Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 589

 

Б.Энхболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор У.Дэндэвдорж,

Ялтан Б.Энхболдын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Б.Энхболдод холбогдох эрүүгийн 201701000114 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Баасангийн Энхболд, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28 дугаар гудамжны 479 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ84062817/,

Б.Энхболд нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан хадгалсан,

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Энхболдод холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Энхболдыг ганцаараа болон бүлэглэж мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Х.Ермектэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 4 cap баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 cap хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 4 cap баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 10 жил 1 cap хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Энхболдын цагдан хоригдсон 192 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Энхболдын эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Б.Энхболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...2014 оны 2 дугаар сард Х.Ермек мэдүүлэхдээ намайг 800.000 төгрөгөөр 14-00 дугаарын автомашинтай худалдаж авсан гэж худал гүтгэдэг. Тухайн өдөр автомашин нь Г.Тайванбаатарын эзэмшилд байсан болохыг асууж тодруулаагүй. Мөн И.Гомбо-Очир ямар төрлийн бодис хэр хэмжээтэй олж авсан болохыг би мэдэхгүй. И.Гомбо-Очир ч мөн худал мэдүүлсэн. Мансууруулах бодис анх удаа хэрэглэж үзсэн намайг олон жилийн ял шийтгэл эдлүүлэхээр болсонд харамсаж байна. Яагаад хамжигч болсноо ойлгохгүй байна, хэдэн өгүүлбэр эвлүүлээд хамжигч болгочихлоо. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Охин, хүү хоёр минь яана даа гэж сэтгэл зовж байна...” гэжээ.

Ялтан Б.Энхболдын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн төдийгүй хэрэгт авагдсан баримтад бодитой дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Б.Энхболдыг Х.Ермектэй бүлэглэж “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэж ял шийтгэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаар тогтоол болон мөрдөн байцаалтын шатанд Х.Ермек, И.Гомбо-Очир нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах хуулийн шаардлагыг хангаагүй. И.Гомбо-Очир, Х.Ермек нар удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “Б.Энхболдыг танихгүй, хэрэгт шалгагдаж байх хугацаандаа мэддэг болсон” гэдэг. Мөн Б.Энхболдын хувьд “мөс” буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан болохоо хүлээн зөвшөөрсөөр байхад дээрх шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэж борлуулахад зуучилсан гэж үзэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх Х.Ермек, И.Гомбо-Очир нарын мэдүүлгийг үндэслэлээ болгож байгаа бол Б.Энхболдын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд дурдах байсан. Гэтэл үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Энхболдод холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий, хууль зүйн дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Б.Энхболдод холбогдох хэрэг Х.Ермек нарт холбогдох гэмт хэргээс тусгаарласан хэрэг юм. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, Х.Ермекийн Б.Энхболдтой холбогдож байсан утасны жагсаалт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Иймд шүүхээс Б.Энхболдыг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Б.Энхболдтой хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх Х.Ермек нь гэм буруутай болох нь тогтоогдож ял, шийтгэлээ эдэлж байгаа. Б.Энхболдын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахаар байна бөгөөд энэ нь ял шийтгэлийн хувьд хөнгөрөхөөр байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Энхболд нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Батболд гэх залуу залгаад “Явуу чамд хар тамхи байгаа гэж хэлсэн, би худалдаж авах гэсэн юм” гэхээр нь тэр залуутай 1 дүгээр хороололд уулзахад 14-00 гэсэн цагаан өнгийн Гранд-2 маркийн машинтай ирээд надаас 800.000 төгрөгөөр аваад “чамд 1 уут байвал би 4.000.000 төгрөгөөр авъя баталгаатай, ямар нэг асуудал байхгүй” гэсэн. Тэр өдрөө 800.000 төгрөгөөр хэсгийг худалдаж аваад явсан…” /1-р хх-14-17/

Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...“…2014 оны 2 дугаар сарын сүүлээр нэг залуу мөс гэх мансууруулах бодис зарж байна гэж нэг хүнээс сонсоод утасны дугаарыг нь олж авсан. Хэн хэлж өгснийг санахгүй байна...” /1-р хх-22-27/ гэх мэдүүлгүүд, 86194747 дугаарын гар утасны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-83-174/ зэрэг нотлох баримтуудаар,

