| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0140/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт О.С-т холбогдох эрүүгийн 1920002420150 тоот хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б суманд төрсөн, ... настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, О овогт О.С
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч О.С нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрийн худалдагч Т.М-г 2 ширхэг зэс аягыг мөнгөн аяга гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 145,000 төгрөгөөр зарж мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 09 сарын 14-ний өдөр БНХАУ-ын Шилийн гол аймгаас буцаж явах замдаа Замын-Үүд суманд орж ирээд Улаанбаатар хот руу буцах зардал мөнгө төгрөггүй болоод биедээ авч явсан 2 ширхэг хуурамч мөнгөн аягаа зарахаар шийдэж “Б” нэртэй худалдааны төв дэлгүүрийн 2 давхарт байрлах гоо сайхны лангуу дэлгүүрийн худалдагчид 2 аягаа нийлүүлээд 145,000 төгрөгөөр худалдсан юм. Би 2019 оны 09 сарын 10-ны өдөр Нарантуул зах дээр ажлаа хийж байхдаа 1 аягыг нь 30,000 төгрөгөөр нийлүүлээд 60,000 төгрөгөөр авсан байсан юм. Хохирлоо нөхөн төлж амжаагүй байгаа, ямар ч байсан нөхөн төлбөрийг нь өгч Т.М-г хохиролгүй болгоно гэжээ. /хх-ийн 42-43/
Шүүгдэгч О.С шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би санаатай ийм үйлдэл гаргаагүй. Ийм зүйл авдаг газар байна уу гэж тэр эгчээс асуусан чинь 145,000 төгрөгөөр би авъя гэж хэлээд л авсан. Хохирлоо төлсөн, буруу зүйл хийснээ зөвшөөрч байна гэв.
Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 сарын 14-ний өдөр би Дорноговь амйгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр байрлах Б дэлгүүрийн 2 давхарт гоо сайхны дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байхад өдөр 16 цаг өнгөрч байхад манай дэлгүүр дотор 1,70 орчим см-ын өндөртэй бор царайтай, хар цүнх үүрсэн 40 орчим насны туранхай эрэгтэй хүн орж ирээд “Дорнод аймгийн Шилийн голын үзэсгэлэн худалдаанаас буцаж явна, 3 ширхэг мөнгөн аяга үлдчихсэн байна, та 2 ширхэгийг нь 145,000 төгрөгөөр авчихаач” гэхээр нь би үзэж байгаад хямдхан болохоор нь явахаар шийдэж тухайн үед бэлэн мөнгөөр тооцоо хийж явуулсан. Тэгээд тэр залууг гарсаны дараа 2 ширхэг мөнгөн аягаа аваад шууд Б дотор байрлах барьцаалан зээлдүүлэх газарлуу ороод жинхэнэ мөнгөн аяга мөн үү, биш үү гэсэн чинь тухайн үед ажиллаж байсан зээлийн мэргэжилтэн гэх эмэгтэй “хуурамч мөнгөн аяга та авчихсан байна өнөө өглөө манайд орж ирээд тавих гэхээр нь авалгүй буцаагаад гаргасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг вокзал орчмоор хайсан боловч нөгөө залуу олдоогүй. Гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /хх-ийн 34-35/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/
Шинжээчийн 5568 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг аяга нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг аяга нь зэсийн металлаар хийгдсэн зэс аяга байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн том хэмжээтэй аяганы гол элементийн найрлагад мөнгө /Ag-0,2%/, зэс /Cu-67,6%/, цайр /Zn-23,2%/ зэрэг элементүүд тус тус илэрч байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг мөнгөлөг өнгийн аяга нь мөнгөн аяга биш байна гэжээ. /хх-ийн 17-19/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 48/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 54-55/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч О.С нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрийн худалдагч Т.М-г 2 ширхэг зэс аягыг мөнгөн аяга гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 145,000 төгрөгөөр зарж мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.М-н “...16 цаг өнгөрч байхад манай дэлгүүр дотор 1,70 орчим см-ын өндөртэй бор царайтай, хар цүнх үүрсэн 40 орчим насны туранхай эрэгтэй хүн орж ирээд, “Дорнод аймгийн Шилийн голын үзэсгэлэн худалдаанаас буцаж явна, 3 ширхэг мөнгөн аяга үлдчихсэн байна, та 2 ширхэгийг нь 145,000 төгрөгөөр авчихаас” гэхээр нь би үзэж байгаад хямдхан болохоор нь явахаар шийдэж тухайн үед бэлэн мөнгөөр тооцоо хийж явуулсан. Тэгээд тэр залууг гарсаны дараа 2 ширхэг мөнгөн аягаа аваад шууд Б дотор байрлах барьцаалан зээлдүүлэх газарлуу ороод жинхэнэ мөнгөн аяга мөн үү, биш үү гэсэн чинь тухайн үед ажиллаж байсан зээлийн мэргэжилтэн гэх эмэгтэй “хуурамч мөнгөн аяга та авчихсан байна өнөө өглөө манайд орж ирээд тавих гэхээр нь авалгүй буцаагаад гаргасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, шинжээчийн 5568 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-19/ зэргээр тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.С-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Хохирогч Т.М нь хохиролын 145,000 төгрөгөөр бэлнээр хүлээн авснаа мэдүүлсэн тайлбар /хх-ийн 54/-аар шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.
Шүүгдэгчийн хувьд дээрхи хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн хувьд 90 хувийн группт байдаг, өрхийн орлого тодорхойгүй зэргийг харгалзан оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг металл аягыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгосон байх тул улсын яллагчийн санал гаргаснаар шүүгдэгчид буцаан өгөх боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шижүүлсүгэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт О.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.С-т оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 92,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг металл аягыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б