Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00045

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2016/00045

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,    

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, бага тойруу-3/9, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Шинэ тосгон 5 гудамж, 86 тоот, Хаад боржигин овогт Гомбын Жавзмаа /ХЖ 44022800/-д холбогдох,

 

270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомбо овогтой Жавзмаа нь 2015 оны 3 сарын 3-ны өдөр манай компанитай 1193570 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Г.Жавзмаа нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 180.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Г.Жавзмаатай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 180.000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2015.06.17-2016.05.16 хоорондох нийт 334 хоногийн 90.000 төгрөгийн алдангийн хамт нийт 270 000 төгрөгийг Г.Жавзмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 90 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180 000 төгрөгийг хариуцагч Г.Жавзмаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл нь хариуцагч Г.Жавзмаад холбогдуулан 270 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн шаардсан 270 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 90 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингис татгалзаж, үлдэх 180 000 төгрөгийг хариуцагч г.Жавзмаа нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн шаардсан 270 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид 180 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Г.Жавзмаа нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 750  төгрөгөөс 5 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жавзмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 3 025 төгрөгийг, улсын төсвөөс 3 025 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                  

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