Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Иргэн Д.М-ын  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: аймгийн Боловсрол соёл, урлагын газрын даргад холбогдох Боловсрол соёл урлагын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал зэрэгт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын  24-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.                                                                                             

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Б/31 дугаартай тушаалаар аймгийн Боловсрол соёл, урлагын газрын Технологи, зурагзүй, дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн боловсрол соёл, урлагын газрын даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. 

         Учир нь: 2016 оны 10 дугаар сарын 05-ны үед сургуулиудын уралдаан дүгнэхэд дүн зассан, ажлын цагаар ажлын байранд архи уусан гэж гүтгэж намайг ажлаас халж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. 

          Цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг боловч миний цалингаас хассан зүйл байхгүй. Багш нарын баярын найрал дууны тэмцээн болсон. Тухайн уралдааныг шүүж байсан хүмүүсийн дүнг нэгтгэж бичиж өгөх үүрэгтэй байсан. Сургуулиудыг байр эзлүүлж, дүнг нэгтгэх үүрэг байгаагүй. Тэмцээнийг Алтай чуулгын 3 ажилтан шүүсэн. Би өөрийн зүгээс үнэлгээг компьютерт шивэж өгөх байсан боловч тухайн үед чуулга дээр компьютер дээр шивэх гээд байж байтал хурдан аваад ир, танайх үлдчихлээ, шагнал гардуулах гээд байна гэхлээр нь гар ноорогоор нь дүнг амаараа танилцуулсан. Хүмүүсийн хардсан, ам дамжсан яриа яригдсан гэж үзэж байгаа. Намайг дүн зассан гээд хардаад байгаа. Шүүгчээр ажиллаж байсан Ж, Э нарыг хамт байж байхад нь болсон үйл явдалыг хэлсэн. Ж- ах дараа нь Р.Б-д юу болсон талаар хэлсэн. Тухайн үед Д.А- нь Боловсрол соёл урлагийн газар ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан. Д.А- өмнөх өдөр нь жаахан уучихсан ирсэн байх. Ажил мэргэжлийнхээ хувиар ахлах мэргэжилтнийхээ өрөөнд орж, гараад явж л байдаг. Тухайн өдөр Д.А- архи уусан эсэхийг бид нар мэдэхгүй. Ахлах мэргэжилтэнтэй архи уусан гээд байгаа. Тэр өдөр АХА тэмцээн болсон. Өмнөх өдөр нь АХА тэмцээнтэй холбоотойгоор сургалт болоод би 1-р сургууль дээр сургалттай байсан тул хамрагдаж чадаагүй. АХА тэмцээнд 4 хүн оролцоогүй гээд тайлан бичиж өгсөн байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй гэсэн тайлбар хэлж байна. 2016 оноос хойш Говь-Алтай аймгийн нэг ч төрийн албан хаагч  тангараг өргөөгүй байж байгаа. 2016 оны 11 сард тангараг өргөх ёстой байсан. Тухайн үед тэмээний баяр давхцаад өнөөдрийг хүртэл аймаг даяараа төрийн албаны шалтгалтанд тэнцсэн хүмүүс тангаргаа өргөөгүй байж байгаа гэв.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХА тэмцээнд Д.А, Д.М- нарыг оролцоогүй гэдэг боловч нийт 8 хүн тэмцээнд оролцоогүй байгаа. АХА тэмцээнд оролцоогүй нь ажлын алдаа дутагдал болох тийм зүйл биш. Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг. АХА тэмцээнд Д.А, Д.М нарыг оролцоогүй гээд нийт оролцоогүй 8 хүнээс нь ялгаварлаж үзэж байгаа нь үндэслэлгүй. Ажлын цагаар архи уусан гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагаа дуудаад архи уусан эсэх асуудлыг тогтоолгох ёстой байсан. Энэ тэгсэн байх гэсэн хардлагынхаа үүднээс тушаал гаргасан. Өнөөдөр зөрчил нь тогтоогдсон байх ёстой байсан. Нийгмийн даатгалын дэвтэрээс харахад цалинг нь хассан зүйл байхгүй байгаа. Өнөөдөр хавтаст хэрэгт тушаал нь байхгүй байхыг бодоход тухайн үед тушаал гарсан эсэх нь хүртэл эргэлзээтэй байгаа. Үндэслэлгүй гарсан тушаалыг хууль бус болохыг тогтоогоод, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан нийт хугацааны олговрыг гаргуулж, өмнөх ажилд нь эгүүлэн томилох үндэслэлтэй гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд дэмжиж байна. Боловсрол соёлын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан нийт хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгохыг Боловсрол соёлын газарт даалгаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэх хүсэлттэй байна гэв.     

          Хариуцагч Р.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монголын багш нарын 2016 оны 10 дугаар сарын  05-ны өдрийн сургууль  багшийн уралдааны дүн зассан алдаа гаргасан. Монголын Үндсэн хуулийн баярын үеэр  байгууллага дээр АХА тэмцээн зохион байгуулахад оролцохгүй, ахлах мэргэжилтэн Д.А-тай архи уусаныг байгууллагын албан хаагчид нотолно. Ахлах мэргэжилтэн Д.А нь архи давтан уусан учир 2015 оны 02 дугаар сарын 09-нд Б/12 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. Дугааргүй хагас жилийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон зэрэг зөрчилтэй гэжээ.     

