж, доторхи иж бүрдлийг нь харуулж байсан. Энэ нь үнэлгээний хэсэг болчихож байгаа юм. Зарим аж ахуйн нэгжүүд заавал ирүүлэх ёстой материал ирүүлээгүй бол шууд хасагдаад явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нарийн бичиг дарга задласан материалуудаа танилцуулаад явчихдаг юм. Бидний зүгээс сонсоод, шаардлагатай зарим материалыг авч үздэг. Бидний тухайд үнэлгээний хуудас гээд нэг хуудас урдаа тавьчихсан сууж байгаа. Тэгээд Түмэнхүүгийн үзүүлж танилцуулж буй материалуудад тэр байна уу, энэ материал нь байна уу гэх мэтээр асууж, хэрэв тэр материал нь байна эсхүл байхгүй байна гэвэл үнэлгээний хүснэгтэндээ тэмдэглэгээ хийгээд явж байсан. Иймэрхүү байдлаар үнэлж явж байсан. Тэгээд нэгэнт задласан тендерийн материалыг үзэх нэг нь авч үзээд явсан байх ёстой. Яг тендерийн үйл явцыг төдийлөн санахгүй байна. Тендерийн үнэлгээ иймэрхүү жишигтэй явдаг, тэгэхээр энэ жишгээр л явсан байх гэж төсөөлж байна. Тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг 1 бүрээр нь хангаж байна уу гэж ирүүлсэн материалуудыг үзсэн байх ёстой. Миний хувьд уг үнэлгээний хороонд ажиллахдаа хараат бусаар ажилласан гэж бодож байна. Тухайлбал тендерт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн талбайг тойрч үзэх ажил зохион байгуулагдаагүй...” гэх мэдүүлэг /43хх-ийн 117-119х/,

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн архивт хадгалагдаж буй зарим баримтуудад үзлэг хийж, Эрдэнэс таван толгой ХК-ын гүйцэтгэх захирлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог /даргаар Д.Батзориг, гишүүдээр О.Батхүү, Л.Баярмагнай, Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Б.Санчир/ байгуулах тухай тушаал, түүний хавсралт /13хх-ийн 170-179х/,

Эрдэнэс таван толгой ХК-ын гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог /даргаар С.Ганболд, гишүүдээр Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат, нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүү/ өөрчлөн байгуулах тухай тушаал /13хх-ийн 184х/,

Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ тендер шалгаруулалтын урилга /13хх-ийн 224х/,

Эрдэнэс таван толгой ХК-ын “Явуулсан бичиг”-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /13хх-ийн 206-228х/,Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг  хийсэн “...“Далайн хилэнц” ХХК-иас 91 хуудас бүхий материал ирүүлсэн байх бөгөөд  6 сая тонн нүүрсийг 12.960.000.000 төгрөгөөр гүйцэтгэх тухай үнийн санал, “Зууны мөрөөдөл” ХХК-иас 81 хуудас материал ирүүлсэн байх бөгөөд 6 сая тонн нүүрсийг 20.700.000.000 төгрөгөөр гүйцэтгэх тухай үнийн санал, “Хар арслан” ХХК-иас нийт 145 хуудас бүхий материал ирүүлсэн байх бөгөөд 6 сая тонн нүүрсийг 18.470.000.000 төгрөгөөр гүйцэтгэх тухай үнийн санал, “Говь повер” ХХК-иас 616 хуудас бүхий материал ирүүлсэн байх бөгөөд 6 тонн нүүрсийг 17.700.000.000 төгрөгөөр гүйцэтгэх тухай үнийн санал, “Алтанговьтранс” ХХК-иас 373 хуудас бүхий материал ирүүлсэн байх бөгөөд 6 тонн нүүрсийг 13.140.000.000 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал тус тус ирүүлсэн байв...” гэсэн тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд /1хх-ийн 240х, 2хх-ийн 67х/,

Тендерийн Үнэлгээний хорооны 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан /2хх-ийн 132-147х/,

Гаалийн Ерөнхий газрын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02/1626 дугаартай “...“Говь нирун”, “Ёл Ази”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан”, “Далайн хилэнц” компаниудын талбайг гаалийн байгууллагаас гаалийн хяналтын бүсээр тогтоогоогүй байна. “Алтанговь транс”, “Говь повер”, “Тахидаг хайрхан”, “Цонлун” компаниудын талбай нь гаалийн хяналтын бүсээр тогтоогдсон бөгөөд ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хамт хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралтанд тусгагдсан баримт бичгүүдийн хуулбарууд /2хх-ийн 78-86х/,

Эрдэнэс таван толгой ХК-ын Захирлын зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл /13хх-ийн 190-204х/, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн тайлан /13хх-ийн 106-222х/,

Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 61/4272 дугаартай албан бичгээр өгсөн “...1. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. ...5.1.6-ийн б-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай зөрчилдөж байна.

2. Тендер шалгаруулалтанд оролцсон “Далайн хилэнц” ХХК-ийн ирүүлсэн тендерээс баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-ын (а)-д заасныг, “Алтан говь транс” ХХК-ийн ирүүлсэн тендерээс баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-ын (а)-д заасан “Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх”, “Хар арслан” ХХК-ийн ирүүлсэн тендерээс баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-ын (а)-д заасныг, “Зуун мөрөөдөл” ХХК-ийн ирүүлсэн тендерээс баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.4-ийн (б)-д заасныг хангахгүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

3. Захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан оролцогч “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан дараах шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Үүнд:

“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-ын (а)-д заасан “Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх”

“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.4-ийн (а)-д заасан тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна.

Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна...” гэсэн тайлбар /57хх-ийн 205-206х/,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан Ш.Бадмаарагийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...“Говьповер” ХХК нь 2013 оны 01 сард тус компаниас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт шалгарч, холбогдох гэрээгээ байгуулсан байсан. Ингээд гэрээний дагуу манай компаниас тус компаний гаалийн бүсэд нэмэлт тоног төхөөрөмж, тохижилтын ажлуудыг хийлгүүлэн, үйл ажиллагааг эхлэх үеэр 2013 оны 6 сард Засгийн газрын 225 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Тавантолгойд байрлах уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах талаар чиглэл өгсөн байсан нь манай компаниас тендер зарлаж, “Говьповер” ХХК-ниар гүйцэтгүүлэх гэж байсан ажилтай давхцсан, цаашид уг ажлыг шаардлагагүй болгосон байсан. Ингээд манай компаниас “Говьповер” ХХК-тай байгуулсан гэрээний 12.1.6 дахь хэсэгт заасан...Захиргааны хууль ёсны болон хууль бус хориглосон шийдвэр... Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг цуцлах үндэслэлийг барин гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байдаг. Ингээд гэрээ цуцласны дараа “Говьповер” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд гэрээ цуцласнаас үүссэн хохирол, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 7.4 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын албан бичгээр Төгсбаяр бид 2-ыг тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Үүний дагуу компаниа төлөөлж, шүүхэд оролцохдоо “Говьповер ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээ цуцлах хүртэл хугацаанд тус компаний хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг л  барагдуулна, түүнээс биш бусад зардлыг хариуцахгүй” гэдэг байдлаар оролцож байсан. Манай компаниас шүүхэд хүсэлт тавьсаны дагуу шинжээч томилж, тус компаний хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлүүлэхэд 5.3 тэрбум төгрөг болсон. Ингээд уг дүнг мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Говьповер” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж 4.7 тэрбум төгрөг болсон бөгөөд уг мөнгийг шүүх хуралдааны явцад итгэмжлэлийн хүрээнд хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд уг эвлэрлийн гэрээг шүүх баталж, захирамж гаргасан. Үүний дагуу манай компани “Говьповер” ХХК-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхээс хэрэг, маргаан хянах үйл явцыг компанийхаа удирдлагад тухай бүр танилцуулж байсан. Удирдлага буюу гүйцэтгэх захирал Батсууриас “Говьповер ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээг цуцлах хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалтанд нь тохирсон хөлсийг төлж барагдуулах нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан. “Манай компани нь төрийн компани гэдгээрээ далайлгаж хувийн компанийг хохироож болохгүй, байгуулсан гэрээнийхээ хүрээнд иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан. Үүний дагуу тухайн үед нэхэмжилсэн 7.4 тэрбум төгрөг нь өндөр байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тус компаний гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалт нь бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн өөрийн компаний санхүүгийн ажилтнуудаар “Говьповер” ХХК-ний худалдан авсан бараа, материал, гарсан зардал зэргийг нотлох санхүүгийн бичиг баримтуудыг хянуулж байсан.  Удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайлан эвлэрлийн гэрээ байгуулах талаар чиглэл бол өгөөгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн тохирох төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байсан. 2013 онд шүүхийн шийдвэр гарсаны дараа гүйцэтгэх захирал Батсуурийн хамт Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг оруулахад ТУЗ-өөс тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй. Тэд хэлэхдээ “эхнээс нь уг асуудлыг танилцуулаагүй, нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир, ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэсэн...” гэсэн тайлбар /1хх-ийн 56-58х/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2013 онд хянан шийдвэрлэгдсэн Говьповер ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-ийн 242-250х, 14хх-ийн 1-35х/,

Эрдэнэс таван толгой ХК-ийн дүрэм /14хх-ийн 85-97х/

гэрч Ч.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн 2013.8.07-ны өдрийн 44 тоот тогтоолоор намайг тус компаний ТУЗ-ийн даргаар томилсон бөгөөд одоог хүртэл ажиллаж байна. УИХ-ын 2010.7.07-ны өдрийн 39 тоот тогтоол, Засгийн газрын 2010.10.10-ны өдрийн 272 тоот тогтоолыг үндэслэн 2010.12.23-ны өдөр “Эрдэнэс МГЛ” ХХК-ний 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг. Би ажил аваад Тавантолгойн баруун цанхын уурхайг нээж, уурхайн аман дээр гүний гааль байгуулж, нүүрсийг шууд тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. “Говьповер” ХХК-ний нэхэмжлэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцагчтай иргэний хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг төлөөлж явсан нөхдүүд нь шүүх дээр очиж “Говьповер” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулчихаад, төлбөр мөнгөө шилжүүлсэнийхээ дараа Төлөөлөн удирдах зөвлөлөөр нөхөн шийдвэр гаргуулах гэж Я.Батсуурь асуудал оруулсныг Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжээгүй. Ийм учраас “Говь говер” ХХК-тай эвлэрэх, төлбөр, мөнгө шилжүүлэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Харин ч Я.Батсуурийг энэ асуудлаар загнаад явуулж байсан. Ер нь бол шүүхийн бүх шатаар процесс яваад дуусах ёстой байтал түрүүлж эвлэрсэн нь буруу гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /22хх-ийн 46-48х/,

