Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А 

Улсын яллагч Б.Д

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М

Иргэний хариуцагч Д.Б

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Д-т холбогдох эрүүгийн 182.0001.7801.32 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Э.Д,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын хилийн боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн хажууд хатуу хучилттай асфалтан зам дээр ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг  9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн иргэн Х.С-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр байх Замын-Үүд сумын Facebook зар мэдээлэлд орж ажил хайхад жолооч ажилд авна гэсэн зар байхаар нь зар мэдээлэлд байсан гар утасны дугаар руу залгаж ямар машин барих юм бэ гэж асуухад Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд хүн ачаа ачих УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл байна гэж хэлсэн. Дээр нь цалин хөлсний талаар ярилцаад нөгөө хүн нэг гарааны 30,000 төгрөгөөр тохирсон. Тэрнээс хойш Г ахын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл барьж байсан. 2018 оны 07 сарын 31-ний өдөр 09 цаг өнгөрч байхад Г ахтай би Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу гардаг машины очроос ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг би унаад Г ах хажууд суугаад Эрээн хот руу 12 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд Эрээн хотын Тенхуай буудлын үүдэнд зогсож байхад Г ах хүн ачааг олж тохироод машинд суулгаад би машиныг бариад гардаг байсан. Тухайн өдөр Г ах 14 цагийн үед Замын-Үүд сум явах хүн олсон гээд бид хоёр Шинтун буудлын гадаа очоод тухайн үед Г ахыг таньдаг гээд нэг эмэгтэйг нөхрийн хамт ачаатай нь цуг аваад хятад мотоцикль хөлслөөд машин байгаа буудлын гадаа ирсэн. Тэгээд хамт ирсэн хүний ачааг машиндаа ачаад Г ах дахин Замын-Үүд сум руу явах хүн олно гээд явсан. Тэгээд 10-15 минутын дараа Г ах нэг хүн олсон гээд ачааг нь аваад хүрээд ирэх үед ачааг нь машиндаа ачаад байж байхад нилээд удсаны дараа машин зогсож байсан буудлын гаднаас 2 эмэгтэй хүн Замын-Үүд сум явах унаа байна уу гэж надаас асуухаар нь за байж байгаарай гээд би Г ахыг дуудсан. Г ах ирээд нөгөө 2 хүнтэй хөлс мөнгөө тохироод тэр хоёр хүний ачааг машиндаа ачсан. Г ах буудлаас нэг эмэгтэй хүн авна гээд яваад нэг эмэгтэй хүн ирсэн. Тухайн үед Г ах Замын-Үүд сум руу цуг явна гэж хэлээд 20-30 минут хүлээж байгаад намайг “Замын-Үүд сум руу хүмүүсээ суулгаад явж бай би өөр машинд ачаа ачаад Замын-Үүд сум руу араас чинь явна” гэж хэлсэн. Би машинаа унаад жолоочийн эсрэг талын суудал дээр талийгаач ах, хойд талын суудал дээр жолоочийн ар талд С, нөгөө хоёр нь хажуу талд нь суугаад буудлын гаднаас хөдөлсөн. Тэгээд 15 цаг 20 минутанд БНХАУ-ын Эрээн хотын хил дээр ирээд хүнээ буулгасан. Тэгээд наад талд нь гарч ирээд хүмүүс машинд өмнө суусан байх байрандаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд БНХАУ-ын цэргийн алба хаагчид машинд суусан хүмүүсийн бичиг баримтыг шалгуулаад хөдлөөд гарч байсан чинь хойд талын суудлын голд сууж байсан Н гэх эмэгтэй “жолоочоо миний гар цүнх хаана байна” гэж асуухаар нь “урд талын сандал доогуур байгаа” гэж хэлэхэд “наад цүнхээ аваад өг” гэхээр нь Монгол улсын хил дээр очоод аваад өгөх талаар хэлэхэд урд талын суудал дээр сууж байсан талийгаачийг “та хүний үнэтэй цайтай цүхэн дээр гишиглээ наад дотор чинь хагарах зүйл байгаа” гээд хэлэхэд “та наад цүнхээ аваад өг” гэж хэлэх үед тухайн ахын даралт ихсээд байна гээд байхаар нь би жолоочийн эсрэг талын суудлын урд талд байсан нөгөө эгчийн цүнхийг авах гээд явж байхад хил гараад хурд сааруулагч өнгөрөөд тонгойх үедээ жолооны хүрдийг биеэрээ дараад цүнхийг авах гэсэн замын баруун гар тал руу машин баруун талын 2 дугуйгаараа гарсан байхаар нь Н машин замаас гараад яваад байна гэж хэлээд дахин машин замаас гарлаа гээд орилох үед дээшээ өндийхөд замын баруун талд байдаг гэрлийн шон харагдах дээр нь жолооны хүрдийг зүүн гар тал руу дарах үед баруун гар талын урд хойд дугуй газраас хөндийрхөд буцаагаад жолооны хүрдийг баруун гар тийш дарахад агаар дээр хоёр удаа машин эргээд Замын-Үүд сум руу 4 дугуй нь хараад ертөнцийн зүгээр баруун тийшээ хамар нь хараад зүүн талаараа машин онхолдсон. Тэгээд машин онхолдох үед хамгийн түрүүнд би машины урд талын цонхоор машинаас гараад машины урд талын бардакыг ураад талийгаачийг хамгийн түрүүнд гаргаад машины урд талд зам хэвтүүлж, хойд талын суудал дээр сууж явсан хүмүүсийг нэг нэгээр нь гаргаад машинаас гарсан хүмүүс засмал замаас гарч зогссон. Тухайн үед ахын биеийн байдлыг асуухад “миний биеийн байдал гайгүй байна хэсэг хэвтээд орхьё” гэсэн. Эрээн хотоос Замын-Үүд сум руу явах гэж гарч ирсэн машинд ахыг суулгаад Замын-Үүд сум руу явуулсан. Нөгөө хүмүүсээ бас Замын-Үүд явж байгаа машинд суулгаад явуулсан. Тэгээд Эрээн хотоос гарч ирж байгаа машины араас машинаа чирээд Замын-Үүд сум руу орж ирсэн гэв.            

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 2018 оны 07 сарын 30-ны өдөр 16 цагийн үед Замын-Үүд суманд ирээд Эрээн хот руу гараад 1 хоноод маргааш нь буюу 31-ний өдөр 14 цагийн үед нөхөр маань Замын-Үүд рүү түрүүлээд гарч байя ачаагаа янзлана, мөн машиндаа 2 дугуй аваад түүнийг буудлын гаднаас УАЗ-469 маркийн автомашинд суулгаад явуулсан. Би 2 хоногийн дараа араас нь бараагаа цуглуулчихаад орно гээд Эрээнд үлдсэн юм. Би түүнийг машинд суулгаж явуулчихаад Эрээн хотын зээл зах дотуур бараагаа цуглуулаад явж байсан чинь түүнийг зам тээврийн осолд орсон гэж сонсоод шууд Замын-Үүд рүү явсан. Ингээд Эрээн хотоос орж ирж амжаагүй байтал нас барсан гэж мэдсэн. Нөхөр маань биеийн эрүүл мэнд сайн, хааяа хөл өвдлөө гэж байдаг өөр ямар нэгэн өвчин зовлонгүй хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би уг нь Замын-Үүдэд байдаг Б гэх залууг танидаг найдвартай гэж бодоод суулгасан чинь өөр жолоочид машинаа өгөөд явуулсан байна. Энэ асуудалд гомдолтой харамсалтай байна, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна гэжээ. /1-р хх-ийн 15-16/    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөрийг Б гэх хүнд найдаж өгсөн. Тэгтэл тэр өөрөө машин жолоодож яваагүй, энэ залуугаар жолоодуулж явуулсан. Хэрвээ энэ залуу жолоодох байсан бол миний нөхөр энэ машинд суухгүй байх байсан. Одоо миний хохиролыг барагдуулаад өгөх юм бол заавал энэ хүнийг хорь гэж хэлэхгүй. Д-н хувьд 3,520,000 төгрөгийг, Б-н хувьд 1,700,205 төгрөгийг өгсөн. Нийт оршуулгын зардалд 19,292,679 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 5,220,205 төгрөгийг Д, Б нар өгсөн. Мөн талийгаач амьд байхдаа 70 сая төгрөгийн зээл авсан байсан. Хэрвээ энэ хүн амьд байсан бол энэ зээлийг төлөөд явах байсан иймд талийгаачид оногдох хувьд болох 35 сая төгрөгийг мөн гаргуулмаар байна гэв.   