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...Би 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдчихсан сэтгэлээр унасан явж байгаад орой “Доргио” гэх бааранд орсон. Баарнаас шөнө 02 цагийн үед гараад такси барьсан. Тэгээд явах гэтэл нэг эмэгтэй такси барих гээд зогсож байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйг хаашаа явах юм гэхэд 1 дүгээр хороолол орно гэхээр нь хамт таксинд суугаад явсан. Тэр охин өөрийгөө Чука гэж байсан. Бид 2 танилцаад Саппоро дээр хамт буусан. Тэгээд бид байрнуудын голд байрлах сандал дээр суугаад юм ярьж байхад надаас “мансууруулах бодис хэрэглэж үзсэн үү” гэхээр нь “үзсэн” гэхэд надад байгаа гээд харуулсан. Тэр охин уутанд хийсэн багахан хэмжээтэй мөс нэртэй мансууруулах бодис харуулахаар нь “надад энэ мансууруулах бодисоо өгчих” гэхэд “за тэг тэг” гээд надад өгсөн. Түүнийг нь би хэтэвчиндээ хадгалчихсан байж байгаад 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Теди” төвийн замын эсрэг талд байсан байрны орцонд орж хэрэглэсэн, энэ өдөр хэрэглэсэн байсан мансууруулах бодис шинжилгээгээр илэрсэн байх гэж бодож байна...” /1-р хх-22-27/ гэх мэдүүлгээр,

И.Гомбо-Очиртой бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авч хадгалсан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт худалдаалахад хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн нь:

И.Гомбо-Очирын сэжигтнээр өгсөн: “...Б.Энхболд нэг хүнтэй яриад “хар тамхи сонирхох уу, зарж байгаа хүн байна” гэхээр нь түүний таньдаг хүнд үнэ хүрэхээр хар тамхи байгаа юм байна гэж ойлгосон. Маргааш нь Б.Энхболдыг хар тамхи зарж байгаа хүн мэднэ гэсэн үү, манай найз авъя гэж байна, уулзуулаад өгөөч гэсэн. Тэгтэл Б.Энхболд удалгүй эргэж залгаад 1 дүгээр хороололд уулзъя гэж байна гэсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор Анхбаяр луу яриад “би нэг хүнтэй уулзах гэсэн юм, хүргээд өгөөч” гэхэд зөвшөөрөөд 71-78 дугаартай бенз загварын автомашинтайгаа ирээд бид хоёр 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд Энхболдтой утсаар ярьж байгаад 1 дүгээр хорооллын арын зам дээр Б.Энхболдтой уулзахад Б.Энхболд Тайванбаатарын гранд марк 2 машинтай ирчихсэн байсан. Тэгээд түүний машин дотор сууж байтал нөгөө хар тамхи зарах гэж байгаа ах нь ирсэн. Тэгэхээр нь Энхболдын унаж байсан машин дотор суугаад үзье гэхэд уутанд хийсэн давс шиг зүйл үзүүлэхээр нь бариад үзье гэхэд өгөхгүй байхаар нь үзье гээд авах гэсэн боловч мөнгөө өг гээд үзүүлээгүй. Тэгэхээр нь хоёулаа энэ машинд орж суугаад ярилцъя гээд Анхбаярын машинд дагуулж ороод өгч бай, үзье гэсэн боловч үзүүлэхгүй байсан. Тэгээд Анхбаяр мэдчихэж магадгүй гэж бодоод би больё гэж хэлэхэд тэр залуу буугаад явчихсан. Тэгээд би Анхбаяртай хамт явсан. Миний араас Б.Энхболд утсаар залгаад “чи хааччихав аа, юу болов, хаана явж байна” гэхээр нь би худлаа ярьж байгаад сүүлдээ дуудлагыг нь аваагүй...” /1-р хх-29-32/,

Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Маргааш нь надтай дахиж уулзаад “уут юмаа аваад гараад ир, авъя” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан ба “удахгүй манай 2 найз ирнэ, тэгэхээр үзүүлээд мөнгийг чинь аваад өгье” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан. Удалгүй 70-78 гэсэн дугаартай бенз 230 маркийн машинтай 2 залуу ирсэн. Тэгээд найзууддаа үзүүлье гэхээр нь хүлээгээд байж байтал тэр 3 миний хар тамхийг аваад мөнгийг нь өгөлгүй зугтаагаад явсан. Би Батболд руу залгаад “яаж байгаа юм бэ” гэхэд “сая ирсэн бензтэй залуу чамайг таньдаг, мөнгийг чинь орой өгье гэж байна” гэсэн. Тэгээд надад Гомбоогийн дугаар гээд 99043797 гэсэн дугаар мэссэжээр явуулсан. ...Би өмнө нь 70-78 дугаартай бенк 230 загварын машин гэж санаанд орсон тоогоо хэлчихсэн юм...” /1-р хх-14-17/,

Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...Би яг хэнээс, яаж мэдэж, тэмдэглэж авснаа санахгүй байна. Ямар ч байсан нэг хүнээс мансууруулах бодис зардаг гэх залуугийн дугаарыг сонсож, мэдэж аваад утсан дээрээ 1 үсэг тавиад тэмдэглэчихсэн байсан. Тэр дугаар нь 86194747 гэсэн дугаар байсан. Тэгтэл 2014 оны 3 дугаар сарын эхээр шиг санаж байна И.Гомбо-Очир над руу залгаад “мөс зардаг хүн байна уу, авах гэсэн юм” гэхээр нь “би бол тийм хүн танихгүй, гэхдээ хадгалж авсан нэг утасны дугаар байгаа” гэхэд И.Гомбо-Очир “тэр хүнтэйгээ яриад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хадгалж авсан байсан 86194747 дугаар руу залгаад “чамд мансууруулах бодис чинь байна уу, уулзах гэсэн юм. Манай найз авъя гээд асуугаад байна” гэхэд “маргааш ярьж байгаад уулзъя” гэсэн. Тэр залуу өөрийгөө нууцлаад байгаа бололтой нэг их юм ярихгүй, мансууруулах бодис байгаа эсэхээ хэлэхгүй байсан. Тэгэхээр нь И.Гомбо-Очиртой яриад “Маргааш уулзъя гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл И.Гомбо-Очир “үнэн юм байгаа биз дээ” гээд лавлаад асуугаад байсан. Маргааш нь Тайванбаатартай уулзах гээд явж байтал 86194747 дугаараас 11 цагийн үед над руу залгаад “яасан бэ, яахаар болсон” гэж асуухаар нь И.Гомбо-Очир луу залгаад “нөгөө хүн чинь уулзах яасан бэ гээд байна” гэхэд И.Гомбо-Очир “эсвэл би уулзах уу, тэр хүнийхээ утасны дугаарыг өгчих” гэсэн. Нөгөө залуу руу дахиж залгаад “чамаас юм авах гэж байгаа манай найз чамтай өөрөө уулзчихъя, утасны дугаарыг чинь өгчих гэж байна” гэхэд “юу яриад байгаа юм бэ, тийм юм байхгүй, чи өөрөө уулз” гэсэн. Тэгэхээр нь би И.Гомбо-Очиртой яриад “тийм юм байхгүй гээд уурлаад байна. Нэг бол болъё гэж байна” гэхэд “тэгвэл чи уулзчих, би яваад очъё, наад залуу чинь хэн юм” гээд асуугаад байсан. Тэгээд би Тайванбаатараас машиныг нь гуйж аваад нөгөө залуу руу залгаад хаана уулзахаа асуухад “1 дүгээр хороололд 24 дүгээр байрны гадаа хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би явж очоод Гомбо-Очирыг ирэхээс өмнө тэр залуутай уулзсан ба туранхайвтар, дундаж нуруутай залуу байсан. Тэр залуу өөрийгөө Ермек гэж танилцуулахаар нь би өөрийгөө Батболд гээд хэлчихсэн. Бид 2 уулзахад тэр залуу “за яасан” гэхээр нь “манай найз удахгүй ирж байгаа” гэхэд “юун хүн юм, ямар хүн юм” гээд байсан. Би найзыг чинь иртэл гэртээ ороод байж байя гээд 24 дүгээр байр луу орчихсон. Удалгүй И.Гомбо-Очир хүрээд ирсэн ба “нөгөө хүн чинь хаана байна” гэхээр нь байр руугаа орчихсон гэхэд “наадах чинь яг хэн юм бэ, худлаа яриад надаас нуугаад байна” гээд уурласан. Тэгэхээр нь би “үнэхээр танихгүй, мэдэхгүй залуу байна” гэж хэлээд нэрийг нь И.Гомбо-Очирт хэлээгүй. Тэгээд би Ермек рүү залгаад “манай найз ирчихлээ” гэхэд гараад ирсэн ба И.Гомбо-Очир, Х.Ермек 2 миний унаж очсон 14-00 дугаартай машин дотор уулзсан. Би тэр мансууруулах бодисыг нь харсан боловч, ямархуу хэмжээтэй байгааг нь сайн харж чадаагүй. Тэгтэл И.Гомбо-Очир, Х.Ермект “чи яагаад ийм юм зараад байгаа юм бэ, өмнө нь зарж байсан уу, дахиад ийм зарах юм байгаа юу” гэснээ мансууруулах бодисыг нь аваад халаасандаа хийчих шиг болсон. Энэ үөд би машинаас буусан ба И.Гомбо-Очир намайг дуудахаар нь “яасан” гэтэл “тэр машин руу яв” гээд өөрийнхөө сууж ирсэн машиныг заасан. Тэгэхээр нь би тэр машин руу нь яваад очиход Х.Ермек, И.Гомбо-Очир 2 И.Гомбо-Очирын сууж ирсэн машинд суусан. Тэгээд И.Гомбо-Очир намайг дагаад явчих гэхээр нь машиндаа суугаад хөдлөхөд түүний сууж байсан машин хажуугаар өнгөрөөд явсан бөгөөд энэ үед миний утас дуугарсан. Тэгэхэд Х.Ермек залгаж байсан ба утсаа авахад “яасан бэ, юу болоод байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “нөгөөдүүл чинь урд гараад явчихлаа, чи хамт сууж яваагүй юм уу, би өөр тийшээ явж байна” гэж хэлсэн. Тэгтэл Ермек уурлаад “танай найз чинь миний мөсийг аваад явчихлаа, яасан бэ, та нар одоо хаана байна, хаачих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би И.Гомбо-Очир луу залгахад утсаа авахгүй байсан. И.Гомбо-Очир луу “чи хаана байгаа юм бэ, яагаад алга болов” гэж мессэж бичихэд хариу өгөхгүй байсан...” /1-р хх-22-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4529 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Энхболдын биенээс авсан гэх шээс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Энхболдын гэх шээсэнд метамфетамин, амцетамин илэрсэн, Метамфетамин, амфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” /1-р хх-3/ дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 496 дугаар дүгнэлт /1-р хх-40/, 86194747 дугаарын гар утасны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-83-174/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 Дээрх байдлуудыг үндэслэн ялтан Б.Энхболдыг ганцаараар болон бүлэглэн  мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг давтан үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ашигласан, Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт хамжигчаар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Б.Энхболдод холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

            Ялтан Б.Энхболдын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, ...хадгалсан, ...худалдсан” гэсэн гэмт хэргийн шинжид нийцсэн төдийгүй уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ хөнгөрсөн байна.

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорьдугаар бүлэг буюу Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт, тухайлбал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, ...хадгалсан, ...худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ялын хэмжээг тогтоосон байна.

          Түүнчлэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Б.Энхболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдод 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.          

          Анхан шатны шүүх Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх бөгөөд уг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлсэн тул хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

          Иймд ялтан Б.Энхболд, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан “...Х.Ермек, И.Гомбо-Очир нарын худал мэдүүлгийг үндэслэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Х.Ермектэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг, “Боржигин овогт Баасангийн Энхболдыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 cap хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдод оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдын цагдан хоригдсон 192 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдын цагдан хоригдсон нийт 192 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Энхболд, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                                     Н.БАТСАЙХАН