| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0012/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 14
2019 12 27 2019/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхжин;
улсын яллагч: Т.Жавхлантөгс;
шүүгдэгч: С.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1909044011531 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 23-17 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистерийн дугаартай, С.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвсэг кашемирийн ойролцоо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө иргэн Л.Өлзийжаргалыг түлхэж унагаан, нүүр рүү нь өшиглөн, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, шуу, баруун шуу, баруун зүүн гуя, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон асуудлын талаар ярьж мэдүүлсэн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Өлзийжаргал /хх-ийн 6-8/, гэрч Г.Азхүү нарын мэдүүлэг, С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13876 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, С.Бийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвсэг кашемирийн ойролцоо 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Л.Өлзийжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Л.Өлзийжаргалын /хх-ийн 6-8/: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Элит караокед 01:00 цагийн орчимд хамт ажиллаж байгаа Г.Азхүү түүний найз Баянмөнх, Өлзийхишиг нарын хамт орж үйлчлүүлсэн, ...Азхүүтэй яриад зогсож байтал Азхүүгийн найз болох Баянмөнх нь бид хоёрын араас ирээд надад, “чи миний найзыг хулгайч гэдэг хэн юм бэ” гэж хэлсэн, чамайг харин цохиод авчихмаар хүүхэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянмөнх гэгч залууд хандан “бид хоёрын асуудал чамд хамаагүй, энэ бол компанийн ажилчдын хоорондын асуудал болохоор чи хэрэггүй эндээс яв” гэж хэлсэн. Тэгсэн хоромхон зуур би хойшоо газар тархиараа саваад унасан. Тэгээд босож чадахгүй хэвтэж байсан чинь уг залуу гараараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн үү мэдэхгүй шанаан тус газар цохичхоод яваад өгсөн. Тэр үед Азхүү хараад зогсож байсан. Тэгээд би хэсэг хугацаанд хэвтсэн. Тэгээд Азхүү намайг бос гээд гарнаас татаад байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Азхүүгийн /хх-ийн 19/: “...Өлзийжаргал Баянмөнхийг “чи гуйлгасан биз дээ зайлаач гөлөг минь” гэж хэлээд Баянмөнхийг мөр рүү нь түлхсэн. Тэгсэн Баянмөнх Өлзийжаргалыг нүүрэн тус газар нь гараараа түлхээд газар унагасан. Өлзийжаргалыг унасан байхад нь босгох гээд татаж байхад Баянмөнх Өлзийжаргалыг нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32/: “...Би Өлзийжаргалыг мангастаад газар унагасан. Тухайн үед Өлзийжаргал биеийнхээ бөгс нуруу хэсгээрээ газар унасан. Тэр үед Азхүү бид 2 салгах гэж байх үед нь би Өлзийжаргалыг нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шууд гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлгээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13876 дугаартай дүгнэлтэд “...Л.Өлзийжаргалын биед тархи доргилт, зүүн бугалга, шуу, баруун шуу, баруун зүүн гуя, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч С.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Л.Өлзийжаргалын “... гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