Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 22

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шагжаа овогт Батсайханы Батхолбоод холбогдох эрүүгийн 1909042751529 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "Сүзүки Монголиа Элеватор" ХХК-д цахилгаан шатны засварчингаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 901 дүгээр байрны 53 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: / нь:

 

- согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901 дүгээр байрны гадна хохирогч Ш.Энх-Амарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн зулайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, төвөнхийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Энх-Амар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ орох гээд явж байгаад орцонд Батхолбоотой таарсан. Батхолбоод 1 шил архи байхаар нь бид 2 хувааж уугаад би дахин 1 шил архи аваад бид 2 хувааж уусан. Тэгээд гэнэт Батхолбоо намайг зодсон. Би Батхолбоотой маргалдсан асуудал байхгүй. ...Батхолбоо намайг хөл, гараараа цохиж гэмтээсэн. ...надад шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт, тухайн эм тариа, тос авсан баримтууд байгаа гэжээ. / хх 12-13 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13048 дугаар дүгнэлтэнд:  

1. Ш.Энх-Амарын биед зүүн зулайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, төвөнхийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 17-18 /

 

            Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед би гэртээ орох гээд явж байгаад орцонд Энх-Амар ахтай таарсан. Ойрд уулзаагүй гээд би 0.75 граммтай нэг шил хараа архи авч бид 2 байрны гадаа хувааж уусан. Тэгээд Энх-Амар ах 0.5 граммтай 1 шил архи аваад дахиад бид 2 хувааж уусан. ...Энх-Амар ах шууд миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгээд би “Та яаж байна” гээд босоод Энх-Амар ахын нүүр рүү гараараа 1 удаа цохьсон чинь газар унахаар нь бөгс хэсэг рүү 1 удаа өшиглөөд, дараа нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн юм. Би Энх-Амар ахыг “Та намайг шатраар барахгүй, би таныг математикаар барахгүй” гээд маргалдсан. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэжээ. / хх 4 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 23  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901 дүгээр байрны гадна хохирогч Ш.Энх-Амарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн зулайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, төвөнхийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Б.Б нь намайг хөл, гараараа цохиж гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Энх-Амарын мэдүүлэг / хх 12-13 /, ...Би Ш.Энх-Амар ахын нүүр рүү гараараа 1 удаа цохьсон чинь газар унахаар нь бөгс рүү 1 удаа өшиглөөд, нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Бгийн мэдүүлэг / хх 4 /, ... Ш.Энх-Амарын биед зүүн зулайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун сарвуунд цус хуралт, баруун хацар, төвөнхийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13048 дугаар дүгнэлт / хх 17-18 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ш.Энх-Амар   нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 38 / гэсэн тул шүүгдэгч Б.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