Иргэний нэхэмжлэгч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 сарын 31-ний өдөр 15 цагийн үед Эрээн хотоос гараад хилээр нэвтэрч гараад явж байсан. Тэр үед жолоочийн хажууд 1 хүн, хойд талын суудал дээр надтай нийлээд 3 хүн сууж байсан. Хойд тэвшний хэсэгт ачаанууд нь байсан. Машин дотор би жижиг гар цүнхэндээ бичиг баримтаа хийх гээд доошоо хараад явж байхад миний хажууд сууж байсан цүнх зардаг эгч урд жолоочийн хажуу талд сууж байсан ахад хандаад “цүнхэн дээр гишгэсэн байна, миний цүнхийг аваад өг” гэж хэлж байсан. Тэгсэн миний хажууд байсан 2 хүн “жалгаруу орлоо ш дээ” гэж хэлэхэд нь би дээшээ харсан чинь жолооч үрүүлээ нөгөө талруугаа дарсан. Тэгсэн машин хөмрөөд 2 удаа эргэсэн. Машин их хурдтай явж байсан. Жолооч машинаас эхлээд хажуудаа сууж байсан ахыг гаргаад, дараа нь намайг гаргасан. Миний хажууд сууж байсан 2 эгч өөрсдөө машинаас гарсан байх. Тэгээд эмнэлгийн байгуулагад хандсан. Миний зүүн эгэм хугарсан байсан. Толгой хөндүүрлэж өвдөж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Жолоочийн урд сууж байсан ах эмнэлэгт хүргэгдээд эмнэлгийн тусламж авч байгаад нас барсан. Харин миний хажууд сууж байсан 2 эгч гэмтэл шарх аваагүй юм шиг байсан. Тэр 2 эгч “вагондоо амжиж сууна” гээд үс толгойгоо угаагаад байсан. Анх Эрээн хотод Б гэх хүнтэй уулзаж машинаар нь явах байсан юм. Тэгсэн анх тохирсон Б гэх хүнээс өөр хүн машиныг нь жолоодож явсан. Тэр жолооч өөрийгөө “Б намайг жолоодоод яв гэсэн, би гарна, хамаагүй суучих” гэж хэлж байсан. Намайг очиход тэр 3 хүн машинд суусан байсан. Намайг доошоо хараад явж байхад миний хажууд байсан 2 эгч “жалаг руу орлоо ш дээ” гэж хэлэхэд би дээшээ харсан. Тэр үед жолооч хажуу талд сууж байсан хүний доороос цүнхийг нь авах гэж байгаа юм шиг баруун гараа доошоо явуулсан, биеэрээ баруун талруугаа налсан байдалтай байсан. Тэгж налах үедээ үрүүлээ баруун талруу дарах үед машин жалга руу орох гэж байх шиг байсан. Тэгээд тэр 2 эгч хэлэх үед жолооч үрүүлээ нөгөө талруугаа огцом дарахад машин хөмөрч онхолдсон. Машин их хурдтай явж байсан. Би тухайн үед яасан хурдтай явж байнаа гэж бодож байсан гэжээ. /1-р хх-ийн 18-20/

Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 ны 07 сарын 31-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос бараа авч улмаар Монгол улс руу явах 469 маркийн хөлсний унаанд сууж БНХАУ-ын хилийг давсан. БНХАУ-ын хилийн давж машин дотроо паспортаа шалгуулчихаад хөдөлөөд явж байхад машин 2 тийш савлаж байгаад зам дээр онхолдсон. Улмаар хажуу хавиас хүмүүс ирж биднийг машинаас гаргаж Замын-Үүдийн эмнэлэг хүргэсэн. Жолоочийн хажууд суусан эрэгтэй ослын дараа толгойноосоо их хэмжээний цус алдаж байгаад эмнэлэгт хүргэгдээд нас барсан байсан. Харин миний хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй ямар нэгэн зовиур нэхэмжлэх зүйлгүй байгаа. Жолоочийн хажууд суусан ахын хөл доор нэг боодол ачаа тавьж тэр ах хөлөө нугалж суусан байсан. Мөн ардаа ачаа их хэмжээгээр ачсан байсан гэжээ. /1-р хх-ийн 22-23/

Иргэний нэхэмжлэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 сарын 31-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын захын урд байрлах зогсоол хэсгээс Монгол улс руу хүн тээвэрлдэг хөлсний УАЗ-469 маркийн автомашинд сууж яваад БНХАУ-ын хил гарч Монгол улсын хил орох замд машинтайгаа замаас гарч онхолдсон. Тээврийн хэрэгсэлийн арын суудал дээр 3 хүн жолоочийн хажууд нэг хүн жолоочийн хамтаар нийт 5 хүн БНХАУ-ын хилийг давсан. Машины багаж хэсэг ачаагаар дүүрэн мөн урд жолоочийн хажууд суусан хүний урд хөл хэсэгт ногоон өнгийн прессэн боолттой ачаа тавьж урд суусан эрэгтэй хөлөө нугалж суусан байсан. Бид БНХАУ-ын гаалийг даваад машиндаа сууж гаалийн хэсгээс цэрэг нарт паспортаа үзүүлээд цааш явахад жолооч хурдаа нэмж хурд сааруулагч давахад жолоочийн хаалга савагдаж нээгдсэн. Тухайн үед миний нэг цүнх жолоочийн хажууд сууж явсан хүний хөлд ногоон пресстэй ачааны хажууд байхаар нь би урд суусан ахыг миний цүнхийг аваад өгөөч гэж гуйсан. Тэр ах хөлөө дээш сойж суусан байсан учир авч өгч чадахгүй байсан. Хажуунаас нь жолооч миний цүнхийг татах гэж тонгойж байгаад машиныг 2 тийш нь савлуулж байгаад замын хажуугаар машинтайгаа онхолдсон. Осол болсны дараа хажуу хавиас хүмүүс ирж 469 машины дээврийг тайлаад биднийг гаргасан харин жолоочийн хажууд суусан ахын толгой, амнаас нь их хэмжээний цус гарч байгаад эмнэлэгийн байгууллагад хүргэгдээд нас барсан. Уг авто ослоос надад учирсан гэмтэл байхгүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл байгүй гэжээ. /1-р хх-ийн 25-27/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч хийлгэж байгаа Э.Д-н хамт 2018 оны 07 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу орж ачаа ачих, хүн тээвэрлэх зорилготой 10 цаг өнгөрч байхад Эрээн хот ороод шинэ зээлийн хойд талд байрлах Тенхуа нэртэй буудлын үүдэнд зогсож байхад талийгаачийн эхнэр М хятад дугаараас миний ... дугаартай хятад дугаар луу залгаад “чамд ачаа ачуулах гэсэн юм аа өөр хүмүүстэй хөлс мөнгө тохирохгүй  байна” гэж хэлэхээр нь “байгаа газар чинь очиж үзнэ” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш цагийн дараа Тенхуа буудлын гаднаас 3 эмэгтэй хүн суулгаад М-н байгаа газар болох Эрээн хотын шинэ зээлийн урд талд байрлалтай буудалд очихоос өмнө миний гар утас руу 6-7 удаа залгаад байхаар нь очоод тухайн М-н ачааг нь үзэхэд ачааны машины зориулалттай 2 дугуй, нам даралтын зуух зэрэг ачаа мөн “манай нөхөр хамт гарна хөлсөнд нь 300 юань өгнө” гэж хэлэхээр нь “зардал хөлс нь бага байна” гэж хэлэхэд “чамд ачаагаа ачуулна” гээд байхаар нь “нам даралтын зуух нь том байна маргааш орж ирэх дээрээ ачаад гаргаад өгнө” гэж хэлэхэд “за тэг” гээд  өөрийн машиндаа нэг дугуйг нь ачаад талийгаач машины баруун гар талын урд талд суугаад жолооч Э.Д машин бариад нөгөө 3 эмэгтэй хойд талын суудал дээр суугаад 14 цаг өнгөрч байхад тухайн буудлын гаднаас Замын-Үүд сум руу хөдөлсөн. Би тухайн үед жолооч Э.Д-т “вагоны хүмүүс яараад байна. Замын-Үүд сум руу явж бай би нэг дугуйг нь аваад дүүгийн машинд суугаад хойноос чинь Замын-Үүд сум орно” гээд явуулсан. Тэгээд 40-50 минутын дараа миний ... дугаарын гар утас руу Э.Д өөрийнхөө гар утсаар залгаад “Эрээн хотын хилээр гараад Замын-Үүд сум руу явах замд машинаа унгаачихлаа” гэж хэлэхээр нь Э.Д-с “сууж явсан хүмүүс чинь гайгүй юу” гэж асуухад “сууж явж байсан хүмүүсээ түрүүлээд машинд суулгаад явуулчихлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Э.Д-н унаж явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би тухайн тээврийн хэрэгслийг 2016 оны 10 дугаар сарын үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нэг иргэнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл улсын бүртгэл миний нэр дээр биш Алтанширээ сумын иргэн Ч гэх хүний нэр дээр байгаа би өөрийн нэр дээр болгож амжаагүй байгаа гэжээ. /1-р хх-ийн 38-39/

