| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-01-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.А холбогдох эрүүгийн 1906 06470 2666 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоотод түр оршин суух гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , М.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.А нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74А байрны орцонд иргэн Д.Нямсүрэнг цохих, өшиглөх, өвдөглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Тэр үед өөрийн ухаангүй буруу шийдвэр гаргаснаасаа болж гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байгаа. Би их харамсаж байна. Ямарваа нэгэн зүйлийг бодож үзсэний дараа
хийх нь зөв гэдгийг ухаарсан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-6-9/, гэрч Д.Лхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Д.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13131 дугаартай дүгнэлт /хх-21-22/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-43/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-44-57/, шүүгдэгч М.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66-67/, шүүгдэгч М.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирол нэхэмжилсэн 46-47/, шинээр хохирогч Д.Нямсүрэнгийн гаргасан хүсэлт, хохирол төлбөр хүлээлцсэн тухай баримт 2 хуудас, М.А хувийн байдлын тухай баримт 16 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.А нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74А байрны орцонд иргэн Д.Нямсүрэнг цохих, өшиглөх, өвдөглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би найз Ганхуягийнхаа гэрт архи ууж байгаад орой харанхуй бүрий болж байна гээд гэрээс нь 19 цагийн үед гарч өөрийн ах болох Цэндийн гэр рүү явсан. Тухайн үед би найзынхаа гэрээс гараад салхинд цохиулаад нилээн согтсон байсан. Би лифт рүү сууж чадахгүй байснаа санаж байна. Тэгсэн нэг мэдсэн чинь миний толгой руу тас гээд цохих шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь би орцны гадна шатан дээр нүүрнээс битүу цус гарч хавдчихсан. Бас хувцас хунар битүү цус болсон байсан. Эмч хэлэхдээ миний баруун хацрын ухархайн яс дээгүүрээ хугарч цуурсан, баруун хацарны гадна хана хэсэг няцарсан, гавлын яс цуурсан бас хамар хугарсан гэж хэлсэн. Зодуулсандаа гомдолтой байна.” /хх-6-9/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан” ....М.А нь хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний биеийг асууж, уучлалт гуйж уулзаж, утсаар холбогдож эмчилгээний зардал төлж байсан. Мөн М.А ын хувьд миний хүүхэдтэй адил залуу хүн бөгөөд гэр бүлтэй, нялх нойтон хүүхэдтэй амьдралд хөл тавьж байгаа залуу хүн ба энэ хэрэгт явдалд гэмшиж харамсаж байгаа байна гэж би дотроо дүгнэлт хийсэн тул М.А од ял шийтгэл оногдуулахдаа хариуцлагыг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Лхамсүрэнгийн өгсөн: “...Миний төрсөн дүү Д.Нямсүрэн манай гэр рүү орж байгаад орцонд хүнд зодуулсан байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 74А байрны хяналтын камерыг шүүж үзэхэд манай орцны 60 тоот айлын хүн зодож байгаа бичлэг бичигдсэн байсан.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уянгын өгсөн: “...Орц руу орсон чинь
орцонд лифтний хажууд гартаа юм барьсан халтар болсон хувцастай танихгүй согтуу хүн байсан. Тэгэхээр нь би буцаад дэлгүүр ороод зөөхий авч хэсэг хугацаанд хүлээж байгаад гарахад тэр хүн байхгүй байхаар нь тайвшраад гэр рүүгээ орох гээд лифт дуудсан чинь лифт 5 давхраас бууж ирсэн ба хаалганаас нь хол 2-3 алхам зогсож байсан чинь лифт онгойход нөгөө хүн дотор нь байсан. Тэгснээ над руу хараад намайг “яагаад зугтаад байгаа юм бэ, ах нь чамайг яах ч үгүй ш дээ” гэж хэлсэн. Би тэр хүнээс айгаад дэлгүүрээс гарч чадахгүй байсан чинь дэлгүүрт байсан манай байрны бололтой нэг ах тэр хүнд “та яагаад хүүхэд айлгаад байгаа юм бэ” гэж хэлээд намайг лифтэнд суулгаж өгсөн. Тэгээд гэртээ уйлаад орсон чинь манай нөхөр М.А “яасан бэ, саяхан утсаар зүгээр ярьж байсан биз дээ, яагаад уйлсан юм бэ" гэж асуухаар нь би доор согтуу хүнээс айгаад гэж хэлсэн чинь “хүүхдээ харж байгаарай, би гарчихаад ирье” гээд ууртайхан тавчиктайгаа гараад явчихсан. 5 минутын дараа манай нөхөр эргэж орж ирэхээр нь би “яасан бэ, юу болсон бэ, яагаад гараад явчихав” гэж асуусан чинь манай нөхөр надад юм хэлэхгүй чимээгүй зогсоод л байсан. Би дахиад 2-3 удаа “яасан бэ” гэж асуухад чимээгүй зогсож байгаад “тэр хүн нэг давхарт байсан байна, би тэр хүнийг чинь зодчихлоо” гэж хэлээд сандарчихсан байсан. Тэгэхээр нь би гарыг нь харсан чинь баруун гарынх нь гадна яснууд улайчихсан байсан. Тухайн үед би нөхрийнхөө гарыг нь шалбарч гэмтзэгүй байсан болохоор тэгж их гэмтээгүй байх гэж бодоод “тэр зодуулсан хүн чинь тэгээд гайгүй юу, яах гэж зодож байгаа юм бэ” гэсэн чинь манай нөхөр “би хамрыг нь гэмтээчихсэн юм шиг байна, хамарнаас нь цус гарч байсан” гэж хэлсэн. Би нөхрөөсөө “тэр хүнийг хэдэн удаа цохьсон бэ” гэж асуухад манай нөхөр “хэдэн удаа цохьсоноо санахгүй байна, баруун гараараа нүүр рүү нь цохьсон.” гэж хэлсэн.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13131 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Нямсүрэнгийн биед гавлын суурь ясны бага далавч хамарсан хугарал, баруун гайморовын хөндийн урд, гадна ханын хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод хана, хамар ясны хугарал, баруун хацар ясны нумын хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, хүзүү, цээжний бар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр уусгэгдэх боломжтой
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гзмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаэрна
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21-22/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.А ын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, харамсаж байгаа. Хохирогчид хохирлын мөнгө гэж 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” /хх-66-67/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэг хуулбарлан авсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-43/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн компьютер томографи /хх-45/,
Хохирлын баримтууд /46-53, 55-57/,
Шүүгдэгч М.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.А ын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74А байрны орцонд иргэн Д.Нямсүрэнг цохих, өшиглөх, өвдөглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Нямсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч М.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч М.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.А ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.Нямсүрэн нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС