Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Н.Даваадорж,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06020 2293 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.М, 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 5-138 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 6-136 тоотод оршин суух иргэн Н.Даваадоржийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, хув толгойтой, халтар мана хөөрөг, хуучин бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг Шар хаданд очоод хаалгыг нь тогшиход хүн байгаагүй. Нэг хашааны цаана манай дүүгийнх байдаг болохоор дүүгийндээ нэлээн байж байгаад буцаж очиж хаалгыг нь тогштол бас л хүн гарч ирэхгүй байхаар нь намайг харчихаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Тэгээд хажуу талынх нь нэг жижиг цонхыг түлхсэн чинь онгойсон. Манай найз охин бичиг баримт хэрэгтэй гэж ярьж байсан болохоор нь би авдрыг нь онгойлгоод жижиг хайрцтай бичиг баримт аваад гарсан. Ингээд дүүгийнхээ хашаанд ороод үзтэл дотор нь хөөрөг байсан юм. Хөөрөг, бичиг баримт хоёрыг нь амбаарын тавиур дээр тавьчихсан унтаж байтал цагдаа орж ирээд намайг аваад явсан” гэв.  

Хохирогч Н.Даваадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэрээсээ гараад, Шар хадны эцсийн буудал орж, тамхи авах гээд явсан. Тэнд нэг найзтайгаа таараад, нэлээн зогсч, ярьж байгаад буцаад иртэл байшин руу харсан цонх онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод ортол авдарны урд талд юмыг нь гаргаад хаячихсан байсан. Тэгэхээр нь би буцаж гараад, 102 дуудаж, гэртээ оролгүй, гадаа зогсч байгаад цагдаагийн хүмүүс ирэхэд хамт орсон. Цагдаа нар ороод шалгалтаа хийж, гэрэл зургаар эд зүйлийг баталгаажуулсан бөгөөд намайг “бичиг баримттай цаасан хайрцаг байхгүй байна, тэрэн дотор байсан нэг жижиг хөөрөг байхгүй байна” гэхэд тэрийг бүртгэж аваад гарсан. Дараа нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс мөрдөгч дуудаад, миний алдсан эд зүйл буюу бичиг баримт, хөөргийг минь надад хүлээлгэн өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Н.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 10 дугаар сары 09-ний өдрийн 11 цаг 30 минутанд гэрээсээ гарч яваад Шархадны 2-ын буудал орчихоод 30 минут болоод гэртээ иртэл Байшингийн цонх онгорхой байсан. Ингээд гэртээ ортол гэрийн дотор хаалга онгорхой авдрын таг онгойсон мөн доторх эд зүйлс нь гаргасан байдалтай харагдахаар нь 102 руу дуудлага өгсөн юм. Эд зүйлээ үзтэл адарт байсан бичиг баримт хийдэг байсан 2 жижиг цаасан хайрцаг алга болсон байна. уг хайрцаг дотор хэрэглээгүй байсан, янз бүрийн хуучин бичиг баримтууд байсан Нийгмийн даатгалын дэвтэр, сурагчийн гэрчилгээ зэрэг эд зүйлс байсан, 5 настай хүүхэд барьж байсан халтар манан 3.5 см өндөртэй, хув толгойтой хөөрөг байсныг одоогоор олохгүй байна...Өнөөдөр 11 цаг 30 минутын үед манай бага охин Баяржаргалын Баяраа байна уу? гэж 20 гаран насны халамцуу залуу хашаа дотор ороод ирсэн байхаар нь байхгүй гэж хэлээд буцаасан юм. 165 см орчим өндөртэй, туранхай шар залуу харагдсан. Урьд нь би харж байгаагүй. Дахиж харвал таньж магадгүй. Өөрөөр одоо сэжиглэж байгаа хүн алга байна. Одоогоор хөөрөг үнэтэйг хэлж мэдэхгүй. 8-10 анги төгссөн гэрчилгээ зэрэг эд зүйлс байхгүй болсон байна. Үнэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Д.Баяржаргалтай бага байхаасаа нэг сургуульд сурч байсан ба мөн гудамжинд өссөн юм. 2019 оны 6 дугаар сараас хойш Баяржаргал бид 2 тусдаа гарч Нийтийн байр түрээсэлж амьдарч байгаа. Баяржаргал одоо 1 сар гарантай жирэмсэн байгаа. Баяржаргал нь 6 настай охинтойгоо хамт байдаг юм. Миний бие Даваадоржийн гэрээр энэ оны 6 сараас хойш орж гарч байсан юм. Миний бие Даваадорж гэдэг айлын хүмүүстэй өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс намайг дуудсан. Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Багануур нүүрсэнд явж ирчихээд найз охин Баяржаргалтай хамт жаахан пиво уугаад тэгээд Налайхын цагдаад баригдаад маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 16 цаг болж байхад цагдаагаас салсан. Миний барьж байсан утасны сим карт эвдрээд утасгүй байсан болохоор байцаагчтайгаа ярьж чадаагүй. Надад цагдаа дуудахад ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы гаргасан 1906 06020 2293 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим найз охин Д.Баяржаргалын гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би тэднийхээс гараад 2 хашааны зайтай байдаг өөрийн төрсөн дүү Ариунзаяагийн гэрт орсон. Дүү Ариунзаяагийн гэрт 30 орчим минут байж байгаад дахин найз охин Д.Баяржаргалын гэрт орсон. Тэгээд хаалгыг нүдээд онгойлгоогүй, найз охин Баяржаргалыг гэртээ байгаа байх гэж бодсон. Тэгээд намайг харчихаад хаалгаа онгойлгохгүй байгаа байх гэж бодоод байшингийнх нь баруун талд цагаан өнгийн вакум цонхны жижиг салхивчийг түлхэж онгойлгоод байшинд нь орсон. Тэгээд намайг ороход хүн байхгүй байсан тэгэхээр нь жижиг өрөөнд байдаг авдар нь цоожгүй байхаар нь онгойлгоод дотор талд нь тавцан дээр байсан жижиг хөөрөг, бичиг баримтууд аваад буцаад цонхоороо гараад дүүгийнхээ гэрт ирээд унтаж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...Өмнөх өдөр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой манай найз охин Д.Баяржаргал надтай уулзах ёстой байсан боловч уулзаагүй, утсаа авахгүй байсан болохоор нь би маргааш өглөө найз охиноо хайж гэрт очсон. 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад найз охин Баяржаргалын ээж рүү залгаад асуухад ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь яасан юм бол гэж бодоод хайж очсон...Надад хулгай хийх ямар нэгэн зорилго байхгүй байсан найз охиноо хайж очоод хүн байхгүй болохоор авдраас нь хөөрөг бичиг баримт зэргийг аваад гарсан. Би хулгайлж авч гарсан эд зүйлсээ өөрийн төрсөн дүү Ариунзаяагийн хашаанд үлдээсэн. Би буцааж өгнө гэж бодож үлдээсэн. Би Даваадорж гэх айлаас хулгайлсан эд зүйлсээ цагдаагаар дамжуулан Даваадорж гэх хүнд хүлээлгэн өгсөн. Би тэр айл руу ордог байсан. Манай гудамжны айл би охинтой нь үерхээд 1 жил орчим болох гэж байна. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №02/564 дугаартай:

  1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцсэн мөр нь сэжигтэн Батмөнхийн Мэс хурааж авсан гутлын улны мөртэй тохирч байна.
  3. Ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. гэх дүгнэлт /хх-ийн 19-21/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, хохирогч Н.Даваадоржийн гэрээс хулгайд алдагдсан бага гарын халтар манан хөөргийг эд зүйлийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК нь 200.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 25/, хулгайд алдагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 6-136 тоотод оршин суух иргэн Н.Даваадоржийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, хув толгойтой, халтар мана хөөрөг, хуучин бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь

Хохирогч Н.Даваадоржийн: "...2019 оны 10 дугаар сары 09-ний өдрийн 11 цаг 30 минутанд гэрээсээ гарч яваад Шархадны 2-ын буудал орчихоод 30 минут болоод гэртээ иртэл Байшингийн цонх онгорхой байсан. Ингээд гэртээ ортол гэрийн дотор хаалга онгорхой авдрын таг онгойсон мөн доторх эд зүйлс нь гаргасан байдалтай харагдахаар нь 102 руу дуудлага өгсөн юм. Эд зүйлээ үзтэл адарт байсан бичиг баримт хийдэг байсан 2 жижиг цаасан хайрцаг алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.М-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.10.09-ний өдрийн 02/564 дугаартай дүгнэлтээр хар саарал өнгийн Адидас гэсэн шар өнгийн лого бүхий бичигтэй, үдээстэй, 39 размерын даавуун пүүзийг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй тохирч байгаа талаар дүгнэлт гарсан ба уг пүүзийг хавтаст хэргийн 48 дугаар талд эд мөрийн баримтаар тооцсон байна.

Шүүх дээрх Адидас гэсэн шар өнгийн лого бүхий бичигтэй, үдээстэй, 39 размерын даавуун пүүзийг хэрэгт фото зургаар бэхжүүлж, энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар саарал өнгийн Адидас гэсэн шар өнгийн лого бүхий бичигтэй, үдээстэй, 39 размерын даавуун пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР