Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1038

 

 

 

 

 

 

 

2019          12           09                                      2019/ШЦТ/1038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          шинжээч Т.Амартүвшин, Н.Энхцолмон,

          гэрч С.Энхжаргал,

          хохирогч В.Сүрмаа, түүний өмгөөлөгч Д.Дандий-Ядам,                         

          шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарав овогт Батмөнхийн Уринг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809045950908 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Архангай
аймгийн Мөрөн суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, Сүхбаатар дүүргийн 5-р хороо 5 хороолол үндсэн гудамж, 2 байр 39 тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 26 тоотод иргэн В.Сүрмаатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гараад Бэлх рүү гэр рүүгээ явж байтал ломбарднаас бөгжний хугацаа 61 хоногоор хэтэрсэн гэх мессэж ирсэн. Өмнө нь В.Сүрмаа гутал авах гээд бөгжөө ломбарданд тавьж алдчихаад намайг хүмүүст бөгж авсан гэж ярьсан байсан. В.Сүрмаа намайг гуйгаад бөгжөө тавиулсан байсан болохоор бөгжийг нь ломбарднаас аваад гарын үсэг зуруулаад бөгжийг нь өгнө гэж бодоод ортол В.Сүрмаагийн дүү үүдэнд зогсож байсан бөгөөд В.Сүрмаад “бөгжөө аваарай” гэж хэлэхэд “намайг орооч” гэж хэлсэн. В.Сүрмаа “би дүүтэйгээ архи хувааж уусан, Ангирмаа гээд дуучин 50 насныхаа ойд уриагүй, сэтгэл санаа гундуу, гомдоод байна, жаахан юм уучихмаар байна” гэж хэлээд надад 20.000 төгрөг өгөхөөр нь дэлгүүрээс архи авсан.  В.Сүрмаа нөхөр, хүүхдээ яриад уйлсан, дуулсан, нилээн согтсон. Тэгтэл В.Сүрмаа ширээн дээр байсан цэнхэр ваараа босгож тавих гэж байгаад унагаад хугалснаа орилоод хамаг юмаа шидээд намайг “гар, зайл” гэж хэлсэн. Лааны суурь шидэхэд миний шанаа руу онож хавдсан бөгөөд би тухайн үед гэрээс нь гарахыг бодсон. Би таксидаж хариад ахаараа мөнгө төлүүлэхэд 17 цаг 30 минут болж байсан. Би В.Сүрмаатай хамт архи уугаагүй. Хөлдөөгчнийхөө хаалгыг заазуураар зурсан байсан бөгөөд манай дүү ингэсэн  гэж хэлж байсан. В.Сүрмаа архи уухаараа галзуу хүн шиг байдаг. В.Сүрмаа гэртээ хүн цуглуулж архи уудаг, бааранд тэнж явж байгаад хөлөө хугалж байсан Би В.Сүрмаагийн гэрт 23 цаг хүртэл байгаагүй. 23 цаг хүртэл хэнтэй, юу  хийснийг мэдэхгүй. Үргэлж л хөхөрчихсөн, манай бэр намайг зодсон, бэр хамаг юмыг минь хагалсан гэж хэлдэг байсан. Би тухайн үед эмнэлгээс гарсан учраас эмнэлгийн хувцастайгаа явж байсан. Машинаа ч авч явж чадалгүй хариад өглөө эгч хүүхдүүдтэйгээ юманд явна гэхээр нь В.Сүрмаагийн гэрээс очиж машины түлхүүр авахдаа танайд хамгийн сүүлд байсан гээд юу болсон талаар асуухад эгчид юу ч хэлээгүй. Миний хацар цохигдоод хавдаж хөхөрсөн. Би В.Сүрмаагийн биед нэг ч гар хүрээгүй харин би зодуулаад гарсан. Миний нүүр, ам хөхрөөд гомдмоор байсан ч цагдаад хандаагүй. Намайг 5 дүгээр сард цагдаагаас дуудахаар нь зургаа авахуулсан. В.Сүрмаа тухайн үед согтуу байсан болохоор тэгээд л орхисон...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гараад явж байхад над руу ломбарданд тавьсан эд зүйлийн хугацаа дууслаа гэхээр нь би Сүрмаагийн бөгжийг аваад гэрт нь аваачиж өгөхөд үүдэнд нь Сүрмаагийн дүү Энхжаргалтай үүдэнд нь зөрөөд би Сүрмаад бөгжийг нь өгөхөд Ангирмаа намайг төрсөн өдөртөө уриагүй гээд эгч нь жаахан архи уусан байна сэтгэл гундуу байна эгчдээ ганц шил архи аваад өгөөч гээд надад архи 20.000 төгрөг өгсөн. Би дэлгүүр орж 0.75 л нэг шил архи аваад гэрт нь ороход надад кофе бэлдэж өгсөн. Тэгээд би кофе уугаад сууж байхад Сүрмаа гуай сандал дээр сууж байгаад босохдоо ширээн дээр байсан цэнхэр ваарыг гараараа унагаасан. Тэгээд уурлаад ширээн дээр байсан бүх юмыг авч над руу шидсэн тэр дундаас нь лааны суурь миний баруун хацрын шанаа хэсгийг онож гэмтээсэн тэгээд би шууд гэрээс нь гарч яваад 16.00 цаг өнгөрч байхад би бэлх рүү такси бариад эгч Санжидмаагийн гэрт очсон…” гэсэн мэдүүлэг /хх-42-43/,