Иргэний хариуцагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д-тай бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Харин амаар гэрээ байгуулж Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг бариад нэг гараад орж ирэх болгон 30.000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч, мөн намайг гарахгүй үед тэр өдрийн орлогыг өөрөө авахаар тохирч аман гэрээ байгуулсан. Мөн би өдөр болгон орлого авч нэг гарвал 30.000 төгрөг, 2 гарвал 60.000 төгрөг өгдөг байсан. Би иргэний хариуцагчаар татагдахад  хүлээн зөвшөөрч байна гэжээ. /1-р хх-ийн 172-173/  

Иргэний хариуцагч Д.Б 2019 оны 09 сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би автомашинаа 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл А ХХК-аас 2018 оны 10 сарын 10-ны өдөр гаргасан 763 дугаартай дүгнэлтэнд миний автомашины эвдэрлийн үнэдгээг 700,000 гэж гаргасан байна. Би үг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг автомашиныг засаж дахин ашиглах боломжгүй. Тиймээс Э.Д-с автомашины анхны үнэлгээ болох 3,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 44-45/

Иргэний хариуцагч Д.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд тээврийн хэрэгсэлээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, насанд хүрсэн хүнд тээврийн хэрэгсэлээ өгсөн. Энэ хүний гаргасан осолын улмаас бусдад учруулсан хохиролыг би төлөх ёсгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг би хариуцахгүй. Д нь миний тээврийн хэрэгсэлийг өөрөө янзлаад өгөх юм бол би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэв.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 02/053 дугаартай дүгнэлт: 1.Амь хохирогч Х.Э-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавлын суурь ясны цөмөрсөн хугарал. Турк эмээлийн баруун, зүүн хэсэг зүүн чулуулаг ясны дээд хэсэг хамарсан хугарал. Гавлын ясны зүүн чамархай хэсгийн цөмөрсөн хугарал. Зүүн чамархайнаас арагш чиглэсэн цууралт. Тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа. Зүүн тал бөмбөлөг шахагдал. Хуйхны дотор гадаргуу дахь зүүн чамархай хэсгийн цус хуралт. Дух, баруун алганы ар хэсгийн олон тооны шарх. Зүүн нүдний дотор салстын цус харвалт. Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн алганы ар хэсгийн цус хуралт. Дух, зүүн чамархай, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Амь хохирогч Н.Э нь толгойн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. 4.Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 5.Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр зүрх томрол, зүрх өөхлөлт, элэг өөхлөлт архаг өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. 6.Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /1-р хх-ийн 43-45/

Шинжээчийн 8320 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Э.Д” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Э.Д” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 48-51/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлт: 1.... улсын дугаартай ... арлын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин нь хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бүтэн байдал хангахгүй байна. 2.... улсын дугаартай ... арлын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин нь Дорноговь аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвд 2017 оны 12 сарын 21-нд орсон ба тухайн үед бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна. 3.Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтээр 2017 оны 12 сарын 21-нд бүрэн бүтэн дүгнэлт гарсан байна. Осолд нөлөөлөх шалтгаан байхгүй. 4.Энэ тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь тухайн ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна. 5.Осол болох шалтгаан нь ... улсын дугаартай ... арлын дугаартай УАЗ-31512 маркийн автомашины техникийн элэгдэл хорогдлын улмаас үүсэх шалтгаан байхгүй гэжээ. /1-р хх-ийн 54-64/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Х.С-н биед зүүн эгэм ясны хугарал, зүүн дал ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2018.07.31-ний өдөр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  4.Х.Солонгын биед учирсан зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн дал ясны цууралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /2-р хх-ийн 13-17/     

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 05/

Цогцост гадна үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 9-10/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-13/

А ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 67-69/  

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 70-73/

Замын-үүд сумын 1-р багийн Засаг даргын 1037 дугаартай албан тоот /1-р хх-ийн 84/

... дугаартай ... улсын дагууртай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-ийн 85/

Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 86-91/

Хохирлын баримтууд, 200,000 төгрөг Б-с хохиролд төлсөн баримт  /1-р хх-ийн 107-157, 158/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 181-183, 2-р хх-ийн 50-52/

Хохиролд 4,400,205.6+720,000 төгрөг нийт 5,120,205 төгрөг төлсөн баримтууд /1-р хх-ийн 222-228, 232-235, 2-р хх-ийн 36-37/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 246-249/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 4/

