Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Гэрч Ж.Э, Н.У

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.Г-т холбогдох эрүүгийн 1920001370128 тоот хэргийг 2019 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овогт Б.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө саатуулагдсан иргэн Б.О-н 6,6 гр жинтэй шар өнгийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 561,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг иргэн эрүүлжүүлэх байранд хоноод гарсанаас хойш 4 хоногийн дараа түүний эхнэр нь ирж өөрийн биеэр надад хэлэхдээ танай Эрүүлжүүлэх байранд ороод гарахдаа манай нөхөр бөгжөө аваагүй юм шиг байна гэхээр нь би яагаад бөгжөө аваагүй юм бэ, шат дараалсан алба хаагч нар байхад та яагаад тухайн үед хандаж болоогүй юм бэ гэсэн. Би тэр эмэгтэйгээр өөрийн биеэр нь өргөдлийг нь бичүүлээд Эрүүлжүүлэх байранд ороод бөгжийг нь хайхад камер бичигддэггүй сейфний дээр хасын тэмдэгтэй бөөгийн хэрэглэл байсан. Тэгээд би хасын тэмдэгтэй бөөгийн хэрэглэлийг нь аваад тэр эмэгтэйд тус хасын тэмдэгтэй бөөгийн хэрэглэлийг нь өгсөн. Би уг иргэний бөгжийг нь аваагүй ба миний бие ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Уг асуудалд албаны шалгалт хийгдэж би арга хэмжээ авагдсан. Тамхи татдаг муухай зуршилаасаа болж ийм зүйлд орсондоо маш их харамсаж байна гэжээ. /1-р хх-ийн 179-183/

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 06-наас 07-нд шилжих шөнө О гэж хүн эрүүлжүүлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байсан. Эхнэр нь надтай уулзаад төмөр замд ажилладаг юм өглөө ажилтай аваад явъя, тэгэхгүй бол ажилаас нь халдаг гэж хэлж байсан. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Таны нүд хөхөрсөн байна, нөхрийг чинь таньд өгч явуулж болохгүй эрүүлжүүлнэ гэж хэлээд явуулсан. Би өөрийн муу зуршилаас болж эрүүлжүүлэгдэж байгаа хүний эд зүйл хийсэн сейфнээс тамхи авсан нь үнэн. Энэ зөрчлийн улмаас арга хэмжээ авахуулахад татгалзахгүй. Харин тэр хүний бөгжийг би аваагүй. Сейфийг уудлаж байхад хас хэлбэртэй сахиусны хажууд бөгж байсан. 2 удаа сейфнээс тамхи л авсан өөр зүйл аваагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хамгийн бага дүү бол Б.О байгаа юм. Б.О өөрийн эхнэр М.А-н хамт Бүгд найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явсан учир миний бие уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Тухайн шар өнгийн солонгос монетан бөгжийг миний бие өөрийн дүү Б.О-т 2019 оны 01 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ Улаанбаатар хотын “М” үнэт эдлэлийн дэлгүүрээс 497.000 /дөрвөн зуун ерэн долоон мянга/ төгрөгөөр худалдан авч бэлэглэж байсан. Тухайн бөгж нь голдоо цагаан өнгийн нэг ширхэг очиртой нийт жин нь 6,6 гр жинтэй бөгж байсан. Тухайн бөгжийг худалдан авсан баримт байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн алдагдсан гэх монетан бөгжөө анх худалдан авсан 497.000 төгрөгөөр үнэлж байна. Бөгжний үнийг гаргуулан авсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /1-р хх-ийн 20-21/

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажиллаж байх хугацаанд Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодсон үндэслэлээр түүнийг цагдаа Д, Э нар тус хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирсэн. Би О-н биеийн байдлыг үзэхэд хэвийн байсан ба түүний биед байсан шаргал өнгийн бөгж 1 ширхэг, хүзүүнд байсан сахиус гэх даавуун оосор 1 ширхэг, хайрцагтай 1 ширхэг тамхи зэрэг эд зүйлсийг тэмдэглэл бичиж хураан авч 6 номерын сэйфэнд хийсэн сэйфээ цоожлоогүй орхисон. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Цагдаагийн газрын хуралд ороод, 2 сарын картаа нягтлан бодогчтой тулгачихаад доошоо Эрүүлжүүлэх байр руу 10 цаг 30 минутын орчим ороход цагдаа Э бүх хүмүүсийг байцаагч нарт нь хүлээлгэн өгсөн байсан. О гэх хүнийг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О-д хүлээлгэн өгсөн байсан ба 4-5 хоногийн дараа О гэх хүн Эрүүлжүүлэх, саатуулах байранд намайг гарч байхад ирээд өөрийнхөө бөгжийг авъя гэсэн юм. Тэгэхээр нь би түүнд хандан “та эд зүйлээ аваагүй юмуу” гэхэд тэр хүн “аваагүй” гэхээр нь 6 номерын сейфийг үзэхэд эд зүйл нь байхгүй байсан. Тэгээд би энэ талаар дэслэгч Г-т хэлэхэд “ирвэл надтай уулз гэж хэлээрэй” гэсэн ба цагдаа Э, Эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад А нар Эрүүлжүүлэх, саатуулах байрны бичлэгийг үзэхэд 6 номерын сейфнээс цагдаагийн дэслэгч Г шөнө 2 удаа сейфнээс эд зүйл авч байгаа харагдсан. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан ба би тус бичлэгийг нь үзэхэд Г сейфнээс нэг зүйл авч байх шиг харагдаж байсан ба яг юу авч байгаа нь мэдэхгүй байсан. Би тухайн үед Б.О-н эд зүйлийг тус сейфэнд хийгээд цоожлох гэж байхад дахиад хэд хэдэн хүмүүс саатуулагдах гэж ирсэн учраас тэр хүмүүсийг саатуулах байранд хүлээж авч байгаад мартсан байна лээ. О-г ирсэний маргааш нь түүний эхнэр М.А ирж бөгжөө авъя гэхэд нь би цагдаагийн дэслэгч Г-тай учраа ол гэж хэлсэн ба өмнө би Г-т энэ талаар ярихад надтай уулзуулчих гэж хэлсэн учраас би А гэх хүнд тэгж хэлсэн юм гэжээ. /1-р хх-ийн 23-27/

Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өглөөний 09 цаг хүртэл Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар гарах үед согтуугаар саатуулагдсан нэг этгээд намайг муу дэд ахлагч, хүний урманд энгэртээ зүүчих юмгүй, би чамд нэг сая төгрөг өгье, чи тэр мөнгөөр юм аваарай, би арван хуруундаа алт зүүдэг гэх мэтээр намайг доромжлоод байсан ба тэгэхэд би түүнд хандан “Та хууль ёсны шаардлага эсэргүүцэхгүй байх хэрэгтэй” гэж хэлэхэд намайг тоохгүй шөнөжингөө орилоод байсан ба тэр хүнийг өглөө гарахад нь би түүнд өөрийнхөө монетан бөгжийг үзүүлээд “Надад ч бас зүүх юм байдаг юм” гэж хэлээд буцаад халаасандаа хийсэн юм. Тэгээд тухайн үед О алдагдсан яриа гараад ирэхэд намайг хүмүүс тэр бөгжийг нь авсан байх гэж бодоод би О гэх хүнрүү залгаж ирээд миний бөгжийг үз, өөрийн бөгжтэй чинь адил байна уу гэдгийг хараарай гэж хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 31-33/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд сумын 1-5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э-н хамт эргүүлийн гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх үед Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт нэг хүн согтуугаар эхнэрээ зодож байна гэх дуудлага, мэдээлэл жижүүрийн албанаас ирүүлэхээр нь миний бие Э-н хамт тухайн газар очиход Б.О гэх хүн өөрийн эхнэрээ зодсон байдалтай зогсож байсан ба тэр үед О-н эхнэр А гэх эмэгтэй манай нөхөр намайг ажлын өмнө зодсон гэхээр нь Э бид хоёр О-г Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн байранд авчирсан. Тухайн үед жижүүрийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Г гарч байсан ба О гэгчийг Э бид хоёр Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгөхөд эмчээр нь У, цагдаагаар нь цагдаагийн ахлах ахлагч Э нар байсан. Тэгээд Э бид хоёр буцаад эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн гэжээ. /1-р хх-ийн 35-36/

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагаас шөнийн 03 цаг хүртэл шөнийн эргүүлээр Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн ахлагч Д-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх үед Замын-Үүд сумын ... дугаар байрны урд нэг хүн согтуугаар эхнэрээ зодож байна гэх дуудлага, мэдээлэл жижүүрийн албанаас ирүүлэхээр нь Д бид хоёр тухайн газар очиход О гэх хүн өөрийн эхнэрээ зодсон байдалтай байсан ба тэр үед О-н эхнэр А гэх эмэгтэй манай нөхөр намайг ажлын хүмүүстэй хардаад зодсон, байнга намайг ингэдэг гэх мэт зүйл ярьсан болохоор Д бид хоёр О-г Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн байранд авчирсан. Тэр үед Жижүүрийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Г гарч байсан ба О-г Д бид хоёр Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгөхөд эмчээр нь У, цагдаагаар нь цагдаагийн ахлах ахлагч Э нар байсан. Тэгээд Д бид хоёр О-г хүлээлгэж өгөөд буцаад эргүүлдээ гарсан гэжээ. /1-р хх-ийн 38-39/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.О гэх хүнийг Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас хүлээн авч мэдүүлгийг нь авсаны дараа Эрүүлжүүлэх, саатуулах байр руу орж эд зүйлээ аваад, дараа нь яваарай гэсэн ба би О-н эхнэр А гэх хүний гэрт нь очоод шүүх эмнэлэгт үзүүлэх шинжээч томилох тогтоолыг өгөхөд А гэх хүн шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд байсан. Тэгээд би О-н зөрчлийн материалыг зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тэгэхэд 2-3 хоногийн дараа А гэх хүн өргөдөл бичээд манай хэсгийн даргыг асуугаад явж байсан ба юун өргөдөл талаар асууж тодруулахад бөгж алга болсон талаар хэлж байсан гэжээ. /1-р хх-ийн 41-42/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Г гэх хүнийг ажил хэргийн шугамаар буюу манай Цагдаагийн хэлтсийн Жижүүрийн мөрдөгч гэдэг утгаар танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Г-г би ажил хэргийн шугамаар бол Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд Айраг, Дэлгэрэх сумдын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсд томилогдож ирсэн цагаас нь хойш танина. Уг асуудлын талаар иргэн О-н эхнэр гомдол гаргасан үеэс мэдэж эхэлсэн ба Г-т албаны шалгалт явуулж түүнийг ажлаас халах саналтай албаны шалгалтын материалыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар руу явуулахаар болсон гэж Г-с өөрөөс нь сонссон. Тус 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны бичлэгийг үзэхэд Г, О гэх иргэний эд зүйлийг хадгалсан сейфнээс эд зүйл авч байгаа бичлэг харагдаж байсан. Би энэ талаар цагдаагийн дэслэгч Б.Г-с өөрөөс нь асууж тодруулахад тэрээр “би тус бөгжийг аваагүй” гэж байсан. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-н хувьд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр томилогдож ирэхдээ ганцаараа ирсэн ба тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан асуудал байхгүй. Мөн шатарын спортын Азийн аварга ба байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог, жижүүрийн мөрдчөөр ажиллах хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, дарга, ахлахаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг алба хаагч байгаа юм. Одоо тэрээр эхнэр Г, охинынхоо хамт албаны байранд амьдарч байгаа ба түүний эхнэр Г нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсд ажиллаж байна. Г надад иргэн О-н бөгжийг авсан талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Цагдаагийн дэслэч Б.Г-н ажил үүргийн хуваарь бол зөрчлийн материал шалгаж, шийдвэрлэх жижүүртэй үедээ 24 цагаар жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Г мөн чөлөөт цагаараа бага насны хүүхдүүдэд шатар заадаг байгаа. Миний ажил үүргийн хуваарьт Г болон бусад жижүүрийн мөрдөгч нар болох цагдаагийн ахмад Ц, цагдаагийн дэслэгч Ч.Н нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг чиглэл өгч ажилладаг гэжээ. /1-р хх-ийн 43-45/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас иргэн Б.О-н бөгж алдагдсан гэх асуудалд манай нөхөр Б.Г холбогдсон талаар уг асуудал болсоноос 7 хоногийн дараа мэдсэн. Манай нөхөр Г хүний бөгж алга болсон гэнээ, тухайн өдөр гарч байсан жижүүрийн бүрэлдэхүүнийг зөвлөлийн хуралд оруулна гэж байсан ба Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын зөвлөлийн хуралд орж ирээд “намайг сэжиглээд байгаа юм байна, би өөрөө тусгай субъектийн үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст шалгуулах хүсэлтээ өгөөд ирлээ” гэж байсан. Бөгж алга болсон шөнийн бичлэг болох 03-05 цагийн үеийн бичлэгийг Г бид хоёр үзсэн ба бичлэгээр Г 2 удаа орж ирээд сейфнээс тамхи авч байгаа бичлэг харагдсан. Би нөхрийгөө бусдын бөгжийг авсан гэж бодохгүй байна. Би өөрийн нөхөр Б.Г-тай 2010 онд танилцсан ба 2011 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч эхэлсэн ба 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охинтой болж одоо Г, охин бид гурав Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албаны байранд амьдарч байна. Миний нөхөр Г зан байдлын хувьд маш даруу, үг дуу цөөтэй, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Г урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ба харин 2018 оны 02 дугаар сард цагдаагийн ахлах дэслэгч цолоо бууруулж цагдаагийн дэслэгч болж цол бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 2017 оны 12 дугаар сард шатрын Ази тивийн аварга болсон ба тэр үед Г Д сумын Хэсгийн төлөөлөгч байсан юм. Г тухайн үед Ази тивийн шатрын аварга болсон мөн манай охины төрсөн өдөр болсон гэж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлаганд очсон гэсэн үндэслэлээр арга хэмжээ авагдаж байсан. Г-г сэжиглээд эхлэх үеэр Г надад хэлэхдээ “Ямар хэлбэр дүрстэй ямар бөгж байсан юм бэ, хээ, өнгийг нь мэдмээр байна. Чи аймгийн Цагдаагийн газрын бичиг хэргийн ажилтан С-с асуугаад өгөөч, ямар бөгж байсан талаар би хармаар байна. Ингэж байхаар зургийг нь харж байгаад адилханыг нь хамт жижүүрт гарч байсан алба хаагч нартайгаа хамтраад аваад өгчих юм уу гэж газрын дарга намайг тэгээд байна” гэж надад хэлж байсан Г надад хэлэхдээ би тэр сейфнээс тамхи авсан гэж байсан ба Г бол тамхи их хэмжээгээр татдаг. Мөн би юу гэж камертай газраас тэр хүний бөгжийг авах билээ гэж ярьж байсан. Г өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа болохоор үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. /1-р хх-ийн 46-48/

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.О бол манай ээж С-н төрсөн эгч Ц-н хүүхэд нь байгаа юм. Өөрөөр хэлбэл О бид хоёр үеэлүүд ба М.А нь О-н эхнэр нь байгаа юм. О-н аав Б гуай нас барсан ба түүний ээж Ц одоо Дорноговь аймгийн Хөвсгөл суманд байдаг. О эцэг, эхээс 5-уулаа ба айлын бага. Түүний том эгчийг Х, дараагийн эгчийг нь Т, дараагийн ахыг нь Г, түүний дараа Д гэж эгч нь байдаг. Г ах Замын-Үүд суманд байдаг ба бусад 3 эгч нь Дорноговь аймгийн Х суманд байдаг. О, А хоёр Бүгд найрамдах Солонгос улс руу ажил хийхээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсаас гарч явсан. 2 жилийн хугацаатай ажил хийхээр явсан. Би уг асуудлын талаар буюу О ахын бөгж алдагдсан талаар нилээд сүүлд сонссон. Ямарч л гэсэн Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдээд маргааш нь гарсан өдрөө бөгжөө авч чадаагүй байж байгаад бөгж нь алга болсон гэсэн. Тольтой, цацраг шигтгээтэй бөгж байсан санагдаж байна. Алт байсан уу, монетан бөгж байсан уу сайн мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 49-50/

Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчээр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байхад би ажил дээрээ ирээд 08 цаг 30 минутанд рапортанд суугаад түүний дараа дадлагажигч эмч У-н хамт Эрүүлжүүлэх байр руу ороход цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг хариуцсан алба хаагч нарт нь хүлээлгэж өгөөд илтгэх хуудсаа бичээд сууж байхаар нь өрөөгөө түгжээд, түлхүүрээ цагдаагийн дэд ахлагч Чинбаярт өгөөрэй гэж хэлээд гарсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн баяр маргааш өдөр нь болох байсан учир тэр өдөр нь манай удирдлагууд өдрийн 12 цагаас Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийг хоолонд оруулахаар урьсан байсан учир би хоолонд ороод өдөр эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд суугаад өдрийн 16 цагт ажил дээрээ ирээд ажил үүргээ гүйцэтгэсэн. Эрүүлжүүлэх байрнаас бөгж алга болсон талаар тухайн үед мэдээд камерын бичлэгийг шүүж үзэхэд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г сейфнээс эд зүйл авч байгаа нь харагдсан ба түүнээс хойш бичлэгийг нилээд удаан үзэхэд хэн нэгэн хүн тус сейф рүү ойртсон зүйл харагдаагүй. Манай Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд Ж, У болон миний бие эмчээр ажилладаг. У нь дадлагажигч эмч ба тухайн үед Ж гэх хүн ээлжийн амралтаа аваад У бид хоёр 24/24 цагаар тулж ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам Код 626-д заасны дагуу эрүүлжүүлэгдсэн этгээдийн эд зүйлийг эмч хүлээн авч хариуцаж, буцаан өгнө гэсэн заалттай байдаг учир 2019 оны 03 дугаар сарын 07, 09, 11-ны өдрүүдэд эрүүжлүүлэгдсэн этгээдүүдээс бусад гадны хүн тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд орсон асуудал байхгүй. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 1 том 9 нүд бүхий сэйф байдаг. Намайг 2019 оны 03 дугаар сарын 07, 09, 11-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгэхэд Эрүүлжүүлэх байрны сейфэнд хэн нэгэн хүн эд зүйл авсан асуудал байхгүй. Сейфийг миний бие тухайн өдрүүдэд хариуцсан ба тус сейфүүдэд зөвхөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн эд зүйлсийг хийдэг. Өөр хэн нэгэн хүн намайг үүрэг гүйцэтгэж байхад тухайн сейфэнд ойртсон асуудал байхгүй. Мөн намайг үүрэг гүйцэтгэж байхад тухайн өдрүүдэд цагдаагийн алба хаагч нар давхар хяналт тавьж ажилладаг гэжээ. /1-р хх-ийн 51-53/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг асуудлын талаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Ч намайг дуудаж иргэний бөгж алдагдсан гомдолд албаны шалгалт явуул гэхээр нь би иргэн Б.О-н бөгж алдагдсан асуудлын талаар албаны шалгалт явуулж жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г, Эрүүлжүүлэх байрны эмч У, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э нараас тайлбар авч, камерын бичлэгт үзлэг хийх ажиллагаа явуулж байхад Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Э-с уг асуудалд хошууч Г.П-г албаны шалгалт явуул гэхэд миний бие албаны шалгалтын материалыг дэд дарга, цагдаагийн хошууч Г.П-д өгсөн. Албаны шалгалтаар Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камерт үзлэг хийхэд 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г эхний ээлжинд сейфнээс тамхи аваад дараа нь дахин орж ирээд сейфнээс нэг эд зүйл авахдаа ийш, тийшээ харж байгаад авсан байдаг. Гэхдээ юу авч байгаа нь мэдэгдэхгүй байсан. Мөн манай Эрүүлжүүлэх байрны камер бичлэгээ 14 хоног хадгалдаг гэж манай хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С хэлж байсан. Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр ёс журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ба уг хугацаанд Эрүүлжүүлэх байр руу гадны хэн нэгэн хүн орсон асуудал байхгүй. Манай Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай, мөн эмч, цагдаа хоёр давхар үүрэг гүйцэтгэдэг ба эрүүлжүүлэгдсэнээс бусад хүн орж ирсэн тохиолдолд надад мэдэгдэх үүрэгтэй. Ер нь бол сейфтэй хэсэгт эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг оруулдаг ба өөр хэн нэгэн хүнийг оруулдаггүй. Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 1 том сейфэнд 9 ширхэг сейф байдаг. Иргэн Б.О-н эд зүйлийг тухайн үед 6 номерын сейфэнд хийсэн байсан гэжээ. /1-р хх-ийн 54-56/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авагч цагдаагаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-н хамт гарсан юм. Шөнийн 01 цагийн орчим Замын-Үүд сумын нутагт нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу иргэн О гэх хүнийг авчирч Эрүүлжүүлэх байранд оруулсан. Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г-тай тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө жижүүрт хамт гарахад тэрээр шөнө 4-5 удаа доошоо Эрүүлжүүлэх байр руу явсан. Тэгээд тухайн үед миний бие жижүүрт гарч буугаад 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-тай дахин жижүүрт гарах үед Г надад хэлэхдээ “Өмнөх гараан дээр эрүүлжүүлэгддэг О гэх хүний бөгж нь алга болсон байна. Би нөгөө доошоо орсон гэдгээрээ би авсан юм байхаа” гэж хэлээд инээгээд байсан. Тэгэхээр нь би тийм зүйл болсон юм уу гэхэд тэрээр “Камер шүүгээд үнэн зөв нь тогтоогдох байлгүй дээ” гэж хэлээд инээгээд байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Энэ талаар манай Цагдаагийн хэлтсийн С, Ч гэх цагдаагийн алба хаагч нар мэдэж байгаа байх. Намайг 2019 оны 03 дугаар 06, 09-ны өдрүүдэд жижүүрт үүрэг гүйцэтгэх хугацаанд Эрүүлжүүлэх байранд гадны хэн нэгэн хүн орж гарсан зүйл байхгүй. Эрүүлжүүлэх байранд зөвхөн цагдаагийн алба хаагч нар болон эрүүлжүүлэгдсэн хүмүүс ордог ба 24 цагийн хяналтын камертай байдаг. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 1 ширхэг төмөр том сейфэнд 9 ширхэг нүдтэй сэйф байдаг. Манай Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд гадны хэн нэгэн хүн ороод тухайн Эрүүлжүүлэх байрны сейфнээс эд зүйл авах боломж огт байхгүй. Яагаад гэвэл Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай, тухайн байранд эмч, цагдаагийн алба хаагч нар байнгын хяналт тавьж ажилладаг учир гадны хэн нэгэн хүн Эрүүлжүүлэх байрны сейфэнд ойртож эд зүйл авах боломжгүй гэжээ.  /1-р хх-ийн 57-59/

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ёс журмын эргүүлээр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажилласан. Ёс журмын эргүүл гэдэг бол тухайн хэлтэс, газрын даргын батлагдсан хуваарийн дагуу 24 цагийн турш алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдал, Цагдаагийн хэлтсийн аюулгүй байдал, эргүүл жижүүр, харуулуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, хэлтсийн удирдах албан тушаалтнуудыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах чиг үүрэгтэй ажилладаг. Намайг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр ёс журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчээр У, цагдаагаар нь цагдаагийн дэд ахлагч Х.С нар гарч ажилласан. Уг хугацаанд Эрүүлжүүлэх байрыг тогтмол шалгахад хэн нэгэн гадны хүн орж ирсэн асуудал байгаагүй, тухай бүрт нь миний бие Эрүүлжүүлэх байранд гарч байгаа алба хаагч нарт үүрэг чиглэл өгч ажилласан. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд гадны хэн нэгэн хүн ороод тухайн Эрүүлжүүлэх байрны сейфнээс эд зүйл авах боломж байхгүй. Манай Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай, тухайн байранд эмч, цагдаагийн алба хаагч нар байнгын хяналт тавьж ажилладаг учир гадны хэн нэгэн хүн Эрүүлжүүлэх байрны сейфэнд ойртож эд зүйл авах боломжгүй. Харин манай хэлтсийн цагдаагийн алба хаагч нар байнга орж гарч байгаа ба хоолондоо орохдоо хүртэл Эрүүлжүүлэх байранд гарч байгаа хүмүүс нэг нэгээрээ ээлжилж гардаг юм гэжээ. /1-р хх-ийн 60-62/

Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Цагдаагийн байгууллагад 9 жил ажиллаж байгаа ба Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байна. Би Г-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хамт ажиллаж байгаа ба ажлын хувьд удаан, аливаа нэг зүйлийг мартаж санаад байдаг юм шиг санагддаг. 2016 оны 03 сард миний бие Даланжаргалан сумын цагдаагаар томилогдох үед Б.Г Айраг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд Б.Г удалгүй Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож байсан. Б.Г зан байдлын хувьд төлөв даруу хүн байгаа юм. Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн. Ер нь бол тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд манай хэлтсийн алба хаагч нар голдуу ордог ба мөн эрүүлжүүлэгдсэн этгээдүүд ордог. Гадны хэн нэгэн хүн тэр бүр ороод байдаггүй ба Эрүүлжүүлэх байрнаас эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг авах гэж ар гэрийнх нь хүмүүс заримдаа ордог. Манай Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд гадны хэн нэгэн этгээд ороод тухайн Эрүүлжүүлэх байрны сейфнээс эд зүйл авах ямарч боломж байхгүй. Тус байр нь 24 цагийн хяналтын камертай, тухайн камер нь манай жижүүрийн өрөөнд ч давхар байдаг. Мөн тус байранд эмч, цагдаагийн алба хаагч нар байнгын хяналт тавьж ажилладаг учир гаднаас хэн нэгэн хүн Эрүүлжүүлэх байрны сейфэнд ойртож эд зүйл авах боломжгүй. Энэ талаар хэлж мэдэхгүй байна. Үүнийг манай хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Х.С мэдэж байгаа. С нь манай хэлтсийн албан ёсны холбооны инженер биш ч гэсэн манай хэлтсийн програм чиглэлийг хариуцдаг алба хаагч байгаа юм. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх айранд 1 ширхэг төмөр том сейфэнд 9 ширхэг нүдтэй сэйф байдаг. Бөгж алдагдсан гэх явдлын нилээд дараа би Г-с асуухад тэрээр “Би аваагүй. Цагдаагийн ахлах ахлагч Ж.Э авсан байж магадгүй” гэж хэлж байсан гэжээ. /1-р хх-ийн 63-65/

Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Г-г 2018 оны 05 дугаар сард жижүүрийн мөрдөгчөөр томилогдож ирэх үеэс нь эхлээд өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. Г нь ажлын хувьд ямар нэгэн зүйл хэлэхээр ойлгоод байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг анзаарагддаг бөгөөд хэнэггүй зантай хүн. Г нь зан байдлын хувьд төлөв даруу, ажлын хувьд өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул алба хаагч нар ажиллаагүй, ер нь бол Цагдаагийн хэлтэс ачаалал багатай байсан. жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн үед Эрүүлжүүлэх байр болон Цагдаагийн хэлтэс рүү гадны хэн нэгэн хүнийг оруулаагүй, эрүүлжүүлэгдсэн этгээдүүд болон тэдний ар гэрийн хүмүүс ирсэн байж магадгүй. Манай Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд гадны хэн нэгэн этгээд ороод тухайн Эрүүлжүүлэх байрны сейфнээс эд зүйл авах боломж байхгүй. Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай, тус байранд эмч, цагдаагийн алба хаагч нар байнгын хяналт тавьж ажилладаг учир Эрүүлжүүлэх байранд орж сейфнээс эд зүйл авах боломжгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2019 оны 05 дугаар сард ажилдаа орох үед манай ажлын хүмүүсийн дунд хүний бөгж алга болсон, иргэн гомдол гаргаад Г шалгагдаж байгаа талаар мэдсэн. Би Г-с уг асуудлын талаар чи одоо ямар хариуцлагагүй юм бэ?, яагаад ийм асуудалд орж байгаа юм гэхэд тэрээр би тэндээс тамхи авсан, тамхи авснаас болоод л намайг сэрдээд байгаа юм гэж надад хэлж байсан гэжээ. /1-р хх-ийн 66-68/

Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ёс журмын эргүүл гэдэг бол Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу тухайн хэлтэс, газрын даргын батлагдсан хуваарийн дагуу 24 цагийн турш алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын цаг ашиглалт албаны бэлэн байдал, мөн Цагдаагийн хэлтсийн аюулгүй байдал, эргүүл жижүүр, харуулуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, хэлтсийн даргыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах чиг үүрэгтэй байдаг. Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ёс журмын эргүүлээр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилласан. Намайг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр ёс журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчээр А, цагдаагаар нь цагдаагийн дэд ахлагч Ч нар гарч ажилласан. Уг хугацаанд Эрүүлжүүлэх байрыг 3-4 удаа шалгахад хэн нэгэн гадны хүн орж ирсэн асуудал байгаагүй, тухай бүрт нь миний бие Эрүүлжүүлэх байранд гарч байгаа алба хаагч нарт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллах талаар амаар болон бичгээр үүрэг чиглэл өгч ажилласан. Тийм ямарч боломж байхгүй. Манай Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай, тухайн байранд эмч, цагдаагийн алба хаагч нар байнгын хяналт тавьж ажилладаг учир гадны хэн нэгэн хүн Эрүүлжүүлэх байрны сейфэнд ойртож эд зүйл авах боломжгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байж байгаад сүүлд нь жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-т албаны шалгалт хийгдэж эхлэх үеэс мэдсэн юм. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан ба би тус бичлэгийг нь үзэхэд Г сейфнээс нэг зүйл авч байх шиг харагдаж байсан ба яг юу авч байгаа нь мэдэхгүй байсан гэжээ. /1-р хх-ийн 69-71/

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэсэн ба тухайн өдрүүдэд гадны хэн нэгэн хүн орж ирсэн асуудал байхгүй. Манай Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн эд зүйлийг тухайн ээлжийн эмч, цагдаа нь тус ээлжинд гарч байгаа цагдаагийн алба хаагчийн өрөөний сейфэнд хийж хадгалдаг. Цагдаагийн алба хаагч гадагш гарахдаа сейфний түлхүүрийг эмчдээ өгөөд гардаг. Тиймээс уг сейфэнд гадны хэн нэгэн хүн орж ирэн эд зүйл авах ямарч боломж байхгүй ба мөн тус хэлтсийн Эрүүлжүүлэх байр нь 24 цагийн хяналтын камертай. Манай Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер 7-14 хоног бичлэгээ хадгалдаг. Нилээд хэд хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.А дуудаад эрүүлжүүлэх байрнаас иргэний бөгж алга болсон байна, камер шүүх хэрэгтэй байна гэхээр нь миний бие хэлтсийн Эрүүлжүүлэх байрны хяналтын камерыг шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө эрүүлжүүлэгдсэн нэг эрэгтэй хүн бөгжөө гарнаасаа тайлж эмч У-д өгөхөд У тус бөгжийг нь сейфэнд хийж байгаа харагдсан. Тухайн үеийн бичлэгийг үзэхэд тус Эрүүлжүүлэх байрны сейфэнд шөнө жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г 2 удаа ойртож эд зүйл авч байгаа харагдсан ба түүний дараа би бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд шүүж үзэхэд хэн нэгэн хүн тус сейфэнд ойртоогүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Х.С Эрүүлжүүлэх байранд их цэвэрлэгээ хийж, сейфэнд байсан эд зүйлс болох бүс, малгай гэх мэтийн зүйлийг сейфний дээр тавьж байгаа харагдсан. Миний бие уг Х.С-н сейфнээс эд зүйл гаргаж тавьж байгаа үйл явдал хүртэлх хугацаанд камерын бичлэгийг шүүсэн. Тэгээд Б.Г-н сейфэнд 2 удаа ойртсон бичлэгийг хошууч Б.А-д хуулбарлан өгсөн. Би тэгээд бичлэг шүүсний дараа С-с “сейфэнд чамайг их цэвэрлэгээ хийх үед бөгж байсан уу”, гэж асуухад тэрээр “бөгж байгаагүй, бүс, малгай гэх мэтийн зүйл байсан” гэж надад хэлж байсан. Камерын бичлэгээр ч гэсэн Х.С-н сейфний дотор талаас эд зүйл авч сейфний дээд хэсэгт тавихад бөгж харагдаагүй, дандаа малгай, бүс мэтийн зүйл харагдсан. Би камерын бичлэгт үзлэг хийж байхдаа Г-г дуудаад “чи тэр бөгжийг нь авсан юм бол өгөөч” гээд тоглоомоор хэлэхэд тэрээр “би аваагүй” гээд байсан. Гэхдээ Г тэр бөгжийг нь төлөөд өгье гэж тэр хүнтэй нь уулзахад өөдөөс нь их мөнгө нэхсэн гэсэн ба Г “би тэр бөгжийг нь аваагүй байж яахаараа мөнгө өгдөг юм лай, шалгадаг журмаараа шалгана биз” гэж байсан. Намайг хяналтын камер шүүж байхад С сейфнээс ямар нэгэн эд зүйл авч байгаа зүйл харагдаагүй. Харин Г-н сейфнээс эд зүйл аваад ийш тийшээ хараад байгаа байдал сэжигтэй санагдсан. Би С-тай ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Нэг газарт хамт ажилладаг хүн гэдэг утгаар нь танина. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх талаар мэдэж байгаа. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. Надтай хамт камерын бичлэгийг У үзсэн гэжээ. /1-р хх-ийн 72-74/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өргөдөл өгөхийн өмнө өөрийн нөхөр О-тай 2019.03.06-ний шөнө Замын-Үүд сумын 3-р багт байрлах гэрлүүгээ харих гээд явж байгаад замдаа муудсан юм. Тухайн үед бид хоёрын муудахыг харсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд зогсож байхад цагдаа ирж аваад цагдаа дээр бид хоёрыг авчираад манай нөхрийг эрүүлжүүлэх байранд хийсэн гээд ерөнхий жижиүүр Г нь хэлээд намайг гэртээ харь гээд явуулсан. Манай нөхрийг эрүүлжүүлэх байранд орох үед эмч нь У, эрүүлжүүлэхийн байрны цагдаагаар Э нар гарч байсан. Тухайн үед мөн эмч У-д эрүүлжүүлэх байрны төлбөрийг би өөрөө асууж байгаад 20.000 мянган төгрөгийг өгөөд манай нөхөрт хариултыг өгчихнө биз гэж хэлээд үлдээсэн юм. Эрүүлжүүлэх байрны төлбөр нь 5000 мянган төгрөг болно гэж хэлсэн болохоор маргааш өглөө нь ажилтай ирж амжихгүй байж магадгүй гээд л төлбөрийг үлдээсэн. Манай нөхөр О-г эрүүлжүүлэх байрнаас гарахад нь эд зүйл болох тамхи, сахиус, монетин бөгж зэрэг байсныг өгөөгүй байсан. Би дахиад цагдаа дээр 2019.03.11-ний өдөр ирж бөгжийг нь асуутал алга болсон байгаа тухай мэдэгдсэн, бид нар камер шүүж байна гэж хариу хэлсэн. Тэгэхээр би 2019.03.12-ний өдөр дахин ирж асуухад олон ээлж дамнаж байгаа учраас камер шүүж дуусаагүй байна гээд 14 цаг 46 минутанд сахиусыг нь хүлээлгэн өгсөн. Тэгээд би шууд гомдлоо барагдуулахаар өргөдөл бичсэн болно. Мөн эрүүлжүүлэх байрны хураамжны мөнгөний хариулт болох 13000 мянган төгрөгийг эмч У нь сахиус хүлээлгэж өгөхөөс өмнө надад өгсөн. Тэгэхээр би “хариулт нь 15000 мянган төгрөг байх юм бишүү” гэж асуусан чинь “үлдэгдлийг нь үрчихсэн” гэж хэлсэн. Тэр хүний харьцаа, үйлдэл жоохон тиймэрхүү байсан учир би мөнгөний асуудлыг ярьсан юмаа гол нь манай нөхрийн бөгжийг хүлээлгэн өгч асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Миний өргөдөл дээр бичсэн дугаараас манай нөхөр лүү залгаад “О гэж хүн мөн үү чи цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн. “Ямар асуудлаар дуудаж байгаа юм бэ өөрөө хэн бэ” гэж асуутал, “чиний наад алга болсон бөгжнөөс чинь болоод энд бөөн юм болоод байна хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Ямар нэгэн байдлаар бол харааж, зүхэж дарамтлаагүй дууны өнгө аяс нь чанга бухимдсан, бухимдлаа манай нөхөрт гаргасан шинжтэйгээр залгасан болохоор би дарамтлаж байна гэж ойлгож энэ дугаарыг бичсэн юм. Манай нөхөр “би очихгүй” гэж хэлсэн чинь “за за” гээд нэрээ хэлэхгүй утасаа тасалсан гэжээ. /1-р хх-ийн 116/

Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар хуваарийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баяр байсан ба Эрүүлжүүлэх байранд миний бие цэвэрлэгээ хийсэн. Тус хэлстийн Эрүүлжүүлэх байранд 9 нүдтэй 1 төмөр сейф байдаг ба иргэн О-н эд зүйлсийг 6 номерын сейфэнд хийсэн байсан. Би тухайн өдрийн буюу 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 09 цагаас 11 цаг 30 минутын орчим тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд их цэвэрлэгээ хийхдээ сейф бүрийн нүдийг онгойлгож доторх эд зүйлсийг нь гаргаж тавьсан ба 6 номерын сейфэнд бөөгийн хас тэмдэгтэй суран оосортой зүйл 1 ширхэг, малгай 1 ширхэг, бүс 1 ширхэг гэх мэтийн зүйл гарсан бөгөөд өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй. Би тухайн эд зүйлсийг гаргаж Эрүүлжүүлэх байрны эмчид үзүүлээд сейфний дээр ил харагдах газар тавьсан. Намайг тухайн үед 6 номерын сейфнээс эд зүйл гаргах үед шаргал өнгийн металл бөгж байхгүй байсан ба бөөгийн хас тэмдэгтэй суран оосортой зүйл, малгай, бүс зэрэг эд зүйлс тус бүр 1 ширхэг байснаас өөр зүйл байгаагүй. Би худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар маш сайн ойлгож байна. Тухайн үед үнэхээр 6 номерын сейфэнд шаргал өнгийн металл бөгж байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 186-187/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г гэх хүнийг танина. Би тэр хүнийг ажил хэргийн шугмаар таньдаг ба тэрээр 2018 оны 06 дугаар сард Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Жижүүрийн мөрдөгчөөр томилогдож ирсэнээс хойш ЦЕГ-ын иж бүрэн шалгалтын үеэр орох байргүй гэж байсан учир түүнийг би гэртээ 1 сар орчим байлгаж байсан. Гэхдээ тэр хүнтэй ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07 шилжих шөнө буюу 24 цагийн жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн. Тухайн үед тус хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчээр У, ерөнхий жижүүр буюу жижүүрийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Б.Г нар ажиллаж байсан. Бусад томилгооны талаар одоо би мартсан байна. Тухайн үед иргэн О-г агсам согтуу тавьсан үндэслэлээр цагдаагийн алба хаагч нар 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 02 цагийн орчим тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд авчирсан. О Эрүүлжүүлэх байранд ирээд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байсан ба биед байгаа эд зүйлсээ Эрүүлжүүлэх байрны эмч У-д хүлээлгэн өгөөд, биеэ эмчид үзүүлээд хувцас солих өрөөнд орж хувцасаа тайлаад Эрүүлжүүлэх байрны амрах өрөөнд орж амарсан. Тухайн үед би О-н хувцсыг тайлуулаад авч явах гэхэд эмч У О гэх хүний гарт нь бөгж байна, бөгжийг нь тайлуул гэхэд О өөрөө бөгжөө гарнаасаа тайлж ширээн дээр бөгжөө тавьж байсан. Тэгээд би О-г амрах өрөөнд оруулсан ба тухайн үед би О-н эд зүйлийг эмч У хэд дугаарын сейфэнд хийсэн талаар би хараагүй. Манай хэлтсийн Эрүүлжүүлэх байрны сейф нь 9 нүдтэй 1 ширхэг том төмөр сейф байдаг ба өглөөний 06 цагийн орчим би Эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн дэслэгч Г сейфүүдийг онгойлж үзээд байхаар нь тэрээр сейфэнд хориглосон зүйл байгаа эсэх, өөрийн биеэр Эрүүлжүүлэх байранд хяналт шалгалтыг хийж байгаа юм байх гэж бодоод араар нь өнгөрөөд амрах өрөөнд байгаа хүмүүсийг шалгасан юм. Маргааш нь ээлж солигдохоор болж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөөний 09 цагийн орчим иргэн О болон бусад 2 хүнийг тэдний зөрчлийн материалыг шийдэх хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О-д нь хүлээлгэж өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа иргэний бөгж тус хэлтсийн Эрүүлжүүлэх байрнаас алдагдсан талаар яриа гарч Эрүүлжүүлэх байрны хяналтын камерыг шүүж үзэхэд хяналтын камерын бичлэгт цагдаагийн дэслэгч Г иргэн О-н эд зүйлийг хийсэн сейфэнд 2 ойртож эхний удаа тамхи аваад, дараагийн удаа нь нэг зүйл авч халаасандаа хийсэн бичлэг байсан. Би тус бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Г-н нэг зүйл гартаа авч халаасандаа хийж байгаа бичлэгээс хойшхи бичлэгийг үзэхэд тухайн сейфэнд хэн нэгэн хүн сэжиг бүхий байдлаар ойртоогүй байсан ба маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Ч үүрэг гүйцэтгэхдээ тухайн сейфэнд ойртож сейфнээс эд зүйл авч байгаа зүйл хяналтын камерт огт харагдаагүй. Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө ээлж солигдох үед иргэн Б.О-н эд зүйлүүдийг хүлээлгэж өгөөгүй ба тухайн үед би бодохдоо У эмч иргэн О-н эд зүйлийг хүлээлгэж өгсөн юм байх гэж бодсон юм. Тиймээс надад гаргаж өгөх баримт байхгүй ба Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу эрүүлжүүлэгдсэн хүний эд зүйлсийг эмч хүлээн авч, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Эхний ээлжинд 4 цагийн орчим Эрүүлжүүлэх байранд Г орж ирээд надаас тамхи асуухаар нь би надад тамхи байхгүй гэж хэлэхэд нөгөө өрөөнд буюу сейф байдаг өрөөнд орж сейфнүүдийг онгойлгож үзээд байсан. Тэр үед би түүнд хандан “чи наанаа юу хийгээд байгаа юм бэ? Чиний юм байхгүй шүү дээ” гэхэд тэрээр “зүгээр, зүгээр” гээд гараад явсан. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөөний 06 цаг өнгөрч байхад би Эрүүлжүүлэх байрны амрах өрөөнүүдийг шалгах гэхэд цагдаагийн дэслэгч Г орж ирээд сейфнүүдийг нэг бүрчлэн үзээд байж байсан ба би түүнд хандан “чи наанаа юу хийгээд байгаа юм” гэж хэлээд араар нь гарч явсан. Тэр үед би бодохдоо цагдаагийн дэслэгч Г нь тухайн үед Цагдаагийн хэлтсийг хариуцаж байгаа цагдаагийн офицер болохоор сейфэнд хориглосон ямар нэгэн эд зүйл байгаа эсэхийг өөрийн биеэр шалгаж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн юм. Бөгж алдагдсан асуудлын талаар би сонсож мэдээд хэсгийн дарга, цагдаагийн хошууч А-тай уулзахад тэрээр надад хэлэхдээ “Би камерын бичлэгийг шүүж үзсэн” гэхээр нь би камерын бичлэгийг хараад Г-г дуудаж уулзсан. Тэр үед мөн У бид гурав уулзахад Г “гурвуулаа нийлээд мөнгийг нь төлье” гэхээр нь би Г-т хандан “Камерт харагдсан бичлэгээр чи авсан байнаа, би бол чамайг авсан гэж бодож байна. Тийм болохоор чи наад асуудлаа шийд” гэж хэлсэн юм. Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн орчим Жижүүрийн өрөөнд тэрээр “байр түрээслэж байгаа, түрээсийн мөнгө нэхэгдээд байрнаасаа гар гээд байгаа, өөр байранд ормоор байна” гэж ярьж байсан ба надаас “танай гэрт нь хэн байгаа” гэж асууж байсан. Тэгэхээр нь би дургүйцээд “чамайг гэртээ байлгах боломжгүй” гэж хэлж байсан. Тэрээр хэлэхдээ “би ээлжийг нь ахлаж байсан, та хоёр Эрүүлжүүлэх байранд гарч байсан юм чинь хэдүүлээ хуваагаад төлье” гэхээр нь миний бие зөвшөөрөөгүй гэжээ. /1-р хх-ийн 188-191/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 1/

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/

А ХХК /хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/-ний тайлан /1-р хх-ийн 75-80/

2019 оны 03 сарын 07, 08-ны өдрийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дуд хурандаа Ю.Ч-т бичсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 98-103/

2019 оны 03 сарын 06-12-ны өдрүүдийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /1-р хх-ийн 160-166/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 211/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 222-223/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргахдаа камерийн бичлэгийг 2019 оны 03 сарын 07, 08, 09, 10, 11-ний өдрүүдийн бичлэгийг үзэх, гэрч У нь хохирогч О-н алдагдсан гэх бөгжийг 6 номерийн сейфэнд хийсэн эсэхийг камерийн бичлэгээр гаргах гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүх өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаах үндэсэл тогтоогдсонгүй гэж үзсэн. 2019 оны 03 сарын 07-11-ний өдрүүдийн камерийн бичлэгийг одоо сэргээн гаргах боломжгүй болох нь гэрч Х.С-н “Манай Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны камерын бичлэг 14 хоног бичлэгээ хадгалдаг ба өмнөх бичлэгээ сүүлд авсан бичлэг нь устгаад явчихдаг юм байна лээ. Би өмнө холбооны инженерээр Хамгаалалтын 3-р газарт ажиллаж байсан учраас Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн холбооны инженерийн ажлыг давхар хариуцаж байгаа” гэх мэдүүлэгээр уг 2019 оны 03 сарын камерийн бичлэгүүд одоо сэргээгдэх боломжгүй юм. Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь тухайн үед 2019 оны 03 сарын 07-11-ний өдрүүдийн камерийн бичлэгийг хуулбарлан авах хүсэлтийг гаргаж байгаагүй байна. Одоо цаг хугацааны хувьд гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн 2019 оны 03 сарын 06-наас 07-нд шилжих шөний камерийн бичлэгийг үзсэн гэх гэрч Б.У, Ц.Б, Б.А, Ч.А, Х.У, Ж.Э нарын мэдүүлэгээр хохирогч Б.О-н эд зүйлийг хийсэн 6 номерийн сейфэнд шүүгдэгч Б.Г-с өөр хүн ойртоогүй болохыг мэдүүлдэг, эдгээр гэрч нарын мэдүүлгээр өмгөөлөгч Э.Б-н хүсэлт болох 6 номерийн сейфэнд Б.Г-с өөр хэн нэгэн халдаж бөгжийг авсан байх боломжтой гэсэн ойлголтыг үгүйсгэж байна гэж үзлээ. Мөн хохирогч Б.О-н бөгжийг түүнээс хураан авч 6 номерийн сейфэнд хийсэн болох нь гэрч Б.У-н “Би О-н биеийн байдлыг үзэхэд хэвийн байсан ба түүний биед байсан шаргал өнгийн бөгж 1 ширхэг, хүзүүнд байсан сахиус гэх даавуун оосор 1 ширхэг, хайрцагтай 1 ширхэг тамхи зэрэг эд зүйлсийг тэмдэглэл бичиж хураан авч 6 номерын сэйфэнд хийсэн сэйфээ цоожлоогүй орхисон.” гэх мэдүүлэг, гэрч У.Э “Тухайн үед би О-н хувцсыг тайлуулаад авч явах гэхэд эмч У О гэх хүний гарт нь бөгж байна, бөгжийг нь тайлуул гэхэд О өөрөө бөгжөө гарнаасаа тайлж ширээн дээр бөгжөө тавьж байсан.” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Б.О-н бөгжийг бусад эд зүйлийн хамт тухайн үед хураан авсан тогтоогддог. Түүнчлэн шүүгдэгч нь уг бөгжийг 6 номерийн сейфэнд байсанг шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээрээ давхар мэдүүлдэг. Иймд өмгөөлөгчийн бөгжийг 6 номерийн сейфэнд хийсэн эсэхийг шалгах шаардлага алга гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө саатуулагдсан иргэн Б.О-н 6,6 гр жинтэй шар өнгийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 561,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.У-н “..Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодсон үндэслэлээр түүнийг цагдаа Д, Э нар тус хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд авч ирсэн. Би О-н биеийн байдлыг үзэхэд хэвийн байсан ба түүний биед байсан шаргал өнгийн бөгж 1 ширхэг, хүзүүнд байсан сахиус гэх даавуун оосор 1 ширхэг, хайрцагтай 1 ширхэг тамхи зэрэг эд зүйлсийг тэмдэглэл бичиж хураан авч 6 номерын сэйфэнд хийсэн сэйфээ цоожлоогүй орхисон. ...4-5 хоногийн дараа О гэх хүн Эрүүлжүүлэх, саатуулах байранд намайг гарч байхад ирээд өөрийнхөө бөгжийг авъя гэсэн юм. Тэгэхээр нь би түүнд хандан “та эд зүйлээ аваагүй юмуу” гэхэд тэр хүн “аваагүй” гэхээр нь 6 номерын сейфийг үзэхэд эд зүйл нь байхгүй байсан. Тэгээд би энэ талаар дэслэгч Г-т хэлэхэд “ирвэл надтай уулз гэж хэлээрэй” гэсэн ба цагдаа Э, Эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад А нар Эрүүлжүүлэх, саатуулах байрны бичлэгийг үзэхэд 6 номерын сейфнээс цагдаагийн дэслэгч Г шөнө 2 удаа сейфнээс эд зүйл авч байгаа харагдсан. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан ба би тус бичлэгийг нь үзэхэд Г сейфнээс нэг зүйл авч байх шиг харагдаж байсан ба яг юу авч байгаа нь мэдэхгүй байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “...Тус 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны бичлэгийг үзэхэд Г О гэх иргэний эд зүйлийг хадгалсан сейфнээс эд зүйл авч байгаа бичлэг харагдаж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.А “...Албаны шалгалтаар Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камерт үзлэг хийхэд 2019 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г эхний ээлжинд сейфнээс тамхи аваад дараа нь дахин орж ирээд сейфнээс нэг эд зүйл авахдаа ийш, тийшээ харж байгаад авсан байдаг. Гэхдээ юу авч байгаа нь мэдэгдэхгүй байсан. Мөн манай Эрүүлжүүлэх байрны камер бичлэгээ 14 хоног хадгалдаг гэж манай хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.А-н “...Эрүүлжүүлэх байрнаас бөгж алга болсон талаар тухайн үед мэдээд камерын бичлэгийг шүүж үзэхэд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г сейфнээс эд зүйл авч байгаа нь харагдсан ба түүнээс хойш бичлэгийг нилээд удаан үзэхэд хэн нэгэн хүн тус сейф рүү ойртсон зүйл харагдаагүй. ... 2019 оны 03 дугаар сарын 07, 09, 11-ний өдрүүдэд эрүүжлүүлэгдсэн этгээдүүдээс бусад гадны хүн тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд орсон асуудал байхгүй. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 1 том 9 нүд бүхий сэйф байдаг. Намайг 2019 оны 03 дугаар сарын 07, 09, 11-ний өдрүүдэд үүрэг гүйцэтгэхэд Эрүүлжүүлэх байрны сейфэнд хэн нэгэн хүн эд зүйл авсан асуудал байхгүй. Сейфийг миний бие тухайн өдрүүдэд хариуцсан ба тус сейфүүдэд зөвхөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн эд зүйлсийг хийдэг. Өөр хэн нэгэн хүн намайг үүрэг гүйцэтгэж байхад тухайн сейфэнд ойртсон асуудал байхгүй.”  гэх мэдүүлэг, гэрч Х.У “...Би энэ талаар сайн мэдэхгүй байж байгаад сүүлд нь жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-т албаны шалгалт хийгдэж эхлэх үеэс мэдсэн юм. Тухайн үед Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер ажиллаж байсан ба би тус бичлэгийг нь үзэхэд Г сейфнээс нэг зүйл авч байх шиг харагдаж байсан ба яг юу авч байгаа нь мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ч-н “...Манай Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камер 7-14 хоног бичлэгээ хадгалдаг. Нилээд хэд хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.А дуудаад эрүүлжүүлэх байрнаас иргэний бөгж алга болсон байна, камер шүүх хэрэгтэй байна гэхээр нь миний бие хэлтсийн Эрүүлжүүлэх байрны хяналтын камерыг шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 07-ны шөнө эрүүлжүүлэгдсэн нэг эрэгтэй хүн бөгжөө гарнаасаа тайлж эмч У-д өгөхөд У тус бөгжийг нь сейфэнд хийж байгаа харагдсан. Тухайн үеийн бичлэгийг үзэхэд тус Эрүүлжүүлэх байрны сейфэнд шөнө жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Г 2 удаа ойртож эд зүйл авч байгаа харагдсан ба түүний дараа би бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд шүүж үзэхэд хэн нэгэн хүн тус сейфэнд ойртоогүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Х.С Эрүүлжүүлэх байранд их цэвэрлэгээ хийж, сейфэнд байсан эд зүйлс болох бүс, малгай гэх мэтийн зүйлийг сейфний дээр тавьж байгаа харагдсан. Миний бие уг Х.С-н сейфнээс эд зүйл гаргаж тавьж байгаа үйл явдал хүртэлх хугацаанд камерын бичлэгийг шүүсэн. Тэгээд Б.Г-н сейфэнд 2 удаа ойртсон бичлэгийг хошууч Б.А-д хуулбарлан өгсөн. Би тэгээд бичлэг шүүсний дараа С-с “сейфэнд чамайг их цэвэрлэгээ хийх үед бөгж байсан уу”, гэж асуухад тэрээр “бөгж байгаагүй, бүс, малгай гэх мэтийн зүйл байсан” гэж надад хэлж байсан. Камерын бичлэгээр ч гэсэн Х.С-н сейфний дотор талаас эд зүйл авч сейфний дээд хэсэгт тавихад бөгж харагдаагүй, дандаа малгай, бүс мэтийн зүйл харагдсан. Би камерын бичлэгт үзлэг хийж байхдаа Г-г дуудаад “чи тэр бөгжийг нь авсан юм бол өгөөч” гээд тоглоомоор хэлэхэд тэрээр “би аваагүй” гээд байсан. Гэхдээ Г тэр бөгжийг нь төлөөд өгье гэж тэр хүнтэй нь уулзахад өөдөөс нь их мөнгө нэхсэн гэсэн ба Г “би тэр бөгжийг нь аваагүй байж яахаараа мөнгө өгдөг юм лай, шалгадаг журмаараа шалгана биз” гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Х.С-н “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөөний 09 цагаас 11 цаг 30 минутын орчим тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд их цэвэрлэгээ хийхдээ сейф бүрийн нүдийг онгойлгож доторх эд зүйлсийг нь гаргаж тавьсан ба 6 номерын сейфэнд бөөгийн хас тэмдэгтэй суран оосортой зүйл 1 ширхэг, малгай 1 ширхэг, бүс 1 ширхэг гэх мэтийн зүйл гарсан бөгөөд өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй. Би тухайн эд зүйлсийг гаргаж Эрүүлжүүлэх байрны эмчид үзүүлээд сейфний дээр ил харагдах газар тавьсан. Намайг тухайн үед 6 номерын сейфнээс эд зүйл гаргах үед шаргал өнгийн металл бөгж байхгүй байсан ба бөөгийн хас тэмдэгтэй суран оосортой зүйл, малгай, бүс зэрэг эд зүйлс тус бүр 1 ширхэг байснаас өөр зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Э “...Тухайн үед би О-н хувцсыг тайлуулаад авч явах гэхэд эмч У О гэх хүний гарт нь бөгж байна, бөгжийг нь тайлуул гэхэд О өөрөө бөгжөө гарнаасаа тайлж ширээн дээр бөгжөө тавьж байсан. Тэгээд би О-г амрах өрөөнд оруулсан. ... Манай хэлтсийн Эрүүлжүүлэх байрны сейф нь 9 нүдтэй 1 ширхэг том төмөр сейф байдаг ба өглөөний 06 цагийн орчим би Эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн дэслэгч Г сейфүүдийг онгойлж үзээд байхаар нь тэрээр сейфэнд хориглосон зүйл байгаа эсэх, өөрийн биеэр Эрүүлжүүлэх байранд хяналт шалгалтыг хийж байгаа юм байх гэж бодоод араар нь өнгөрөөд амрах өрөөнд байгаа хүмүүсийг шалгасан юм. Маргааш нь ээлж солигдохоор болж 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөөний 09 цагийн орчим иргэн О болон бусад 2 хүнийг тэдний зөрчлийн материалыг шийдэх хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О-д нь хүлээлгэж өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа иргэний бөгж тус хэлтсийн Эрүүлжүүлэх байрнаас алдагдсан талаар яриа гарч Эрүүлжүүлэх байрны хяналтын камерыг шүүж үзэхэд хяналтын камерын бичлэгт цагдаагийн дэслэгч Г иргэн О-н эд зүйлийг хийсэн сейфэнд 2 ойртож эхний удаа тамхи аваад, дараагийн удаа нь нэг зүйл авч халаасандаа хийсэн бичлэг байсан. Би тус бичлэгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Г-н нэг зүйл гартаа авч халаасандаа хийж байгаа бичлэгээс хойшхи бичлэгийг үзэхэд тухайн сейфэнд хэн нэгэн хүн сэжиг бүхий байдлаар ойртоогүй байсан ба маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Ч үүрэг гүйцэтгэхдээ тухайн сейфэнд ойртож сейфнээс эд зүйл авч байгаа зүйл хяналтын камерт огт харагдаагүй. ...Бөгж алдагдсан асуудлын талаар би сонсож мэдээд хэсгийн дарга, цагдаагийн хошууч А-тай уулзахад тэрээр надад хэлэхдээ “Би камерын бичлэгийг шүүж үзсэн” гэхээр нь би камерын бичлэгийг хараад Г-г дуудаж уулзсан. Тэр үед мөн У бид гурав уулзахад Г “гурвуулаа нийлээд мөнгийг нь төлье” гэхээр нь би Г-т хандан “Камерт харагдсан бичлэгээр чи авсан байнаа, би бол чамайг авсан гэж бодож байна. Тийм болохоор чи наад асуудлаа шийд” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/, шүүх хуралдаан дээр судлагдсан дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хэргийн хамт шүүхэд ирсэн 2 бичлэг бүхий СД дээрх дүрс бичлэгт шүүгдэгч Б.Г нь 2019 оны 03 сарын 07-ны өглөөний 06 цаг 42 минут 41 секундэнд гадуураа цагдаагийн албаны өвлийн курткатай орж ирэн Эрүүлжүүлэх байрны төмөр сейфийг нэг бүрчлэн онгойлгож байхад түүний араар шар өнгийн цагдаагийн албаны хантааз өмссөн цагдаагийн алба хаагч буюу тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан Ж.Э өнгөрөх ба тухайн цагдаагийн явсан зүг рүү 2 удаа харж тус төмөр сейфнээс баруун гараараа үл мэдэгдэх зүйл аваад халаас руугаа хийж байгаа дүрс бичэгдсэн байна. Шүүгдэгч Б.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдхүүнийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нь бусдын эд зүйлийг сейфнээс авахдаа баруун гартаа атгаж, бусдын нүднээс буюу камерийн бичлэгт харагдах боломжгүй аргаар нууж  аваад куртканы халаасандаа хийж байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Г-н гэм буруугийн санаатай үйлдлээс болж хохирогч Б.О-т 561,000 төгрөгийг хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.О-н эд зүйл болох бөгжийг гэрч Ж.Э авсан гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүх хуралдааны үед өгч байсан боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Ж.Э бөгжийг авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.        

Иймд шүүгдэгч Б.Г-н үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөгдөөгүй байгаа байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

Хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төөлөөлгч Б.Г нь “А” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлттэй танилцахдаа үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн байх тул А ХХК /хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/-ний тайлан /1-р хх-ийн 75-80/-аар тогтоогдсон 561,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д олгох нь зүйтэй юм.

Эд мөрийн баримтын хувьд:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 бичлэг бүхий 1 ширхэг СД  дүрс бичлэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогч хэргийн хамт хадгалахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-с 561,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.Б