Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1920002280139 тоот хэргийг 2019 оны 11 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д овогт С.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багт эхнэр Г.С-г Замын-Үүд сум явуулсангүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би прокуророос гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Г.С нь намайг Замын-Үүд сум руу явах гэтэл бусадтай хардаад явуулахгүй байсан болохоор уурлаад тийм асуудал гаргасан ба өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй мэдүүлэг хэвэндээ байгаа. Би одоо Г.С-тай хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа бөгөөд Г.С-г эмнэлэгт үзүүлэн шаардлагатай эмчилгээг хийлгэсэн бөгөөд нийт 350,000 төгрөгний эмчилгээний зардалыг төлж барагдуулсан гэжээ. /хх-ийн 40/    

 Шүүгдэгч С.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Намайг Замын-Үүд явна гэхээр хардаад уурлаад явуулахгүй, хувцас ураад байсан юм. Тэгээд би эхнэрийгээ зодсон. Хөлний үзүүр лүү өшиглөсөн, шилбүүрээр ороолгосон юм. Дахин ийм хэрэг үйлдэхгүй миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр С-г эмнэлэгт үзүүлсэн гэв.  

Хохирогч Г.С гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай гэрт манай нөхөр Б болон манай хүүхэд мөн манай малчин болох Б гэх залуугийн хамт бид хэд байж байсан бөгөөд тухайн үед манай нөхөр Б Замын-Үүд явж бензин авах айлд сүү тараг өгнө гээд тэгсэн бөгөөд би тухайн үед явуулахгүй чи явахаараа алга болчихдог биздээ би хамт явна гэсэн чинь дугарахгүй байсан бөгөөд би тэгэхээр нь хоёр хүүхдээ хувцаслаад явах гэсэн чинь чи байж бай би ганцаараа явна гэсэн тэгэхээр нь би явна гээд хэлсэн чинь чи намайг дандаа дагаж байдаг пиздаа минь гэсэн тэгээд намайг уурандаа түлхээд би унасан бөгөөд унасан хойно өшиглөсөн бөгөөд би тухайн үед хөлөөрөө хаасан тэгэхэд миний хөлний хуруу эвгүй болсон бөгөөд тухайн үед манай нөхөр манай бага хүүхэд А-г уйлаад байхаар нь гэрт оруулж тавьчаад хүүхэд рүүгээ ор гэсэн бөгөөд гартаа цулбуур барьсан гарч ирсэн. Тэгэхээр нь би айгаад зугтаатал араас хөөж ирээд хөл болон нуруу хэсэг рүү ороолгосон тэгээд би гүйгээд гэрлүүгээ орсон мөн манай нөхөр Замын-үүд рүү яваад өгсөн тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тухайн үед манай нөхөр Б архи уугаагүй эрүүл байсан бөгөөд намайг дагаж Замын-үүд явах гэлээ гээд уурлаад намайг зодох асуудал үүссэн. Миний баруун хөлийн эрхий хуруу хугарсан мөн зүүн далны доод хэсэг, зүүн гуяны дотор хэсэг зэргээр хөхөрсөн гэмтэл учирсан бөгөөд одоогоор эмчлүүлээгүй ер нь эмчид очиж үзүүлнэ. Би Б-тэй хамтран амьдраад хоёр жил гаран болж байгаа бөгөөд дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн. Урьд өмнө ийм байдлаар нэг удаа зодож байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гайгүй байх гэж бодоод зүгээр өнгөрөөж байсан гэжээ. /хх-ийн 6-7/

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний баруун гуяны дотор гадна хэсэг мөн дал нуруу орчимд хөхрөлттэй мөн баруун хөлний эрхий хуруу үеэрээ хугарсан ба би уг эмчилгээгээ Замын-Үүд нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо миний бие зүгээр болсон. Надад нийт 350,000 төгрөгний эмчилгээний болон эм тарианы зардал гарсан бөгөөд уг зардлыг С.Б төлж барагдуулсан байгаа. Одоо С.Б-с би нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд миний эмчилгээ болон эм тарианы зардлыг төлж барагдуулсан. Одоо би С.Б-д гаргах гомдол санал байхгүй бөгөөд хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэжээ./хх-ийн 4-5/   

Шинжээчийн 04/005 тоот дүгнэлт: 1.Г.С-н биед баруун хөлийн эрхий хурууны 1-р үений далд хугарал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн далны дээд хэсэгт баруун далны дээд хэсэгт, хоёр далны дунд хэсгээр, зүүн бөөрний дээд талд, зүүн бөөрний проекцоор дагуу, баруун өгзөгний дээд талд, баруун гуяны ар доод талд, зүүн гуяны гадна дээд талд, зүүн тахимны хонхорт, зүүн шилбэний дотор дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн баруун хөлийн эрхий хурууны 1-р үений далд хугарал гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зүүн далны дээд хэсэгт баруун далны дээд хэсэгт, хоёр далны дунд хэсгээр, зүүн бөөрний дээд талд, зүүн бөөрний проекцоор дагуу, баруун өгзөгний дээд талд, баруун гуяны ар доод талд, зүүн гуяны гадна дээд талд, зүүн тахимны хонхорт, зүүн шилбэний дотор дээд талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 13/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23-26/

Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-36/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-45/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Долоодын хөндий гэх газарт эхнэр Г.Сувдмааг Замын-Үүд сум явуулсангүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун хөлийн эрхий хурууны 1-р үений далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Сувдмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...тэгэхээр нь хоёр хүүхэдээ хувцаслаад явах гэсэн чинь чи байж бай би ганцаараа явна гэсэн тэгэхээр нь би явна гээд хэлсэн чинь чи намайг дандаа дагаж байдаг пиздаа минь гэсэн тэгээд намайг уурандаа түлхээд би унасан бөгөөд унасан хойно өшиглөсөн бөгөөд би тухайн үед хөлөөрөө хаасан тэгэхэд миний хөлний хуруу эвгүй болсон бөгөөд тухайн үед манай нөхөр манай бага хүүхэд Амгаланбаатарыг уйлаад байхаар нь гэрт оруулж тавьчаад хүүхэд рүүгээ ор гэсэн бөгөөд гартаа цулбуур барьсан гарч ирсэн тэгэхээр нь би айгаад зугтаатал араас хөөж ирээд хөл болон нуруу хэсэг рүү ороолгосон тэгээд би гүйгээд гэрлүүгээ орсон мөн манай нөхөр Замын-үүд рүү яваад өгсөн тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 04/005 тоот дүгнэлтээр хохирогчийн биед баруун хөлийн эрхий хурууны 1-р үений далд хугарал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн далны дээд хэсэгт баруун далны дээд хэсэгт, хоёр далны дунд хэсгээр, зүүн бөөрний дээд талд, зүүн бөөрний проекцоор дагуу, баруун өгзөгний дээд талд, баруун гуяны ар доод талд, зүүн гуяны гадна дээд талд, зүүн тахимны хонхорт, зүүн шилбэний дотор дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдсон, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, учирсан гэмтэлүүдээс баруун хөлийн эрхий хурууны 1-р үений далд хугарал гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, ... хамаарсан. /хх-ийн 13/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23-26/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.С-д эмчилгээний зардал болон эм тарианд нийт 350,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Г.С-н мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б нь бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зйүлийн 2, 5, 33.1 дүгээр зүйлийн 6.6, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Э.Б