 

хохирогч В.Сүрмаа шүүх хуралдаанд “...Би Б.Утай 2013 онд танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш хуурай эгч дүү шиг болсон. Б.У надаас “ээмэг, бөгжөө өгөөч, ломбарданд тавьчихаад өгье” гээд авдаг байсан ба хоол унд идээд манайхаар байдаг байсан. Нэг өдөр Б.Уы түрээсэлж амьдардаг гэрт нь очиход миний ээмэг, бөгж цонхны тавиур дээр байхаар нь “ээмэг, бөгжөө авчихсан уу” гэж хэлэхэд “мөнгө хэрэг болвол дахиж тавина гэж бодоод өгөөгүй” гэж хэлэхээр нь “тийм үү” гээд орхисон. Тэрнээс хойш ээмэг, бөгжөө аваагүй. Манай хүүгийн алтан бөгжийг ломбарданд тавихад Б.У бид хоёр хамт явж байсан. Би хүүгийн бөгж учраас авч өг гэж хэлэхэд Б.У авч өгч байсан. Хэрэг болох үед Б.У бид хоёр байрны ордер, ээмэг, бөгжөө яах уу гэж ярьж байтал Б.У уурлаад “чи юу ярих гээд байгаа юм, надаас юу ч олж долоохгүй” гэж хэлээд миний хамаг юмыг авч шидчихээд гараад явсан. Тэгээд би бэр рүүгээ залгаад “Б.У намайг зодчихлоо” гэж хэлэхэд таксидаад ирсэн. Бэр манай гэр рүү ирэхээсээ өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байсан. Тэгээд хаалга тогшихоор нь онгойлгоход цагдаа ирсэн. Удалгүй араас нь бэр ирсэн. Цагдаа болон бэр тухайн үеийн зургийг авсан. Цагдаа шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь сандарч гарахдаа түрийвчээ мартаад явчихсан байсан болохоор маргааш өглөө нь шүүх эмнэлэг рүү явсан. Өглөө хаалга дугарахаар нь онгойлгоход Б.Угийн эгч машины түлхүүр авъя гэхээр нь юу болсон талаар хэлсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 50 мянгатын 20-26 тоотод Урин гэх эмэгтэйтэй 0.5 граммын Соёрхол архи худалдаж авч бид 2 хувааж уучхаад би Уринд зээлсэн мөнгөний талаар ярихад Урин агсам согтуу тавьсан. Бид 2 ээмэг бөг, байрны асуудлаас болж маргалдаж байтал шаргал өнгийн лааны тавиурыг над руу авч шидэж миний зүүн талын эрүү хэсгийг оносон. ...би Энхжаргал руу залгаж Урин намайг зодоод гаргачихлаа, миний толгой өвдөөд байна гэж хэлсэн. Удалгүй Энхжаргал нэг цагдаатай хамт орж ирсэн... Одоо миний зүүн талын хацар болон баруун талын тохойн тус газар хөндүүрлэн өвдөж байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Гэрч С.Энхжаргал шүүх хуралдаанд “...Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө В.Сүрмаа эгчийн гэрийн доод талд байдаг үсчинд үсээ засуулж байтал В.Сүрмаа эгч “ажилдаа явахаасаа өмнө хоол идчихээд яваач” гэхээр нь хоол идчихээд гарах гэтэл  Б.У тортой зүйл бариад орж ирсэн ба гутлаа тайлж байхдаа дөрвөлжин ууттай бөгж В.Сүрмаа эгчид өгч байсан. Орой 20 цагийн үед В.Сүрмаа эгч рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал 22 цагийн үед В.Сүрмаа эгч залгахаар нь таксидаад ирсэн ба цагдаа дуудсан. Тухайн үед хамаг юм нь хагарсан байсан бөгөөд зургийг нь авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү очиж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэг рүү явсан. В.Сүрмаа эгч архи уугаагүй, ганцаараа байсан. Намайг орой гэрт нь ирэхэд эрүү, тохой нь хөх эрээн болсон байсан бөгөөд нэг бүрчлэн зургийг нь авсан. Хавтаст хэрэгт авагдсан зургууд миний авсан зураг биш байна. Миний авсан зургууд гар утсан дээр байгаа. Би В.Сүрмаа эгчтэй архи уусан асуудал байхгүй. Намайг В.Сүрмаа эгчийн гэрээс гарах үед Б.У орж ирж байсан. Намайг орой В.Сүрмаа эгчийн гэрт ирэхэд “Even” гэх архи ууж дуусгаагүй байсан.  В.Сүрмаа эгч Б.У ирээд агсам согтуу тавьсан гэж хэлсэн. Лааны суурь нь далийгаад, чихрийн таваг, ваар хагарсан байсан. Та эсэргүүцэл үзүүлсэн үү гэж асуухад В.Сүрмаа эгч “үгүй” гэж хэлсэн. Б.У архи уухаараа агсам тавьдаг. Би В.Сүрмаа эгчийн гэрээс өглөө 11 цаг болж байхад гарсан. Гэрчээр мэдүүлэхдээ “14 цагийн үед гарсан, В.Сүрмаагийн  эрүү, тохой орчим хавагнасан байсан” гэсэн мэдүүлэг өгөөгүй. Харин  хөх, няц болсон байсан гэж мэдүүлэг өгсөн. Надад он, сартайгаа зураг нь байгаа. Байцаагчид зургийг нь үзүүлсэн боловч аваагүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хадам эгч Сүрмаагийнд ...14 цагийн орчим хоол идчихээд гарах гэж байхад Урин нь Сүрмаа эгчийн гэрт нь ирж ломбардны ууттай бөгж гаргаж өгч байсан. Тэгээд би зөрөөд гараад явсан. Орой 23 цагийн орчим Сүрмаа эгч над руу залгаад уйлаад Урин манай гэрийг эмх замбараагүй болгочихлоо гэж хэлсэн. Би Сүрмаа эгчийн гэрт нь яваад очиход гэр нь эмх, замбараагүй, чихрийн таваг, үнсний сав, ваар зэрэг зүйлс хагарчихсан байсан. Би Сүрмаа эгчээс юу болсон талаар асуухад Урин бид 2 нэг шил архи хувааж уусан, ...би ломбарданд тавьсан юм болон зээлсэн мөнгөний талаар ярихад Урин агсам тавиад хамаг юм хагалж шидээд байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж, шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Өдөр намайг Сүрмаа эгчийн гэрт нь очиход Сүрмаа эгчийн биед ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй, орой нь очиход эрүү, тохой хэсэг нь хөхөрсөн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11786 тоот актын “…В.Сүрмаагийн биед эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт, /хх-29/,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-50/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,  Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-51/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-72-73/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 26 тоотод иргэн В.Сүрмаатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч В.Сүрмаагийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх шинжилгээний №11786 тоот актын дүгнэлт, хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүгдэгч Б.Уы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Угийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Уг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч уг гэмт хэрэг нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолно...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

Иймд шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч В.Сүрмаа нь энэ хэрэгт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Б.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь өөрт учирсан хохирлоо эмчилүүлсэн эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг лааны суурийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч В.Сүрмаад буцаан олгож шийдвэрлэв.  

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4.Хохирогч В.Сүрмаа нь өөрт учирсан хохирлоо эмчлүүлсэн эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг лааны суурийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч В.Сүрмаад буцаан олгосугай.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР