| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0148/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Н-д холбогдох эрүүгийн 1920002860161 тоот хэргийг 2019 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Г ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин багт оршин суух, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт О.Н,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг Х зочид буудлын гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Айлын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Эхээс тавуулаа төрсөн, дээрээ 1 эгчтэй, 1 ахтай, доороо 1 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Би бага насаа Дархан хотын 11-р цэцэрлэгт хүмүүжиж өнгөрүүлсөн. 2001 онд 8 настайдаа Дархан-Уул аймгийн 18-р сургуульд элсэн орж 2009 онд 8-р ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 2009-2012 онд Улаанбаатар хотод “Г” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилласан. 2012-2013 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд Зэвсэгт хүчний ангид хугацаат цэргийн алба хаасан. ... онд Д аймгийн “Ө” МСҮТөвд суралцан барилгын өргөн мэргэжлээр төгссөн. 2014-2019 оны 10 сар хүртэл “Г” ХХК-нд барилгын арматурчингаар ажилласан. 2019 оны 11 сараас Замын-Үүд суманд түр шилжин ирж тус сумын 4-р багт байрлах “Х” зочид буудалд ажиллаж байна. 2011 онд Дархан хотод эхнэр Г.Н-тэй танилцаж 2015 онд нэг гэрт орж амьдарсан. Гэрлэлтийн батгалгаагүй. Дундаас 1 хүүхэдтэй ба охин Н.Т 2015 онд төрсөн, одоо 4 настай. Эхнэр маань мөн “Х” зочид буудлын рестаронд ажил хийж байгаа. Би архи уудаггүй. Тамхи татдаг. Улсаас авсан гавъяа шагналгүй, ... оны ... дугаар сарын ...-ний Д аймгийн ЭХАШШүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Одоо миний бие эрүүл, ухаан саруул. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22:30 цагийн үед би “Х” зочид буудлын гадаа Г гэх залуугийн урууланд гараараа 1 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хэрэгээ шударгаар хүлээж байна. Г-н биед халдах болсон шалтгаан нь эхнэр Н-г өмөөрч хамгаалснаас болсон. Г тэр үед согтуу байсан ба миний бие эрүүл байсан. Н-г хөөе ал минь, гичий минь энэ тэр гэж доромжлоод буудлын гадаа шатны хажууд манай эхнэрийг татаад газар унагачихсан юм. Энэнээс болоод би Г-д гар хүрэх болсон. Хүний биед халдаж цохиж зодож болохгүй гэдгийг би сайн мэднэ. Тухайн үед биеэ барьж чадаагүй нь миний буруу боллоо. Г нь согтуудаа эхнэр бид хоёрыг элдэв янзаар олон удаа хэлж доромжилж биеэ зөв авч яваагүйгээс болж энэ гэмт хэрэг гарсан гэж бодож байгаа. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ шударгаар хүлээж байна, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд гомдолгүй гэжээ. /хх-ийн 25-26/
Шүүгдэгч О.Н шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед найз Т-н хамт Я пабад орж 2 шил 0.5 граммын хар экс архи хувааж уусан. Тэндээсээ 23:30 цагийн үед гараад Б караоке оръё гэж явж байгаад гадаа хүйтэн байсан тул болъё болъё гээд шууд Х зочид буудал руу орсон. Өрөө авч унтах санаатай орсон. Буудалд ороход ресепшн дээр нь эмэгтэй хүн сууж байсан санагдаж байна. Тэгээд тийшээ алхаж байснаа санаж байсан. Тэгээд тасарчихсан байна лээ. Нэг ухаан орохнээ буудлаас гарч байсан. Тэгээд ахиад ухаангүй болсон. Тэгтэл гэнэт тас хийгээд миний ам руу цохих шиг болсон. Сэргээд хартал Н гэх тэр залуу намайг цохисон байсан. Хажуунаас эргүүлийн цагдаа ирээд бүгдийг нь авч явсан. Тэгж ухаан орсон. Би уг нь хүнтэй тэгж маргаж муудалцаад байдаггүй. Тэр үед согтуу байсанаасаа болоод тэр залууг элдэвээр хэлсэн байх магадлалтай. Тэгээд л тэр залуу намайг цохисон байх гэж болож байна. Уг нь би нэг их гомдол саналтай гэж цагдаад хэлээгүй. Шалгах ёстой гээд л шалгаж эхлэсэн. Миний зүгээс мэдэж байгаа зүйл алга. Согтуудаа маргаснаас болоод л намайг цохисон байх л даа. Зүгээр байхад хүнийг зодохгүй байлгүй дээ. Зодох ч гэж дээ. Н миний уруулын зүүн хэсэгт 1 удаа л гараараа цохисон. Өөр зодоон болоогүй. Миний уруулын зүүн хэсэгт сэтэрсэн байна лээ. Эмнэлэгт үзүүлж 3 оёдол тавиулсан. Бусдаар бие зүгээр байгаа. Н-д гаргах гомдол санал байхгүй. Түүнээс нэхэмжлэх зүйл алга гэжээ. /хх-ийн 11-12/
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх “Х” зочид буудлын ресторанд ажил хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цаг болох гэж байхад ажлаасаа буугаад ресторанаас гарч ирэн буудлын хүлээлгийн танхимд орж ирэхэд респшин дээр 2 согтуу залуу зогсож байсан. Т гэх залуу нь манай нөхрийн гар утасны цэнэглэгчийг авч утасаа цэнэглэсэн байсан. Г гэх залуу нь манай нөхөр Н-г чи өвөрмонгол юм уу гэсэн. Би тэгэхээр нь хажуугаас нь ороод монгол байхаар яах уу, өвөрмонгол байхаар яах уу гэсэн чинь Г нь чи чимээгүй бай, би чамтай харьцаагүй, энэ хүнтэй харьцаж байна, шалчигнасан юм чинь гэсэн. Н тэгэхээр нь би боржигон хүн шүү, зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэгээд би манайд өрөө алга, та 2 өөр газар очиж өрөө асуу гэтэл Г нь чи яахаараа өрөө гаргаж өгдөггүй юм бэ энэ тэр гэж агсараад утасны цэнэглэгч булаацалдаад байсан. Н та 2 зүгээр явчих гэж аргадаж байгаад гадаа гаргасан. Би хамт гарсан. Г нь мөнгийг нь төлнө, та нар яахаараа үйлчилдэггүй юм бэ, гичий чинь гээд элдвээр хэлээд эхэлсэн. Т гэх залуу нь бол зүгээр байсан. Г нь буудал руу орох гээд зүтгээд байхаар нь Н хориглоод хаалган дээрээ зогссон. Г Н-г заамдахаар нь салгах гээд голоор нь ортол Г намайг түлхээд шатан дээр унагачихсан. Тэгтэл Н уурлаад Г-н нүүр лүү 1 удаа гараараа цохисон. Г нь тонгойгоод босоод ирэхтэй зэрэгцээд хаанаас ч юм гэнэт эргүүлийн цагдаа гарч ирээд бүгдийг нь цагдаа руу шалгана гээд аваад явсан. Ийм л зүйл болсон. Т гэх залуугийн согтолт нь гайгүй, харин Г нь хэнд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй тийм согтуу байсан. Н бид 2 бол эрүүл байсан. Н Г-г цохих үед хажууд тэр хоёроос гадна би, тэгээд тэр Т гэх залуу байсан. Манай ажлын газрын 2 хүн болохоор дотор байсан л даа гэжээ. /хх-ийн 29-30/
Шинжээчийн 04/55 дугаартай дүгнэлт: 1.Э.Г-н дээд уруулын зүүн талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 04-05/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 23-24/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27-29, 36-39/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 42-43/
Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 47/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг Х зочид буудлын гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Г-г зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Г-н “...Нэг ухаан орохнээ буудлаас гарч байсан. Тэгээд ахиад ухаангүй болсон. Тэгтэл гэнэт тас хийгээд миний ам руу цохих шиг болсон. Сэргээд хартал Н гэх тэр залуу намайг цохисон байсан. Хажуунаас эргүүлийн цагдаа ирээд бүгдийг нь авч явсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Н-н “...Н та 2 зүгээр явчих гэж аргадаж байгаад гадаа гаргасан. Би хамт гарсан. Г нь мөнгийг нь төлнө, та нар яахаараа үйлчилдэггүй юм бэ, гичий чинь гээд элдвээр хэлээд эхэлсэн. Т гэх залуу нь бол зүгээр байсан. Г нь буудал руу орох гээд зүтгээд байхаар нь Н хориглоод хаалган дээрээ зогссон. Г Н-г заамдахаар нь салгах гээд голоор нь ортол Г намайг түлхээд шатан дээр унагачихсан. Тэгтэл Н уурлаад Г-н нүүр лүү 1 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг, болон хохирогч Э.Г-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 04/55 дугаартай дүгнэлт / хх-ийн 17/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Н нь бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч О.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирочгийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Мөн шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй байгааг дурдав.
Шүүгдэгч О.Н нь сарын 300,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг болох нь “Г” ХХК-ны захирал Б.О тодохойлолт /хх-ийн 33/-аар нотлогддох ба 110,000 төгрөгийг нь цалингийн зээлэнд өгдөг гэх шүүгдэгчийн мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б