гэрч Ж.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр 2012 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Тус компани нь Төрийн 100 хувийн өмч бүхий уул уурхайн чиглэлийн компани юм. Тийм учраас ТУЗ-д нь төрийг төлөөлж төрийн жинхэнэ алба хаагч нар ажилладаг юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний зүгээс Говьповер компаний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эвлэрсэн гэдгийг ТУЗ-ийн хуралд анх оруулж ирэхэд нь мэдсэн. Өмнө нь эвлэрэх эсэх асуудлаар биднээс зөвшөөрөл чиглэл авч байгаагүй. Харин эвлэрсэнийхээ дараа мөнгөө шийдвэрлүүлэх гэж ТУЗ-д оруулж ирэхэд нь бид зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй. Энэ талаар биднийг урьд нь ямар нэгэн мэдээллээр хангаж байгаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 52-54х/,

гэрч Б.Шинэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2012 оны 9 сард Эдийн засгийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр мөн томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Тус компаний ТУЗ нь компаний бодлогын болон том, их хэмжээний хэлцэл, хамтын ажиллагааны асуудлуудыг шийдвэрлэдэг юм. Говьповер ХХК-ниас шүүхэд хандаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас төлбөр нэхэмжилж байгаа талаар ТУЗ-ийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн чиглэл аваагүй. Харин 2013.11.21-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний талаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх асуудлыг оруулж ирсэн. Энэ нь “Эрдэнэс Таван толгой” ХК нь Шүүхийн шийдвэрийн дагуу “Говьповер” ХХК-нд мөнгө төлөх болсоныгоо танилцуулж, шийдвэр гаргуулах гэсэн. Үүнийг нь бид сонсоод зөвшөөрөөгүй.Учир нь уг асуудал үүсч, шийдвэрлэсэн буюу эвлэрсэнийхээ дараа биш эхнээс нь оруулж ирж шийдвэр, чиглэл авах  ёстой байсан учир бид энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй.  Шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр эвлэрч, төлбөр төлөх болсон нь буруу гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /22хх-ийн 55-57х/,

гэрч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны хавраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр томилсон бөгөөд эрхэлж байсан албан тушаалтай уялдуулан томилсон гэж ойлгодог. Компаний тухай хуулиар бол их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд биднээс буюу ТУЗ-өөс зөвшөөрөл авах ёстой...” гэх мэдүүлэг /22хх-ийн 58-60х/,

гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны сүүлээр намайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр томилсон. Тус компани нь Тавантолгой дахь зүүн, баруун цанхийн уурхайг эзэмшиж, олборлолт, борлуулалт явуулж буй Төрийн өмчит хувьцаа компани юм. Миний санаж байгаагаар “Говьповер” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-нийг шүүхэд өгч, төлбөр нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Я.Батсуурь өгч байсан санагдаж байна. Харин шүүхэд эвлэрсэн, төлбөр төлөх болсон талаараа надад танилцуулаагүй. ТУЗ-өөс “Говьповер” ХХК-тай эвлэрэх, төлбөр төлөх талаар шийдвэр чиглэл өгсөн асуудал байхгүй. Ийм асуудал хэлэлцсэн хуралд оролцож байгаагүй. Их хэмжээний төлбөр, тооцооны асуудал тул ТУЗ-д танилцуулж, зөвшөөрөл авч явах ёстой гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /22хх-ийн 61-63х/,

гэрч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд “Эрдэнэс МГЛ” ХХК-ний ТУЗ-ийн шийдвэрээр 2013 оны 9 сараас одоог хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн хуралд 2014 онд тус компаний хуульч Ш.Бадмаараг нь “Говьповер” ХХК-нд 4.8 тэрбум шилжүүлэх зөвшөөрөл, шийдвэр гаргуулахаар материал танилцуулсан бөгөөд түүний танилцуулсанаар шүүхийн шийдвэр гарсан гэдэг бөгөөд шийдвэрийг нь танилцах гэтэл хурал дээр авчраагүй байсан. Ийм учраас “Говьповер” ХХК-нд мөнгө гаргаж өгөх талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхөөс татгалзсан. Энэ талаар ТУЗ-өөс ямар нэгэн шийдвэр гараагүй. Миний хувьд дээр хэлсэнчлэн Бадмаарагийг ТУЗ-ийн хуралд уг асуудлыг танилцуулахад нь л анх энэ асуудлын талаар мэдсэн. Тэр хэлэхдээ шүүхэд “Говьповер” ХХК-тай эвлэрсэн талаар танилцуулсан бөгөөд миний хувьд “чи яахаараа эвлэрдэг юм, шүүхээр шийдүүлэхгүй яасан юм” гэж Бадмаарагийг загнасан. Ингээд л шийдвэр гаргахаас татгалзсан. Тийм учраас нэр бүхий хүмүүст шүүхэд эвлэрэх талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 64-66х/,