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:   Тухайн үед би өөрөө энэ байгууллагад ажилд ороогүй байсан учраас нарийн учрыг мэдэхгүй байна. Байгууллагын дарга үндэслэлтэй байсан учраас сахилгын шийтгэл ноогдуулсан байх гэж үзэж байна. Архи уусныг нь би бол үзэж хараагүй, Х.С тухайн өдөр жижүүрээр ажиллаж байсан мэднэ гээд Р.Б дарга гэрчээр оролцуулах саналаа хэлсэн. Х.С юу болсон талаар хэлэх байх. Би хамт ажиллаж байгаагүй, архи ууж байсныг нь хараагүй учраас яг нотлож хэлэх зүйл алга. Д.М нь төрийн албан хаагчийн тангараг өргөх ёстой байсан. АХА тэмцээнд оролцоогүй удирдах, удирдуулах зарчим алдагдсан. Өмнө нь ажилд авсан гэрээний хугацаа дууссан байсан. Эдгээр нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байх. Өмнө нь цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн. Ажлын байрандаа архи уусныг нь удаа дараа гэж үзээд ажлаас халсан байх гэв. 

         Гэрч  Х.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Д.М-ыг ажилд орох үед би өөрөө тухайн байгууллагад ажиллаж байсан. Д.М нь ажил дээрээ архи уудаггүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

          Говь-Алтай аймгийн Боловсрол соёл, урлагын газрын даргын  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 буюу  Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй  бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг буюу Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоо цөөрүүлсэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт заасан буюу  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-ыг ажлаас нь халсан байна. 

         Нэхэмжлэгч Д.М-ыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ий өдрийн Б/31 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3, 17.6, 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.4, 38.1.2, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 44 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Д.М-ыг Технологи, зураг зүй, дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтний  албан тушаалд 1 жилийн хугацаагаар түр томилон, ТЗ-5-2 шатлалаар цалинжуулсан байна.

         Нэхэмжлэгч Д.М- нь 2015 оны  03 дугаар сарын 12-нд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг Боловсрол, соёлын газрын Технологи, зураг зүй, дүрслэх урлагын боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалтанд орж, шалгалт өгч 76 оноогоор тэнцсэн, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 44 дүгээр албан бичгийн дагуу тухайн албан тушаалд хуулийн дагуу томилогдсон байна.   

         Нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй тухайд: Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөл нь нэгдсэн журмаар төрийн албан хаагчийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулдаг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс хойш төрийн албан  хаагчийн тангараг өргөх ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулаагүй  2016 оны 11 сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёстой байсан боловч тухайн үед тэмээний баяр давхцаад өнөөдрийг хүртэл аймаг даяараа тангараг өргөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалах нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш юм. Мөн хариуцагч Р.Б-нь Монголын багш нарын 2016 оны 10 дугаар сарын  05-ны өдрийн сургууль  багшийн уралдааны дүн зассан алдаа гаргасан гэсэн тайлбар өгсөн хэдий ч тухайн уралдааны дүнг зассан талаарх нотлох баримтыг удаа дараа хариуцагчаас шаардсан боловч гаргаж өгөөгүй, ямар нэгэн нотлох баримт гэрч байхгүй байна. 

         Нэхэмжлэгч Д.М-ыг хариуцагч нь  Монголын Үндсэн хуулийн баярын үеэр  байгууллага дээр АХА тэмцээн зохион байгуулахад оролцохгүй, ахлах мэргэжилтэн Д.А-тай архи уусаныг байгууллагын албан хаагчид нотолно гэжээ.        

          Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн АХА тэмцээнд би оролцоогүй  гэхдээ нийт 4 ажилчин оролцоогүй гэсэн тайлан бичигдсэн байсан.  Тухайн АХА тэмцээн болохын өмнөх өдөр нь АХА тэмцээнтэй холбоотойгоор сургалт болоод би 1-р сургууль дээр сургалттай байсан тул хамрагдаж чадаагүй.  Ахлах  мэргэжилтэн  Д.А тухайн АХА тэмцээнд оролцсон эсэхийг би сайн мэдэхгүй,  ахлах мэргэжилтэн Д.А нь шүүхэд өгсөн  гэрчийн мэдүүлэгтээ: “Миний бие нэхэмжлэгч Д.М-тай хамт архи уусан асуудал байхгүй манай байгууллага дээр АХА тэмцээн болсон нь үнэн би гадуур ажилтай явж байсан орж амжаагүй гэжээ...” Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын жижүүр Х.С-ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж нэхэмжлэгч Д.М-ын ажлын байран дээр архидсан асуудлыг гэрчлүүлнэ гэсэн боловч гэрч Х.С нь шүүх хуралдаанд Д.М-ыг  архи уусан талаар би мэдэхгүй, архи уудаггүй гэсэн мэдүүлэг зэргээр хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан гэх боловч нэхэмжлэгч өөрөө тушаалаа хараагүй хавтаст хэргийн материалд энэ талаар нотлох баримт байхгүй мөн нийгмийн даатгалын дэвтэрээс харахад цалин хассан  байдал харагдахгүй байна. 

         Иймд Д.М-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь хууль бус юм.  

         Хөдөлмөрийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар  хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй  бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар тухайн хөдөлмөрийн гэрээг сунгагдсан тооцохоор байна. 

         Нэхэмжлэгч Д.М нь аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт технологи, зураг зүй, дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтэний албан тушаал хашдаг төрийн захиргааны албан тушаалтан байхад хөдөлмөрийн гэрээ байгуулан, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь буруу юм.

         Иймд  аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг технологи, зураг зүй, дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.  

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 188 хоногийн олговор 6528898 мянган төгрөгийг аймгийн Боловсрол соёл, урлагын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан Д.М-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 12 дугаар сар,2017 оны 1-2 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг  Боловсрол соёл, урлагийн газрын технологи, зураг зүй, дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 188 хоногийн олговор 6528898 /зургаан сая таван зуун хорин найман мянга найман зуун ерэн найман/ төгрөгийг аймгийн Боловсрол соёл, урлагын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНЧИМЭГ