Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00162

 

Г.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01943 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2216 дугаар магадлалтай

Г.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй

“Ө” ХХК, А.М-, Т.Г- нарт холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах болон орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн эд зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс 716 596 569 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ө” ХХК, Т.Г- нарын Г.Б-ы хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 341 598 268 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч С.Т, хариуцагч А.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т- нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, хариуцагч А.М-, “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б- миний бие 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ө” ХХК-ийн бариулсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 13 дугаар хороолол, ХД-17 дугаартай Дипломат орон сууцны 4-408 тоот 99.7мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус байрны борлуулагч гэж өөрийгөө танилцуулсан Ө гэж эмэгтэйтэй өөрийн Рэнж Ровер маркийн автомашин дээр нэмж 10 000 ам доллар бэлнээр өгөөд уг байрыг солихоор тохиролцсон. Тухайн үед гадаадаас захиалсан миний автомашин ирээгүй байсан тул түүнийг иртэл байрандаа ороод машинаа иртэл урьдчилгаа 10 000 ам долларыг төлсөн тул Орон сууц хөлслөх гэрээг 3 сарын хугацаатай байгуулаад, хугацаа дуусмагц Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах саналыг “Ө” ХХК тавьсан тул хүлээн зөвшөөрч Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүртлээ сарын 2 000 ам долларын хөлс төлөхөөр орон сууц хөлслөх гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Захиалсан автомашин 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, уг машинаа хүлээлгэж өгөх гэтэл хариуцагч урьдын тохиролцооноосоо буцсан. Нэгэнт байрандаа нүүж ороод худалдаж авна гэсэн сэтгэлтэйгээр нэмэлт төлбөр гарган уг байранд засвар хийж, шинээр тавилга авч суурилуулан тохижилт хийсэн бөгөөд урьдчилгаа төлбөрт 10 000 ам доллар бэлнээр төлсөн, түрээсийн төлбөрт 8 000 ам доллар төлсөн зэрэг гарцаагүй байдлаас болж тус орон сууцыг автозогсоолын хамт 194 460 ам доллараар худалдан авахаар “Ө” ХХК-тай Орон сууц худалдах худалдан авах гэрээг 2011 оны 07 дугаар сарын сүүлээр хийсэн. Гэрээг Дипломат орон сууц хариуцсан захирал Маринатай байгуулж, тэрээр компанийн тамга, тэмдэг даруулаад өгнө гэж аваад надад зөвхөн хавсралыг өгсөн.

Автомашинаа зарч чадаагүй тул гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцны үнийг удаашруулж, мөнгө олсон үедээ төлж байсан. Энэ үед гэрээг цуцалсан гэж надад хэлж байгаагүй бөгөөд миний өгсөн төлбөрийг аваад надад тухай бүр нь баримт үйлдэж өгч байсан. Гэтэл надтай байгуулсан гэрээг цуцалсан гээд уг орон сууцыг Т.Г- гэгчид бэлэглэсэн байсныг би огт мэдээгүй бөгөөд мэдэгдэх боломж ч байгаагүй. Анх тохиролцсоны дагуу өмнөх машин, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх арилжааны гэрээ цуцлагдсан тул орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах хүртлээ түр хугацаагаар түрээслэн сууж байх нөхцөлтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Хэрэв хариуцагч талаас орон сууц худалдаагүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Г.Б-д орон сууц худалдана гэж хууран мэхэлж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болж байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус түүнчлэн хариуцагч нар орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа бол орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхцөл үүсээд байгаа бөгөөд мөн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу өгсөн авсан бүх зүйлээ буцаах түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүд нь Г.Б-д учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу байрны төлбөр шилжүүлсэн мөнгө, орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, байрны төлбөр төлөхийн тулд банкнаас зээлсэн мөнгөний хүү төлбөр зэргийг хариуцагч компаниас гаргуулан нэхэмжлэгчид олгох асуудал яригдана. “Ө” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан н.Оюунцэцэг нь төлөөлж гарын үсэг зурах эрхий бүхий этгээд биш байсан. Эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл байхгүй гэдгээ гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Гэрээ байгуулах үед компанийн эрх бүхий албан тушаалтнууд хэн байсан бэ гэдгийг нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж, шүүх хүлээн авч хүсэлтийг хангасан боловч хариуцагч уг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Г.Б-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлж өгнө үү. Мөн хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж заасны дагуу хариуцагч нараас орон сууц худалдан авахад бэлнээр төлж байсан 274 000 ам долларыг гаргуулна. Үүнд: нэхэмжлэгч Г.Б-аас байр худалдан авах барьцаа төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2 000 ам доллар, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт төлсөн дүн нь 274 000 ам доллар, 3 000 000 төгрөг төлсөн байна. Орон сууц хөлслөх гэрээний дагуу гэж бэлнээр төлж байсан байсан баримтаар нотлогдож буй 12 100 ам доллар, 6 776 000 төгрөг, нийт 716 596 569 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө” ХХК, А.М- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК, А.М-, Т.Г- нар нь Г.Б-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Байгуулаагүй гэрээг хүчин төгөлдөрт бусд тооцуулах нь энэ маргаанд хамааралгүй. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тухайн орон сууцанд амьдарч ирсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчиж хэлцэл байгуулаагүй. Г.Б-д уг орон сууцыг худалдан авах хүсэл зориг байсан байж болох юм. 2010 оны 12 дугаар сард 3 сарын хугацаатай орон сууцанд ороод 2011 оны 12 сард орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан. Тухайн үед нэхэмжлэгч нь худалдан авах мөнгөний боломжгүй болчихлоо гээд худалдан авахгүйг мэдэгдээгүй, байраа суллан хүлээлгэж өгөлгүй үргэлжлүүлэн амьдарч ирсэн. Үүнээс харахад Г.Б нь эд хөрөнгө хөлслөх гэрээгээ цуцлах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй, бөгөөд ямар нэгэн байдлаар хуурагдаагүй мэхлэгдээгүй гэдэг нь харагдаж байна. Мөн энэ байрыг н.О-ээс итгэмжлэл авч гэрээ байгуулах ёстой байсан гэж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан. н.О-ийн хувьд уг байр анхнаасаа “Ө” ХХК-ийн байр байсан, миний нэр дээр түр байсан учир тус компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэж тайлбарласан. Орон сууц хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “хэлцэл хийгч гуравдагч этгээд хэлцэл хийх үедээ төлөөлөгчийн бүрэн эрхгүй болохыг мэдэж байснаас бусад тохиолдолд төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос өмнө хэлцлээсээ татгалзах эрхтэй” гэжээ. Хэрэв нэхэмжлэгч Г.Б- нь хөлслөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байгаа бол гэрээнээс татгалзах эрх байгаа. Орон сууц хөлслөх гэрээ нь бие даасан хэлцэл биш, орон сууц худалдах худалдан авах гэрээтэй хамт явж байгаа гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээ гэж байхгүй. Нэхэмжилж байгаа үнийн дүн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Б- уг орон сууцанд 7 жил амьдрах хугацаандаа түрээсийн төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 100 ам доллар, 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8 000 ам доллар, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100 ам доллар 2010 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр 2 000 ам доллар, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 ам доллар, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2 000 ам доллар тус тус төлсөн. Энэ нь нийт 15 200 ам доллар болж байгаа. Мөн төгрөгөөр 2011 оны 05 дугаар сарын 27-ны 2 000 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150 000 төгрөг нийт 6 300 000 төгрөгийг төлсөн. Өөр төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Г.Б- 80 000 ам доллар төлсөн байгаа тэр мөнгөө түрээсийн төлбөрт тооцуулна. Түрээсийн төлбөрөө дууссаны дараа байр худалдах худалдан авах гэрээгээ хийнэ гэсэн учир энэ мөнгийг түрээсийн төлбөрт тооцуулсан байсан, гэвч түрээсийн төлбөр, байрны төлбөрийг тусад нь авч үзэх ёстой аудитын дүгнэлт гарсан, бид түрээсийн төлбөрийг тусад нь авч үзэж байгаа. Байрны төлбөрт нэхэмжлэгч Г.Б- нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 80 000 ам доллар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 40 000 ам доллар, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 000 ам доллар, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 000 ам доллар эдгээр төлбөрүүдийг байрны төлбөрт төлсөн.

Төгрөгөөр 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг төлснийг түрээсийн төлбөр гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч Г.Б- 4 баримтыг орон сууц хариуцсан менежерээр давхар бичүүлсэн. Эдгээрт 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 00002 дугаартай 80 000 ам долларын, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00001 дугаартай 40 000, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00003 дугаартай 5 000 ам долларын, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 00004 дугаартай 2 000 ам долларын баримт зэргийг нэхэмжлэгч Г.Б- Х.А-гаар дахин бичүүлж авсан. Х.А- гэрчийн мэдүүлэг өгөхдөө эдгээр баримтууд 2 байвал нэг нь зөв, нөгөө нь худлаа гэж хэлсэн. 80 000 ам доллар, 5 000 ам.доллар, 2 000 ам долларын баримтууд 2 ширхэг үйлдэгдсэн. 2014 онд төлбөр төлөх ямар ч боломж байхгүй, шүүхэд маргаан үүссэн байсан. Нэхэмжлэгч Г.Б- нь түрээсийн төлбөрт 132 000 ам.доллар, төгрөгөөр төлсөн төлбөр нь 3 000 000 төгрөг байгаа. Эдгээр төлбөр нь нэхэмжлэгч Г.Б-ы өнөөдрийг хүртэл амьдарсан түрээсийн төлбөрт төлөгдсөн. Бид түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Өгсөн авснаа буцаая ч гэсэн нэхэмжлэгч Г.Б- орон сууцанд 7 жил амьдарсан хугацааныхаа түрээсийн төлбөрийг “Ө” ХХК-д төлөх ёстой. Нэхэмжлэгч Г.Б-ыг “Ө” ХХК нь хохироогоогүй ба амьдарсан хугацааны төлбөрөө төлөх ёстой бөгөөд тус компани Г.Б-д гэм хорын хохирол учруулаагүй тул хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-д хөлслүүлэгч гээд нэхэмжлэгч Г.Б-ыг бичсэн байгаа нь техникийн алдаа гарсан байна. Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасан үндэслэлээр худалдан авах давуу эрхтэй, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол “Ө” ХХК-ийн тавьсан нөхцөлөөр байр худалдан авах ёстой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Г- нь тухайн орон сууцыг 2011 онд зохих журмын дагуу шилжүүлэн авсан. Үүнээс хойш АНУ-д суралцаж гадаадад байсан болохоор өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслөх эрхийг “Ө” ХХК-д үлдээж явсан. “Ө” ХХК Т.Г-гийн өмнөөс түрээсэлж, түрээсийн мөнгийг авч байсан. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Т.Г- нь нэхэмжлэгч Г.Б-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэжээ.

Хариуцагч “Ө” ХХК, А.М- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: “Ө” ХХК нь иргэн Г.Б-тай 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Г.Б- өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа. Уг гэрээг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн бөгөөд Г.Б-ы эхнэр н.Баяржаргал хүлээн авсан боловч орон сууцыг чөлөөлөөгүй. 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу анх орон сууц хөлслөх гэрээ байгуулснаас хойш 77 сарын хугацаа өнгөрсөн тул гэрээний дагуу сарын 2 000 ам.доллараар тооцоход нийт 154 000 ам.долларын түрээс төлөхөөс нийт 19 791 ам доллар, гараашийн түрээст 77 сарын 7 700 ам доллар төлөхөөс 415 ам доллар тус тус төлсөн. Одоо гараашийн түрээсийн төлбөрт 7 284 төлөх ёстой. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар тус орон сууцыг Г.Б-ы эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууц болон гараашийн түрээсийн төлбөрт нийт 141 492 ам долларыг нэхэмжлэгч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК нь Г.Б-тай орон сууц хөлслөх гэрээг хууль зөрчин хууран мэхлэх замаар байгуулсан. Бусдын өмч хөрөнгийг өөрийн мэт ойлгуулж, түрээсийн гэрээ дуусмагц тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нөхцөлтэй шилжүүлсэн. Гэрээг “Ө” ХХК-иас итгэмжлэл олгогдоогүй н.Оюунцэцэг гэж хүн байгуулсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5-т “Хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд гэм хорын хохирлыг хэрхэн арилгахыг заасан. Өөрөөр хэлбэл, тухайн компанид ажиллаж байгаа этгээд нь бусдад гэм хор учруулсан бол компани гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан гэж байгаа бол хууль бусаар гэрээ байгуулсан “Ө” ХХК болон А.М- нараас гэм хорын хохирлыг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01943 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 41 231 776.6 төгрөг, Т.Г-гаас 41 231 776.6 төгрөг, А.М-гаас 41 231 776.6 төгрөг тус тус гаргуулан бүгд 123 695 330 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх Б.М-ын нэхэмжлэл, үнийн дүнгээс үлдэх 592 901 239 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ыг Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 дугаар хороолол ХД-17 байр 408 тоот 3 өрөө орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлөн Т.Г-д олгож, сөрөг шаардлагаас үлдэх 341 598 268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 087 391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 776 427 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс хойшлуулсан хураамжид төлөх 3 740 933 төгрөгөөс өмнөх хураамжийг оруулан тооцож 1 653 542 төгрөг нэмж гаргуулан улсын төсөвт оруулж, сөрөг нэхэмжлэлд төлсөн 1 865 941.34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2216 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 3 122 456 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, Р.Долгорсүрэн нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т “Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн”, 168 дугаар зүйлийн 168.1.3-т “Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж заасныг тус тус анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хариуцагч нарын эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсонд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дараах үндэслэлүүд нь хууль бус байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага түүнийхээ үндэслэлийг өөрчилсөн байхад шүүх хариуцагч “Ө” ХХК болон хариуцагч А.М- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг нэхэмжлэлийн хувийг гардуулсан атлаа хариуцагч Т.Г- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, өмгөөлөгч Л.О нарт гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Тухай хариуцагчийн хувьд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эсрэг талын гаргасан шаардлага, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхгүй. ” гэсэн тухайд:

Нэхэмжпэгч Г.Б-ы хамгийн сүүлд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болох “Орон сууц худалдах худалдан авах гэрээ, дипломат ажилчдын орон сууц хөлслөх тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжтой бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүдээр иргэн Г.Б надад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай өөрчилсөн шаардлагыг хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т гардан авч танилцсан бөгөөд тухайн өөрчилсөн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, “Ө” ХХК, А.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н- нар нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гаргаж шүүхэд хүргүүлсэн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанд хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцсон болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-т нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулаагүй байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үйл баримттай нийцэхгүй байна. Түүнчлэн хариуцагч Т.Г энэ талаар аливаа гомдол гаргаагүй, талууд маргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн бодит үйл баримтад нийцэхгүй хэлбэрийн дүгнэлт хийж, түүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн дүгнэлт боллоо.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “Түүнчлэн зохигч талуудад хэргийн материал танилцуулсан баримтаас үзвэл нэхэмжлэгчид хэргийн 2 дугаар хавтасны 162, хариуцагч “Ө” ХХК, А.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-т 2 дугаар хавтасны 129, Р.Долгорсүрэнд 2 дугаар хавтасны 225, хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-т 2 дугаар хавтасны 250 дахь хуудаснаас хойш авагдсан нотлох баримтуудтай танилцаагүй байна” гэсэн тухайд:

Уг маргааны анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр 20 удаа хойшилсон, зохигчид хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан байсан бөгөөд энэ анхан шатны шүүх хуралдааны нотлох баримтыг шинжпэн судлах үе шатнаас тодорхой харагдаж байгаа болно. Гол нь дээрх 2 тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн байх ёстой бөгөөд уг зөрчил нь “ноцтой” байхыг хуулиар шаарддаг. Иймд давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох “гол үндэслэл” нь уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх явдал байдаг. Гэтэл дээрх 2 үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрт огт нөлөөлөөгүй болох нь хэрэгт цугларсан баримт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байгаа болно. Харин эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, процессын алдаа гэж үзэхээргүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэж үзэж анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгож байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эцсийн байдлаар нэхэмжлэлээ өөрчилж орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнтэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй байна.” гэсэн тухайд:

Нэхэмжпэгч анхан шатны шүүхэд “орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэж орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаардсан тул анхан шатны шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг аль алиныг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэх талаар нь нарийвчлан дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийг шүүх хуралдаанаар авч хэлэлцсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-18 дугаар хуудсаас тодорхой харагдаж байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргаагүй. Мөн Талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Дипломат ажилчдын орон сууц хөлслөх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч маргаагүй зөвхөн хөлсийг гэрээний 3 сарын хугацаанд төлөх ёстой, түүнээс хойшхи хугацаанд хөлс төлөхгүй гэж маргасан талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тухайн шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчин, нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргасан мэтээр дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

4. “Ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж, ХД17 дугаар байр 81 айлын “Дипломат ажилчдад зориулсан орон сууцыг 2007- 2009 оны хооронд барилга угсралтын компаниар захиалан бариулж 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комисс”-ын 251/2009 дугаар актаар ашиглалтанд оруулсан. Харин тухайн орон сууц нь ашиглалтанд орсон үеэсээ хойш “Ө” ХХК-ийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулах эрхэнд байсан тул 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Б-тай “Дипломат ажилчдын орон сууц хөлслөх тухай гэрээ”-г 3 сарын хугацаатай байгуулж орон сууцны 1 сарын хөлсийг 2 000 ам доллар, гараашийн нэг сарын хөлсийг 100 ам доллар байхаар тохиролцож, 408 тоот орон сууцыг хөлслүүлсэн. Уг гэрээний дагуу Г.Б нь одоог хүртэл 408 тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа болно. Гэрээний эхний гурван сарын хугацаа өнгөрөхөд Г.Б орон сууцыг худалдан авах санал тавиагүй орон сууцны худалдах, худалдан авах үнийг тохиролцоогүй. Харин орон сууцандаа үргэлжлүүлэн амьдарсаар байсан тул “Ө” ХХК-ийн удирдлагууд болон ажилчдын зүгээс орон сууцны хөлсийг төлөх шаардлага тавихад 2011 оны 04 дүгээр сарын 07-нд 2 000 ам доллар, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг гэх мэтээр орон сууцны хөлсийг алдаг оног төлж явж байсан. Бид Г.Б-ыг орон сууцны хөлсөө төл гэж тухай бүрт нь шаардлага тавихад Г.Б “...бөөнд нь өгнө санаа зоволтгүй би орон сууцанд амьдарсан хугацаандаа хамаарах бүх хөлсөө төлнө” гэж хойшлуулсаар орон сууц хөлслөх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд орон сууцанд амьдарч байгаад 2012 онд орон сууцны үнэ өссөний дараа 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өмнөх дутуу төлсөн орон сууцны хөлсөө гүйцээж 80 000 ам доллар төлсөн байдаг. Үүний дараа 2013 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр 25 000 ам доллар, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 000 ам доллар, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 000 ам доллар, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 ам доллар тус тус төлсөн. Энэ хугацаандаа Г.Б нь “...би орон сууцыг худалдан авах хүртлээ хөлсөө төлнө санаа зоволтгүй” гэж хэлж орон сууцанд амьдарсаар байсан. Одоо ч Г.Б 408 тоот орон сууцанд амьдарсаар байна. Ингээд 2013 онд Г.Б “Ө” ХХК-ийн ажилтан А.А-г хувийн журмаар гуйж “Эхнэр Б АНУ-руу явсан тул өмнө авсан баримтууд байхгүй байна, баримт дахин бичиж өгөөч” гэсэн дагуу дараах 4 баримтыг дахин давхардуулж бичүүлж авсан байсан.

1. 0001 дугаартай 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 40 000 ам доллар төлсөн гэх баримт

2. 0002 дугаартай 2012 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 80 000 ам доллар төлсөн гэх баримт

3. 0003 дугаартай 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5 000 ам доллар төлсөн гэх баримт

4. 0004 дугаартай 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 000 ам доллар төлсөн гэх баримт

Энэ талаар гэрч Х.А-гийн шүүх хуралдаанд болон шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, 2013 оны 04 дүгээр сарын 16-нд үйлдсэн гэх 127 000 ам долларын баримтыг дахин бичсэн тухай баримт зэргээр нотлогдож байгаа бөгөөд Х.А Г.Б-ы гуйлтаар нийт 127 000 ам долларын баримтыг “...өмнөх баримтаа алга болгосон энэ баримтыг өөр зүйлд ашиглахгүй” гэж давхардуулан бичүүлж авснаас болж хий хоосон бичилттэй 127 000 ам долларын баримт гарч ирснээр талуудын хооронд төлбөрийн хэмжээн дээр маргаан үүссэн болно. Мөн дээрх 4 баримтыг Г.Б дахин бичүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах явцад тогтоогдсон болно. Бид өнгөрсөн хугацаанд Г.Б-д түүний тушаасан мөнгөнөөс орон сууцны хөлс суутгагдаж байгаа талаар уулзах бүртээ сануулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг удаа дараа шаардаж, төлсөн мөнгө нь орон сууцны үнэнд хүрээгүй байгааг сануулж байсан боловч Г.Б “...маргааш нөгөөдөр, авгай гадаад явсан баримт байхгүй” гэх мэтээр хойшлуулсаар орон сууц худалдах, худалдан авах талаар гэрээ байгуулаагүй. Г.Б хүний байранд олон жил амьдарчихаад одоо болохоор амьдарсан байрныхаа мөнгийг төлөхгүй, хууран мэхэлж хий хоосон бичүүлж авсан баримтаараа төлөөгүй их хэмжээний мөнгөө нэхээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Бид шүүх асуудлыг шударга шийдвэрлэнэ гэж олон жил хүлээлээ. Маргаанд хамааралтай бүхий л баримтыг шүүхэд өөрсдөө болон шүүх, цагдаагийн журмаар бүрдүүлж өглөө. Г.Б шүүхээс гараад явахаараа арслан барс шиг болж хүн хөлсөлж ах дүүгээр чинь ална хядна, амьтан болгуулна гэж манай гэр бүлийг үргэлж заналхийлж байна. Үнэхээр ч энэ хүн 2 жил шүүхийн ажиллагааг уяж хойшлууллаа. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд 1 жил 7 сарын хугацаанд ажиллагаа хийж хэргийг тал бүрээс нь нягтлан шаардлагатай баримтыг цуглуулсны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хэрэгт маргааныг шийдвэрлэх хангалттай баримт цугларсан байгаа тул хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэрэгт цугларсан баримтыг сайтар нягтлан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б, Б.М нар нь “Ө” ХХК, А.М, Т.Г нарт холбогдох “Орон сууц хөлслөх” болон “Орон сууц худалдах, худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 716 596 569 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Ө” ХХК, Т.Г нараас Г.Б-ы хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсний хөлс 341 598 268 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд дурдсан зөрчлүүд нь үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүхээс зөрчлийг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбарыг нэгтгэн бичиж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүгд гарын үсэг зурсан байх боловч шүүх хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хувийг гардуулж өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т гардан авч танилцсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэдийгээр энэ талаар хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаагүй, түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-д заасан “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах” үүргээ шүүх биелүүлээгүйг зөвтгөх боломжгүй.

Нэхэмжлэгч нараас “Орон сууц хөлслөх” болон “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаврыг шийдвэрлүүлж, шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг шийдвэрлээгүй байгаа нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх “орон сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ биелүүлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улмаар хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй талаар зохицуулсан.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцах хангалттай хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул тэдгээр нь шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул “хэргийн материал танилцуулаагүй” гэх дүгнэлтийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь дангаараа магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч С.Т, хариуцагч А.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч Т.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 235 994 төгрөг, хариуцагч Т.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 598 төгрөг, хариуцагч А.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 598 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                       Х.ЭРДЭНЭСУВД