гэрч Д.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны сүүлээр билүү 2013 оны эхээр “Эрдэнэс МГЛ” ХХК-ний шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсон. “Говьповер” ХХК-ний нэхэмжлэлийн дагуу шүүхэд хэлэлцэгдсэн асуудлын талаар огт мэдээгүй, биднийг энэ талаарх мэдээллээр хангаж байгаагүй. Харин 2013.11.21-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар “Говьповер” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний шүүхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг төлөөлж орсон нөхдүүд “Говьповер” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн асуудлаа танилцуулсан. Энэ асуудлыг нь бид танилцаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол хэлэлцэж шийдвэр гаргах эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Харин дур мэдэн шүүхэд эвлэрсэн асуудлыг нь буруу гэж үзэж байсан. Ийм учраас энэ асуудлаар ТУЗ-өөс тодорхой шийдвэр гаргаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 67-69х/,

гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Миний мэдэж байгаагаар Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг шүүхэд өглөө гэж сонсч байсан. Гэхдээ энэ талаар ТУЗ-ийн хуралд оруулж ирэн ямар нэгэн шийдвэр гаргуулаагүй. Харин 2013 оны сүүлээр санагдаж байна. шүүхээр шийдвэр гарсан, төлбөр гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн асуудлыг ТУЗ-д оруулж ирсэнийг бид хэлэлцээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Учир нь нэгэнт хууль, шүүхийн байгууллагаас шийдсэн асуудлын араас бид нөхөж хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн. Энэ асуудлыг хуралд оруулж ирэх үеэр манай ТУЗ-ийн гишүүн Энхтуяа нь та нар шүүхэд яах гэж эвлэрсэн юм бэ өөр боломж байгаагүй юм уу гэдэг асуудлыг хүртэл тавьж байсан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 70-72х/,

гэрч Д.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Миний хувьд тус компаний ТУЗ-ийн хурлын зарыг гишүүдэд мэдэгдэж, хурлаар хэлэлцэх асуудлын материалыг гишүүдэд тараах, хурлыг зохион байгуулах, хурлын явцын тэмдэглэл үйлдэх, хурлаас гарсан шийдвэрийг боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. 2013.11.21-ний өдрийн ТУЗ-ийн 06 тоот хуралдаанаар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах тухай асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Бадмаараг оруулж танилцуулсан бөгөөд тэрээр танилцуулахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ниас зарласан тендерт шалгарсан “Говьповер” ХХК нь гэрээ цуцласны улмаас хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг төлөөлж шүүхэд оролцоод төлбөрийг төлөхөөр эвлэрсэн бөгөөд “Говьповер” ХХК-нд төлөх төлбөрийг шийдвэрлүүлэхээр ТУЗ-д санал оруулсан. Гэтэл ТУЗ-ийн гишүүд болон дарга нар “яагаад уг асуудлыг анхнаас нь оруулж ирээгүй юм, нэгэнт шийдвэр гарсан хойно нь оруулж ирж байгаа нь буруу, яах гэж “Говьповер” ХХК-тай шүүхэд эвлэрсэн юм” гэх зэргээр хэлэлцэж байгаад “Говьповер” ХХК-нд төлбөр төлөх асуудлаар ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэдгээ илэрхийлж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй...” гэх мэдүүлэг /22хх-ийн 49-50х/,

Эрдэнэс таван толгой ХК-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл /5хх-ийн 183-197х/,

113. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал  Д.Чулуунбатын гэрчээр өгсөн “...Миний хувьд байгууллагын аливаа гүйлгээнд гарын үсэг зурах ямар нэгэн эрх байхгүй. Гэхдээ нягтлан бодох бүртгэлийн газрын захирлын хувьд зохих хяналт тавьдаг. Тухайн үед ШШГЕГ-аас “Говьповер” ХХК-ний нэхэмжилж буй төлбөрийн дүнг шилжүүлэх талаар шаардлага ирүүлж байсан бөгөөд манай талаас төлбөрийг шууд төлөхгүйгээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ гэдэг хүсэлтийг гаргасан. Учир нь анх нэхэмжилсэн дүн 7 гаран тэрбум төгрөг байсан юм. Ингээд үнэлгээ хийлгэхэд 5 гаран тэрбум төгрөг болсон бөгөөд энэ дүнг хэд хэдэн удаагийн байдлаар шилжүүлсэн. Бидний хувьд эхлээд төлбөрийг шилжүүлэхгүй хэсэг хугацаанд саатуулсан боловч ШШГЕГ-аас манай харилцах дансыг битүүмжилсэн бөгөөд ямар ч гүйлгээ хийх боломжгүй болсон юм. Иймд нийт 4.688.482.022 төгрөгийг шилжүүлсэн байна. Манай компаний дүрмээр нийт активын 25 хувиас доош мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх захирал захиран зарцуулах эрхтэй байдаг. Энэ нь 150.000.000.000 төгрөгөөс доош хэмжээний мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх захирал захиран зарцуулах эрхтэй юм. Манай компаний нийт актив нь 600.000.000.000 гаруй төгрөг болдог. Гэхдээ 30.000.000.000 төгрөгөөс дээш гүйлгээг хийхдээ ТУЗ-өөр хэлэлцүүлж байж шийдвэрлэж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрхи гүйлгээнүүдийг шууд гүйцэтгэх захирлаас 1-р гарын үсэг зурж шилжүүлж байсан. Энэ гүйлгээг хийхэд ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, гүйлгээ хийх талаар гүйцэтгэх захирлын тушаал гарч байгаагүй. Харин хуулийн хэлтсийн төлбөр төлөх өргөдөл, хүсэлтийг үндэслэн шилжүүлж байсан. Манай компаниас 2013 онд зарласан Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх тендерт “Говьповер” ХХК шалгарсан байдаг. Үүний дагуу 2013.01.25-ны өдөр Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх ЭТТ/2013/01/25/ тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээний 7.6 дахь хэсэгт “...Захиалагч 2013.02.05-ны өдрийн дотор гэрээний 7.4 дэхь хэсэгт заасны дагуу мөн сард хадгалуулахаар төлөвлөсөн нүүрсний хэмжээгээр тооцон үйлчилгээний хөлсний 70 хувийг тухайн сарын 05-ны өдрийн дотор урьдчилан, үлдэх 30 хувийг мөн сарын 25-ны өдрийн дотор гүйцэтгэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу гэрээний 8 дахь хэсэгт заасан хугацаанд төлнө...” гэж заасныг үндэслэн 700.000.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Говьповер” ХХК-ний Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Гаалийн баталгаат агуулахын Нүүрс хадгалах хэсэгт манай компани нь олборлосон нүүрсээ зөөж хадгалах гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгааг өгч байж нүүрсээ буулгах учиртай байсан юм.  Төлбөрийн нөхцөл нь тус компаний агуулахад хадгалах 1 тонн нүүрс тутамд 2.950 төгрөгийг төлөх гэрээтэй байсан. Говьповер ХХК-ниас Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын 2013.12.02-ны өдрийн А293 тоот тушаалаар томилсон. Хүлээж авсан хөрөнгийг компаний үндсэн хөрөнгөд орлогод авсан байгаа. Эдгээр хөрөнгүүд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гаалийн хяналтын талбайн бүсэд байрлаж байгаа...” гэх мэдүүлэг /22хх-ийн 127-132х/,

гэрч Ш.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2012 оны 11 сараас одоог хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний захиргааны ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар “Говьповер” ХХК-ниас үндсэн хөрөнгө хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, хэсгийн даргаар намайг томилсон. Уг тушаалын дагуу 2013.12.03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар байрлах нийт 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий газар, обьект, тоног төхөөрөмж, байр, сууц, нүүрсний үлдэгдэл зэргийг хүлээн авсан. Уг ажиллагааг явуулахдаа манай талаас томилогдсон ажлын хэсэг, “Говь повер” ХХК-ниас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран ажиллаж эд хөрөнгүүдийг хүлээн авч энэ талаар акт үйлдсэн. “Говьповер” ХХК-ниас эд хөрөнгө хүлээж авахдаа ШШҮХ-ийн шинжээчийн гаргасан дүгнэлт, жагсаалтыг үндэслэн хүлээж авсан. Үүнд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт байрлах 13.5 га газар, 1.077.591.840 төгрөгийн үнэлгээтэй, “Говьповер” ХХК-ний Гаалийн хяналтын талбайн хашаанд байрлах зөөврийн сууц 3ш, харуулын байр 2ш, моторын байр 1ш, авто пүү 4ш, контейнер 3ш, Гүний худаг 1ш, Бие засах газар 1ш, цамхаг, гэрэлтүүлэг 2ш, дизель цахилгаан үүсгүүр 6ш, хөргөх төхөөрөмж 5ш, гагнуурын аппарат 1ш, компрессор 1ш, цахилгаан бойлуур 4ш, цахилгаан насос 1ш, 500 литрийн багтаамжтай түлшний банк 1ш, цахилгаан гар хөрөө 1ш, цахилгаан дриль 1ш, таслагч 1ш, суурин грандир 1ш зэрэг 16 нэр төрлийн 197.420.000 төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламж, Интер Силирон маркийн иж бүрэн компьютер 7ш, Делл маркийн иж бүрэн компьютер 2ш, Делл зөөврийн компьютер 1ш, Ипсон маркийн принтер 4ш, Самсунг маркийн принтер 2ш, Асус маркийн Сервер компьютер 1ш, Хөдөлгөөн мэдрэгч камер 7ш, 360 хэм эргэж татдаг камер 7ш, байран доторхи хяналтын камер 3ш, богино долгионы станц 20ш, дохиоллын төхөөрөмж 1ш, дуут мэдээлэгч маяк 20ш зэрэг 18 нэр төрлийн 148.240.490 төгрөгийн үнэлгээ бүхий компьютер, дагалдах хэрэгсэл, холбоо, дохиолол, камер,  669.360.000 төгрөгийн үнэ бүхий 8ш авто ачигч /ковеш/, 3ш цистерн бүхий портер нийт 11ш тээврийн хэрэгсэл, 13.717.127 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 4ш, зурагт 4ш, Ди Ди Ши болон таваган антенна 4ш, махны машин 1ш, металл самбар 3ш, сандал 6ш, агуулахын тавиур 6ш, талх баригч 1ш, Тумбочка 6ш, угаалгын машин 2ш, хөлдөөгч 5ш, хүлээлгийн сандал 3ш, ширээ 6ш, ус буцалгагч 1ш, пирожконы тогоо 1ш, шарах шүүгээ 1ш зэрэг 19 нэр төрлийн тавилга, эд хогшил, 740.119.693 төгрөгийн үнэ бүхий 507 м.кв талбай бүхий  ажилчдын байр 1ш, 4 ханатай монгол гэр 1ш, 200 тонн, 150 тонны 2ш пүү, нүүрс, сэлгэн ачих талбай, сайжруулсан авто зам, шороон далан, 7.051.500 төгрөгийн үнэ бүхий буйдан 3ш, ханы шкаф 3ш, төмөр шкаф 2ш,  гал тогооны шүүгээ 3ш, дан ор 13ш давхар ор 30ш, 2 дугаар хоолны цахилгаа тогоо 1ш, төмөр тавцан 1ш зэрэг 8 нэр төрлийн тавилга эд хогшил зэргийг хүлээн авсан. Нийт 5.328.916.262 төгрөгийн үнэлгээтэй эдгээр хөрөнгүүдийг хүлээж авсан ба 2013.12.06-ны өдрөөс эхлэн “Чинхутаг Өндөр” гэрээт харуул, хамгаалалтын албанд тоо, ёсоор актаар хүлээлгэн өгсөн бөгөөд 2014.02.14-ний өдөр үйл ажиллагаа, эхлэх болсонтой холбогдуулан буцаан хүлээн авсан. Энэ өдрөөс эхлэн тус талбайд манай компаний Цагаан хад дахь хэсэг байгуулагдаж 80 орчим ажилчин 4 ээлжээр нүүрс буулгах ачих үйл ажиллагааг 2014 оны 8 сарыг хүртэл явуулж ирсэн. Ингэхдээ Тавантолгойн Баруун, зүүн цанхаас олборлож буй нүүрсийг ачиж тээвэрлэн Цагаан хад дахь талбайд авчирч буулгадаг бөгөөд эндээс худалдан авагчид авч явдаг байсан. Одоо бол үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд харуул хамгаалалтын албанд хүлээлгэж өгсөн. Учир нь нүүрс худалдан авагч компаниуд нь уурхайн аман дээрээс худалдан авч байгаа учир уг талбайг тэр болгон ашиглахгүй байгаа...” гэх мэдүүлэг /22хх-ийн 147-150х/,

гэрч Д.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс “Эрдэнэс Таван толгой” ХК-ний Нягтлан бодох бүртгэлийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний бие компаний үндсэн хөрөнгө, төв оффисын бараа материалын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. 2013.12.04-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Говьповер” ХХК-ниас тоног, төхөөрөмж, эд хөрөнгө хүлээж авсан байдаг. Ингэж хүлээж авсан хөрөнгийг хүлээн авах комиссын акт, баримтыг үндэслэн компаний үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйл дансанд зохих журмын дагуу бүртгэсэн бөгөөд тоног төхөөрөмж, эд зүйлс нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны хэсэгт байрлаж байсан тул тус хэсгийн ахлах нягтлан бодогч Э.Алтанцогт хариуцуулсан. Үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйл дансанд дараахь байдлаар бүртгэсэн. Үүнд: “Говьповер” ХХК-ниас хүлээлгэн өгсөн эд зүйлс тоног төхөөрөмж барилга байгууламж нь нийт 5.328.916.262 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд манай компани нь Монгол улсын хөгжлийн банк, Голомт, Хас банкнаас авсан зээлийн зохих хүүг дээрхи үндсэн хөрөнгүүдийн үнэлгээнд нэмж капиталжуулан 7 гаран тэрбум төгрөгөөр үнэлж үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Өөрөөр хэлбэл дээрхи нэр бүхий газруудаас авсан зээлийн хөрөнгөөс зарим хэсгийг нь “Говьповер” ХХК-нд өгөх төлбөрт зарцуулсан тул төлөх хүүг уг хөрөнгийн өртөгт шингээсэн юм.  Өнөөдрийн байдлаар Цагаан хадны хэсэг үйл ажиллагаа явуулахгүй, түр зогсолт хийсэн байгаа бөгөөд бүх хөрөнгийг тус хэсгийн ахлах нягтлан бодогч Э.Алтанцог лацдаж хадгалж байгаа...” гэх мэдүүлэг /22хх-ийн 139-140х/,

гэрч М.Мягмар-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2013 оны 12 сараас одоог хүртэл “ЭТТ” ХК-д үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. Намайг ажил авахад “Говьповер” ХХК-ниас манай компани Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад дахь Гаалийн хяналтын талбай, талбай дээрхи эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүд хүлээгээд авсан байсан бөгөөд уг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг 2014 оны 3 сар хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй харуул хамгаалалтын албаар хамгаалуулж байсан. Ингээд 2014 оны 4-7 сарын хооронд Цагаан хад дахь талбай, тоног төхөөрөмжийг ашиглан 1 сая орчим тонн нүүрс экспортонд гаргасан байдаг. Ингээд үүнээс хойш нүүрсийг Цагаан хаднаас дамжин тээвэрлэх ажиллагааг борлуулалт багассантай холбоотойгоор зогсоосон бөгөөд одоог хүртэл бүрэн хүчин чадлаар нь дахин ашиглаагүй. Тоног төхөөрөмжүүдээс боломжтой заримыг нь Уурхай руу татаж ашиглаж байгаа. Зарим нь Цагаан хад дахь талбай дээрээ л байгаа. Ер нь бол Уул уурхайд өндөр хүчин чадал бүхий барууны техник ашигладаг. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь маш үнэтэй байдаг. Цагаан хад дахь гаалийн талбайн тоног төхөөрөмжүүд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дугуйт ачигч зэрэг тоног төхөөрөмж нь барууны техникүүдтэй харьцуулахад хямд, чанар муутай байдаг. Уурхайгаас Цагаан хад хүртэл 250 орчим км, Цагаан хаднаас хил хүртэл 20 орчим км байдаг. Өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн хэлэхэд Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаар дамжуулалгүй шууд тээвэрлэх нь манай компанид болон улс эх оронд ашигтай байгаа. Учир нь ачиж, буулгах, хадгалах, зардал багасна, богино тээврийн зардал багасна, хорогдол багасна, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багасна, тээврийн бүх эрсдэл худалдан авагч руу шилжиж байгаа гэх мэт маш олон давуу талтай...” гэх мэдүүлэг /22хх-ийн 123-126х/,

гэрч М.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2012 оны 01 сараас Эрдэнэс Тавантолгой ХК-нд Мэдээллийн технологийн хэсэгт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байна.Миний хувьд компаний мэдээллийн технологитой холбоотой техник, хэрэгсэл, програм хангамж зэргийг хариуцаж байна. Компаний гүйцэтгэх захирлын тушаалаар “Говьповер” ХХК-ниас эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон. Миний хувьд мэдээллийн технологийн хэсгээ төлөөлж “Говьповер” ХХК-ниас хүлээлгэн өгч буй мэдээллийн технологийн техник, тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Одоогийн байдлаар манай Цагаан хад дахь хэсгийн үйл ажиллагаа зогссон байгаа бөгөөд хүлээн авсан тоног төхөөрөмжүүдээс хяналтын камеруудын үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн үнээс илүү үнэтэй санагдаж байсан. Компьютер, принтерүүд ойролцоо үнэтэй байсан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 153-155х/,

гэрч Ц.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 6 сараас “Эрдэнэс тавантолгой” ХК-ний уурхайн ерөнхий механикчаар одоог хүртэл ажиллаж байна. Би “Эрдэнэс Тавантолгой ХК-ний Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын нүүрсний уурхайн технологийн болон үйлчилгээний зориулалттай нийт 84ш тоног, төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцдаг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар “Говьповер” ХХК-ниас үндсэн хөрөнгө хүлээн авах ажлын хэсэгт томилогдон ажилласан. Миний хувьд өөрийн ажлын чиг үүргийн дагуу тус компаний хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн үзэж шалгаж хүлээж авсан. Үүнд: 2ш цистерн нь шинэвтэр буюу урьд ашиглаж байсан машинууд байсан. 8ш ковешийн хувьд урьд ашиглагдаж байсан боловч 50-300 орчим мото цаг ажилласан шинэвтэр техникүүд байсан. Пронтер машины хувьд тааруу машин байсан. 6ш цахилгаан үүсгүүрээс 2ш нь шинэ, 1ш нь шинэвтэр, 3ш нь асахын төдий байсан бөгөөд миний хувьд үйлчилгээ хийсний дараа хүлээж авна гэж байгаад тодорхойлолтонд үйлчилгээ хийх гэж тодотголтойгоор хүлээж авсан. Ингээд 3ш цахилгаан үүсгүүрүүдийг нь үйлчилгээ хийлгүүлж авсан боловч одоо ч бид үйлчилгээ хийгээд ажиллуулж байна. Ер нь цахилгаан үүсгүүрүүд нь муу хятадын эд зүйл байсан. Ер нь хүлээж авсан тоног төхөөрөмжүүд нь дандаа хятадын юмнууд байсан ийм том уурхайд ашиглахааргүй л юмнууд байсан. Аргагүй л шүүхийн шийдвэртэй байсан учир л хүлээж авсан. Ер нь бол тухайн үед хэсэг ашиглаж байсан. Одоо бол гаалийн хяналтын бүс зогссон учир 8ш ковешоо уурхайд татаж авчраад туслах ажил, замын засвар, шаардлагатай тохиолдолд ачилтанд ашиглаж байна. Шаардлага тааруухан л хангаж байна. Хятад ковешууд эвдрэл ихтэй бөгөөд сэлбэг нь таардаггүй сул талтай. Ер нь дээрхи тоног төхөөрөмжүүдийг шинэ байсан ч гэсэн авахгүй байсан. Манай шаардлагыг хангахгүй л тоног төхөөрөмжүүд байсан...” гэх мэдүүлэг /22хх-ийн 164-166х/,    

Эрдэнэс таван толгой ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн газарт хадгалагдаж буй Говь повер ХХК-иас хүлээн авсан эд хөрөнгөтэй холбоотой баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 47-125х/,

гэрч Ж.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Өмнгөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газрыг анх 2008 онд сумын Засаг даргын захирамжаар Говь повер ХХК-д нүүрс боловсруулах, зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байсан. Тэгтэл 2013 10 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгч М.Болормаагийн 1473 тоот захирамжийг манайд ирүүлснийг үндэслээд 2014 01 дүгээр сарын 15-ны өдөр Ханбогд сумын Засаг даргын а/09 тоот захирамж гарч тухайн газрын эзэмшлийг Эрдэнэс таван толгой ХК-д шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 204х/,

Эрдэнэс таван толгой ХК-ийн Өмнөговь аймгийн Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 244-250х, 13хх-ийн 1-8х/, 

Эрдэнэс таван толгой ХК-ийн Цогт цэций сум дахь Цанхи хотхонд байрлах ажилчдын байранд Говьповер ХХК-иас шилжиж ирсэн эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл /13хх-ийн 9-10х/,

Эрдэнэс таван толгой ХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, санхүүгийн гүйлгээтэй холбоотой баримтуудын хуулбар /3хх-ийн 219-250х/,

Эрдэнэс таван толгой ХК-ийн 2013 оны 2, 3 дугаар саруудын Голомт банк дахь харилцахын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, болон баримт бичгүүдийн хуулбарууд /4хх-ийн 1-20х/,

Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай албан бичиг /4хх-ийн 208х, 209х/, яллагдагчаар шалгагдсан Г.Түмэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /42хх-ийн 223-227х/, яллагдагчаар шалгагдсан Т.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /43хх-ийн 18-26х/, яллагдагчаар шалгагдсан Д.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /42хх-ийн 190-194х/, яллагдагчаар шалгагдсан Я.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /42хх-ийн 36-39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод тээврийн хэрэгсэл жинлэх зориулалттай 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа уг тендерээс хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж төрсөн эгч Г.Улзмаагийн нэрээр  Н.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий "Эн Ай Ди Би" ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135,292,300 төгрөгийн гэрээ байгуулан, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр пүүний эд ангийн үнэ эрс нэмэгдсэн гэх шалтгаанаар гэрээний үнийн дүнг өсгөж нийт 199,792,300 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулж, уг мөнгийг дээрхи компанийн дансаар хүлээн авч 62,676,000 төгрөгөөр автопүүг барьж байгуулан, үнийн зөрүү 137,116,300 төгрөгийг өөртөө авч ашигласан,

мөн Г.Д нь давтан үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байхдаа "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын болон тус компанийн охин компани болох "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тус тус тогтоолоор,  "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байна. Улмаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, 5.388.482.022 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол  учруулсан тус тус гэмт үйлдэлд нь түүнийг давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Г.Дгийн сүүлийн үйлдсэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг нь “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан дүн болох 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлсөнөөр төгссөн гэж шүүх үзэв.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид ... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүндэвтэр ангилалд хамаарах байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт: “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гээд, 72.1.2 дахь заалтад: “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэсэн байх тул Г.Дд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн харицлагаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.   

            Шүүх Г.Дд холбогдох хэргийг зөвхөн тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

            Г.Д нь  гэмт хэрэг үйлдсэн улмаас улсад  137.116.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнээс гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Харин гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-нд 5.388.482.022 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хэдийч иргэний хариуцагч “Говь повер” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-нд газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Уг шилжүүлэн өгсөн хөрөнгийн үнэлгээг хоёр тал хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй маргаантай, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийг Г.Дтэй хамтран үйлдсэн гэж 4 хүнийг яллагдагчаар татаж шалгаж байгаад прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул “Эрдэнэс таван толгой” ХК нь иргэний нэхэмжлэлээ гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагчаас холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.   

            Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Дгийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол улсын гудамж, “Кристалл таун” хотхон 802-1105 тоот орон сууцыг битүүмжилсэнийг түүний хохирол төлбөрт төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

            Харин мөрдөн байцаагчийн тогтоолоор 28-22 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашин, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц тус тус битүүмжилсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Е1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг Г.Дд буцаан олгож, түүний гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617003164 тоот дансанд байгаа 19.500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, 2617000529 тоот дансанд байгаа 300 ам доллар зэргийг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Г.Дг гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон орлого гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Говь повер” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий металл гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd (гэрээний) УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, Gobipower Co.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Говь повер” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  буцаан олгох нь зүйтэй байна.

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 gb багтаамж бүхий Seagate маркийн хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн construction Mongolia 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Эрдэнэс таван толгой ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан Apu 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг,  416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд нь дугааргүй/, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас (нийт 5217 хуудастай), “Говь повер” ХХК-ны 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Эрдэнэс таван толгой” ХК-ны тавьсан шаардлагын дагуу хийсэн нэмэлт ажлын фото тайлан зэргийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаанчууд овогт Галсангийн Г.Дг давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дгээс нийт 137.116.300 /нэг зуун гучин долоон сая нэг зуун арван зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгосугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ны иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

5. Г.Д нь нийт 533 /таван зуун гучин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Е1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Г.Дгийн гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617003164 тоот дансанд байгаа 19.500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, 2617000529 тоот дансанд байгаа 300 ам доллар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Говь повер” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий металл гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd (гэрээний) УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, Gobipower Co.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Говь повер” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Дгийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 gb багтаамж бүхий Seagate маркийн хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн construction Mongolia 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Эрдэнэс таван толгой ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан Apu 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд нь дугааргүй/, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас (нийт 5217 хуудастай), “Говь повер” ХХК-ны 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Эрдэнэс таван толгой” ХК-ны тавьсан шаардлагын дагуу хийсэн нэмэлт ажлын фото тайлан зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Дгийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол улсын гудамж, “Кристалл таун” хотхон 802-1105 тоот орон сууцыг битүүмжилсэнийг түүний төлбөрт төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

8. Мөрдөн байцаагчийн тогтоолоор 28-22 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашин, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц тус тус битүүмжилсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

9. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.БАТГЭРЭЛ 

  2019       12         13                                   2019/ШЦТ/959

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.БАТГЭРЭЛ