Хохиролын тооцоо /2-р хх-ийн 24/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын хилийн боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн хажууд хатуу хучилттай асфалтан зам дээр ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг  9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Х.С-н эрүүл мэндэд зүүн эгэм ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, Х.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг, хохирогч Х.С-н “....Машин дотор би жижиг гар цүнхэндээ бичиг баримтаа хийх гээд доошоо хараад явж байхад миний хажууд сууж байсан цүнх зардаг эгч урд жолоочийн хажуу талд сууж байсан ахад хандаад “цүнхэн дээр гишгэсэн байна, миний цүнхийг аваад өг” гэж хэлж байсан. Тэгсэн миний хажууд байсан 2 хүн “жалга руу орлоо ш дээ” гэж хэлэхэд нь би дээшээ харсан чинь жолооч үрүүлээ нөгөө талруугаа дарсан. Тэгсэн машин хөмрөөд 2 удаа эргэсэн. Машин их хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.О-н “...БНХАУ-ын хилийн давж машин дотроо паспортаа шалгуулчихаад хөдлөөд явж байхад машин 2 тийш савлаж байгаад зам дээр онхолдсон. Улмаар хажуу хавиас хүмүүс ирж биднийг машинаас гаргаж Замын-Үүдийн эмнэлэг хүргэсэн. Жолоочийн хажууд суусан эрэгтэй ослын дараа толгойноосоо их хэмжээний цус алдаж байгаад эмнэлэгт хүргэгдээд нас барсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Н-н “...БНХАУ-ын хил гарч Монгол улсын хил орох замд машинтайгаа замаас гарч онхолдсон. Тээврийн хэрэгсэлийн арын суудал дээр 3 хүн жолоочийн хажууд нэг хүн жолоочийн хамтаар нийт 5 хүн БНХАУ-ын хилийг давсан. ...Бид БНХАУ-ын гаалийг даваад машиндаа сууж гаалийн хэсгээс цэрэг нарт паспортаа үзүүлээд цааш явахад жолооч хурдаа нэмж хурд сааруулагч давахад жолоочийн хаалга савагдаж нээгдсэн. Тухайн үед миний нэг цүнх жолоочийн хажууд сууж явсан хүний хөлд ногоон пресстэй ачааны хажууд байхаар нь би урд суусан ахыг миний цүнхийг аваад өгөөч гэж гуйсан. Тэр ах хөлөө дээш сойж суусан байсан учир авч өгч чадахгүй байсан. Хажуунаас нь жолооч миний цүнхийг татах гэж тонгойж байгаад машиныг 2 тийш нь савлуулж байгаад замын хажуугаар машинтайгаа онхолдсон. Осол болсны дараа хажуу хавиас хүмүүс ирж 469 машины дээврийг тайлаад биднийг гаргасан харин жолоочийн хажууд суусан ахын толгой, амнаас нь их хэмжээний цус гарч байгаад эмнэлэгийн байгууллагад хүргэгдээд нас барсан” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 02/053 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 43-45/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54-64/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1058 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүэгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг  9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Х.С-н биед учирсан дээрхи хүндэвтэр гэмтэл, Х.Э-н амь нас хохирсон нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай юм.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжид хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх шинжүүд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Э.Д-н нэг үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тухайн зүйлийн аль хүнд зүйл, хэсгээр нь зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулсан, хохирогч Х.С, иргэний нэхэмжлэгч С.Н, Б.О, Д.Б нарын хувьд нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзсэн болно.

Хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь оршуулгын зардалд нийт 19,292,679 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүгдэгч Э.Д-н хувьд 3,520,000 төгрөгийг, иргэний хариуцагч 1,700,205.60 төгрөгийг төлж барагдуулсан дээр талууд маргаагүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-г оршуулгын зардлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэж байна. Оршуулгын зардалд нэхэмжилсэн нийт 19,292,679 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 19,194,196 төгрөгийн баримт хавсаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 98,483 төгрөгийн зөрүү гарч, 98,483 төгрөгийн баримт хэрэгт огт байхгүй байна.

1-р хавтас хэргийн 109 дүгээр хуудсан дахь 150,000 төгрөгийн баримт, 114 дүгээр хуудсан дахь 67,500, 113,500 төгрөгийн баримт, 113 дугаар хуудсан дахь 159,800 төгрөгийн баримт, 116 дугаар хуудсан дахь 40,800 төгрөгийн баримт, 117 дугаар хуудсан дахь 29,000, 217,123 төгрөгийн баримтууд,  121 дүгээр хуудсан дахь 27,200 төгрөгийн баримт, 122 дугаар хуудсан дахь 25,000 төгрөгийн баримт, 125 дугаар хуудсан дахь 110,200 төгрөг, 127 дугаар хуудсан дахь 57,400 төгрөг, 128 дугаар хуудас 67,200 төгрөг, 129 дүгээр хуудас 28,900 төгрөг, 10,000 төгрөг, 130 дугаар хуудсан дахь 138,183 төгрөг, 131 дүгээр хуудсан дахь 7,800 төгрөг, 135 дугаар хуудсан дахь 7,900 төгрөг, 136 дугаар хуудас 8,000, 13,550, 6,800 төгрөг, 137 дугаар хуудсан дахь 163,000 төгрөг, 138 дугаар хуудсан дахь 94,000 төгрөг, 141 дүгээр хуудсан дахь 142,500 төгрөг, 142-143 дугаар хуудсан дахь 105,000 төгрөгийн карт, 144 дүгээр хуудсан дахь 169,400 төгрөгийн баимтууд, 145 дугаар хуудсан дахь 121,022 төгрөгийн баримтууд, 146 дугаар хуудсан дахь 158,330 төгрөг, 147 дугаар хуудсан дахь 32,900, 3,220 төгрөгийн баримтууд, 148 дугаар хуудсан дахь 51,900 төгрөгийн баримтууд, 149 дүгээр хуудсан дахь 19,703 төгрөг, 150 дугаар хуудсан дахь шарилийг Замын-Үүд сумаас ачиж явахад зарцуулсан 1,705,500 төгрөгөөс 700,000 төгрөгийн зарим зардал, 153 дугаар хуудсан дахь 146,000 төгрөгийн   баримтууд нийт 3,192,831 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Үүнд аж ахуй нэгжийн тамга тэмдэггүй, баримт олгосон хүний гарын үсэггүй, үнийн дүн зөрүүтэй, засвартай, огноо байхгүй, баримт дээрх бичиглэл баларсан, уншигдах боломжгүй, хувийн хэрэгцээнд авсан барааны баримт зэргийг шүүх хангах боломжгүй гэж үзсэн. /19,194,196-3,192,831/ шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нийт 16,001,365 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Д-с төлөх ёстой 8,000,682 төгрөгөөс төлсөн 3,520,000 төгрөгийг хасч 4,480,682 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Б-с төлөх ёстой 8,000,682 төгрөгөөс төлсөн 1,700,205 төгрөгийг хасч 6,300,477 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь амь хохирогч Х.Э-н 2018 оны 07 сарын 06-ны өдөр ХХБ-с “Хөрөнгө оруулалтын” зориулалтаар авсан 70 сая төгрөгийн зээлийн талийгаачид оногдох хувь болох 35 сая төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулана гэж нэхэмжилсэн. Талийгаач Х.Э-н авсан дээрх зээл нь шүүгдэгч Э.Д-н 2018 оны 07 сарын 31-ний өдөр гаргасан зам тээврийн осолын улмаас учирсан шууд хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь талийгаач Х.Э нь уг зээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н хамт авсан, уг зээлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, тийм нотлох баримт хэрэгт байхгүй байх тул уг зээлийн төлөлтийг шүүгдэгч Э.Д, иргэний хариуагч Д.Б нарт шууд хариуцуулан төлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

Шүүгдэгч Э.Д нь осол гаргах үедээ иргэний хариуцагч Д.Б-н эзэмшлийн ... дугаартай ... улсын дагууртай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Иргэний хариуцагч Д.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ “Д-т өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг жолоодуулан урагшаа гаргадаг байсан. Нэг гарааны 100 юань авдаг байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, насанд хүрсэн хүнд би тээврийн хэрэгсэлээ бариулдаг байсан учир би хохирлыг төлөхгүй” гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхолын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлдээ байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасны дагуу иргэний хариуцагч Д.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар шүүгдэгчийн хамт хариуцах нь үүрэгтэй болно. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй хохирлын тал хувийг иргэний хариуцагч Д.Б-р төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Нийт нэхэмжлэлийн шаардлага 54,292,679 төгрөгөөс баримтын шаардлага хангаагүй 3,192,831 төгрөг, баримтгүй 98,483 төгрөг, зээл 35 сая төгрөг, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын төлсөн 5,220,205 төгрөг нийт 43,511,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.Д-с 4,480,682 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Б-с 6,300,477 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардагаас  43,511,519 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Х.С, иргэний нэхэмжлэгч С.Н, Б.О, Д.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.Б