| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01262/И |
| Дугаар | 138/ШШ2016/01168 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01168
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******д холбогдох 738.948 төгрөг гаргуулах тухай “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн багт байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь манай “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компаний бөөний төвөөс зээлээр бараа авдаг харилцагч, 2016 оны 5 сарын 18-ны өдөр бөөний төвийн №9 өөс 2.041.007 төгрөгийн хүнсний бараа зээлээр авсан. Үүнээс 1.711.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 330.000 төгрөг, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 3.10-д заасны дагуу алданги болох 408.948 төгрөг, нийт 738.948 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь 2016 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “*******” ХХКомпани, хариуцагч ******* бид дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 738948 төгрөгөөс 105000 төгрөгийг *******гаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 495000 төгрөгийг 2016 оны 10 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *******д холбогдуулан 738.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн шаардлагаас 105000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 495000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн шаардлагаас 105000 төгрөг /Нэг зуун таван мянга/-ийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 495000 төгрөг/Дөрвөн зуун ерэн таван мянга/-ийг нэхэмжлэгчид төлөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22285 төгрөгөөс 11142 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11142 төгрөг 50 мөнгө, хариуцагч *******гаас 7750 төгрөг /495000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15500 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН