Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

2020         01          09                                   2020/ШЦТ/34       

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц. Чулуунчимэг,

Шүүгдэгч: М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэ-Болор нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мандахад холбогдох эрүүгийн 1809047281251  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35-456б тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мандах /РД:ТБ00302439/,

Холбогдсон хэргийн талаар /2019 оны 11 сарын 28 ны өдрийн 974 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч М нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аму” нэртэй худалдааны төвийн 301 тоот лангуунаас иргэн Ц.Отгончимэгийн 570.000 / таван зуун далан мянга/ төгрөгний үнэ бүхий гар утаснуудыг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 10 сарын 13-ны өдөр найз Батбаатартай хамт явж байгаад Аму плазагийн 3 давхарт гарч ус уусан. Гарч ирээд тоглоомын дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт үйлчлээд зогсож байсан хүүхдийг цааш хараад хүнд үйлчилж байхаар нь би лангууных нь араас Нөт-3 утас 1ш, Эс-4 утас 2 ширхэгийг авсан. ..Батбаатар намайг хулгай хийж байсаныг мэдээгүй. Би хулгайлсан гар утсаа гадаа зогсож утас авдаг ченжид 200.000 / хоёр зуун мянган/ төгрөгөөр зарсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарч байна, хохиролоо заавал төлнө...гэв.

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “ Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-60-61 дүгээр хуудас/

Дархан-уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн Дугаар 08 “ Шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” Прокурорын тогтоолын хуулбар  / шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн./

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-37-38 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аму” нэртэй“ худалдааны төвийн 301 тоот лангуунаас иргэн Ц.Отгончимэгийн 570000 төгрөгний үнэ бүхий гар утаснуудыг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Отгонцэцэгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л. Мандахын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Л. Мандахыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бус аргаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийг арилгаагүй тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Л. Мандахад 1 /нэг/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар  7 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Дархан–Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 19-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л. Мандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 120 /нэг зуун хорин/  цагийн хугацаагаар “ Ерөнхий боловсролын сургуулийн орчимд явган гарц дээр явган зорчигч зохицуулах ” нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг ялаас 100 цагийн ялыг эдлээгүй ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас оргон зайлсан болох нь хэрэгт авагдсан Дархан – Уул аймгийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 08 дугаартай  “ Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай”  Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаанд “Л. Мандахад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 100 / нэг зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг / 12 хоног / нэмж нэгтгүүлэх тухай”  санал гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс энэ талаар маргаагүй тул шүүх дээрх саналыг хүлээн авч шүүгдэгч  Мад оногдуулсан 7 / долоо / сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 / нэг зуун хорин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 100 / нэг зуун / цагийн ажлыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л. Мандах нь 2019 оны 10 сарын 30 – 2020 оны 1 сарын 09-ны өдөр хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсон ба уг хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох,  гэмт хэргийн улмаас хохирогч Ц. Отгончимэгт 570.000 / таван зуун далан мянган/ төгрөгний хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон тул хохирлын мөнгийг , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор томилогдож дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний төлбөрийг тус тус шүүхээс гэм буруутайд тооцсон  шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй  гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн цаасан ууттай, өөр дээрээ улаан өнгөөр SOKCK  гэсэн бичиг бүхий  1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мандахыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 570.000 /таван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Лхагвасүрэн овогтой Мандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Л. Мандахад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 / нэг зуун хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 100 / нэг зуун / цагийн ажлын 8 / найман/ цагийг нэг хоногоор тооцож 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 / долоо / сар 12 / арван хоёр / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маас 570.000 / таван зуун далан мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Отгончимэгт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаайр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Маас шинжээчийн зардал болох 18000 /арван найман мянга / төгрөгийг гаргуулж хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-д олгосугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9 . Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

              11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН